2009 он
2009 оны 12 сарын 28 [Уншсан тоо: 132279]

2009 оноо бид үдэж байна.  Энэ онд олон үйл явдал боллоо. Америкт анхны хар арьст ерөнхийлөгч үүргээ гүйцэтгэж эхэлсэн. Майкл Жэксон хагацан одлоо. Цаг агаарын дулааралтай тэмцэнэ гэж Копенхагенд дэлхийн бүх удирдагчид цуглалаа. Харин базаалтай хариу гарсангүй бололтой. Багдадад байсхийгээд л дэлбэрэлт болоод л. Бүр дасчиж. Афганистанд америкчууд 30 мянган цэрэг нэмж илгээхээр болох шив. Гахайн томууны вирусын тархалт даяаршсан дэлхийг сандаргав. Овоо дажгүй мэдээ гэвэл мөн л даяаршиж биенээсээ хамаарах болсон дэлхий маань эдийн засгийн хямралыг давах найдлагатай боллоо. Зун нь Польшид коммунист оронд болсон анхны чөлөөт ардчилсан сонгуулийн 20 жилийн ой боллоо. Ингэснээр тэд коммунизмаас салсан юм. Намар нь Берлиний хана нурсны 20 жил боллоо. Өнгөрсөн жил болсон хамгийн том ой. Хагас зуун жил үргэлжилсэн хүйтэн дайн зогсож, ертөнцийг далан жил айлгасан коммунизм нуран унасан том үйл явдал. Дэлхийн утгаар авч үзвэл 2009 он бусдаасаа ялгараад онцгойроод байхаар юмгүй өнгөрөх шив дээ.

    Харин Монгол оронд онцлох үйл явдал харьцангуй нэлээд болжээ. Ерөнхийлөгчийн сонгуулиар бид өөрсдийгөө ардчилсан улс нэгэнт болж чадсанаа дэлхий нийтэд батлан харууллаа. Монголын ардчилалд эргэлзэх амьсгал буй болчихсон байсан юм шүү. Биднийг Дунд Азийнхны замаар орж байна гэх үнэлгээ ч буй болж байсан. Улсын маань төрийн тэргүүн мөнөөх л Назарбаев, Түркмэн башэ, Каримов нартай улам төстэй болж хүмүүс ч энэ байдлыг хүлээн зөвшөөрөх хандлагатай болж байсан шүү дээ. Назарбаевын хүргэний бичсэн “Загалмайлсан хадам эцэг” номыг уншиж байхад Назарбаев эхэндээ ардчилсан үзэл бодолтой, эх оронч, улс орноо гэсэн чин сэтгэлтэй нэгэн байж. Харин явцын дунд эргэн тойрны бялдуулагчдын нөлөөгөөр аяндаа дарангуйлагч, сувьдаг шунахай, бусдын үгийг үл тоогч, амин хувиа хэтэрхий бодогч, ердийн нэгэн луйварчин, улмаар алуурчин болон хувирчээ. Дарангуйлагч бол ард түмний өөрийнх нь бүтээл. Ямар л ард түмэн байна, тийм л төр байна. Хичнээн сайхан ирмүүн сэтгэлтэй, сайн сайхныг мөрөөддөг, шудрага талдаа, эх оронч залууг тал талаас нь шордож хөөргөсөөр байгаад аравхан жилийн дотор хүнийг нь байлгаж орхисоноо бид бүгдээрээ л харсан байх. Хүн шиг хүнийг эрх мэдлээсээ сална гэдэг эрэг дээр шидэгдсэн загас болно гэж ойлгодог болтол нь эвдэх гэж. Гэтэл тэр шүлэнгэтээд салж чадахгүй байгаа эрх мэдэлд л ард нийтийн хамаг гай зовлон зүдгүүр оршиж, эрх чөлөөний хамгийн аюултай дайсан нуугдсан байдаг.

    Ардчилсан хөдөлгөөн эхэлсний 20 жилийн ой ойрмогхон боллоо. Энэ бол нийт Монголын ард түмний баяр. Энэ бол манай ард түмний өөрийнх нь сонголт. Ардчилал бол манай иргэн болгонд хамаатай, манай түүхийн том давалгаа, хувьсгал, та бидний бүгдийн зүй ёсны бахархал. Ардчилал бол хэн нэгний авчирч өгдөг эд агуурс биш, ард нийтээр зохицолдон амьдардаг төлөв байдал юм. Ард нийтийн хүсэл зоригийг илэрхийлж оройлон тэргүүнд нь гарч ирсэн тэр жилийн хэсэг залуучуудын зүрх зориг, чин эрмэлзлэл, эх оронч гавъяаг зүй ёсоор бахдууштай ч ардчилал зөвхөн тэдэнд хамаатай, тэдний өмч биш. Энэ үйл хэрэгт манай нийт ард түмэн их бага хэмжээгээр оролцсон, ийм дэмжлэггүйгээр юунд ч хүрэхгүй байсан. Одон тэмдэгнээс хоцров хэмээн өлсгөлөн зарлаж, дарга дургаа огцруулна хэмээн байн байн зурагтаар цухалзах авгай хүүхнүүдийг хараад гутрах шиг. Тийм л хэрэгтэй юм бол, тэргүйгээр үхчих гээд байгаа юм бол надад ноогдсоныг нь ч гэсэн аваасай билээ.

    Саяхан хэсэг хонзогногч л болов уу нөхөд “ардчилалын арван дайсан” гэсэн жагсаалт гарган мэдээллийн хэрэгслэлүүдээр цоохорлон тараажээ. Жагсаалтыг харвал аль 1988 оноос З.Алтайтай хамтран “Цаг үе залуучууд” нэвтрүүлэг зурагтаар явуулан аядуу боловч нийгмийнхээ гажгийг шүүмжилж байсан С.Баяр ч байх шиг. Улсын бага хуралд Хуулийн байнгын хороон дарга хийн шинэ Монголын хуулийг боловсролуулцаж явсан нэгэн. Хүн нь өөдгүй, хутган үймүүлэгч ч гэсэн Шаравдорж ч өөрийн хувь нэмрээ ардчилах процесст оруулсан. Жагсаалтад тухайн үедээ МАХН-ын их хуралд төлөөлөгчөөр сонгогдоод асуудал болгоны эсэргүүцэн өөрчлөлтийг шаардаад, санасанд нь хүрээгүй учир намын үүрийн хурал дээр намаас гарч байгаагаа зарлан батлахаа хогийн саванд шидэж байсан Н.Энхбаяр ч байх шиг. Тэд бүгдээрээ л энэ шинэ нийгмийг байгуулалцсан идэвхитэй гишүүд.

Монголын ардчилал харьцангуй эсэргүүцэл багатайгаар бүтсэн юм. Тиймдээ ч энэ том хувьсгал оготны хамраас цус гаргалгүй биелэлээ олсон. Нийгмээ ардчилах хүсэл зориг бараг бүгдийнх нь цээжинд байсан. Монголын ардчилалд дайсан байгаагүй. Лав л дотооддоо. Ц.Нямдорж боловсролгүй бүдүүлэг хүн болохоос ардчилалын дайсан огт биш. Эрдэм номгүй, харанхуй балайдаа янз бүрийн юм ярьдаг л биз. Гэхдээ долоон дор ардчилсан намын гишүүн олоод ир гэвэл захаас аваад гаргаад ирж болно. Ч.Улаан бол хулгайч луйварчин болохоос ямар үхснийх нь ардчилалын дайсан байх билээ. Харин ч төлөвшиж амжаагүй ардчилал, хяналт муутай шилжилтийн үе түүнд 10 гаруй сая доллар хулгайлж завших бололцоо олгосон, амьдралд нь ийм том бэлэг авчирсан ардчилалд тэр харин ч хайртай байж таарна. Ер нь ч хулгайч луйварчид аль нийгэмд, аль ч үед байсаар ирсэн, ардчилсан намд ч өнөөдөр мундахгүй олон бий. Улаанд илүү бололцоо л олдсон байх.

    Улирч буй 2009 онд болсон хамгийн том үйл явдал бол Оюутолгойн гэрээнд талууд гарын үсэг зурж 5 тэрбум долларын хөрөнгө оруулалт орж ирэн энэ аврага ордыг эргэлтэнд оруулахаар тохирсон явдал билээ. Энэ бол ердөө ганц ордын асуудал биш юм. Монголын хөрсөн дор нийтдээ ихнаяд долларын баялаг байна гэж эрдэмтэд ярьдаг. Газар дор шороотой холилдчихсон тэр баялаг эргэлтэнд орохгүй бол ердөө л шороо, өнгөн хэсэг нь их сайндаа л малын билчээр. Энэ их баялаг дээр сууж буй монголчууд бүхий л түүхийн турш ядуу зүдүү аж төрж байлаа. Мэдээж энэ их баялагийг ХХ зуунаас өмнө ашиглах бололцоо байгаагүй. Ер нь ч ийм их эрдэнэстэй болох нь саяхнаас л мэдэгдсэн.   

    Судлаачдын гаргаж ирсэн зарим тоонд үнэмших аваас манайд ойрын 15 жилд 30 шахам тэрбум долларын хөрөнгө оруулалт орж ирэх гэнэ. Энэ бол өнөөгийн бидний байж байгаа царайнаас 10 дахин их мөнгө. Мөнгө хуулийг хийдэг болохоос хууль мөнгө хийдэггүй. Ингэхээр хэний хөрөнгө орж ирэх вэ гэдэг нь Монгол орны цаашдын хувь заяаг тодорхойлно. Ирээдүйн Монгол орон өрнөд загварын хуулийн хүрээнд амьдрах уу, орос хятад хуулийн логикт захирагдах уу? Энэ бүхэн өнөөгийн шийдвэрээс хамаарна. Нэг талаас мөнхийн ядуу зүдүү байдлаасаа нэг мөр гарах үүд хаалга нээгдэж буй боловч нөгөө талаасаа тусгаар тогтнол аюулгүй байдлаа хэрхэн авч явахыг Оюутолгойн гэрээ замыг нь гаргаж өгч байгаагаараа түүхэн ач холбогдолтой юм.  

    Улс орон баяжиж, стратегийн болон энергийн эх үүсвэрийн асар их нөөцтэй нь мэдэгдээд эхлэнгүүт Монгол орны геополитик ач холбогдол эрс өсөх нь мэдээж. Үүнээс хамаарч гаднаас үзүүлэх нөлөө, шахалт, дотоод үйл амьдралд шууд болон шууд бусаар оролцох өнгөлзлөг нэмэгдэж таарна. Үүнийг бид өөрсдийн нүдээр харж байна. Тархи толгой, хэнхдэг цээжээ хөх няц болтол нүдэн эх оронч лоозон орилолдож гадаадынханд юугаа ч өгөхгүй өөрснөө хүрзээр ухна гээд яваа өвчтэй эрүүл нь мэдэгдэхгүй нөхөд бол зөвхөн гадна харагдах өнгө нь. Тэд зайлуул тааруу шиг нэг нь хоногийн хоол, даварчихсан нэг нь лэнд крюзэр, хаус энэ тэрхэнд санаархаж яваа ядарсан амьтад, хүний хатгаасны тоглоом. Тэдний ард зөвхөн нэг удаагийн үйлдлийнхээ шанд 450 мянган долларын араб азрага бэлгэнд авдаг гарууд бий. Улс төрийн чамгүй эрх мэдэлтэй учраас бараг л хүссэнээрээ хууль тогтоомж гаргуулж дөнгөнө. Харин тэдний ард дэлхийн геополитик тоглоомын захиалга байгаа. Улааныг Цайрт менералиар нь шантаажилсээр байгаад унах машин салгаж авсан хөөрхий “эх оронч” нарт ямар үлийнийх нь геополитикийн ойлголт байх билээ. Нэг удаагийн тариур гээч шиг л юм даа.  

    Оюутолгойн гэрээнд гарын үсэг зурсан нь зөвхөн Оюутолгойн ордын асуудал биш, Монгол орны их сэргэн мандлын эх юм. Зарим нэг нь үүнийг Гурав дахь их сэргэн мандал ч гэж нэрлэж байна. 1206 онд Их Монгол улсыг байгуулсан, 1911 онд тусгаар тогтнолоо сэргээсэн, 2009 онд эдийн засгийн их хувьсгалын сэргэн мандлын эхийг тавьлаа, гэж. Иймээс 2009 он Монголын түүхэнд мөнхийн үсгээр тэмдэглэгдэн үлдэх буйзаа. Үүнийг гүйцэтгэн хийсэн чухам энэ Улсын их хурал, Засгийн газар, Ерөнхий сайдын нэр энэ сэргэн мандалтай хамт үүрд бичигдэн үлдэх бизээ.

    Буян хишгээ өгсөн 2009 он мину. Монгол улсын дараагийн их мандан бадралын тулгын чулуу, гарааны эх болон үлдэг!

2009.12.29

"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив