Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Иргэн Х ба Сото гуай
2010 оны 2 сарын 23 [Уншсан тоо: 112511]

Монголын Давос боллоо. Сүүлийн дөчөөд жил Швейцарийн Давос хотноо дэлхийн улс төр, эдийн засгийн томчууд цуглан ирэх жилийн болон ойрын ирээдүйн дэлхийн эдийн засгийн төлөв байдлыг ярилцан, гаргасан анализ, прогнозоо биендээ танилцуулан шүүмж өрнүүлдэг. Харин уулзалтаас ямар ч шийдвэр гаргадаггүй. Давос маягийн уулзалт сүүлийн үед ихэд моодонд орж бүс нутгийн Давос, тухайн орны Давос гэх мэтээр зохиох болжээ. Ингэж энэ жил Монголд анх удаа монгол Давос боллоо.

Манай Давос дажгүй болсоон. Засгийн газар хувийн хэвшилтэй хамтарч хийсэн энэ уулзалт манай тулгамдсан зургаан асуудлаар хэсэг болон хуралдаж Монголын эдийн засгийн нэн тэргүүн асуудлыг нэлээд өргөн хүрээнд авч ярилцлаа. Мэдээж ориг Давосын нэгэн адил ямар ч шийдвэр гаргаагүй. Мэдээллийн хэрэгслэлээр дамжуулж ард олны ч ойлголт нэлээд тэлэх шиг боллоо. Гол нь шийдвэр гаргагч нарт хандаж “ард түмний” болон “эрдэмтэнүүдийн” саналыг нэлээд дуулгах шиг боллоо. Авах юм байдаг л юм билээ. Үүнээс чухал зүйл бол төрийн байгууллагын төлөөлөгчид хоорондоо нүүр учран зовлонгоо солилцов. Тэдний ярианаас харахад бараг л анх удаа нүүр тулан уулзаж ажил төрөл ярьж байх шиг билээ. Зарим ярианаас нь харахад дайсагнагч талууд байлдаанаа зогсоож энхийн хэлэлцээрт нэг ширээнд сууж байгаа ч юм шиг. Төрийн байгууллагуудын хоорондын уялдаа холбоо байдаггүй гэдгийг ч гадарлана л даа, гэхдээ биендээ дайсагнаж явдаг гүнлэг, ханлигийн хэмжээнд очсон нь эндээс нэлээд тод харагдсан.

За тэр яахав, ингээд хэл амаа ололцоод явбал хүрэхгүй цэг гэж үгүй болж цэнгэлийн манлайд очих нь лавтай. Мэдэхгүй чадахгүй гэх зүйл үгүй болно гэдэг нь харин хол байхаа. Энэ нь чуулга уулзалтын үеэр Ерөнхийлөгчийн урилгаар ирсэн нэрт эдийн засагч Сототой уулзсан уулзалт ба түүний дараа болсон хөрөнгийн бүртгэлийн асуудлаархи уулзалт тод харуулсан. Гэхдээ Сото ирснээр манайх нүд орсон юм биш гэхэд нуух арилах шиг боллоо. Учир нь бидний олонхи нь Сотогийн хөрөнгө албан ёсжуулж эргэлтэд оруулах санааг хүн амын ердийн бүртгэл, эд хөрөнгийн тооллого хавьцаа ойлгож хольж хутгаад байна билээ.

Уг нь Сото гуай нэгтгэн дүгнэвэл их хялбар юм яриад байгаа юм. Иргэн Х гуай Гоодойн аманд хааш хаашаа 20 метр хашаатай, тэрэн дотроо зуслангийн байшинтай байг. Энэ хашаа байшин, газар яг өнөөдрийн ханшаар 15 сая төгрөг байг. Зун хэд хүрэх, хойтон хэд болохыг хэн ч мэдэхгүй. Иргэн Х-ийн хашаа байшин газрыг татварын газар мэддэг, үл хөдлөх хөрөнгийн татвар авдаг байг. Үүнийг мөн кадастрын газар яс бүртгэсэн байг. Энэ газар бол иргэн Х-ийн салшгүй өмч гэдгийг цагдаагийн газар бас мэддэг учраас хулгай ирж ухвал араас нь хөөцөлдөнө. Байшиндаа хулхи архи үйлдвэрлэдэг, балчир хүүхэд уруу татдаг бол иргэн Х өөрөө хариуцлага хүлээнэ. Эзэнийх нь хувьд зөвхөн түүнд л шүүхээс хариуцлага хүлээлгэнэ. Иргэн Х байшин газраа зарахаар болбол төрийн дээрхи байгууллагууд компютэрээ ганц гүйлгэж хараад л худалдан авах гэсэн хүнд баталгаа гаргаж өгнө. Байшингаа барьцаалаад зээл авъя гэвэл аль ч банк саадгүй үйлчилнэ, учир нь банк хувийнх байлаа ч төр өөрийн яс бүртгэлээ хараад өмнөөс нь баталгаа гаргаж өгч чадна. Даатгалын газар ч хүссэн үнээр нь даатгаж болно, учир нь төр энэ газрыг үнэхээр иргэн Х-ийнх мөн гэж хоёргүй нэг утгаар хэлээд байгаа юм чинь. Мөн газраа өвлүүлж болох ба өвлөгчийн эрхийг дээрхи бүх газрууд хүлээн зөвшөөрнө. Иргэн Х Америкийн визэнд ороход эндээ ийм хөрөнгөтэй гэдгийг мөн л төр батлана. Ердөө л компютэрээр дамжуулаад шүү. Одоо иргэн Х хэн бүхнээр хүлээн зөвшөөрөгдсөн жинхэнэ гэх өөрийн хөрөнгөтэй нэгэн боллоо.

Одоо байгаа байдлаа аваад үзье. Иргэн Х-ийн хашааны хагас нь кадастрын зураглалаар бол өөр хүний өмч аж. Давхардуулаад бүртгэчихэж. Ингээд энэ алдааг засахаар иргэн Х “холын аянд” мордлоо. Үл хөдлөх хөрөнгийн татвар төлдөггүй учраас татварын газар мань хүний газрыг зөвшөөрсөнгүй. Цагдаа ийм асуудал хариуцдаггүй, шүүхдэх гэхээр өнөө заргалдагч этгээдтэй хэн нь илүү хахууль өгөх вэ гэдэг л уралдаан болно. Уг нь дүүргээс авсан үнэмлэх маягийн бичиг бий, өнөө нөхөрт ч бий. Бүртгэлийн зөвшөөрөл өгсөн байцаагч аль хэдийнээ ажлаасаа гарсан, тэндээ ямар нэг тэмдэглэгээ үлдээсэнгүй. Даатгуулаагүй, яагаад гэвэл иргэн Х – ийн газар гэдгийг төрийн зарим байгууллага зөвшөөрнө, зарим нь зөвшөөрөхгүй. Ингэхээр банкинд барьцаална гэдэг санашгүй хэрэг. Харин нөгөө заргалдагч ямар авилгаар явсан юм бүү мэд тэр газрыг барьцаалаад 3-4 банкнаас зээл авчихсан байгаа юм даа. Энэн дээр нь дөрөөлж матаж болох авч зарлага нь дийлдэхээ болино, хаанаасаа бас хахуулийн мөнгө хайж явах билээ.  

Сото сая ирэхээсээ өмнө бүтэн баг явуулж судалгаа хийлгүүлжээ. Сотогийн хүрээлэн ашгийн бус байгууллага юм байна. Гэхдээ түүний гаргасан схемээр судалгаа хийдэг байгууллагууд байдаг, тэдэндээ хандаж манайд түргэвчилсэн судалгаа үнэ төлбөргүй хийж өгсөн хэрэг. Сонин дүр зураг харагдсандаа, юу гэвэл манай үндэсний нийт бүтээгдэхүүнээс хоёр илүү дахин их хөрөнгө албан ёсжоогүй учир эргэлтэнд орж чадахгүй хий хэвтэж байна. Энэ их хөрөнгийг бүртгэн албан ёсжуулж төрөөс нэгэн утгаар хүлээн зөвшөөрвөл Дотоодын нийт бүтээгдэхүүн маань гурав дахин өсч амьдрал маань илбэтэй юм шиг гурав дахин дээшлэх нь. Ямар ч гадны хөрөнгө оруулалт, зээл тусламж гэлгүйгээр. Дотоод нөөц бололцоо гэж энийг л хэлнэ дээ. Зүгээр нэг бүртгэлийн хувьд бол манайд байна аа, тэр байтугай хэтрүүлээд буй болгочиж. Сотогийн багийнхны олж тогтоосноор зарим хашаа байшин 7 хүртэл янзын баталгаажуулсан үнэмлэх бичигтэй байна! Сонгууль болгоноор нэр дэвшигч бүртгэлээ баталгаажууллаа гэж тараадаг баримт бичгүүд. Энэ бас гайгүй гэнэ, зарим ядуу оронд засгийн газар болгон хашаа байшинг нь бүртгэсээр байгаад нэг айлын үл хөдлөх хөрөнгийг 20 дахин бүртгэсэн байдаг гэнэ. Манайх 20 хүртэл бас зай байгаа юм байна. Гэхдээ зүгээр л нэг тооллого бүртгэл биш гэдэг нь эндээс харагдаж байна уу?

Сото гуай ингэж хэлсэн: “Анархи гэж хуульгүй байхыг хэлдэггүй юм, анархи гэж давхацсан олон хуультай байхыг хэлдэг юм”. Мэдээж нэг асуудлаар шүү дээ. Иргэн Х-ийн газар байшингийн хувьд төрийн байгууллага болгон өөрийн журмаа дагаад хувийн байгууллага иргэд өөр өөр янзаар хандаж өөр өөр “хуулийн” гаргалгаа хийж байна. Ингэхээр Сотогийн бүртгэл гэдэг маань иргэдийн хөрөнгийг төрийн интитуци болгон нь нэгэн дуугаар хүлээн зөвшөөрч, хамгаалж, баталгааг нь гаргана гэсэн үг юм байна. Ингэсэн нөхцөлд л түүний Монголд зэрвэсхэн тооцоолоод гаргаж ирсэн 7,5 тэрбум доллар чөлөөт эргэлтэнд орж улс орон баяжих нигуртай аж. Хөрөнгө төрөөс албан ёсжоогүй тохиолдолд Иргэн Х ямар ч их хөрөнгөтэй байгаад тэрийг нь их бодож ах дүү ойрын хамаатан нь мэдэх хүрээндээ хүлээн зөвшөөрөх тул зээл барьцаа тэндээс л хайна уу гэхээс өөр газраас найдалтгүй. Уулзалтын үеэр манайд ийм тохиолдол бас их гэнээ: банкууд тогтмол орлоготой хүнд дуртай зээл олгодог, гэтэл Нарантуул дээр зогсдог наймаачин сүрхий орлоготой боловч үүнээ баталж чаддаггүй, иймээс орлогын татвар сайн дураараа төлж банкны зээлд хамрах явдал нэлээд үзэгдэх болсон гэнэ. Сонин байгаа биз? Нарантуулын наймаачны орлого албан ёсжих зам руугаа орж байна шүү дээ!

Мэдээж иргэдийн хөрөнгийг албан ёсжуулахад маш их хөдөлмөр, цаг, үзэл суртал, сурталчилгаа хэрэгтэй. Юун түрүүн Хүн амаа цахим маягаар нэг бүрчлэн бүртгэх, Монголын нийт газрыг хамгийн нарийвчлалтайгаар бүртгэлжүүлж хэнд хамаатай болохыг нь цэгцлэх, иргэний өмч хөрөнгийн халдашгүй байдлыг баталгаажуулсан хуулийн цогц шинээр буй болгох гэх мэт. Юутай ч гэсэн манайд өдий хүртэл байсаар байгаа хүн амын тооллого хашаа байшингийн бүртгэл энэтэрээс Сотогийн яриад байгаа юм шал өмнөө юм байна шүү, таминь ээ!

Нэг л үгээр хэлэхэд өнөөгийн даяаршсан ертөнц өөрийн тогтсон жишигтэй болсон, дэлхийн стандарт ийм байдаг, үүнийг эс дагаваас хөгжлийн асуудал орхигддог гэж л Сото гуай ярьлаа. Харин бидэнд дэлхийн жишгээр хөгжих хүсэл эрмэлзлэл байна уу? Байгаа бол юун түрүүн тэр жишгээ ойлгох, дараа нь хэрэгжүүлэх шаардлагатай юм болов уу даа.

2010.2.22

"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Монголын шилдэг нийтлэлчдийн клубын гишүүд нь редакцийн бодлогоор ажилладаггүй тул
аливаа нийтлэл, түүнтэй холбогдон гарах асуудлыг тухайн нийтлэлч бүрэн хариуцна.
Copyright © 2012, Baabar.mn