Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Афганистан
2009 оны 12 сарын 22 [Уншсан тоо: 138159]

Ерөнхийлөгч Обама Афганистанд нэмэлт 30 мянган цэрэг оруулахаар шийдвэрлэлээ. Ийнхүү дэлхийн терроризмын үүр овоохойд алан хядагчдын эсрэг олон орны 300 орчим мянган цэрэг хамгийн орчин үеийн зэвсэг техниктэйгээр зэрэгцэн зогсов. Гэвч цэргийн зарим мэрэгэжилтнүүдийн батлаж байгаагаар цэргийн тоо 600 мянга хүрэхээс нааш алан хядагчдыг бүрэн цэвэрлэж барахгүй гэнэ.

    Манай дэлхий урьд хэзээ ч байгаагүйгээр хэврэг болжээ. Техник технологийн асар том дэвшил хүн болгонд хүртээмжтэй болсноор технологийн ололт, соёлын төвшин хоёрын хооронд асар том зөрүү гараад ирж байна. Энэ зөрүү зөрчил болон хувирч байгаа юм. Хүн төрлөхтөн өөрийн урт удаан хөгжил дэвшил, алхам алхамаар хийсэн ололт нээлт, сэтгэлгээний ухаарал ойлголтын явцад технологийн том дэвшилд хүрчээ. Энэ ололт нь хүний иргэншлийг улам урагшлуулах нигуртай ч нөгөө талаар манай гаригийг бодит утгаар нь үгүй хийн сөнөөх чадвартай юм. Ийм учраас технологийн ололт нь түүнтэйгээ харилцах сэтгэлгээний зохих төвшин шаардана.

    Цөмийн зэвсэг гэхэд л түүнийг эзэмших орны технологийн хоцрогдол, ядуу зүдүүгээс үл хамааран хүртээмжтэй болжээ. Ингэснээр Ал Каида мэтийн алан хядах бүлэглэлийн хувьд хүрч болшгүй эд биш болж байна. Ираны ерөнхийлөгч Ахмаднажид цөмийн зэвсэгтэй болохоор зэхэхийн зэрэгцээ Израил улсын газар дээр оршин тогтнох эрхгүй тухай ярих боллоо. Хүйтэн дайн үргэлжилсэн хагас зуун жилд гагцхүү цөмийн зэвсэг л энэ дэлхийд хүчний харилцан тэнцвэр буй болгож халуун дайн үүсгэлгүй тогтоож байсан. Тэгвэл хоцрогдсон жижиг орнууд төдийгүй алан хядах бүлэглэлүүд ийм технологитой болох боломжтой болсон өнөө үед хүний соёл иргэншилд төдийгүй манай гаригийн өөрийнх нь оршин тогтнох эсэхэд томоохон асуултын тэмдэг тавьж байна.

    Хүйтэн дайны үед ямар ч гэсэн хяналттай байсан цөмийн зэвсэг өдгөө хяналтаас гарах шатандаа явна. Бирд лонхноосоо гарах нь. Чингэвэл манай хэврэг болсон дэлхий сүйрнэ. Хойд Солонгосын дэлбэрч ч магадгүй, үгүй ч магадгүй атомын бөмбөгт (за даа бараг л дэлбэрч чадахгүй л болов уу) асуудал байгаа юм биш, өөрийн аюулгүй байдлыг хамгаалах зүй ёсны шаардлагаас болж технологийн өндөр төвшинд хүрсэн бусад орнууд цөмийн өрсөлдөөнд давхин орох нь илүү аюул занал учруулж байна. Хойд Солонгосын цөмийн статус зөвшөөрөгдвөл, эсвэл үл тоомсорлогдвол юун түрүүн өөрийн аюулгүй байдлын үүднээс Өмнөд Солонгос, Япон ийм зэвсэгтэй болоход хориглох шалтгаан олдохгүй болно. Араас нь Тайвань орно. Технологийн хувьд энэ гурван орон ийм зэвсэгтэй болох нь хүүхэд нохойн наадам.

    Пакистаны атомын эцэг Абдул Хан өөрийн ололтоо солонгос, иран, ливичүүдтэй хуваалцсан болох нь илэрсэн. Афганистаны Хиндукушийн нурууны олон агуйд бүгсэн талибанчууд, алкаидачуудад цөмийн бөмбөг мөн ч ойрхон байна даа. Үүнд зарцуулагдах мөнгийг тэд намуу цэцэг тарин олж байна. Гэтэл цөмийн зэвсэг л гагцхүү өнөөгийн ертөнцийн ганц дайсан биш. Химийн, бактерлогийн гэх мэт үй олноор хөнөөх зэвсэг бас л ХХ зууны технологийн том ололт. Гэтэл цаана нь биотехнологи, нанотехнологийн шинэ шинэ ололтууд нэг талаас том дэвшил авчирч буй боловч нөгөө талаас буруу хүний гарт орвол хорвоог арчих илүү үр дүнтэй шинэ арга авчирч байна.

    Афганистан нь сүүлийн хоёр мянга гаруй жилийн турш газар зүйн байрлалын хувьд хамгийн сонирхол татахуйц цэг байсаар иржээ. Энэ бол өрнө дорно, өмнө умрын торгон уулзвар. Бактариан, согд зэрэг хүчирхэг гүрнүүд энэ нутагт оршин тогтнож байсан. Персүүд ийш байнга довтолдог байжээ. Торгоны зам энэ нутгаар өнгөрдөг тул үе үеийн нүүдэлчид энэ замыг хяналтдаа авахын тулд уулгална. Македоны Александр Энэтхэгийг эзлэхээр дайлаар мордохдоо бас л түйвээсэн. Чингис хаан болон түүний удмынхны өрнө болон өмнө зүг дайлах газар зүйн гол түшиц нь бас л Афганистан байлаа. Доголон Төмөр хааны Энэтхэгийг түйвээх түшиц газар болж байв. Бабур хаан бас л Афганистанаас урагшилж Их Могол улсаа байгуулсан. Перс, Их Могол хоёр Афганистанд хяналтаа тогтоох гэж хоёр зуун жил тэмцэлдсэний үр дүн болж 1747 онд анх удаа нэгдсэн Афганистан улс үүсчээ.

    Шинэ улс үүсээд л эх орноо хамгаалах дараагийн ээлжит аянд гарлаа. Энэ удаа хойноос нь оросууд, урдаас нь англичууд зэвсэг барин тус тусын сонирхлыг илэрхийлж эхлэв. Оросууд Афганистанаар дамжин Энэтхэгийн далай хүртэл хяналтаа тэлэх сонирхолтой байсан бол англичууд умраас учрах оросын тэлэлт нь тэдний хамгийн том колони Энэтхэгт аюул учруулна гэж үзжээ. Энэ булаацалдаан зуу гаруй жил үргэлжилсэн ба үүнийг түүхэнд “том тоглоом” гэж нэрлэдэг. Англичууд афгануудтай тэр байтугай “албан ёсоор” байлдсан. Харин тухайн үеийн дэлхийн хамгийн хүчирхэг гүрэн нүцгэн уул нуруудаар хучигдсан энэхүү хамгийн хоцрогдсон оронд шившигтэй ялагдал хүлээсэн юм.

    ХХ зуун ч тэднийг зүгээр орхисонгүй. ЗХУ-ыг хамгийн түрүүн хүлээн зөвшөөрч найрамдалт сайн харилцаатай явж ирсээр атал оросууд өөртөө сургасан оюутнуудаараа дамжуулан хааныг нь түлхэн унагаж коммунист дэглэм тогтоож орхив. Дараа нь тэд коммунист дэглэмийг түгээх хүрээн дотроо 100 мянган цэрэг оруулж 10 жил байлдсаны эцэст Афганистан нь Орост коммунизм унаж, ЗХУ задрах гол шалтгааны нэг болсон нь түүхийн шоглоом юм. Харин олон жил иргэний дайнд идэгдсэн энэ орон дэлхийн тулгар үзэлт алан хядагчдын диваажин болон хувирлаа.

Өдгөөгөөс бараг мянган жилийн өмнө Зүүн Иран, Баруун Афганистан нь орчин тойрныхоо бүх иргэншлийг айлгасан террорист цөм болж байсан юм. Ууланд бүгэн нуугдсан алан хядагчид иргэншсэн орнуудын удирдагчдыг ээлж дараалан устгадаг байжээ. Тэднийг дарах бүх оролдлого амжилтгүй болдог, учир нь ууландаа бүгээд олдохгүй. Түүхэнд Уулын өвгөн нэрээр алдаршсан алан хядагч уг бүлгийг толгойлж байх үед тэдний террор дээд цэгтээ хүрч байсан юм. Лалын шашны нэгэн тулгар урсгалыг баримтлагч тэд сүсэгтэн террористод хашиш хэмээх хар тамхи өгөн мансууруулаад хэн нэгэн улс төрийн зүтгэлтэн, хаан, ванг алуулахаар илгээнэ. Эндээс өнөөгийн англи хэлний “ассисинэшн” буюу улс төрийн аллага гэсэн үг үүссэн байна. Чингис хааны ач Мөнх хаан Уулын өвгөний бүлгийг үндсээр нь устгасан нь хавийн олон иргэншсэн гүрнүүдэд маш том бэлэг болж билээ.

Өнөөгийн Афганистан ч яг л тэр Уулын өвгөний бүлгийн үүргийг гүйцэтгэх болжээ. Чухам тэнд бүгсэн Ал Каида бүлэг 2001 оны 9/11 хэргийг үйлдсэн. Чухам эндээс удирдаж дэлхийн өнцөг булан бүрд болох алаан хядааныг зохион байгуулж байна. Энэ бол хүн төрлөхтөнд учирч буй гамшиг. Тэдний гарт өнөөгийн технологийн хамгийн сүүлийн ололт хүртэл байна. Тэд хашиш үйлдвэрлэдэг, тэндээсээ хангалттай мөнгөтэй болоод байна.

Яг афган үндэстэн гэж байхгүй, хүн амынх нь 70 хувийг пушту, тажик үндэстнүүд эзэлдэг, цаана нь узбек, түркмэн, перс, фарса, уйгар зэрэг олон угсаатан бий. Чингисийн аян дайнаар үлдсэн хазаар хэмээх монгол угсаатан ч бий. Гэвч афган хүмүүсийн нэг нийтлэг тал нь энэ газар шороон дээр амьдрагсад 2500 жилийн турш эх орноо хамгаалан тасралтгүй байлджээ. Тэдэнд соёлжиж иргэншиж, дэлхийн нийтийн дэвшил хөгжилтэй хөл нийлүүлэх зав байсангүй. Байлдаад л, ялаад л, түрэмгийлэгчдийг хөөж гаргаад л, дараагийнх нь орж ирээд л, байлдаад л ялаад л... Бүх түүх нь ийм юм. Тийш орж ирсэн гадны шашин, суртал хамгийн тулгар фанат маягаар өөриймшин нутагшина. Мани, заратустра зэрэг шашин энд их хүчтэй байсан. V зууны үед энэ нутаг буддизмын төв байжээ. Бас л фанат хэлбэрээр. Тиймдээ ч сүрлэг том хадан уулсыг цоолборлон Буддын        аврага хөшөө дурсгал сүндэрлүүлж байв. Өнөөгийн лалын шашны хамгийн хатуу чанд фанат урсгал Афганистанд л бий. Хүүхнүүдийн гивлүүр нь хүртэл бусад лал сүсэгтэнтэй харьцуулахад хамгийн “аймаар” нь.

Иргэншиж, технологижиж, даяаршиж буй өнөөгийн дэлхий Афганистаныг “өөрөө мэдэг” гээд зөнд нь хаяж хэрхэвч болохгүй. Энэ нь нийт хүн төрлөхтөнд аюултай. Фанат эх оронч энэ ард түмнийг нийгэмшүүлж, иргэншүүлж өнөөгийн ертөнцийн дэг жаягийг ойлгуулна гэдэг ч амар хэрэг биш, үүнд хэдэн үе хэрэгтэй. Чингисийн удмынханд, эсвэл вандал, герман, сарматуудад, эсвэл иргэншсэн Цинь Ши Хуандийд хүний эрх, эрх чөлөө, ардчилсан дэг ёсны тухай ярьж ойлгуулж болох байсан уу? Өнөөгийн иргэншсэн дэлхий бол хүн төрлөхтний хэдэн мянган жилийн үйл явцын үр жимс юм. Энэ процессоос хоцорч, эх орноо түрэмгийлэгчдээс хамгаалсаар байгаад соёлжих зав гараагүй тэднийг буруутгах аргагүй. Гэвч нийт хүн төрлөхтөн өөрийн аюулгүй байдлын үүднээс тэднийг хяналтандаа байлгахаас бас өөр алга. Тэнд өнөөдөр олон орны энхийг сахиулах хүчин ажиллаж байна. Афганистаны 2500 жилийн түүхэн дахь хамгийн анхны түрэмгийлэгч биш хүчин. Тэд Дарийн персүүдээс, Александрын герегчүүдээс, Чингисийн монголчуудаас, Доголон Төмөр болон Бабур хаанаас, английн империалистуудаас, зөвлөлтийн коммунистуудаас эрс ялгаатай. Үүнийг харин хэт эх оронч афганчууд өнөөдөртөө ойлгох төвшинд хүрээгүй байна. Афганистан бол өнөөгийн иргэншиж даяаршиж технологжисон дэлхийн зайлшгүй төлөх ёстой өр, үйлийн үр, хаяж гээж болохгүй зовлон нь юм.

2009.12.21  

"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив