Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Амлалтаа биелүүлэхийг ард түмэн шаардах эрхтэй
2010 оны 4 сарын 6 [Уншсан тоо: 103229]

Цуглаан жагсаал боллоо. Сонгуульд амалсан амлалтыг нь эрх баригчдаас шаардаж байна. Энэ утгаараа тун дажгүй шудрага шаардлага. Алив ардчилсан төр ард түмний олонхийн хүсэл эрмэлзлэлээр буй болдог. Олонхи нь шийдвэр гаргана, цөөнх нь үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлнэ. Үндсэн зарчим энэ. Төрийн шийдвэр гаргах эрхийн төлөөх нээлттэй ил тод өрсөлдөөнийг сонгууль гэнэ. Ингэхээр горилогч этгээд хэрэв шийдвэр гаргагч болох юм бол юу хийж чадахыгаа сонгуулийн явцад олон нийтэд суртчилж таарна. Үүнийг сонгуулийн амлалт гэнэ. Энэ амлалт хэрхэн биелснийг ард түмэн дараагийн сонгуульд дүгнэдэг. Энэ нь сонгуулийн дүнгээр илрэнэ. Ингэхээр олон түмэн эрх баригчдын амлалтын хэрэгжилтийг харж суух төдийгүй биелүүлэхийг байнга сануулж шаардаж байх нь тун ч энгийн шудрага үйлс билээ.

    Хэрэгжих нөхцөлгүй, хэрэгжсэн ч улс орны нийт хөгжилд хор хохирол учруулах утгагүй мөртөө сонсоход сайхан амлалтыг популизм гэнэ. Энэ бол хямд улс төр л дөө. Нийгмийн ухамсар дорой, ардчилсан зарчим хэвшиж чадаагүй газар олон түмэн популизмд автамхай байдаг. Популизмын хамгийн том сургамжтай жишээ дэлхийн II дайны дараа Аргентинд тохиолдсон юм. Үйлдвэрчний эвлэлийнхний дэмжлэгээр гарч ирсэн генерал Хуан Пэрон гэгч ерөнхийлөгч болов. Түүний эхнэр Эвита Пэрон дэд ерөнхийлөгч болов. Тэд ард түмнийг, ядуусыг, ажилчин ангийг ер бусын ихээр харж үзнэ гэж амласан юм. Ингээд л амлалтаа 100 хувь биелүүлсэн дээ. Ажилчдын цалинг ямар ч үндэслэлгүйгээр шууд л хэд дахин өсгөв. Шагнал урамшлуулалыг гаруулж өглөө. 13 дахь сарын цалин гэж анх тэнд үүсчээ. Цалин шагнал нь ажлын үр дүнгээс үл хамаарна. Энэ их үрж буй мөнгийг босгохын тулд бараг бүхий л үйлдвэрлэлийг улсад хурааж авсан юм. Ингээд хэдхэн жилийн дотор улсын бүх санг хувхайруулав. Өөрөөр хэлбэл ямар ч тооцоогүй тараагаад өгчихсөн хэрэг. Дайнд мах будаа нийлүүлж байсан Аргентин маш их баяжсан ба энэхүү пэронизм хэмээх дайрлага дайраагүй бол өдийд дэлхийн тэргүүний эдийн засгийн нэг болох байсан гэж судлаачид үздэг. Пэрон дараа нь тараах мөнгөгүй болуутаа эрх мэдлээ хадгалахын тулд дарангуйлагч болж хувирсан юм.

    Алив ардчилсан оронд байдаг улс төрийн баримжаат намуудыг бүдүүн тоймоор барууны ба зүүний гэж хувааж болно. Зүүнтнүүд татварыг нэмж түүгээр буй болсон мөнгөөрөө ард түмнийг харж үзэх чиглэлтэй бол баруунтнууд татварыг багасгах замаар үйлдвэрлэлийг дэмжиж хөрөнгийн чадвараа нэмэгдүүлэх нь зүйтэй гэж үздэг. Улс орны бодлогыг хэт баруун тийш эсвэл хэт зүүн тийш хадууруулчихгүйн тулд эдгээр намууд биендээ сөргөлцөн балаансын тэнцвэр барьж байдаг юм байна. Монгол улс ардчилсан тогтолцод орсноос хойш нэг ч барууны нам үүссэнгүй. Монголын намуудыг ерөнхийд нь зүүний, хэт зүүний, ультра зүүний, дэндүү зүүний гэх мэтээр л ангилж болох байх. Ард түмнээ л харж үзээд байх маягтай юм ярина. Тэгсэн мөртөө татварыг багасгах талаар байнга ярина. Энэ бол хоорондоо авцалдаагүй яриа. Ийм л хачин марзан боловч сонсголонтой амлалтыг популизм гээд байгаа хэрэг. Ингэхээр манай улс төрийн намуудыг бүгдийг нь зүүн баруун гэхээсээ популист намууд юм гэсэн дүгнэлтэнд хүрч болох нь. Эрүүл саруул газар улс төрийн намууд улс орноо хөгжүүлж ард иргэдийн амьдралыг дээшлүүлэх бодлого ярьж уралддаг бол манайд нэр дэвшигчийн ухаан ч хүрэхгүй, сонгогчдын төвшин ч багадна. Ингээд л ойгомжтойгоор нь “чи сайхан хоол нэрлэ, би савхдаад байя” гэдэг хялбар зарчим үйлчлэнэ.

    Монголын улс төрийн намууд 2000 он хүртэл ерөнхийдөө лоозон маягийн сайн сайхан амлалт шүлэглэн илэрхийлдэг байсан бол шинэ зуун гарснаас хойш тодорхой мөнгө төгрөг шагнал урамшуулал эд материал уралдан амлах болов. 2000 оны сонгуулийн амлалтуудын мөнгөн дүнг тооцож үзэхэд 7.5 тэрбум доллар болж байсан нь тухайн үеийн дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээнээс 5-6 дахин давж байв. 2004 онд нэг нам нь хүүхэд болгонд мөнгө амлахаар нөгөөх нь давж гарахын тулд хурим болгонд мөнгө амаллаа. Хэрэвзээ зах зээлд Монголын бараг цорын ганц экспорт болох зэсийн үнэ өсөөгүй бол энэ амлалт хоосон үлдэх байв. Мөнгө олохын тулд гэнэтийн ашигийн 68 хувийн татвар гэгчийг бодож олсон нь өнөөдөр Монголыг олон улсын арбитрийн шүүхэд аваачин тэрбумаар тоологдох долларын өрөнд аваачив. Хуриманд амлагдсан мөнгөний хүчээр гэрлэлтийн тоо 4 дахин өсч хүн төрлөхтний хамгийн ариун нандин бат бэх бэх холбоо болох гэр бүлийн утга учрыг алдагдууллаа.

    2008 оны сонгуулиур намууд улам гаажтайгаар улс төрийн тэмцэлд орж иргэн болгонд сая саяар нь мөнгө амлах нь тэр. Энэ аврага амлалтыг биелүүлэх гэвэл зөвхөн уул уурхайгаа л эргэлтэнд оруулах ёстой. Гэхдээ мөнгийг ингэж утга учиргүй тарааснаар нийгмийн ёс зүйг эвдэж, хөдөлмөрийн үнэлэмжийг бууруулж, мөнгөний инфляци буй болгосноор эдийн засагт айхавтар хор учруулах юм. Байгалийн баялагийн хараал гэсэн нэр томъёо байдаг. Энэ нь байгалийн баялаг нь хорлоод байгаа юм биш, тэндээс буй болсон баялагийг зөв зарцуулах ухаан дутсанаас үүсэх сүйрлийг хэлээд буй хэрэг. Ингэхээр намуудын утгагүй амлалтаас болж бид байгалийн баялагийн хараал хүртэх болзлоо биелүүлж буй юм.

    Амлалтын уралдааны дүнд төр өөрт хамаагүй асар их үйлчилгээг нуруун дээрээ үүрч түүнээ “үнэ төлбөргүй” хэмээн зарлана. Эмнэлэг сургуулийн үйлчилгээг хавтгайруулан үнэгүйдүүлсний үр дүн чанарт шууд нөлөөлөхөөс гадна төрийн ачааллыг сунаж унатал нь дарж байна. Социализмын үед ч юутай ч цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгийг эх эцэг нь төлдөг, сургуулийн хүүхдийг улс хооллодоггүй байсан юм шүү. Бүх хүнийг харж үзэж дийлэхгүй болохоороо нийгмийн гадуурхал явагдана. Төрийн ажилтан гэж нийгмийн тусгай анги гарч ирлээ. Төрөөс тэдний хүүхдийн дээд сургуулийн төлбөрийг даадаг, тэдэнд хямдралтай байр сууц олгодог, зээлэнд юун түрүүн хамруулдаг. Гэтэл нийгэмд баялаг бүтээдэггүй энэ давхрага нийгмийн паразит хэсгийг бүрдүүлэх боллоо.

    Популист амлалтын бас нэг хэлбэр нь бүтээн байгуулалтын тухай үлгэр домог шиг яриа. Алив эрүүл ухаантай хүн бүтээн байгуулалт хийх гэж байгаа бол тэндээс буй болох бүтээгдэхүүний борлуултыг эхэлж тооцоолдог. Борлогдохгүй, хэнд ч тоогдохгүй юм үйлдвэрлэх бүтээн байгуулалт мэдээж хэрэг хэнд ч хэрэггүй. Төрийн хөрөнгөөр хийх гэж буй бүтээн байгуулалтанд харин ашиг борлуулалт ямар ч падгүй. Хаа хэнд хэдээр юу борлуулах гэж байгаагаа мэдэхгүй хэвтэж хорь гучин жилээр төлөвлөн үйлдвэрлэлийн бааз парк байгуулах тухай Үндэсний хөгжлийн бодлого төлөвлөлт гэгч мөрөөдлийн жагсаалт амлалт болж хувирвал улс орон эдийн засгийн хувьд сөхөрч сөнөлөө л гэсэн үг. Таван зуун жил болж байж өртгөө нөхөх тооцоотойг нь мэдсээр байж тавин өрхтэй тосгон руу өндөр хүчдэл татна гэдэг зөвхөн төрийн хөрөнгөөр л бүтэх зүйл. Машин байтугай үхэр мал ховор явах газраар хар зам татах нь нэр төр эрх мэдэл горьдогчид л хэрэгтэй. 90-ийн бажийнк нэртэй хөлдөө өмсөх зориулалт бүхий ширийг 2 саяыг илүү үйлдвэрлэчихээд Лаост бэлэглэсэн боловч өнөөдүүл нь дахиж авахгүй шүү гэж гуйж байсан явдал 30 жилийн өмнө тохиолдож байсан. Гэтэл зах зээлийн нийгэмд орсон өнөө үед гутлын үйлдвэрлэлээ сэргээх санаа дэвшүүлэгчид санаачлагчдын мэргэн ухааны асар их өртгийг жирийн хөдөлмөрч татвар төлөгчид хармайнаасаа гаргах болно.

    Амлалт нь тухайн цагт байгаа хууль журмыг шууд нулимж зөрчдөг явдал манайд хавтгайрсан үзэгдэл болжээ. 1997 онд Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр нэгэн нэр дэвшигч автомашины гаалийн татварыг төлөхгүй байхыг шууд уриалан хил дээр очиж үүнийгээ биечлэн хэрэгжүүлж байв. 2000 мянган оноос Улаанбаатарт нэр дэвшигчид шилжин суух болох газар эзэмших хууль болон хотын захиргааны журмыг шуудаар зөрчин иргэдэд хүчинтэй хүчингүй янз бүрийн бичиг баримт биечлэн тараах болсон. Энэ хууль бус үйлдэл сүүлдээ ердийн зүйл болсон учир шилжин ирэгсэд ч сонгууль дөхөхөөр хүссэн газраа хашаа хатган нэр дэвшигчийг хүлээх болжээ. Хууль нь буруу ч бай муу ч бай хөх тэнгэрийн дор хуулийн дор амьдрах нь ардчилсан тогтоцын нэг амин сүнс мөн. Хууль хамаагүй байдаг юм бол сонгууль ч хамаагүй.

    Эрх баригчдыг амлалтаа биелүүлэхийг шаардсан иргэдийн жагсаал цуглаан их таалагдлаа. Цааш цаашдаа утга учиргүй амлалтаар бүлтэрч наанадаж улс орны эдийн засагт хор хохирол учруулдаг, цаанадаж нийгмийн ёс суртахууныг ялзруулдаг энэхүү муухай зуршлаасаа улс төрийн намууд салахад туслах болов уу гэдэг утгаар нь цуглаан жагсаалыг талархан хүлээж авч буй хэрэг. Ухаан оруулах эм болох болов уу. Эсвэл ус ч хийсэн, алт ч хийсэн сэгсэрдэг илжигнүүд юм болов уу? Гэхдээ ийм шудрага шаардлагын ард эрх мэдэл булаацалдсан хөгийн бурхинуудын тоглоом явагдаж байгаа нь харин жаахан тиймэрхүү юм даа, тээн? Манай төрийн механизм, төрийн төлөөлөгчид муухай, өөдгүй, огиудас хүрэм, шунахай, хийх юмаа хийдэггүй, паразит, мулгуу,тэнэг... хэлэх үг алга түй чоорт, муусайн ямаанууд... үнэн үнэн... гэхдээ тэд хууль ёсных. Тэднийг ямар ч шахалт хавчилтгүйгээр бид өөрсдөө сонгосон. Чухам ийм л учраас тэд жинхэнээрээ хууль ёсных. Хууртагдсан, тэдний зарим нь заль мэхээр гарч ирсэн, сонгуулийн дүнг булхайцсан... бас л үнэн... гэхдээ үүнийг засах ёстой болохоос нураах эрх хэнд ч байхгүй. Яагаад гэвэл хууль ёсных. Хууль нь муу муухай... үнэн үнэн... тэгвэл хуулиа засцгаая, аан?

2010.4.6

"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив