Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Бидний үеийнхний чадах ба чадахгүй зүйлс
2010 оны 2 сарын 9 [Уншсан тоо: 171339]

Дэлхийн хамгийн буурай хөгжилтэй орны нэг байсан Монгол чөлөөт зах зээлийн эдийн засагт шилжээд яг 20 жил болжээ. Энэ хооронд бишгүйдээ нэг алдаж оносон боловч ерөнхий балансаар нь авч үзвэл манай нийгэм нь эдийн засгийн хувьд үсрэнгүй хөгжил дэвшил хийжээ. Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн социалист харилцаа нь дундат зууны хоцрогдолтой байсан манай орныг үйлдвэржүүлж, хотжуулж, хүн амыг эрүүлжүүлж, боловсролыг бүх нийтийн болгосон үнэнийг хэн ч үгүйсгэх аргагүй. Ялангуяа 1960-аад онд зохиогдсон соёлын довтолгоо нь нүүдлийн хоцрогдсон орныг ХХ зууны энд хүргэж өгсөн. Гэвч энэ бүх дэвшил нь юун түрүүн хүйтэн дайны өрсөлдөөний үр дүн байсан гэдгийг нөгөө талаас үгүйсгэх аргагүй.

    Нийгмийн хувьд нээлттэй, улс төрийн хувьд ардчилсан тогтолцоотой, эдийн засгийн хувьд зах зээлийн чөлөөт харилцаатай болсон сүүлийн хорин жилийн амжилт бол харин юун түрүүн монголчуудын хүчин зүтгэл, хөдөлмөрийн үр дүн билээ. Сүүлийн хорин жилийн хөгжил дэвшил нь бүхлээрээ жам ёсны урагшилсан хувьсал байснаараа сайн муу бүхий л туршлага сануулгаа нийгэмд үлдээж зохицлоор амьдрах нийгмийн болон эдийн засгийн нөхцлийг алхам алхамаар бүрдүүлж өглөө.

    Хорвоо урагшилж байгаа болохоор Монгол орон урагшилсаар байна. Ялангуяа үүнийг адилхан шилжилт хийж буй 40 гаруй оронтой харьцуулахад амжилттай гэж хэлж болохуйц үр дүнтэй байгаа юм. 1990 онд мөнгөний ханшийг зориуд унагахад манай нийгмийн иргэдийн тэр үеийн хуримтлалын дүр төрх харагдсан. Нийгмийн тун цөөн хэсэг нь хуримтлалтай байсан ба хамгийн дээд рекорд тогтоогч нь тэр үеийн ханшаар бодоход 30 мянган долларын хадгаламжтай байлаа. 2008 онд болсон эдийн засгийн хямралын үеэр монголчуудын дотоодын банкинд хадгалуулсан хуримтлал 4 триллион төгрөгт хүрсэн байлаа. 1990 онд манай дундаж цалин 5 доллар байсан бол өнгөрсөн жил анх удаа олон жилийн мөрөөдөл болсон 300 доллар дундаж үзүүлэлт боллоо. Хөдөлмөрийн доод орлогыг төрөөс яг 100 доллароор тогтоов. Хорин жилийн өмнө манайд хувийн өмчийг хуулиар хориглодог тогтолцоо ноёрхож байсан бол эдүгээ ДНБ-ий бараг 80 хувийг хувийн сектор дангаараа босгож байна. Нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээний тусгай яамтай байсан мөртөө энэ салбар ДНБ-д ганц хувь эзэлж чаддаггүй байсан бол одоо үндэсний үйлдвэрлэлийн бараг 30 хувийг бүтээж байна. Малын тоо тэр үеийнхээс хоёр дахин олон болсон мөртөө ДНБ-д эзлэх хувь нь хэд дахин буурчээ. Сүүлийн арван жилд нэг хүнд ноогдох ДНБ-ийн хэмжээ 4 дахин өссөн нь дэлхийд маш том үсрэнгүй үзүүлэлт юм.

Социализмын төгсгөлөөр Улаанбаатарт нийтдээ 3 мянган автомашин хөдөлж байсны ердөө нэг зуу нь хувийнх байлаа. Одоо Улаанбаатар 150 гаруй мянган автомашинтай болжээ. Монгол өрхөд 4.2 хүн ноогддогоор нь бодоход нийслэлийн 600 гаруй мянган иргэн хувийн автомашинтай гэсэн үг. Монголд одоо хоёр  сая гар утас ашиглалтанд байна. Статистик монгол хүн өдөрт 2600 ккалори хоол идэж байгаагийн дотор жилээр бодоход зуун кг мах ноогдож буй нь дэлхийн хамгийн сайн үзүүлэлтийн нэг. Хорин жилийн өмнө борлогдож буй гурилын 60 хувь нь 2-р гурил байсан бол одоо 5 хувь болсон ба дээд гурилын борлуулалт 50 хувийг эзэлж байна. Социализмын төгсгөлөөр 16 мянган оюутантай байсан бол одоо чанар муу ч гэлээ 160 мянган залуус дээд сургуульд сурч байна. Дундаж наслалт 3-5 жилээр сунаж, ой хүртлэх хүүхдийн эндэгдэл хэд дахин буурчээ. Хэдийгээр нийгэмд баян ядуугийн зааг асар их болж тэгш бус хуваарлалт ноёрхож байгаа боловч статистик дундаж монгол хүний амьдрал харьцангуй дээшилсээр л байна. Бид гарсан гараагаа таг мартаж өөрсдийгөө юун түрүүн дэлхийн хамгийн хөгжингүй орнуудтай харьцуулдаг.

Өнгөрсөн жил Оюутолгойн гэрээг үзэглэж Монголын хөрсөн доорхи хязгааргүй их баялагийг эдийн засгийн эргэлтэд оруулахаар болсноор манай орны цаашдийн хөгжил дэвшилд шинэ хуудас, шинэ боломж, шинэ гарааг буй болголоо. Одоо Монголын Оюутолгой ХХК-ийн төлөвлөж байгаагаар энэ оны 4-12-р сард бараг 800 сая долларын хөрөнгө оруулахаар болжээ. Монголын түүхэнд ийм хэмжээний хөрөнгө оруулалт нэг төслөөр ийм богино хугацаанд орж ирж байсан тохиолдол урьд хожид хэзээ ч байгаагүй. Гэтэл судлаачдын үзэж байгаагаар ойрын 10-15 жилд бараг 30 тэрбум долларын хөрөнгө оруулалт орж ирж манай үндэсний үйлдвэрлэл энэ хугацаанд 8-10 дахин өсөх төлөв харагдаж байна. Зөвхөн Тавантолгойд 9 тэрбум орчим тонн нүүрс илэрсэн, үүнийг өнөөгийн манай төмөр замын чадлаар чинээнд нь тултал зөөхөд 900 жил шаардлагатай байгаа юм.  

Энэ хорвоод мөнгөнөөс чухал олон асуудал бий, гэхдээ тэрийг ч бас л мөнгөөр бүтээдэг. Харин мөнгөөр бүтээж болдоггүй, зөвхөн цаг хугацаагаар эмчилдэг нэг хэцүү юм байдаг нь хүний ухамсар, нийгмийн сэтгэлгээ юмаа. Бид нийгмийн нэг тогтолцооноос тэс өмнөө тогтолцоо руу шилжилт хийсээр 20 жил боллоо. Нийгмийн тогтолцоо, өмчийн харилцаа, хууль, боловсролд асар их өөрчлөлт, заримдаа бүр үндсэн өөрчлөлт хийх нь зүй ёсны боловч нийгмийн сэтгэлгээ эдийн засгийн дэвшилтэйгээ харьцуулахад тун алгуур урагшилж байна.     

Шилжилт гэдэг бол юун түрүүн сэтгэлгээний үндсэн өөрчлөлт юм байна. Ийм өөрчлөлт зөвхөн үе солигдсоноор бүтнэ гэдэг нь цаг өнгөрөх тутам улам ойлгомжтой болж байна. Капиталист эдийн засгийн харилцаа буй болсон 300 орчим жилдээ асар их түүх, туршилт, ёс заншил, мораль, технологи агуулсан. Социализмаас өчигдөрхөн ирсэн бидэнд энэхүү бүхэл бүтэн цогцолбор тогтолцооны өнгөн тал буюу мөнгөн арилжаа нь л харагддаг, энэ харсныгаа бид ойлгочихлоо гэж үздэг. Бид өөрсдийнхөө амьдарч байгаа эдийн засгийн төвшинг Өрнөд Европ, Хойд Америк, Японтой харьцуулан чамалдаг болохоос соёлын төвшин, мораль, этик, хуулийн орчин, түүхэн нөхцөл, гарааны төвшин, төрийн болон нийгмийн байгууламж, технологи зэргээ харьцуулж харах ч дургүй. Капиталист харилцааны тухай хамгийн хадсан том ойлголт нь Марксын томъёолсон нэмүү өртөг ба мөлжлөгийн тухай сургаал.

ДНБ-ийхээ бараг талыг улсын нэгдсэн төсөвт оруулан зарцуулдаг манай тогтолцоог авилгаас салгах бололцоо бий гэж үү? Улсын төсөв сүүлийн арван жилд бараг 10 дахин нэмэгдээд байхад төрийн үйлчилгээний чанар далайц хэмжээ улам муудаад байгаагийн учрыг өнөөгийн хүнд сурталтнууд ойлгоно гэж үү? Бүртгэлийн тогтолцоонд орж нийгэмд нуулттай байгаа асар их баялагийг албан ёсжуулъя гэхээр айлаар дэвтэр сугавчлан хэсч хүүхэд хөгшдийнх нь нас сүүдрийг сургаар бүртгэж яваа өнөө үеийнхэн үүнээсээ дээгүүр юм олж сэтгэх бололцоотой гэж үү? Сонгуулийн тогтолцооноосоо болоод үрэн таран, өндөр амлалт, хавтгайрсан халамж нийгмээ хойш чангаагаад байгаагаа барагцаалаад= байгаа мөртөө өөрөө л сонгогдох гэсэн өчүүхэн атгаг санаа, өнөөдөр л юм салгаж байвал маргаашаа нулимсан сонгогч хоёрын яв цав нийлсэн ашиг сонирхол манай нийгмээс ойрын арван жилдээ сална гэж үү? Хууль, шүүхийн тогтолцооны нэгэнт буй болоод улам архагшин тэр нь нийгмийн багагүй хэсэгт ашиг завшаан олгодог болсон байдал тийм амар засрана гэж үү? Төр л нэг юм оролцож юухан хээхэнд ч оролцож байхгүй бол иргэд өөрснөө учраа олохгүй гэсэн төрийн төлөөлөгчдийн мунхаг ойлголтыг мэс заслалын аргаар ч засах бололцоогүй байгаа шүү дээ. Ерөөс төрийн тухай дундад зууны үхширмэл ойлголт өнөөгийн бидний ил ба далд ухамсараас салах ч бололцоогүй. Энэ бүхнийг гагцхүү цаг хугацаа л эмчлэнэ. Гашуун ч гэсэн энэ үнэн байхаа. Энэ бүхнийг шинэ үеийн боловсролтой төлөөлөгчид ирж байж эдгээнэ. Тухайн үедээ дундад зууны хоцрогдлыг чухам хээрийн галуу нисэн үл хүрэх газраас эрдэм ном иргэншил, амьдрах ухаан тээн авч ирж байсан тавь жараад оны боловсролтой залуус янзлан шинэтгэсний нэгэн адил.

Нийгмийн сэтгэлгээг өөрчлөнө, орчинд нь зохицуулна гэдэг нүсэр хугацаа шаардсан, нийгмийн нэг үеийнхэн яавч амжихгүй, бололцоогүй тийм түүхэн процесс бололтой. Америкийн нэрт сэтгэл зүйч Эрих Фроммын “Эрх чөлөөнөөс дайжихуй” зохиолд Францын хувьсгалын дараах ийм шилжилтийн үеийн тухай тодорхой өгүүлсэн байдаг. Бид нийгмийн асар их хоцрогдлоос ХХ зуунд морьтойгоо давхин орж ирсэн. Энэ бол том дэвшил байлаа. Даяаршсан шинэ зуунд социализмаас ирсэн бид бараг л сарнаас ирсэн хүн шиг байна. Өнөөгийн ертөнцийн дэг журам, зиндаа, хөдөлмөрийн хуваарь, дэс дараалал, технологи, механизмыг ойлгодоггүй, ойлгосон ч буруу төсөөлөлтэй учир дур зоргоороо ярьдагаар барахгүй хийх гэж дайран байгаагаа улам дордуулж байна. Бид мэддэггүй чаддаггүйгээ мэддэггүй учраас бусдын нэгэнт туулсан туршлагыг ёстой юман чинээ бодож ойшоодоггүй. Бидний сэтгэлгээ буй болж буй баялагийн хэмжээ болон явагдаж буй техник технологийн дэвшлийн хурдацаа гүйцэхгүй чирэгдэж байна. Хувь заяа бидэнд мөнгө сарвайж байгаа боловч түүнийг зарцуулах ухамсар өнөөгийн төвшинд дэндүү хоцрогдонгуй байгаа нь нууц ч юм биш. Бид төрөө хайрлан данхайлгаж томруулах тусмаа, ард түмнээ хайрлан энхрийлж цацаж нялах тусмаа нийгмээ улам хорлож, моралийн хувьд ялзруулж, ирээдүйгээ алж байгаагаа өөрснөө анзаардаггүй. Өнөө үеийнхэн болох социализмын сайн санаат үлдэнгэрүүд, тэдний араас залган гарч ирсэн луйвар булхайд гаршсан завсрын үеийнхэн аль болох багыг санаачилж, байгааг улам дордуулалгүй дараа үедээ халаагаа хүлээлгэж өгөх тэр цагийг тэсвэрлэн хүргэвэл хожмын хор холбогдол нь хавьгүй бага байх болно. Дахиад хорьхон жил тэсэх хэрэгтэй байна. Уг нь ч юу байхав дээ.


2010.2.6.    

"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив