Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Төрмөл ба олдмол
2009 оны 11 сарын 16 [Уншсан тоо: 84049]
Дарангуйлагч гэхээр хүн хүнд янз бүрийн дүр төрх буудаг бололтой. Зарим нь хатуу шаардлагатай даргаа ингэж үнэлдэг бол, үнэхээр хүний гарт орж нүднээс гарчихсан нэг нь хувь заяаг нь атгагчийгаа ингэж нэрлэхээс дургүйцдэг. Дарангуйлагч нь улс төрийн утгатай боловч шилжсэн утгаар гэр бүл, хамт олныг захирагч дээр ч хэлдэг.
    Дарангуйлах зөн билэг бараг бүх хүнд байдаг биз. Гэхдээ тийм бололцоо олддоггүй, тэр тусмаа сонгодог улс төрийн утгаараа. Нэг улсад нэг л дарангуйлагч байх максимум бололцоотой гэвэл манай дэлхий дээр 200 дарангуйлагчаас илүү орон тоо одоо байхгүй юм байна. Зөвхөн улс төрийн утгаар ярьж байгаа болохоор энд гэр бүлийн хамт олны “чанга гарыг” тооцооноос хаслаа.
Хараад байхад төрийн дарангуйлагч нар хоёр янз байна. Эхнийх нь төрмөл. Ийм хүмүүс эхнээсээ дарангуйллын тогтолцоо бодоод олчихсон байдаг. Тэд хатуу чанд зорилготой, зорилгоороо аргаа зөвтгөдөг. Гитлер бол хар нялхаасаа л хүчирхэг Герман улс, хүчирхэг цэвэр, хольцгүй герман үндэстний тухай сэтгэсэн нэгэн. Дайснаа ч амархан олсон, германчууд хүчирхэг байхад гол саад болоод байгаа улс нь жүүд нар, тэгээд Европоос славян хүмүүс, цаашлаад негероид, монголоид үүлдрийнхэн гэж үзжээ. Хүчирхэг Герман оршин тогтнохын тулд энэхүү доод ангиллынхны зөвхөн газар шороог нь булаагаад тогтохгүй хүнийх нь хувьд оршин тогтнох эрхийг нь хасах хэрэгтэй гэж үзэж. Энэ зорилгыг хэрэгжүүлэхийн тулд дарангуйллын тогтолцоо хэрэгтэй, тогтолцоо урт удаан хугацаагаар, заримынх нь тооцоогоор мөнх орших учир эхний гарааг нь өөрөө эхлүүлэх нь зүйтэй гэж үзнэ. Ийм ориг юм бодож олсон дарангуйлагчид бусдад итгэдэггүй учир өөрөө дарангуйлагч болно.
Ленин ч ориг тогтолцоо бодож олсон, тэр системээ тогтоохын тулд мөн ч их алж хядсан даа. Дэлхий даяар зөвлөлт бүгд найрамдах улс гэсэн ганцхан том гүрэн байгуулах Сталины төлөвлөгөөний эхний бэлтгэл ажиллагаанд олон арван амь нас сүйрсэн. Наполеон мэдээж дарангуйлагч, түүний эцсийн зорилго нэгдсэн Европ гээч улс байгуулах мөрөөдөл. Османы эзэнт гүрний үлдсэн нуранги дээр орчин үежсэн шинэ Түрэг улс байгуулах нь Ата Түркийн зорилго байлаа. Франког фашист л гэж хочилдог болохоос үнэндээ коммунистуудын сүйрүүлээд хаячихсан Испани улсыг босгох гэсэн юм. Пиночэтт ч бас ийм л зорилготой байсан. Харин ийм том зорилттой дарангуйлагчид хувийн амьдралын жаргал таашаал руу нэг их зүтгэдэггүй байсан нийтлэг талтай. Мао нөхөөстэй хувцастай явна, хүүхдүүдээ ёстой тоож байгаагүй. Ленин эцэг эхийг алж дээрэмдчихээд олзоо өнчирсөн хүүхдүүдэд нь тараагаад өгчихөнө. Сталинд үлдээсэн хувийн хөрөнгө гэж огт байсангүй. 
Хоёр дахь төрлийн дарангуйлагчид бол олдмол гэж нэрлэж болох ”чанга гарууд”. Төрмөл дарангуйлагчид системийн зохиогч, бүтээгч байдаг бол олдмол дарангуйлагчид системийн өөрийнх нь бүтээгдэхүүн байдаг. Төрмөлүүд үзэл санааны төлөө байдаг бол, олдмолууд амин хувийнхаа төлөө байдаг. Төрмөлүүд оюун ухааны илэрц бол, олдмолууд байгаллаг угшилтай, амьтны зөнгийн үр дүн юм. Төрмөлүүд гол төлөв өндөр хөгжилтэй орнуудаас гажиг болон гарч ирдэг бол, олдмолууд дорой буурай, ядуу орны натурал бүтээгдэхүүн болон ургадаг. Төрмөлүүд нийгмийн хөгжлийн тодорхой хэсэгт дэвшил авчраад, дараа нь асар том сүйрэл авчирдаг бол олдмолууд гагцхүү сүйрүүлдэг. Төрмөлүүд муутай ч сайтай ч түүх бүтээдэг бол, олдмолууд хэнд ч байдаг даварсан шуналаараа түүхийг гутаадаг нүдэнд үл өртөх чимэглэл төдий. Төрмөлүүд цагийг эзэлдэг бол, олдмолууд цаг үеийн шоолж жигших зугаа. Гэхдээ аль алин нь жамаараа яваа нийгмийн хөгжлийн хамгийн том тээг, гол төлөв үхлийн машин байдаг.
Бидний сайн таних нэгэн олдмол дарангуйлагчийн тухай шинэ ном гарчээ. Энэ бол Назарбаевийн тухай ном. Назарбаевыг бүгдээрээ танина, харин түүнийг мэдэхгүй. Номын зохиогч нь Алиев, түүний хүргэнээр 25 жил “ажилласан” нэгэн. Номыг уншаад байхад мань эр хадам эцгээсээ Казахстаны хаан ширээг уламжилж авах санаатай байсан бололтой. Харин хаан 2005 онд ширээ залгамжлах ханхүүтэй болсон төдийгүй өөрийгөө насан туршийн Ерөнхийлөгч болгон зарласнаар мань эр бүрэн шатсан байх. Ингээд 25 жилийн турш яг хажуугаас нь харсан, ажигласан, хамтарсан бүхнээ нэгд нэгэнгүй баримт материалтай нь биччихжээ. Бичихээр барахгүй энэ хавар Германд хэвлэж бэстсэллэр болж. Дороо олон хэлэнд хөрвүүлэгдлээ. Хасагууд ч дүүрч, тэндэхийн томчуудын хамаг далан долоон булчирхайг тоочиж. Гэтэл тэдэнтэй ямар нэг хэлбэрээр холбогдсон америк, европ, оросууд ичиж үхмээр баримт дэлгэгджээ. Хөөрхий АНУ-ын Тагнуулын төв газрын дарга нь Назарбаевыг шахаад байхаар нь 100 мянган долларын цагийг нь авч орхиж. Яана? Энэ мэтийн хөгийн юм дүүрэн.
Назарбаев бол төрлөхийн дарангуйлагч хогийн амьтан биш л дээ. Пролетари гаралтай, намын ажилтан, зөвлөлтийн зөв хүмүүжилтэй, нэр төрөө эрхмэлдэг хашир нэг коммунист. Тусгаар тогтнол ч Казахстаны хувьд бурханы бэлэг. Беловежид Ельцин, Шушкевич, Кравчук гурав ЗХУ-ыг тарааж байхад Назарбаев ЗХУ-ын ерөнхий сайд болох урилга авчихаад Москва руу нисч явсан. Уг нь мань гурав Назарбаевыг урьсан боловч очоогүй гэдэг. Казахстан гээч улс анх удаа үүсч түүнийг толгойлох хувь заяа түүнд ноогдсон. Хасаг хэмээх үндэстэн ч хожим хиргисүүдээс тасарч буй болсон учир үндэсний аугаа сэргэлт байлаа. Иймээс ард түмэн Назарбаев хэмээх бодгалыг гэхээсээ тусгаар тогтносон улс оронтой болсондоо хөөрөн түүнийг асар их дэмжиж байжээ. Тэр ч зөвлөлт хүмүүжлээрээ эд хөрөнгө гэхээсээ нэр төр рүү л шунана. Зөвлөлтийн үлдээсэн цөмийн их нөөцийг хэсэг чаргуулдаж байгаад хураалгасныхаа дараа сайн дураараа атомын бөсбөгнөөс татгалзасан учир энх тайвны нобелийн шагнал авна гэж хэсэг гүйж. Олдохгүй болохоор нь Евроазийн парламент ч гэх шиг, Афганистан, тэрбайтугай Косовог тохинуулж зуучлана ч гэх шиг улсынх нь ба өөрийнх нь энгээс хэтэрсэн юм руу гүйж төсвийн баахан мөнгө үрж. Байх л даа, гэнэт дэлхий өмнө нь онгойхоор мужийн намын хороон даргаас гарах л араншин.

Гэвч төрийн уламжлал байхгүй, коммунист дэглэмээс дөнгөж салсан учир дарангуйллаас өөр системийн туршлага байхгүй, тусгаар тогтнол гэх гэнэтийн бэлэгтээ пологтсон, хөрш орнууд нь шууд л авторитар дэглэм сонгосон зэрэг нь шинэ тутам Казахстан улсад дарангуйллын тогтолцоо бүрэлдэх аятай хөрс бүрдүүлсэн байна. Назарбаев эхэндээ Түркмэний “түркмэн баши”-г шоолдог, Укбекстаны Каримовыг шүүмжлэн хардаг байж. Саяхан л адилхан зөвлөлтийн бүгд найрамдах улсуудын адилхан намын дарга нар, үнэнч коммунистууд байсан, гэнэт ингэж хувирч эмир, султаан, фараон болох ухааныг гайхан шогширч байв. Тэгэхэд Казахстан сөрөг хүчинтэй, чөлөөт хэвлэлтэй, сонгуулиар төрөө буй болгодог – ер нь ардчилалын замаар явж байгаа шинэ тутам орон гэж тооцогдож байлаа. Ийм том хяналт байгаа болохоор Назарбаев ч нэрээ боддог, элдэв юманд орооцолдохоос айдаг, ядахнаа шудрагаа харуулах гэж мурчийдаг байж дээ.
Ядуу орны чадуу удирдагчийн замыг туулаад явж байтал дахиад л бурхан бэлгээ илгээж Казахстан дундаршгүй их байгалийн баялагтай болох нь мэдэгдэв. Анхны сая долларын чекийг авилгаар авч байхдаа гар нь чичирч хөлс нь дуслан энгэрийн хармаандаа хам хум хийн салгалж байсан бол үүнээс 10 жилийн дараа цай уух зуураа ойр төрлийнхөндөө 15 тэрбум доллартай болсноо гайхуулахдаа нүдээ ч цавчихгүй байлаа.     
Хэзээ ч идээд барахгүй мөнгөнд тэр хэтийдсэн шуналтай нэгэн болсон байна. Энэ хэрэгт улс орныхоо нэр сүр, аллага хядлага, заль мэх бүх юмаа зориулахдаа өчүүхэн ч тоохгүй. Олон улсын хоригийг үл тоон Хойд Солонгост байлдааны онгоц зарах гэж байгаад баригдан шившгээ хутгасныгаа “тусгаар улс юу хийхээ хэнээр ч заалгахгүй” гэж тайлбарлана. Иймэрхүү маягийн хууль бусаар олсон мөнгөө Швейцарийн банкинд царцаачихаад түүнээ авахын тулд сурагчдад компютер тараах төсөл боловсруулан улсын төсөвт суулгачихаад зөрүүлээд 100 сая доллароо салгаж байх жишээтэй.
Гэхдээ операци болгон нь бүдүүлэг болхи, мэргэжлийн бус. Тойрон хүрээлж бөгсийн долоож амьдрагсадын оюуны төвшин хэтэрхий доогуур. Иймээс хийсэн болгон нь илэрч нүдний булайгаа хутгана. Зөвлөлтийн үлдээсэн Т-75 хэмээх орчин үеийн танкийг Оросын мафиар дамжуулан Энэтхэгт зарахаар болж. Уг нь 300 сая долларын лут бизнес, гэхдээ хууль бус, олон улсын хууль журамд үл нийцэх. Гэтэл энэ хийх гэж байгаа наймааг нь ордны цэвэрлэгч хүртэл мэдэж, хэдийг хэдээр өгөх гэж байгаа, урьдчилгаанд хэдийг авсан, яаж зөөх гэж байгаа гээд л бүр деталийг нь. Ингээд алаагүй баавгайн арьсаа булаацалдан биенээ буудан хөнөөж гарах нь тэр. Хичнээн мафи байгаад оросууд ч зуучлахаас, хичнээн хэрэгтэй байгаад энэтхэгчүүд ч худалдан авахаас татгалзан бушуухан зайгаа барьжээ. Танил л харагдаж байна.
Казахстан баяжихын хэрээр Назарбаевийн шунал ч улам асан, тойрон хүрээлэгчид нь ч улаандаа гарчээ. Ийм зүйлийг ил тод нээлттэй ардчилсан нийгэмд хийгээд явах бололцоогүй. Эсвэл ард түмэн зайлуулна, эсвэл ард түмний нүд ам чихийг хааж бөглөнө, өөр гарц байхгүй. Ингээд Назарбаев сонгуулийг зүгээр л луйвар болгож хувиргав. Гэхдээ ардчилсан болж харагдахын тулд өрсөлдөгчөө өөрөө сонгоно. Үүндээ гадаадаас мэргэжилтэн гэгчийг урьж авчран луйвар хийх технологи заалгана. Алиевийн өгүүлсээр урьд Болгарын комсомолд  ажиллаж байгаад одоо америкийн иргэн болсон нэг сайхан луйварчин гар олон арван сая долларын “цалингаар” Назарбаевын луйврын сонгуулыг зохион байгуулж өгдөг гэнэ. Эцэст нь үгэнд орохгүй болгоноо алж хядах зам руу орлоо. Урагшгүй ноёнд ухаангүй зарц гэгчээр дэндүү болхи аллага үйлдэхийг нь яана. Мөрдөн байцаалтаар амиа хоролсон гэж тогтоогдсон нэгэн сөргөлдөгч гэртээ жорлонгийн өрөөндөө зүрхэн тушаагаа гурав буудаад, дараа нь хяналтын буудлага гэж тархи руугаа хоёр буудсан байдлаар өөрөө өөрийгөө хоролсон байх жишээтэй.
Ер нь их сонин ном. Сургамжтай юм даа. Номын нэр “Загалмайлсан хадам эцэг”. Орчуулагч нь “Үнэн” сонины эрхлэгч Ц.Ганбат (браво! коммунистуудын цаад төрхийг илчилсэнд баяр хүргэе, дахин браво!). Орчуулга их сайн, амархан уншигдана. Зохиогч Алиевын бичлэг ч ер нь дажгүй. Харин тэр хадам эцгээсээ нуугдан Европын аль нэг тосгонд бүгчиж. Хадам аавынх нь илгээсэн алуурчид ч хайгаад л шиншлээд яваа бололтой. Ийм хүмүүсийн хармайнд нь плутон хийчихдэг, автобусанд суух гэж байхад нь үзүүртээ хортой шүхрээр гэмгүй нэг хатгаад авдаг, эсвэл кофе ууж байсан цайны газар нь дэлбэрчихдэг уламжлал бий юу гэвэл бий шүү.
Өнөөгийн даяаршсан технологижсон, соёлжсон ертөнцөд “загалмайлсан хадам” гараад ирэхэд бөгсийг нь улайтал жин тавих “хүргэн” заавал олддог ажгуу.
2009. 9.30 
"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив