Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Сүүлчийн хүн
2010 оны 4 сарын 20 [Уншсан тоо: 138152]

Хорин жилийн өмнө Америкийн социологич Фрэнсис Фукуяама “Түүхийн төгсгөл” гэсэн өгүүлэл бичиж хорвоогоор нэг шуугиан тарьсан билээ. Хүйтэн дайн төгсөж байх тэр үед энэ өгүүлэл хүний оюун ухаанд бас нэгэн том асуулт тавьсан юм. Удалгүй Фукуяама өгүүллээ өргөтгөн “Түүхийн төгсгөл: Сүүлчийн хүн” гэсэн бүтээл хэвлүүлсэн билээ. Хүйтэн дайн дуусаад, коммунизм сөнөөд, Монгол улс эрх чөлөө ардчилал зах зээлийн тогтолцоо сонгоод хорин жил болжээ. Энэ тухай нэгэн өгүүлэл бичье гэж бодож байтал манай тэргүүлэх сэхээтнүүд Бат-Үүл, Болдсайхан, Цэнддоо, Артанъян, Дэлгэрмаа нар тус бүр энэ талаар бодол эргэцүүлэл бичин хэвлүүлж Фукуяамаг дахин нэг санууллаа. Би тэдэнтэй өрсөлдөх гээгүй, саналаа нэмэрлэж, зарим талаар нь баяжуулж, жишээгээр чимэх гэсэн юм.

    Бүх хөдөлгөөн, бүх амьдралын хөдөлгөгч хүч нь эсрэг тэсрэгийн зөрчил гэж Германы философич Гегель үзээд энэхүү зөрчлөө тайлбарлахдаа эсрэг тэсрэг хүч нь яваандаа нэгдэн шинэ хүчийг буй болгоно гэсэн диалектик утгаар нь авч үзсэн юм. Түүнийхээр тогтвортой “тезис” нь хар аяндаа сөрөг “антитезис” үүсгэх ба энэ нь хоорондоо зөрчилдсөөр явцын дунд “синтезис” үүсгэдэг. Гегелийн хөгжлийн онолыг ерөнхийд нь бүдүүвчилбэл энэ. Үүнийг цааш хөгжүүлсэн хүн нь Маркс. Маркс түүхийг тайлбарласан детерменист онолдоо Гегелийн диалектикийг бүрэн ашиглажээ. Боол ба боол эзэмшигч гэсэн эсрэг тэсрэг хоёр хүчний зөрчил нь феодализм гэсэн синтезийг буй болгоно. Феодалын сөрөг хүчин нь хамжлага болох энэ нь аяндаа капитализм хэмээх синтезэд хувирах аж. Капиталистын сөрөг хүчин нь пролетари анги байна. Энэ нь зөрчилдсөөр хувьсгалаар Коммунизм гэсэн шинэ синтез үүсгэнэ. Ингээд коммунизмд орохоор гегель маягийн түүх төгсөх аж. Төгсөх ч юу байхав, мөнхийн диваажин.

    ХХ зуун нийгмийн асар их туршилтын эрин байлаа. Нацизм, фашизм, коммунизм тэгээд цаашлах юм бол энэ бүхний хольц, үндэсний үзэл дээр аль нэгнээс нь янз бүрийн доозоор нэмсэн есөн шидийн холимогууд туршигдсан. Туршилт болгон бүтэлгүйтсэн төдийгүй араасаа асар их гаслан зовлон, дайн байлдаан, үхэл хагацал дагуулсан билээ. Хамгийн сүүлд 1990 он гэхэд хүний нийгмийн хамгийн өргөн цар хүрээг хамарсан коммунизм нуран уналаа. Коммунизм нь хүйтэн дайны тэмцэлд зүгээр нэг ялагдсан бус үзэл санааны хувьд бүрэн дампууран унасан юм. Хүн төрлөхтөн дахиж ийм тоглоомоор наадахгүй болсон хэрэг. Зөвлөлтийн коммунист туршилтын бүх хугацаанд бараг 100 сая хүн өөрийн бус үхлээр үхсэн гэсэн тооцоо бий. Саяхан гарсан Жон Холидэй, Юнь Чань нарын “Танигдаагүй Мао” баримтад зохиолд тооцоолсноор Мао даргын туршилтад 72 сая хүн үрэгдсэн байна. Нийгмийн аугаа инжинерчлэл ингэж эмгэнэлтэйгээр төгслөө.

    Фрэнсис Фукуяама “Түүхийн төгсгөл” өгүүлэлдээ Гегелийн загварчилсан түүх төгслөө гэсэн дүгнэлт гаргасан юм. Зөрчил явсаар байгаад эцсийн цэг болох аль нэг синтезис дээр ирж тогтоно гэж Гегель үзсэн. Энэ үнэн юм бол либераль ардчилал хэмээх нийгмийн тогтолцоотой зөрчилдөх ямар ч альтенатив гарч ирсэнгүй. Гарч ирсэн үзэл санаа, нийгмийн тогтолцоо болгон либераль ардчилалыг дийлсэнгүй. Юутай ч хүний нийгмийн иргэншлийн зургаан мянган жилд буй болсон, бодож олсон нийгмийн бүх тогтолцоон дотор либераль ардчилал шиг тогтвортой, бүхний сэтгэлд хүрсэн, нийгмийн баялагийг өсгөн нэмэгдүүлдэг өөр тогтолцоо алга. Марксын тодорхойлсон капитализм яг тэр дүр төрхөөрөө ялсан биш, харин Кантын тодорхойлсон иргэний нийгэм ялж тавцан дээр ганцаар хоцорсон гэсэн үг.

    Либераль ардчилал бол хүн төрлөхтний маш олон зуун, магадгүй хэдэн мянган жилийн сэтгэлгээний үр дүн, ололт юм. Аристотэль, Будда, Лао Цы нар бараг л нэг үеийнхэн. Аристотэлийн ардчилалын үзэл санаа, Буддагийн хүлцэл гэгээрлийн онол, Лао Цыгийн зохицол найрлын сургаал нь бүгд хүний тэгш эрх, эрх чөлөө, чөлөөт сонголтын асуудал хөндсөн. Эднээс хоёр мянга гаруй жилийн дараа амьдарч байсан Кант, Монтэскю, Бэнжамин Франклин, Вольтэр, Локкэ, Адам Смит, Юм нарын ихэнх нь биенээ таньдаг, биенээсээ суралцдаг, биенийхээ санааг гүнзгийрүүлэн үргэлжлүүлдэг байжээ. Либераль ардчилал нь эдний үед төгс үзэл санаа болж хэлбэрээ олсон хамтын бүтээл болсон юм. Тэр даруйдаа шахам амьдралд нэвтэрсэн нь Америкийн тусгаар тогтнол, Францын их хувьсгал юм. Гэхдээ амар байгаагүй, олон нугачаа, буцалт, шинэ туршилт гарч байсан. Зөвхөн Францын хувьсгалын дараа гэхэд Напольеон, XVIII Луи, Луи Филипп, III Бонапарт гэсэн хаад гарч ирэн бүгд найрамдах улсуудын завсраар өөрийн хаанчлалыг тогтоож байв.  

    Либераль ардчилалын гол санаа нь хувь хүний халдашгүй эрх чөлөө билээ. Бүхий л эрх ашгийн хамгийн оройд нь хувь хүний эрх ашгийг тавьдаг. Үндэсний, төрийн, аюулгүй байдлын, үзэл санааны, олон түмний, бүлгийн, улс төрийн, ард түмний гэх мэт үй олон эрх ашиг буй ч энэ нь шалгуур байхгүй учраас тухайн эрх мэдэлтэн чухам юуг нийтийн эрх ашиг гээд байгаагаа өөрийн үзэмжээр тогтоож өгдөг. Харин хувийн эрх ашиг дээр нь байна гэж эрэмбэ тогтоохоор бүгдэд ойлгомжтой болно. Хичнээн иргэн байна төчнөөн эрх ашиг байна гэсэн үг. Хэний ч эрх зөрчигдөх ёсгүй гэсэн постулат тавихаар хэн ч нөгөөгийнхөө эрхэнд халдаж зөрчихгүй гэсэн үг болно. Чухам ийм зарчимд тулгуурласан нийгэмд үндэсний, ард түмний, төрийн гэх мэт эрх ашигууд араас нь зөв эрэмблэгддэг ажгуу. Хүний мөн чанар ч угаасаа ийм болохыг Адам Смит ажиглаж чухам өөрийгөө бодсон тэрхүү эрх ашиг дээр суурилсан нийгэм сайн сайхныг бүтээдэг болохыг нээсэн юм. Харин Смит үүнийг хувиа бодох, амиа хоохойлох, бусдын зовлонг эс хайхрах зэрэг ёс суртахууны доголдолтой хольж хутгахгүй байхыг дахин дахин захисан байдаг.

    Хүний нийгэм үүссэн цагаасаа өдий хүртэл аль нэг олон түмний эрх ашгийг хамгийн дээрээ эрэмбэлдэг байлаа. Тэр нь төрийн, ард түмний, ангийн, үндэстний, язгууртны, харцын гэх мэт эрх ашигууд. Энэ нь баатар төрөх нэг том шалтгаан. Улс үндэстнийхээ төлөө Жанна дэ Арк, ард түмний төлөө Матросов, харц ядуусын төлөө Робин Гүүд, эрх чөлөөний төлөө... эх орны төлөө... социалист байгуулалтын төлөө... гэх мэт. Хувь хүн түмний төлөө ингэж баатарлах цаад жинхэнэ сэдэл болох үр хүүхдээ бодсон, гэр бүлээ хамгаалсан, хойч үеэ өмгөөлсөн, эрх мэдэл булаацалдсан, хувийн үзэл бодлоо тулгасан, нэр төрөө хичээсэн шалтгаан бүрхэгдэн өнгөрдөг. Нийгмийн үзэл санаа, ёс суртахуун цаанаасаа ингэж өгөгдсөн болохоор хувь хүмүүс өөрийн сэдлийг ажигладаггүй, мэдэрдэггүй, эсвэл огтоос үл хэрэгсэх тохиолдол тун түгээмэл. Үүнээс илүү түгээмэл үзэгдэл бол нийгмийн ёс суртахуунаар гул барин олон нийтийн эрх ашигийг хамгаалж байгаа хүн болж өөрийн өчүүхэн эрх ашигийг бусдыг хохироох замаар гүйцэлдүүлэх гэж довтлогчид юм. Нийгмийн эрх ашигийг хуульчлан өмнөө тавьсан аль ч нийгэмд хоёр нүүртэй ёс суртахуун ноёлож, нийтийн төлөөх гэсэн тэмцэл олныг хохироох багаж хэрэгслэл болдог. Хувийн эрх ашигийг дээдлэнэ гэдэгт бусдын эрхийг зөрчихгүй гэсэн баримтлал шууд залгагдаж байдаг бол олон нийтийн эрх ашигийг дээдлэнэ гэхээрээ “үүний тулд” хэнийг ч хохироож болно гэсэн мөрдлөг хар аяндаа дагадаг ажгуу.

    Хүйтэн дайн төгссөн тэртээ хорин жилийн өмнө хүн төрлөхтөнд либераль ардчилалаас өөр альтернатив үгүй юм байна гэдгийг Фукуяама зарласан. Ийм учраас “түүхийн төгсгөл”! Нийтээр либераль ардчилалд орж энэ ёс суртахуун үзэл баримтлалаар амьдарч байгаа бол баатар гэж үгүй болж байна гэж тунхагласан. Чухам ийм баатрыг тэрээр Сүүлчийн хүн гэж тодорхойлжээ. Хүний нийгэм нэг үеэ өнгөрөөж түүхийн цоо шинэ эринд орж байна гэдгийг л тэр анхааруулсан. Түүнээс биш ерөөс хүний түүх ингээд төгсчиж байгаа ч юм биш. Гегелийн загвараар бол нийгмийн байгууламжийн түүх төгссөн гэж хэлснийг минь олон хүн ойлгосонгүй хэмээн нэгэн ярилцлагадаа Фукуяама хэлсэн байдаг.

    Өнөөдөр манай дэлхийд 200 орчим улс гүрэнд хуваагдсан 7 тэрбум орчим хүн байгаагийн үлэмж дийлэнх нь либераль буюу либеральчлагдаж байгаа нийгэмд амьдарч байна.  Гэнэт хувьсгалаар либеральчлагдсан хуучин ЗХУ болон зүүн Европ, Өмнөд Африк гэх мэт байхад Хятад, Вьетнам зэрэг орны нийгэм 20-30 жилийн турш алхам алхамаар либеральчлагдаж байна. Номлол, үзэл суртал либеральчлагдахаар ёс суртахуун болон нийгмийн бусад үнэлэмжүүд ч либеральчлагддаг. Эдийн засаг либеральчлагдахын хэрээр нийгэм дэхь субъектүүдийн үүрэг роль эрчтэй өөрчлөгдөх аж.

    Гээд нийгмийн инжинерчлэлийн туршилт бүхий л дэлхий даяар устаагүй бололтой. Кувейт, Катар, Арабын Эмирит зэрэг улс маш ихээр либеральчлагдаж байгаа боловч лалын ертөнцийн нэлээд орон ийм төрлийн өөрчлөлтөөс хол байсаар байна. Байгалийн баялагийн үнийн өсөлтөөс болж зарим хоцрогдсон оронд байгалийн баялагийн шовинист национализм гарсаар байна. Уго Чааваасын зарласан “XXI зууны социализм” гэх үзэл сурталд Куба, Никарагуа, Болив зэрэг орнууд нэгджээ. Гэвч энэ нь ямар ч шинэ зүйл биш, туршигдахаараа нэг болсон коммунизм, национализм, шовонизм, популизмын янз бүрийн найрлагатай хольц ба ирээдүйгүй байтугай хортой үр дагавартай гэдгийг нь нэгэнт хариу нь гарсан томъёоны хувьд бүгд мэдэж байгаа.

    XIX зууны дундуур социализмын үзэл санаа маш хүчтэй түгэж ялангуяа сэхээтнүүдийн сэтгэлийг ихэд гижигдэж байв. Тэр үед Германы канцлер болчихоод байсан Отто фон Бисмарк “Үнэхээр социализм нь хүн төрлөхтнийг диваажинд хүргэх алтан зам байж болох юм. Гэхдээ үүнийг сүүлд нь харамсаад байхгүйгээр нэг оронд эхлээд турших хэрэгтэй” гэж ёжтойгоор өгүүлжээ. Либераль ардчилалтай сөргүүлж нийгмийн ямар ч байгууламж хэн ч санал болгож болох. Гэхдээ түүнийг эхлээд манай Монгол бие дээрээ туршихгүй юмсан. Яагаад гэвэл бид түрүүн нь бие дээрээ туршилт хийж хүн төрлөхтний туршлага мэдлэгт асар их хувь нэмэр оруулсан ард түмэн. Насанд хүрсэн эрчүүдийнхээ тав дутмын нэгийн амийг энэ төлөөсөнд өргөж баатарласан Сүүлчийн хүн, бид.    

2010 оны 4 дүгээр сар 17

       

    

 

"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив