Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Тусгаар тогтнол авчирсан дайн
2010 оны 6 сарын 22 [Уншсан тоо: 117257]
Дэлхийн II дайн дуусах ойртохоор дэлхийн шинэ хуваагдлын тухай яриа ялагч гүрнүүдийн дунд өрнөлөө. Энэ нь нөлөөллийн бүсээс гадна газар нутгийн шинэ хил хязгаарын тухай яриа болсон юм. Анхых нь Англи-Америкийн хооронд болж, дараа нь Каир хотноо Рүзвэльт, Чөрчилл, Чан Кайши гурав уулзжээ. Чангийн эхнэр энэ уулзалтад Гадаад Монголын тухай гомдол гаргасан байдаг. Үүний дараа Сталин, Рүзвэльт, Чөрчилл гурав Тегеранд уулзалт зохион байгуулсан. Энэ бол 1943 оны явдал.
    1945 оны эхээр дэлхийн шинэ дэг журмын тухай бүр тодорхой ярихаас өөр аргагүй боллоо. Хэн нь хэнийхээ нөлөөнд байх, аль улсын аль газрыг хэнд авч өгөх гэх мэт. Ингэж их гурвын уулзалт Ялтад 1945 оны 2-р сарын эхээр болжээ. Гадаад Монголыг Хятад, ЗХУ хоёр булаацалдаад байгаа явдалд АНУ яаж хандахаа мэдэхгүй байсан учир үүнээс хэдэн сарын өмнө АНУ-ын дэд ерөнхийлөгч Вэльс өөрийн биеэр Сибирь, Гадаад Монгол, Хятадаар айлчлан нөхцөл байдлыг судалжээ. Монголд ирсэн түүний айлчлал амжилттай өрнөж Гадаад Монгол бол үнэн хэрэгтээ тусгаар тогтносон улс юм байна гэсэн итгэл үнэмшлийг төрүүлж чадсан байна. Иймээс Ялтын гэрээнд ЗХУ-ын зүгээс тавьсан “Гадаад Монголын статус квог хадгална” гэсэн саналыг АНУ, Их Британи улсууд ямар ч маргаангүйгээр хүлээж авсан билээ.
    Энэхүү статус кво гэдэг нь Гадаад Монголын хувьд их тодорхой бус асуудал байв. 1911 онд тусгаар тогтнолоо зарласан боловч өдий 34 жилд энэ нь нэг ч орноор хүлээн зөвшөөрөгдөөгүй байлаа. 1915 онд Хиагтад болсон гурван улсын хэлэлцээрээр Хятадын онцгой автономит мөртөө Оросын протектрат гэж хүлээн зөвшөөрөгдсөн боловч 1920 онд энэ эрхийг нь Бээжингээс ирсэн генерал Сю Шүжан эвдэн бусинуулсан байв. 1921 онд Оросын генерал Барон Унгерн Штернбэргийн цэрэг Монголыг Хятадаас чөлөөлөн тусгаар улсыг зарлан тунхагласан боловч тун удалгүй улаан оросууд орж ирээд энэ статус квог мөн эвдсэн байна. 1921 оны намар Москва Гадаад Монголд тогтож байгаа Засгийн газрыг хүлээн зөвшөөрөөд харин тусгаар тогтнолыг нь хүлээн зөвшөөрөөгүйгээр барахгүй үүнээ 1924 онд Бээжинд болсон Караханы хэлэлцээр гэдгээр улам баталгаажуулан Гадаад Монголыг Хятадын салшгүй сюзерэн гэж хүлээжээ. Үүнээ 1936 онд дахин баталгаажуулсан. Гэтэл Гадаад Монгол нь 1924 онд Бүгд найрамдах улсыг зарлан тунхагласан юм. Ингэхээр энэ олон статус квогийн аль нь статус кво, алийг нь хадгалах тухай яриад байгаа нь Ялтын гэрээгээр тодорхой хэлэгдсэнгүй.
    II дайны эцсийн үр дүнг хэлэлцэх газар Подстам байлаа. Италийн фашизм, германы нацизм, японы милитаризмыг нугасласан гол гурван гүрэн АНУ, ЗХУ, Их Британи нь Европыг хувааж Германыг дахин шинэ хилээр тогтоосноос гадна удахгүй ялагдах Японыг хэрхэх, түүний эзэлсэн газар нутгийг хэрхэхээ энд ярилцан эцсийн шийд гаргажээ. Энэ уулзалтын өмнө гоминданы Хятад өөрийн олон хуваагдсан газраа хэрхэх талаар зөвлөлтүүдтэй тохирохоор Ерөнхий сайд Сунь Зывэн Москвад ирлээ. Хятад 1912 онд бүгд найрамдах улсаа байгуулсан боловч өнгөрсөн гуч гаруй жил өрнөсөн иргэний дайны хөлд газар нутаг нь олон хуваагдсан байлаа. Япон-Хятадын дайнаар зүүн эрэг нь эзлэгдсэн ба зүүн хойно орших Манжуурт өөрийн Манж го хэмээх тоглоомын улсыг япончууд байгуулсан байв. Шиньжаан тэр чигээрээ янз бүрийн цэргийнхний мэдэлд ээлж дараалан орж байснаас гадна нэлээд хэсэгт нь зөвлөлтүүд хяналт тогтоосон байсан бол мөн нэлээд газар нь үндэсний цөөнх өөрийн мэдлийн нутагтай болжээ. Түүнээс гадна Зүүн Түрэгстаны тусгаар улсыг ч уйгарууд байгуулж амжсан аж. Төвдийн хувьд өөрийн тусгаар тогтнолыг зарлаад тэндээ нам гүм болж. Хонгконг британийх, Макао португалийнх, Тайвань японых. Гоминданы өөр нэг булаацалдах юм нь Гадаад Монгол байв. Өвөр Монгол болон Сүйюанийг япончуудаас чөлөөлсөн, одоо тэд өөрсдийгөө Гадаад Монголд бүрэн эрхтэй гэж тайлбарлаж байсан юм.
    Сүн Зывэн, Сталин нарын хэлэлцээ нэлээд сунжирч эцэст нь ямар ч үр дүнд хүрсэнгүй. Тусгаар тогтнолоо тэртээ гуч гаруй жилийн өмнө зарлачихсан, өдгөө зөвлөлтийн нөлөөнд оршдог бүгд найрамдах засаглалтай Монгол улсыг Сталин тусгаар улс гэж үзэн энэхүү тусгаар тогтнолыг нь Хятадаар хүлээн зөвшөөрүүлэхээр шахав. Өнгөрсөн хэдэн арван жилд Монгол нь Зөвлөлт Японы хоорон дахь жийргэвч бүсийн үүргийг маш сайн гүйцэтгэсэн болохоор тусгаар тогтносон Монгол улс нь ирээдүйд Хятад Оросын хооронд мөн ийм үүрэг гүйцэтгэж чадна гэж Сталин бодсон хэрэг. Түүнээс гадна Япон эргэж хүчирхэгжин Азийн эх газар руу дахин өнгөлзөнө гэж Сталин үзэж байлаа. Ийм учраас түүнд тусгаар Монгол улс маш хэрэгтэй байв. Сүн Зывэний хувьд олон жил иргэний дайнд нэрвэгдэж улмаар японы түрэмгийлэгчидтэй олон жил дайтан эх орноо чөлөөлсөн учир Чинь гүрний хуучин хилээр шинэ Хятад улсыг байгуулах эрмэлзлэлтэй аж. Ялтын гэрээгээр Гадаад Монголын статус квог хэвээр хадгалах тохироо хийгдсэн, түүнээс гадна одоо болтол япончуудын гарт байсаар байгаа Манжуурыг чөлөөлөх дайнд зөвлөлтүүд орох нэг гол нөхцөл нь дээрх тохироо учир Сталин бууж өгсөнгүй. Эцэст нь Сүн Зывэн Гадаад Монголыг зөвлөлтийн мэдэлд бүрэн дүүрэн байхыг зөвшөөрөөд гагцхүү ёс төдий Хятадын бүрэлдэхүүн гэдгээрээ байг гэж хүртэл гуйжээ. Сталин өөрийн байр суурин дээр хатуу зогсов. Ямар ч үр дүнд хүрэлгүй хэлэлцээ зогсож Сталин Подстам руу хөдөллөө.
    Монголчуудын бодол өөр байлаа. Долоннуурын гэрээгээр монголчууд зөвхөн Манжийн хааны өмнө л үүрэг хүлээсэн. Хариуд нь манж нар Монгол нутагт хятадуудыг суурьшуулахгүй, Монголыг вассалын хэмжээнд онцгойлон үзэж татвар ноогдуулахгүй, зөвхөн дайн байлдааны үед цэрэгт татна гэж тохирсон. Манжийн төр унаж хятадууд өөрийн бүгд найрамдах улсыг тунхагласан болохоор Хятад ч, Монгол ч тус тусдаа манж нараас үл хамаарах өөр өөрийн төрийг байгуулах эрх зүйн нөхцөл үүсч байгаа юм. Харин ч ийм тохиолдолд Дотоод Монгол нь мөн Гадаад Монголдоо хамаарч өөрийн тусгаар төрийг байгуулах эрхтэй байтал яагаад Монголын өмнө хэсгийг хятадууд эзэрхийлээд байна гэдэг асуудлыг сөргүүлэн тавьж байв.
    1945 оны 8-р сарын 6-нд америкчууд Японд атомын бөмбөг хаялаа. Японы эзэн хаан бууж өгөхөө мэдэгдэв. Энэ тохиолдолд Подстамын гэрээгээр өөрийн нөлөөнд авахаар тохирсон Манжуурыг яаралтай эзлэх шаардлага оросуудад буй болжээ. Иймээс тэд 1945 оны 8-р сарын 8-нд Японд дайн зарлан 1,6 сая цэрэг, 5200 танк, 5200 нисэх онгоцоор Манжуур руу довтоллоо. Маргааш нь БНМАУ Японд дайн зарлан 21 мянган цэргээ Манжуур руу илгээжээ.
    Японы ялагдлаас өмнө амжиж Говь Хянганыг хамарсан мянга гаруй км газар зөвлөлтийн цэрэг 7 хоногийн дотор давшин байж нөлөөний бүсдээ хяналт тогтоох ёстой байлаа. Гэтэл элсэн цөл дундуур ийм богино хугацаанд танк их буу мэтийн хүнд техникийг зөөвөрлөх бололцоогүй. Иймээс ердийн хөсөг, түүнээ маллаж хөтлөх туршлагатай малчин яаралтай хэрэгтэй болсон юм. Иймээс Монголын арми бүхий л хүчээ шавхан хэдхэн хоногийн дотор 21 мянган эрсийг цэрэгт татан унаа малных нь хамт бэлэн байдалд оруулж чадлаа.
    21 мянган цэрэг богино хугацаанд дайчлах бололцоо өнөөдөр ч тун хүнд. Тэртээ жилүүдэд Монголын нийт хүн ам 800 мянга орчим байснаас гадна насанд хүрсэн бүх эрчүүдийн тав дутмын нэгийг 1937 – 1938 онд бөөнөөр нь хядсан байлаа. Иймээс энэ нь цэргийн насны бараг бүх хүнийг дайчилсан гэсэн үг. Монголчууд, ялангуяа маршал Чойбалсан энэ дайнаас нэлээдгүй том юм хүсч байлаа. 300 шахам жил тусдаа байсан өвөр монголчуудыг өөртөө нэгтгэж нэгдсэн Монгол улс байгуулах хүсэлтэй байсан юм. Харин энэ хүсэл дээр нь Сталин тоглож, болох ч юм шиг юм ярьснаар барахгүй Бумцэндийг Гадаад Монголын удирдагч, Дэ ванг Дотоод Монголын удирдагч, харин Чойбалсанг нэгдсэн Монголын удирдагч болохыг ерөөн хундага тулгаж байлаа. Ийм л зорилтын үндсэн дээр монголчууд бүхий л хүчээ шавхан дайчилж Дэлхийн дайнд албан ёсоор нэгдсэн билээ.
    Монгол цэрэг зөвлөлтийн хүнд техникийг ердийн хөсгөөр зөөн богино хугацаанд говь цөл дундуур 1000 шахам км зүтгэсэн. Хэдийгээр дэлхийн дайны төгсгөлийн шатанд болсон энэ үйл хэрэгт сүйдтэй тулалдаан байлдаан болоогүй ч гэсэн монголчууд өөрийн бүхий л хүч чадлаар оролцон нийтийн дайсныг дарахад чамгүй хувь нэмэр оруулсан билээ. 1945 оны чөлөөлөх дайн нь монголчуудын хувьд Халхын голын тулалдаантай зүйрлэшгүй чухал ач холбогдолтой байсан юм. Дэлхийн дайнаас өмнө болсон Халхын голын тулалдааныг хилийн мөргөлдөөний хэмжээнд авч үздэг бол 1945 оны чөлөөлөх дайн нь Дэлхийн дайныг төгсгөх чухал ач холбогдолтой зүйл байсан юм. Тусгаар тогтнолоо хүлээн зөвшөөрүүлж чадахгүй басамжлагдаж байсан монголчууд энэ дайнд оролцсоноор ялагч гүрнүүдийн эгнээнд жагслаа. Бид энэ дайнд оролцсоноор авлагатай, үгээ хэлэх эрхтэй, ялагчдын нэг болсон билээ.
    Чухам энэ дайнд оролцсоны дүнд хятадууд Гадаад Монголын бүрэн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй болсон юм. Тэд нүүрээ аврахын тулд “хэрэв монголчууд өөрийн тусгаар тогтнолын төлөө саналаа өгөх юм бол Дундад улс Гадаад Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрнө” гэсэн болзол оруулж ирлээ. Энэ шаардлагын дагуу 1945 оны 10-р сард тусгаар тогтнолын төлөөх санал асуулга болж, эхнээсээ л тодорхой байсан дагуу Монголын ард түмэн улс орныхоо тусгаар тогтнолын төлөө 100 хувь санал өгчээ. Саналыг үндэслэж 1946 оны 1-р сарын 6-нд Хятад улс, 1946 оны 2-р сарын 26-нд Зөвлөлт улс Монголын тусгаар тогтнолыг албан ёсоор хүлээн зөвшөөрлөө. Эцэг өвгөдийн 35 жилийн тэмцэл хүчин чармайлт биелэлээ олж Монгол улс дэ юри буюу албан ёсоор хүлээн зөвшөөрөгдсөн бүрэн эрхт тусгаар тогтносон улс болсон юм. Энэ шийдвэрт хүргэхэд олон хүчин зүйл цаг хугацаа нөлөөлсөн авч эцсийн шийдвэрлэх “цохилтыг” 1945 онд дайнд оролцсон Монголын эрэлхэг 21 мянган цэрэг гүйцэтгэсэн билээ.
    Дэлхийн дайнд оролцсон Монгол цэргийн дурсгалыг хүндэтгэсэн хөшөө Жанчхүүд бий. Маоистуудын үед энэ хөшөөнд цэцэг өргөх, хүндэтгэл үзүүлэхийг хятадууд хориглодог боодог байлаа. Одоо ч тийм их дуртай биш. Харин тэр хөшөө бол ХХ зууны монголчуудын дахин тусгаар тогтнолоо олсны хамгийн том бэлэг тэмдэг билээ л. Хувь заяаны эрхээр өнөөгийн ертөнцөд жижиг бага хэмээн чамлагдах болсон монголчууд өөрийн тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, оршин тогтнох эрхээ шууд тулсан цэргийн ажиллагаа дайн байлдаанаар биш дипломат арга, олон улсын хамтын нөхөрлөл, зөв гадаад бодлогоор авч явах нь мэдээж хэрэг. Өдгөө монгол дайчид Афганистан, Ирак, Косово, Серра Леон, Чад, Заир, Судан зэрэг орнуудад янз бүрийн хэлбэрээр үүрэг гүйцэтгэж байна. Тэд алс Африк, Ази, Европт Монгол орныхоо тусгаар тогтнол бие даасан байдлын төлөө үүргээ гүйцэтгэж яваа эрэлхэг хөвгүүд ээ.  Тэртээ 200 гаруй жилийн өмнө АНУ-ын тусгаар тогтнолын төлөө байлдахаар орж ирсэн франц цэргүүд “Танай ба манай орны тусгаар тогтнол эрх чөлөөний төлөө” гэсэн уриатай байсан. Танай ба манай эх орны тусгаар тогтнол эрх чөлөө ардчилалын төлөө!
2010.6.16

"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив