Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Үндэстний тойм сэтгүүлийн №11 өгсөн ярилцлага
2010 оны 4 сарын 12 [Уншсан тоо: 126525]

Цусан тангараг өргөж эхэлсэн жагсаал цуглаан танд таалагджээ. Харин тэд жинхэнэ зорилгоо улаан цайм хэлж байгаа. Жагсаал зохион байгуулагчид зорилгодоо хүрэх боломжтой юу?

Боломжтой, гэхдээ цус л урсах хэрэгтэй болох байх даа.


Ер нь энэ цусан тангараг гээч монголчуудад өнө эртнээс уламжилж ирсэн заншил байх. Сүртэй харагддаг юм билээ?

Манж- Хятадын заншил. 1932 онд Жамц гэгч этгээдийг Хятадын заншлаар цусан тангараг өргөсөн хэргээр намаас хөөж байсан баримт бий.


Та ном их уншдаг хүн. Номыг голдуу хаана уншдаг вэ? Орондоо юу, бичгийн ширээн дээр үү?, номын санд уу?

Нийт уншсан номныхоо дөрөвний нэгийг жорлонд, гуравны нэгийг орондоо уншсан байх аа. Ном уншихаар цаг хэрхэн өнгөрснийг анзаардаггүй.


Та тэрслүү хүн байж үзсэн, төрийн хүн байж үзсэн. Одоо бол тэс ондоо зүйл хийж байна. Та амьдралынхаа аль үеэр хамгийн ихээр бахархаж, эргэн дурсах дуртай байдаг вэ? Мөн та олон жил өөр хүмүүсийн тухай сайн, муу юм бичлээ. Хэзээ өөрийнхөө намтрыг бичиж эхлэх вэ?

Би бүхий л амьдралаа өөрийнхөөрөө өнгөрөөсөн гэж боддог. Тиймээс эргээд харамсах юм бараг байхгүй дээ. Алдаа дутагдал гарсан ч тэр нь миний л алдаа. Харин намтар бичих болтлоо хөгширч амжаагүй байна гэж бодож байна.


Дэлхийн хөлбөмбөгийн аварга ойртлоо. Та аль улсын багийг дэмждэг вэ, бооцоо тавьдаг уу, хаана үздэг вэ?

Надад яг тухайлан дэмждэг баг байхгүй. Тухайн дэлхийн аваргад хэн гоё уран тоглоно, тэднийг дэмждэг. 1970 оны Мексикт болсон дэлхийн аваргаас эхлээд бүгдийг нь зурагтаар үзсэн. Тэр үед Бразилийг дэмжиж байсан. Хамгийн сүүлчийн дэлхийн аваргаар Францыг балиашигласан.


Таныг дээр үед хөлбөмбөг өшиглөж байхыг харсан юм. Өөр ямар спортоор хичээллэдэг вэ?

Одоо ч ямар спортоороо хичээллэх вэ дээ. Бага залуудаа ширээний теннис, цана, тэшүүр, хөл бөмбөг гээд зөндөө л

гүйдэг байсан. Намайг 10 жилд байхад чөлөөт бөх бүх залуучуудын үйл хэрэг байлаа. Би 1971 оны Улаанбаатар хотын 10 жилийн сургуулиудын чөлөөт бөхийн 48 кг-ийн аварга болж байсан хүн шүү дээ. Одоо “казино” Л.Байгаль гээд байгаа нөхөр 48-р сургуулиас оролцож хүнд жингийн аварга болж байсан.


Таныг хоол хийх дуртай гэж сонсож байсан. Та хэдэн төрлийн хоолны жортой вэ?

Би хоолны жорыг номноос олж үзээд, дээр нь өөрийн фантазиа нэмдэг.  Хоолны жорны ном харин нэлээд олон бий шүү.


Та их тамхи татаж байгаа харагддаг. Хэзээ тамхинд орчихсон юм бэ?

Дөрөвдүгээр ангидаа тамхинд орсон. Тамхинаас гарч үзээгүй.


Таныг олон залуус хүндэлж явдаг, зарим нь бүүр шүтдэг ч байх. Та хэнийг хүндэлж явдаг вэ?

Надад энэ хорвоод хамгийн эрхэм юм маань миний гэр бүл. Би юу ч ярьсан, бодсон эхний ээлжинд гэр бүлээ л боддог. Энэ бол миний үүрэг.


"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив