Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Жоомоо устгах гээд байшингаа шатаахын үлгэр
2010 оны 6 сарын 29 [Уншсан тоо: 52675]
Английн шинэ Ерөнхий сайд хэд хоногийн өмнө ард түмнээсээ уучлал гуйлаа. Тэртээ 1971 онд Умарт Ирландад болсон үйл явдлын төлөө. Энгийн номхон жагсагчдын эсрэг Британы цэргүүд гал нээж гэмгүй 13 иргэнийг алжээ. Энэ талаар 40 жил яриа шуугиан болж гэмтнийг хайн, хэрүүл уруул нь тасраагүй юм. Ингэсээр 40 жил гэдэг нь хүний хоёр үе өнгөрсний дараа Британий төр буруугаа хүлээн уучлал хүсч байна. Асуудал гэмтэн нь олдохгүй, эсвэл зөв буруу нь мэдэгдэхгүй байсандаа биш л дээ. Умарт Ирланд гэдэг бол Британий хамгийн эмзэг цэг. Хичнээн ч жил энд иргэний дайн болж байна даа. Умарт Ирландын бүгд найрамдах арми гэгч террорист байгууллага маш олон халдлага байнга үйлдэж олон мянган хүний аминд хүрсэн. Терроризмийн эсрэг, ард иргэдийн амгалан тайван байдлыг хамгаалахын тулд Британий арми болон цагдаа нэг бус удаа хүч хэрэглэдэг. Үүнээс ч өөр арга байхгүй. Харин тэрхүү 1971 оны явдал бол том алдаа байлаа. Алдаа төдийгүй төрийн зүгээс үйлдсэн гэмт явдал. Гэвч Умарт Ирландын бүгд найрамдахчуудын террор дээд цэгтээ хүрсэн байсан тэр үед асуудлыг улам дэврээхгүйн тулд Засгийн газар буруугаа хүлээгээгүйгээр барахгүй асуудлыг будилаантуулан, судлаж байгаа нэрээр хойш тавьсан байлаа. Шударга үнэн маш чухал ч гэсэн шударгын төлөө нийгмээ тарааж, тогтолцоогоо нурааж, төр улсаа сүйтгэж болохгүй гэсэн логик үйлчилсэн хэрэг. Эрх ашгийг эрэмбэлж гарч болох муу үр дагаварыг тооцоолсон бололтой. 40 жилийн дараа нийгэм тайвширсан, аливааг цаана наанатай эрэгцүүлэх хэмжээнд хүрсэн хойно нь шударга үнэнийг зарлаж буй нь энэ болой.
    Хоёр жилийн өмнө мөн төстэй үйл явдал манайд болоод өнгөрлөө. Нийгмийн бухимдал, түүний ширүүн дориун илрэл, үүнээс үүдэн буй болсон шинэ орчин, цаашид буй болох хор уршгийн талаар өнгөрсөн хоёр жилд бид аль зэрэг эрэгцүүлж, ямар дүгнэлт хийв? Үнэндээ асуудлын мөн чанарыг ярихаасаа өмнө гэмтэн, дайсан, буруутанг биечлэн илрүүлэх ажилд л хамаг анхаарал маань ханджээ. Дугаар хорооны мэдрэл нь жаажийчихсан нэр хаяггүй иргэн ч яахав, дуртайгаараа дүгнэж дайснаа илрүүлдэг юм байгаа биз. Гэтэл төр ямар дүгнэлт хийж байна? Ард түмний дуу хоолой болох учиртай мэдээллийн хэрэгслэл ямар дүгнэлт хийж байна? Нэг үгэндээ ард түмэн юу гэж бодож байна?
    Юун түрүүн Элбэгдоржийг дайснаар илрүүлж хэсэгтээ голоо дэвтээсэн. Тэгэсхийж мартаад араас нь цагдаа нар руугаа орсон. Дараа нь ерөнхий сайд асан Баяр руу сумны үзүүр эргэсэн. Үүнийг зохион байгуулж хүмүүсийг дэврээх гэсэн хүчин болон хувь хүмүүс санасныг бодвол тун ч элбэг бололтой. Цагдааг буруутгана гэдэг их л мухайр, алсын хараагүй бодлого доо. Олныг хамарсан үймээн самууныг аль ч төрийн үед цагдаа л журамладаг. Тэг гэж тэднийг тэжээдэг, үүрэг ноогдуулдаг. Үүргээ гүйцэтгэлээ гэж цагдааг буруутгадаггүй, харин ч үүргээ муу биелүүллээ гэж л донгоддог байх. Цагдаагийн эсрэг ямар ч үйлдлийг буруутган байж төр цагдаагаа ямагт өмөөрдөг. Энэ нь төрийн тогтнох нэг учиг юм, угаасаа. Нийгмийн байгууламжаасаа үл хамаараад шүү. Хууль зөрчсөн албан тушаалтан хариуцлага хүлээх болохоос үүргээ гүйцэтгэсэн төрийн цагдаад хариуцлага ноогдуулдаггүй. Бид саяхан болтол Майн баяр гэдгийг тэмдэглэдэг байлаа. Энэ нь одоогоос зуу гаруй жилийн өмнө Чикаго хотод жагсаал цуглаан хийх нэрээр үймээн самуун дэгдээж галдан шатааж эд хөрөнгө сүйтгэсэн үймээн дэгдээгчдийг цагдаа нар буудан байж эмх журмыг тогтоосон өдөр юм шүү дээ. Үзэл суртлын шалтгаанаар л бид үүнийг эв санааны өдөр болгон тэмдэглэдэг байснаа сүүлдээ баяр болгож нийтээр цэнгэдэг өдөр болов шүү. Маартын найман ч ялгаагүй, Копэнхагэний цагдаа нар янхан хүүхнүүдийг хуулийн дагуу бөөнөөр нь баривчилж журамлаадахсан чинь хожим нь эмэгтэйчүүдийн тэгш эрхийн төлөөх өдөр болж улмаар эр эмгүй архиддаг баярын өдөр болох шив.
    Хувь хүний буруутай ажиллагаа байдаг боловч энэ болгоны ард нийгмийн тогтолцоо механизмын гажиг оршиж байдаг, хамаг буруу тэр механизмд байдаг. Авилга их байна л гээд байна, гэтэл нийгмийн баялагийн дэндүү ихэнх хэсгийг Төр өөр дээрээ төвлөрүүлж захиран зарцуулдаг болохоор авилга байхаас ч өөр арга байхгүй. Төрд хамаарах асар их баялагийг хувьчилж тарааж, төрийн үүргийг бусад секторт даалгаснаар авилга багасна. Учир нь хулгай хийх цаад юм нь багасч буй хэрэг. Түүнээс нэг хоёр хүн барьж шийтгэснээр цаад механизм нь алга болохгүй. 7/1-ийн хэрэг явдлын цаана энэхүү авилгыг оролцуулаад нийгмийн шударга бус явдал асар их овоолоостой байснаас нийтийн бухимдал үүссэн явдалтай холбоотой. Үүний дотор сонгуулийн шудрага бус тогтолцоо орно. Сонгуулийн хуулиа ярилцая гэхээр “манайх ялагдчих байх” гээд хөдөлж өгөхгүй удаашрана. Тэгвэл маргааш 7/1 давтагдана, гэхдээ дахиж депутат болох гэж чаргууцалдаад байгаа нөхрийн толгойны үнэд хүрнэ. Чухам иймээс дайсан гэсэн тодорхой бие махбодь илрүүлж Сүхбаатарын талбайд олны өмнө дүүжлэн алах гэж хорхойсохоосоо өмнө энэ явдлын цаад гол буруутан болсон ямар тогтоц, тогтолцоо, механизм байгааг илрүүлж түүнийг засах дээр анхаарлаа хандуулмаар санагдана. Хоёр хүний гомдлыг барагдуулах гэж төрөө бужигнуулж, түмнээ сандаргаж, нийгмийн тогтолцоогоо нураана гэдэг зөв үү? Жоом устгахын тулд байшингаа шатааж болохгүй. Мэдээж жоомыг устгах хэрэгтэй, гэхдээ арай ийм үнээр болохгүй байх аа.
    7/1-ий хэрэг явдлын дөнгөж дараа би нэг өгүүлэл нийтлүүлж байснаа сая эргэж харлаа. Тодорхой хүн буруутгахыг эсэргүүцэж Элбэгдоржоор жишээлэн бичсэн байна. Буруутан бие хүнийг илрүүлэн дүүжлэх гэж нийгмээрээ хийрхвэл энэ нь юун түрүүн өөдгүй хүмүүсийн хувийн өс хонзонгоо авах гэсэн санаархал, олны өмнө баатар болж тодрох гэсэн арчаагүй амьтсын хоол болно. Ингэснээр асуудал улам гүнзгийрч шарх дотогшлон нэг л мэдэхэд эдгэшгүй архаг өвчин болж хувиран хэзээ л бол хэзээ дэлбэ татчих гээд байдаг аюулт галт уул болно. Хоёр жилийн өмнө бичсэн энэ нийтлэлийн ач холбогдол буураагүй гэж үзээд үүнийг дахин толилуулж байна. Товчлон авлаа.
    ...Элбэгдорж шиг муу хүн алга. Зурагтаар ч тэгэж ярих юм, сонин болгон тэгэж бичих юм, нэтээр, ялангуяа сэтгэгдэл гэгч зүйлсээр. Цаазаар авах нь багадана л гэнэ, бушуухан үгүй хийх хэрэгтэй л гэнэ, цусыг нь үзэж байж санаа амрана л гэнэ. Жаахан юм боддог хүн бол Элбэгдоржийг биш энэ кампанийг зохион байгуулагчдыг жигшмээр. “Өглөөний сонин” өмнө минь дэлгээтэй байна. Түүнийг хараахад хэдэн хуудсаа зориулжээ. Мижиддорж гэгч иргэн хүн “Элбэгдорж 7 сарын 1-нд 20 мянган дээрэмчин дагуулж ирж галдан шатааж тонон дээрэмдсэн”, “хорон муу санаагаа зориуд гаргасан” гэхчлэн бөөлжээ. Зэрэгцүүлээд иргэн ч юм уу, биш ч юм уу Сүх-Иш гэгч дутахгүй хараал урсган Элбэгдорж олимпын баатруудад баяр хүргэсэн нь Баяр даргын гавъяаг бүдэгрүүлэх гэсэн хошин жүжиг гэсэн лут оюун дүгнэлтээ тольдуулжээ. Энэ бол сүүлийн хоёр сар бүх мэдээллийн хэрэгслэлээр зохион байгуулалттайгаар дайрч доромжилж гүтгэж байгаа кампанит ажлын наад захын ердийн жишээ. Элбэгдоржийг муулах шагналт уралдаан заралчихсан юм шиг, түүнд бүх нийтээрээ оролцон бай шанг нь уралцан булаацалдаж байгаа юм шиг. Өөрийгөө аналитикч гээд ойлгочихсон нэгэн ядмаг шүлэгч хүүхэн, МАХН-ын аппаратад саяхан ажилд орсон авгай гээд энэхүү уралдаанд гойд идэвхийлэгчид ч тодроод ирлээ.
    Орвэлийн “1984” зохиолд ийм нийгмийн тухай гардаг. Иргэд нь тодорхой цагийн хуваарийн дагуу “нам засгаа магтан дуулах” хайрын цуглаан, “дайснаа жигших” үзэн ядах цуглаантай. Иргэд бүгд үүнд оролцох үүрэгтэй, эс тэгвээс өөрийг нь үзэн ядна. Монголд ирж үзээгүй Орвэл манай Монголын 1984 оны амьдралыг үзмэрч шиг тольдсон байлаа. Бид хар багаасаа л нам засгийн удирдагчид төдийгүй нэрийг нь ч зөв тогтоогоогүй Анжэла Дэвис, доктор Хайдэр, Луис Корвалан, Дин Рид, Патрис Лумуба гээд олон гадаад хүнийг өмөөрч хайрын цуглаанд хоолой нийлүүлэн орилдог байлаа. Эд яачихсан юм, юунаас болоод хайрлагдаад байгаа юм гээд олон асуултанд бид өөрснөө хариулж мэдэхгүй байв. Хожим эргээд түүх үзэж байхад бараг бүгд л шаар байсан юм билээл. Бид олон ч хүнийг үзэн ядах цуглаанаар дамжуулан жигшсэн. Гучаад оны Гэндэн, Дэмид, Амар нарыг болиё гэхэд Лоохууз, Ширэндэв, Чойном, Ренчин, Дамдинсүрэн гээд л эх орныхоо сор болсон хөвүүдийг мөн ч их жигшин зэвүүцсэн дээ. Яагаад гэнэт тэднийг үзэн ядах болсноо бид өөрснөө ч ойлгодоггүй байсан. Нэг өглөө босоод ирэхэд л тэд муу хүмүүс шүү хараагаад байгаарай гэсэн даалгавар ирнэ, бид ч идэвхитэй гэж жигтэйхэн шонхор адил шуугин дайрна. Биднийг ийм юмаар л хооллодог байж. Улай үзсэн тас аятай монголчууд нам засгаар сүхдүүлсэн хөвүүдийн сэг рүү үхэхээ мэдэхгүй уралдан дайрч тасар татацгаана. Жигшмээр, өрөвмөөр, үзэн ядмаар.
    Манай нийгмийн жинхэнэ эзэд нь ард түмэн. Ийм эрхээ 1990 онд олж авсан. Эзэн байх эрхээ сонгуулиар эдэлдэг. Энэ эрхийг нь хулгайлчихаад байхад тоох ч үгүй шатсан байшин яриад гаслаад байгаа улсыг яалтай нь ч билээ. МАХН-ын байрыг шатаасан нь зэрлэг балмад явдал. Гэхдээ энэ байшин шатаж байхад муу муухайн үүр, эрлэгийн голомт, ороолонгийн ичээ цагийн эргэлт даахгүй, үйлдсэн хар нүгэлийнхээ төлөөсөнд хайлж байгаа юм шиг санагдсан шүү, надад. Криманологи талаасаа биш философи утгаараа л даа! Байшингийн эзэн гэгдэх барих биегүй шумнас Монгол орныг зуун жил эзэгнэж сор болсон хөвүүдийг нь тамлан устгаж, соёл уламжлалыг нь тасчин түймэрдэж, үндэсний бахархлыг нь гутаан доромжилж, иргэн болгоны өмчийг хурааж, хүн болгоныг дарамтанд оруулж, эрх чөлөөг нь боймлон булааж авсан. Энэ бол домог биш түүхэн баримт. Энэ намын нэрээр алах, шатаах, тонох, хураах, булаах үй олон тогтоол зарлиг гарч хэрэгжиж байсан нь тийм ч эртний улбаа биш. МАХН олон жилийн туршид олон сайхан юмыг галдан шатааж тонон дээрэмдсэн дээ!
Гэвч Элбэгдоржийн олж ирсэн эрх чөлөө баталгаатай гэж бодож байна. Самуунаар далимдуулж монголчуудаас эрх чөлөөг нь дахин булааж авах гэсэн санаархалтнуудын горьдсоны гарз. Сохор нохой дүйвээнээр гэгчээр “үзэн ядах цуглаан” дахин сэргэжээ гэж үмх мах илүү олж долоох гэж байгаа бол эндүүрч байна. Цаг өөр болжээ. Монголчууд цаашид ч өөрийн алдаатай оноотойгоо урагшлах болно. Улирах цагаас үлдээсэн сургамж дээрээ амьдрах болно. Хүмүүсийн дэндүү дийлэнх нь нэгэнт олж авсан эрх чөлөөгөө тийм ч амар булаалгахгүй.
    Байшин шатахад гарсан хамгийн том хохирол нь хожмын монголчуудад ухаарал өгөх учиртай байсан МАХН-ын Хянан шалгах хорооны архив. 1990 онд Төрийн ордноос хөөгдөхдөө энэ архивыг шуудайлаад подволдоо овоолчихсон байсан юм. Тэнд хэдэн тонн матаас байлаа. Хүн хүнээ болихын сонгодог бүтээлүүд. Нийгэм хүнийг ямархуу арчаагүй өөдгүй шаар болгон хувиргаж болдгийг үзүүлсэн сурах бичиг. Ах нь дүүгээ, хүү нь эцгээ, эхнэр нь нөхрөө аюумшигт шумнаст барьж өгч там руу илгээсэн баримт. Хүн гэдэг цагаа тулахаар өчүүхэн паалантай төмөр, шалихгүй эрх мэдлийн төлөө юу болж хувирдгийг илтгэсэн туульс. Дантегийн Тэнгэрлэг комеди! Байшин шатсанаар хамгийн их хожсон улс нь зохиолын гол баатрууд өөрснөө юм биш үү? Юунд нь боож үхчих гээд байгаа юм бэ дээ?!
2008.9.1
"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив