Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Сталины сургамж
2010 оны 3 сарын 16 [Уншсан тоо: 130144]

Юри Слэзкинэ зохиогчтой “Жүүдийн зуун” гэдэг ном сая уншлаа. “Орчин үеийн түүхэнд яагаад жүүдүүд суут үүрэг гүйцэтгэсэн бэ?” гэсэн давхар гарчигтай юм. Алив үндэстний дотор орж ирсэн өөр угсаатнууд ямар нэг хэмжээгээр гадуурхагддаг нь хүний нийгмийн нэг “норм” аж. Нэвтрэн орж ирэгсэд амьдрахын тулд аль ч нийгэмд хамгийн хүнд хэцүү хөдөлмөр хийж хамгийн бага орлоготой, хамгийн муу амьжиргаатайгаар цагаачлалаа эхэлдэг аж. Сонирхолтой нь худалдаа наймаа, илбэ жатгыг ихэнх иргэншсэн нийгмийн шашинаас ёс суртахуунгүй гэж үздэг учир цагаачид энэ төрөл дээр дагнах нь элбэг аж. Мөн харуул, ял гүйцэтгэгч, ялтан харгалзагч тээвэрлэгч зэрэг нь аль ч нийгмийн гишүүдийн аль болох дөлдөг ажил аж. Слэзкинэ энд мундахгүй олон жишээ татсан байна. Энэтхэгийн иргэншил өөрийн хүмүүсээ олон кастад хуваасан байдаг тул доод кастынхан энэхүү цагаачлагчийн үүргийг гүйцэтгэнэ. Дундад зууны Солонгост сучок, хвачок нар гэж байж. ХХ зууны эх хүртэл еибирчүүд Этиопид энэ үүргийг гүйцэтгэж байв. Балба Төвд хоёрын хооронд давс будаа хоёрын солилцоог хумли хямпачууд хийнэ. Европт нэн эртнээс гудамжны зугаа цэнгэл илбэ жатгыг цыганууд, наймаа худалдааг нь жүүд нар эрхэлдэг байжээ. XIX зуунд Америкийн баруун эрэг, Малайз, Индонез, Австралид энэ үүргийг хятадууд гүйцэтгэдэг байсан байх юм. Наймаа нь ихэд ашиг хонжоотой учир нийгмийн гадуурхагдсан хэсэг тун удалгүй хамгийн хөрөнгө чинээтэй улс болон хувирдаг аж. Үүнээс гадна олон үе дамжин гадуурхагдаж аль муу муухайг нь хийсээр байгаад амьдрах чадвартай, олон мэргэжилд гаргууд болсон байдаг талтай.

    Жүүдүүд хэдэн зуун жил гадуурхагдсан, гэхдээ л дундад зуун гэхэд тэд нийгэмдээ хамгийн их хуримтлалтай болж чадсан байна. Энэ нь эргээд тэднийг улам үзэн ядах шалтаг болжээ. Хар үхэл хэмээх тахал Европыг сүйтгэж байх үед үүнд мөн л жүүдүүд буруутан, ялангуяа зээлдэгч нар нь тэднийг хамгийн түрүүн шулмын хорлол авчирсан хэмээн гүтгэж устгуулна. Испанид эхэлсэн инквизаци юун түрүүн жүүд нар руу довтлов. Шулмын ангуучлалын золиос ч голдуу жүүд нар. Францын хувьсгал гарснаар Европ шинэ зуунд орсон. Алив феодалын ёс, хамжлага, бурангүй шүүх устаж үйлдвэржилтийн хувьсгал эхээ авлаа. Ийнхүү Европ чөлөөт иргэдийн нийгэм болж хувирахад жүүдүүд шинжлэх ухаан, бизнес, урлаг, худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний бүхий л салбарт цойлон гарч ирсэн юм. Чөлөөт иргэд чөлөөт бололцоог ашиглах болонгуут тэд л түүчээ нь боллоо.

    Асуудал Орост өөр байв. ХХ зууны эхээр Европын нийт 8,7 сая жүүдийн 5,2 сая нь Оросын эзэнт гүрэнд амьдарч байжээ. Хамжлагыг хамгийн сүүлд халсан Орос өөр шашинт нүгэлт жүүд нарт бололцоо олгосонгүй. Тэднийг гадуурхах нь төрийн бодлого байж. Адгийн тосгонд жүүд хүн зодох нь орос тариачны нэгэн бахархал байв. Дөнгөж ХIX зууны бөгсөөр л хамжлага халагдсанаар жүүд нар сургууль соёл нийгмийн үйлчилгээнд хамрагдах эрхтэй болжээ. Төрийн гадуурхал байхгүй болонгуут тэд мөн л нийгмийн салбар болгонд цойлон гарч ирлээ. Ялангуяа урлаг, утга зохиолд илэрхий оройлон Оросын үндэсний бахархал болсон Пушкинийг алдаршуулж, Пушкинтэй ижилших болов. Пушкин бол эсэргүүцэл, Пушкин бол хувьсгалын уриа дуудлага.

    Оросын сэхээтнүүдийн үзэж чаддаггүй юм нь хаант засаг байсан юм. Нийгэмд социалист, анархист, народник, эсер гэх мэтийн үй олон хөдөлгөөн байгууллага буй болсон ба эдгээр нь бүгд хаант засгийг түлхэн унагах зорилго дээр нэгдмэл байв. Бүхий л эсэргүүцлийн хөдөлгөөний толгойд жүүд нар, гишүүнчлэл, идэвхитэний ихэнх нь мөн л тэд. 1905 оны хувьсгалын дараа Оросын хаант засаг эдийн засгийн асар их реформ хийж улс орноо дажгүй болгож дөнгөсөн боловч нэгэнт оройтжээ. Үзэн яддаг хаант засгийг унагахаас нааш хэний ч санаа амрахаа болив. Дээр нь дэлхийн I дайнд татагдан орсон Орос орон бөөн үймээний үүр болох нь тэр. Ингэсээр 1917 оны II сарын хувьсгал Хаант засгийг түлхэн унагаж үхрийн бөөр аятай янз бүрийн үзэлтний хамтарсан Түр засгийн газар байгуулсан юм.

    Хамгийн олон жүүд удирдагчтай большевикууд энэ хувьсгалын үрээр хууль ёсны болсон боловч тэрийгээ чамлаад дангаар эрх барихын тулд Түр засгийн газраа төрийн эргэлтээр 1917 оны 10-р сард түлхэн унагажээ. Хагас ардчилалаар буй болсон төрд большевикууд цөөнхи байсан боловч нэгэнтэй нь эвлэрч нөгөөг нь түлхэх замаар нийгмийг бужигнуулж эмх замбараагүй болгож байгаад сиймхийг ашиглан төрийг булааж авсан. Жилийн дараа гэхэд тэд хамтрагчдаа ч түлхэн ганцаар ноёлох боллоо. Ийнхүү хүний түүхэнд хамгийн удаан үргэлжилсэн олон жилийн террор хядлага, геноцит эхэлсэн юм.

    Большевикууд тухайн үедээ Орост төдий л дэмжлэгтэй байгаагүй. Тэд дайнд туйлдсан орныг паралич болгох ажлыг маш эвлэг явуулжээ. Дайныг жигшиж фронтод байлдаж байгаа цэргүүдийг оргож зайлах, дарга нараа алахыг уриалж байв. Ингэснээр эсрэг талдаа үнэлж баршгүй тусламж үзүүлнэ. Үүнийг нь ч германчууд талархан хүлээн авч большевикуудыг мөнгөжүүлэн, Европт байгаа цагаачдыг нь нутагт нь төрийн эргэлт хийлгүүлэхээр бүр хамгаалалттай богооноор хүргэж өгчээ. Хуурамч рубль үй олноор нь хэвлүүлэн большевикуудаар дамжуулан Орост тараалгаж байв. Хариуд нь тэд засаг авангуутаа германчуудад газар нутгаа өгөн Орос орныг дайсных нь өмнө сөхрүүлэн буулгуулсан юм.

    Большевик удирдагч Лениний эхийн эцэг Бланк нь жүүд хүн байлаа. Гол удирдагч Троцкий, Зиновьев, Урицкий, Свердлов, Каменев, Менжинский, Ягода... бүгд жүүдүүд. Үе үеийн турш дарлагдан гадуурхагдаж байсан тэдэнд бүх нийтээр тэгш эрхтэй байх тухай жүүд Марксын сайхан сургаал ихэд таалагдсан ч байх. Гээд муу үйлдэл араасаа мууг төрүүлдэг. Олон жил гадуурхагдаж зовсон жүүд үндэстний сэхээтэн төлөөлөгчид хариу болгож улаан хядлагыг толгойлох болов. Эзэн хааныг гэр бүлээр нь устгах тушаал өгсөн Свердлов, аллагыг удирдсан Голощекин, гараараа хөнөөсөн Яков Яровский нар бүгд жүүд. Цагаан армийн хэдэн мянган олзлогсодыг бөөнөөр гардан устгасан Бэла Кун, Землячка нар мөн л жүүд. Тэд энэ аллагынхаа шанд улаан тугийн одонгоор шагнуулж байв.

    Газар өгнө гэсэн хуурамч амлалтад нь автсан орос тариачид большевикуудыг дэмжсэн. Чухам тэдний дэмжлэгээр большевизм ялсан юм. Харин жүүд нар Орос орныг нурааж байгааг бүгдээрээ харж байлаа. Зуу илүү үндэстнээс бүрдсэн Оросын эзэнт улсад Петр хааны үеэс үнэлэгдэн төрийн албанд үй олноороо шургалах болсон балтын герман, Оросын төрийг Романовынхнаас өмнө авч явсан “алтан орд”-ын татаар, Түрэгт дарлагдаж байгаад Оросын нөмөрт орон хоёр зуун жил үнэнч зүтгэсэн загалмайн шашинт гүрж армян нар, козак цэргийн өлгий болсон украин үндэстнүүд орос хүмүүсийн зэрэгцээ элит хүлээн зөвшөөрөгдсөн ард түмэнд тооцогддог байжээ. Лениний жүүд гарал төрийн нууц болж 70 жил дарагдсан, тэгээд ч тэрээр хувьсгалын дараа тун удалгүй үхсэн. Ингэхээр большевик засгийн удирдлагад хүлээн зөвшөөрөгдсөн “жинхэнэ орос талын” ганц удирдагч нь Сталин байсан бололтой.

    Үүнээс цаашихыг нь саяхан монголоор орчуулагдаж гарсан Эдвард Радзинскийн “Сталин” баримтат зохиолд бичсэн байгаа. Октябрийн болон иргэний дайнд чухам жүүдүүд л их аллагыг удирдан гардсан тухай Радзинский тодорхой хэлсэнгүй, учир нь өөрөө бас жүүд хүн юм билээ. Догшин Иваны нэгэн адил дохио зангаагаар хөдөлдөг номхон хүлцэнгүй нийгэм, түүнийг удирдах чанга догшин, зэрлэг, хүчирхэг төр байгуулахын тулд Сталин оросуудын жүүдэд дургүй уламжлалт үзэл, тэдний Октябрийн хувьсгал болон иргэний дайнаар хийсэн нүгэлт зэрлэг балмад явдлын факт баримт гэсэн хоёр юманд тулгуурлажээ. Троцкий, Зиновьев, Каменев, Бухарин гээд цуст жүүд нарыг устгаснаар улаан хувьсгалыг аварч, хүн төрлөхтний сайн сайхан ирээдүй рүү энэ муухай үндэстэнгүйгээр хүрнэ гэсэн орос тариачны гэнэн тэнэг сэтгэлгээ энэхүү удаан хугацаагаар үргэлжилсэн хядлагад гол дэмжлэг болсон бололтой. Сталин цөөн хэдэн толгой жүүдийг дагуулж олон сая хүнийг хөнөөн хүссэн нийгмээ байгуулж дөнгөжээ. Зөвхөн хамтралжуулалтын төлөөсөнд 5-8 сая орос тариачин амиа өргөсөн гэдэг.

    Большевикуудын гол уриа нь буржуй нарыг устгах явдал байлаа. Гэтэл буржуй гэсэн яг таг тодорхойлолт үгүй. Буржуйн таних тэмдэг байхгүй, тэдэнд батлах үнэмлэх байхгүй, ингэхээр амиа аваад яваа хэнийг ч буржуй ангид хамааруулан устгаж болно. Үнэхээр ч тэгсэн юм. Буржуй тариачныг бол нударган гэнэ. Орос орныг тэжээж байсан газартай тариачид бүгд нударган. Тэдэнд газар өгнө гэсэн бол харин үнэндээ байгааг нь хуу хураан дээрэмдсэн.  

    Бүхий л амьдралынхаа турш хоорондоо алалцаж тулалдаж, биенээ үгүйсгэж, үгүй хийх гэж цус нөжөө урсгаж явсан монархистууд, анархистууд, большевикууд, меншевикүүд, кадетууд, баруун зүүн эсерүүд, народникууд... Сталины гяндангийн нэг камерт хамт хоригдож байлаа. Эд бүгдээрээ баян тансаг хөгжингүй сайхан Орос орныг хүсч байсан. Чухам яг ингэж л орхивол Орос орон газрын диваажин болно гэсэн өөр өөрийн үзэл баримтлалтай байсан. Эцэст нь Сталиныг гаргаж ирэхийн тулд л тэд бүхий л амьдралаа зориулж дээ. Урсгал болгон өөрийнхөөрөө сэтгэн амь насаараа дэнчин тавин үхэн хатан тэмцэж явсан нийгэм нь энэ байлаа. Эцсийн үр дүн нь...

2010.3.15     

"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив