Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Дайны бурханы царай
2009 оны 11 сарын 16 [Уншсан тоо: 91056]
Оросын зохиолч Эдвард Радзинскийн “Сталин” хэмээн шуугиан тарьсан баримтат туужийг Баабар орчуулж дуусч байна. Удахгүй хэвлэгдэх энэ номын Эх орны дайн эхэлсэн тэр шөнийн тухай сонирхолтой хэсгийг манай сонин нийтэлж байна.

Гитлер эхэлж алхам хийхээр шийджээ. Сталины төлөвлөгөөг олж мэдээд “Барбаросс” төлөвлөгөөг хийжээ. Германы арми эхэлж цохилт өгнө гэдэгт Сталин итгэхгүй байгааг мэдээд ийм ухаангүй алхам хийжээ. Финляндын дайнаар батлагдсан сталины армийн сул дорой байдал, ард түмэн нь большевизмыг үзэн ядаж байгаа зэргийг тооцоолж Гитлер энэ алхамыг хийжээ.

    Зөвхөн энэ алхам л гялалзсан хурдан амжилт авчрах төдийгүй ерөөсөө аврагдах ганц гарц нь гэдэгт Гитлер бат итгэсэн аж.

 

    Гитлер ухаангүй алхам яавч хийхгүй гэдэгт Сталин бас итгэсээр байлаа. Өөрт нь цаг хангалттай байгаа учраас цэргийн удирдлагууд нь мөнөөх “Төсөөлөл”-д бичсэн тэрхүү гэнэтийн цохилтдоо тайван бэлдэж болно гэж тэрээр баттай бодож байв. Гэвч үйлт өдөр ойртох тусам хэдийгээр бүрэн итгэлтэй байсан ч гэсэн сандчиж эхэллээ – германчуудын хил орчмоорхи хөдөлгөөн ихсэж байгаа тухай дэндүү олон мэдээ ирж байсан хэрэг.

    Тэрээр яаж хошгирохыг нь харахаар даллаад үзлээ. VI сарын 14-нд ТАСС-аас ийм мэдэгдэл хийв: “Англи болон бусад газрын хэвлэлүүдэд СССР, Герман хоёр удахгүй байлдах гэж байгаа тухай цуу яриа нийтлэх болсон нь СССР болон Германд дайсагнасан ичгэвэргүй суртал нэвтрүүлэг юм”.

    Мань хүн хүлээгээд л байлаа. Гитлерээс ямар ч хариу үйлдэл гарсангүй.

    Германы элчин сайдын яамнаас олон ажилтан нутаг буцаж байна. Зун цаг болохоор хүмүүс амардаг л даа, гэхдээ л маш олныг хамрах болов. Асуудал дахиад л Сталиныг эргэлзээнд орууллаа. Гитлер одоо довтлох ёсгүй, тэр галзуу хүн биш. Урд нь хахир өвөл хүлээж байхад өөрөө бэлтгэлгүй нүцгэн цэрэгтэй... Тэгэхээр яагаад байгаа хэрэг вэ? Айлгаж байгаа юм болов уу? Магадгүй өөрөө айж байж болох. Нэмэлт баталгаа нэхээд байгаа юм болов уу? Тэгвэл баталгаа гаргаж дивизүүдээ арагш татъя л даа. Дараа нь... эргүүлээд л аваачина биз. Зориг нь мохсон хамтрагчид нь эсрэг юм юу ч ярихгүй байна, Молотов гэхэд л Сталинтай хэзээ маргахаа сайн мэддэг (яг зөвөөр нь хэлбэл Сталин түүнийг хэзээ маргалдуулах гэж хүсч байгааг мэддэг). Үгүй ээ, одоо Молотов, Германд суугаа элчин Деканозов болон бусад муусайнуудын үүрэг бол Жолоодогчийн бодлын зөвийг л батлах.

 

    Германы сөнөөгч онгоцнууд байрлалаа сольсон ба ирээдүйн Оросын эзлэгдсэн нутгийн удирдлага томилогдлоо гэсэн мэдээг Сталинд VI сарын 18-нд Герман дахь тагнуул нь илгээжээ. Харин Сталин дүгнэсэн нь: “Та нарын мэдээллийн эх үүсвэрийг тэнгэр ниргээсэй билээ”.

    Эцэст нь ардын комиссарын тэсвэр барагдлаа. Мөнөөх Чадаевын бичсэнээр Тимошенко ээлжит зөвөлгөөнд хэлсэн нь: “Энэ ондоо багтаж, тэгэхдээ хэзээ мөдгүй дайн эхлэнэ гэдгийг Германы бэлтгэл илэрхий харуулаад байна”. Үүндээ бүдүүлэг хариу сонсов: “Битгий айлгах гээд бай. Гитлерийн Герман зүгээр л өдөөн хатгалга хийх гэж оролдоод байна”.

 

    Тэр өдрүүдэд Сталин үргэлж л тэгдэг зангаараа бүх юманд оролцож байв. Узбекстанд эрдэм шинжилгээний экспедиц илгээсэн. Хүний гавлын ясыг сэргээн царайг нь гаргаж ирж чаддаг алдартай хүн судлаач Михаил Герасимов Төмөр хааны булшыг ухах зөвшөөрөл хүссэн юм. Сталин зөвшөөрлөө – аугаа байлдан дагуулагчийн царайг хармаар санагдсан хэрэг...

    Төмөрийг Самарканд дахь Гүр – Эмирийн бунханд оршуулсан.

    Экспедиц аялалаа эхлэхээс өмнө Сталинд нутгийнхны яриаг дуулгажээ: дайны бурханы амар тайвныг алдагдуулж болохгүй, эс тэгвээс гамшиг тохиолдоно, ердөө гурав хоногийн дараа л Төмөр дайн дэгдээнэ. Самаркандын зах дээр хөгшчүүл ингэж ярьдаг гэнэ.

    Оросын гэгээнтнүүдийн шарилыг хэрхэн бунхнаас нь гаргаж хаяж байсныг, сүм хийдийг дэлбэлэж байсныг, гэгээнтнүүдийг хядаж байсныг харахаараа нэг болсон Сталин ийм яриаг сонсоод инээд алдаа биз. Тэр өөрөө дорнын бурхан юм чинь. Төмөрийн хэдэн хэлхээтэй яс түүний хувьд юу юм бэ!

    1941 оны VI сарын 20-ны шөнө Гүр – Эмирийн бунханг прожекторын гэрэл нилхийлгэлээ. Кино зураглаачид нээгдсэн булшны зураг авна. 240 пүд жинтэй аварга гантиг хавтанг өргөн нээхэд дороос нь алтаар чимэглэсэн өгөршсөн хар авс харанхуй гүнгэрваан дунд тодрон харагдана. Төмөр Самаркандаас алс газар нас барсан авч тухайн үед шарилыг нь энд зөөж авчирсан юм. Бунханд ажиллаж байсан нэгэн өвгөн авсны тагийг нээхгүй байхыг гуйсны хариуд наадуул нь шоолон инээлдэнэ. Тагнаас аварга хадааснууд сугалан гаргав... Герасимов Төмөр хааны гавлыг бахдалтайгаар өргөн кино камерын өмнө эргүүлж харуулав. Кино хальсыг Москва руу яаралтай илгээлээ.

    Дэлгэц рүү ширтэх дайны бурханы гавлыг Сталин харлаа...

 

    Үйл явдал улам гүнзгийрсээр. Оргосон герман бага дарга 22-ны өглөө дайн эхлэнэ гэж өчлөө гэсэн мэдээлэл VI сарын 21-нд ирэв.

    Эрүүл ухаанд эргэлтгүй итгэсэн тэрээр үүнийг бас л өдөөн хатгалга гэж үзэв. Хилийн дагуух герман цэрэг хөдөлгөөнд орсон тухай мэдээ өдөржин ирлээ.

    Юутай ч тэр оройдоо тэрээр болгоомжилсон зааварчлага илгээв: “VI сарын 22-23-нд германчууд цохилт өгч магадгүй. Довтолгоон өдөөн хатгалгаар эхэлж магадгүй учраас манай цэргийн үүрэг бол нэг талаас ямар ч өдөөн хатгалгад автаж болохгүй, нөгөө талаас герман болон түүний холбоотны гэнэтийн халдлагатай тулахуйц байлдааны бүрэн бэлэн байдалд байх явдал юм. Шөнийн турш бэхлэлтийн бүсд галын цэгийг нуувчлана. Хээрийн аэродромыг хамгаалж, бүх онгоцнууыг сайтар далдлах хэрэгтэй. Агаарын цэргийн хүчин байлдааны бүрэн бэлэн байдалд ор”.

    Байлдааны бүрэн байдалд шилжих үүргийг флотуудын бүх удирдлагад яаралтай өг гэсэн удирдамжийг Тэнгисийн цэргийн толгойлогч адмирал Кузнецов бас хүлээж авчээ.

 

    21 цаг 30 минутад Молотов элчин Шүлэнбүргийг өөр дээрээ дуудан авчраад засгийн газрынхаа санаа зовж буй зүйлийг асуусан байна: “Элчин сайдын яамны ажилтнууд яагаад бөөнөөрөө нутаг буцаад байна? Хэрвээ Германд ямар нэг санаа зовох юм байгаа бол тэр нь юу вэ? ТАСС-ын энх тайванч мэдэгдэлд яагаад хариу өгөхгүй байна?”.

    Шүлэнбүрг нэг л тавгүй болж ойлгомжгүй зүйл бувтналаа.

    Молотов мэдээж даруй бүгдийг ойлгов. Өөрийнх нь ойлгосон зүйлийг Жолоодогч... ойлгохгүй бол яана гэсэндээ Молотов айсан байх.

    Молотов Шүлэнбүргийн бувтнааг ойлгохгүй байсан нь дээр гэж үзжээ.  

 

    Улс төрийн товчооны хурал өдөржин болов. Шөнө дундын үед хурал өндөрлөж Сталин болон түүний хамтрагсадыг хар тэрэгнүүд Ближная зуслан руу авч одов. Хэсэг сатаарах хүсэлтэй байж...

    Молотов ярихдаа: “VI сарын 21-нд бид Сталины зусланд шөнийн 12 хүртэл байсан. Кино үзэцгээсэн санагдана”.

    Хөгжилдөөн нэг л болж өгсөнгүй. Берлин рүү цахилгаан илгээж Шүлэнбүргээс асуусан асуултаа Риббэнтропт бас тавь гэж хэл хэмээн Молотовт Сталин үүрэг өгөв.

    Молотов яам руугаа явлаа. 00.40 (22-ы өдөр хэдийнээ эхэлчиж) цагт цахилгааныг Берлин рүү явуулав.

    3 цаг 30 минутад онгоцнууд Белорусьт бөмбөг хаяж эхэллээ. 4 цаг 00-д германчууд хэдийнээ Киев, Севастополийг бөмбөгдөж гарах нь тэр.

 

    Энэ үед Сталин Ближная зусландаа тайван унтаж байлаа.

    Жуковын дурсамжаас: “Ардын комиссариатаас намайг Сталин руу утасд гэлээ. Жижүүрийн нойрмог дуу гарч:

    -Хэн бэ?

    -Штабын дарга Жуков байна. Нөхөр Сталинтай намайг яаралтай холбож өгөөч.

    -Юу? Одоо юу? Нөхөр Сталин унтаж байна.

    -Одоохон сэрээ, германчууд манай хотуудыг бөмбөгдөж байна”.

    Гурван минутын дараа Сталин утас авлаа. Жуков байдлыг илтгэв. Хариу байдаггүй – таг.

    -Та намайг ойлгов уу? – хэмээн Жуков асуув.

    Мөн л таг чиг. Эцэст нь арай гэж:

    -Ардын комиссар хаана байна? Түүнтэй хамт Кремльд хүрээд ир. Улс төрийн товчоог яаралтай дууд гэж Поскрышевт дамжуул.

 

    VI сарын 22-нд дайн эхэллээ.

    Төмөр хааны булшийг нээснээс хойш ердөө гурав хоног болжээ.

 

                                                                                                  Орос хэлнээс орчуулсан БААБАР

"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив