Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Төрийн үхдэггүй сэхдэггүй баатрууд
2009 оны 11 сарын 16 [Уншсан тоо: 67417]
Дөрөвдүгээр цахилгаан станц гэж байх. 1990 онд зах зээлийн бараа алсаас дөнгөж сүүмийн харагдангуут л энэ станц шууд л сөхрөөд уначихсан. Сонсоод согтов гэдэг шиг юм болсон доо. Өрнийн орнуудыг тусламжийн сургаар хамгийн түрүүн амь тарианд орсон. Станц өвөлдөө хөлдөж Улаанбаатар мөс болж Монгол улс дахин хэзээ ч сэхэл авахгүйгээр нас барна хэмээн өдөр болгон айлгадаг байсныг санаж байна уу?

Хорин жил өнгөрлөө. Станцаа хөлдөөж улсаа нас баруулахгүйн тулд энэ хугацаанд дөрөвдүгээр рүү бараг 800 сая доллар цацсан байх юм. 1 мегаватт станцын үнэ 1 сая доллар байдаг гээд тооцохооор энэ хооронд уг станцыг шинээр хоёрыг барих мөнгө цаддаггүй үхдэггүй сэхдэггүй зуух руу нь хийж шатаагаад алга болгожээ. Ийм хүчин чадалтай, гэхдээ Оросын биш барууны, тэгээд хоёрын хоёр цоо шинийг шүү дээ.

Оросын техник технологийг муулж болноо. Хоцрогдсон, болхи, байгаль орчинд хортой гээд л. Гэхдээ энэ тохиолдлын буруугийн 99 хувь нь төрийн мэнэжмэнтэд байгаа болохоос технологидоо биш. Үгүй наад зах нь хэрэв станц хувийнх байсан бол хоёр шинийн үнээр хуучин ганцыгаа сэлбээд суудаг тийм дүүрчихсэн тэнэг дэлхий дээр олдохгүй. Галзуугийн больницоос ч тийм хүн хайгаад олохгүй. Энэ тохиолдолд мангар шийдвэр гаргасан, гаргахдаа 20 жил үргэлжлүүлэн гаргасан эзэн олдохгүй. Олон давтсан рецетив хэрэг гэгчээр. Яагаад гэвэл улсынх. Яагаад гэвэл үнэн хэрэгтээ хэн ч хариуцдаггүй юм. Хүн өөр дээрээ тулахаар үргэлж ухаантай байдаг. Төр мангар шийдвэр гаргах нь нийт хувь хүмүүст хортой боловч тодорхой хувь хүмүүст ашигтай байдаг. Дээрх 800 саяын мэдээж маш олон хувь нь огт үргүй зардал болсон, гэхдээ дутахгүй олон хувь нь ард түмний, төр засгийн мангар шийдвэрийн цаагуур нуугдан тодорхой хувь хүмүүст үр ашигаа өгсөөн. Сонссоноор үгүйдээ л Америкт нэлээд хэдэн монгол хүний амины сууц буй болсон гэсэн. Олон дарга болон хариуцагчийн хүүхэд Өрнөдөд дээд боловсрол эзэмшчихлээ. Газар байр гээд цаашаа өөр бизнесийн эх сурвалж боллоо. Ер нь дажгүй. Сангийн морийг сундлаад байнаа, хөө.

Уул нь төр бол зохицуулагч болохоос үйлдвэрлэгч байх учиргүй юм л даа. Эрчим хүч үйлдвэрлэл, түгээлт хоёрыг нь хувьчлаад, түгээх гол шугамаа төр барьчихсан бол нэг талаас эрчим хүч найдвартай, нөгөө талаас монополь зэрэг зах зээлийг гажуудуулсан гаж үзэгдэл гарахгүй төрийн зохицуулалт номоороо явах аж. Шилжилт хийсэн Зүүн Европын орнуудад ялануяа хот суурин газар бохир, цэвэр, цахилгаан, хог гэх мэт дэд бүтцийн шинжтэй зүйлээ түрүүлж хувьчилжээ. Улс гол магестраль шугамаа авч үлдээд үйлдвэрлэл үйлчилгээ талыг нь хувийнханд хариуцуулснаар ядахнаа дарга нарын тоо нь цөөрч их хэмнэлт гарсан гэнэ.

Та нар одоо энэ МИАТ-ыг хар даа! Хувьчлана гэж яриад 15 жил боллоо. Бас нэг үхдэггүй сэхдэггүй баатар. Тээр жил Ирландаас баг ирж мэнэжмэнтийг нь хийжээ. Ашиг орлого нь эрс нэмэгдэж, үргүй зардал нь бараг байхгүй болжээ. Харин үргүй зардал дээр амьдрагсад энэ богино хугацаанд эгээ л турж үхээгүй. Эх орныхоо юмыг эзэн бид өөрснөө мэднэ гээд л түрийвчнийхээ сүүлчийн мөнгөөр эсэргүүцлийн өгүүлэл бичиж сонинд хөлсөөр тавьж байв шүү дээ. Эх орны юм гээд байгаа нь эзэнгүй юм гэсэн үг, харин бид мэднэ гээд байгаа нь хулгай хийх юм олдохоо болилоо гэсэн гомдол. Аргагүй шүү дээ, дэлхийгээр нэг тараагаад зардлыг нь араас нь дааж тэжээдэг олон олон айл хунарыг нь эргүүлж татаад нутгийн баагийнуудыг хямдхан хөлслөхөд л МИАТ –д хамааралтай болгон эрэг дээр шидэгдсэн загас шиг ангалзаад эхэлж байгаа юм чинь. МИАТ сөнөхгүй, улсын юм чинь. Гэхдээ хэзээ ч сэргэхгүй, учир нь улсынх!

Үүний ижил нэг жишээ бол Эрдэнэт. Мэнэжмэнтийг нь сонгуульд ялсан нам хийдэг юм. Үр ашгийг нь 5-10 гэр бүл хүртдэг. Сая нэгнийх нь ээлж дуусах шиг боллоо. Дараагийн ээлжийнхэн хоолондоо орох гээд халбагаа долоогоод зогсож байна. Эрдэнэт өнөөдөртөө Монголыг тэжээдэг нь үнэн, гэхдээ ядахнаа мэнэжмэнтийг нь мэргэжлийн баг хийдэг, улс төрөөс ангид байдагсанж бол бүс нутгийг тэжээх байсан байлгүй. Өнөө тэжээдэг ганц үнээгээ алах гээд бүгдээрээ хутга барин элдэхийг нь яана. Яагаад гэхээр монгол ухаанаар надад ч үгүй чамд ч үгүй болгож авбал яс амарч тавирдаг номтой. Чилийн хамгийн том зэсийн уурхай нь улсынх гэж манайхан хаанаас ч сонссон юм нэг юм давтах дуртай. Гэхдээ тэнд төрийн томчууд нь баяжмал хааш нь гаргахыг мэдэж үнийг нь өмнөөс нь ярьж өгдөг юм ер байхгүй. Хөрөнгө нь улсынх, мэнэжмэнтийг нь хувийн компани хийдэг. Хэрэв улс нь мэнэжмэнт хийсэн бол Чили улс турж үхээд алга болчих байсан биз.

1990 онд зах зээлийн тогтоцод орохоор шийдэн үнэ чөлөөлсөн зоримог алхамыг тухайн үеийн Засгийн газар авч хэрэгжүүлсэн. Гэхдээ “ард түмнээ бодоод” 34 төрлийн бараа үйлчилгээний үнийг хяналтандаа авч үлдсэн юм. Энэ нь харамсалтай нь лаа шүдэнз, зурагт хөргөгч биш, дулаан цахилгаан, нүүрс шатахуун гэсэн эдийн засгийн суурь бараа үйлчилгээний үнэ байлаа. Удахгүй чөлөөлнө гэж бодоо биз дээ. Хорин жил тэр чигээрээ явж ална гэж арай бодоогүй биз. Одоо нүүрсний үйлдвэрүүд амь тавихаар сүүлчийн амьсгалаа татаж байна. Гэхдээ баашилж байгаа юм. Улсынх болохоор хэзээ ч амь тавихгүй. Хорин жилийн өмнө тэгэж л байсан, хорин жилийн дараа ч нүд нь цэхийгээд сүүлчийн амьсгалаа аваад л нэг муу юм хөдлөх аяг үзүүлээд хэвтэж л байна. Улсын юм үхдэггүй юмаа. Харин сэргэх тухай горьдолтгүй, очоод буцах төрийн мэнэжмэнт гүйцэтгэгч дарга нар л хөөрхөн подойно. Ингээд үхэхгүй сэхэхгүй хэвтэж байх нь дарга нарт таатай.

Эмнэлэг гэж уг нь юуг хэлдэг юм гэдгийг "Сонгдо"-д очоод хараарай. "Ачлал" энэтэр гээд шинээр буй болж байгаа эмнэлэгүүд ч байна. Цэвэрхэн, соёлтой, хөнгөн шуурхай, хариуцлага хүлээдэг, хангалттай тоног төхөөрөмжтэй, эмч нар нь хүн шиг цалин мөнгөтэй, тун үгүй гэхэд л өвчтөн үйлчлүүлэгчийг гаднаас орж ирсэн нохойноос ялгаатай авч үзэн тэр байтугай хүндэтгэдэг гээч.

Хорт хавдраар өнгөрөгсөдийн хувь процентоор дэлхийд манлайлчихлаа. Элэгний өвчинөөр дэлхийд толгой цохчихлоо. Одоо уушигны өвчнөөр тун удахгүй үзүүр түрүү булаацалдах болно. Багаж төхөөрөмж муу л гэнэ, цалин мөнгө тааруу л гэнэ, ор дэвсгэр хүрдэггүй л гэнэ. Үгүй дээ энэндээ биш. Саяхи хэдэн жилийн тостой үед багаж авахаараа л нэг болсон. 20 жилийн өмнөхтэй харьцуулахад манай эмнэлэгүүд тэр талаас нь үзвэл бараг сансарт гарсан. Асуудал мэнэжмэнтдээ л байхгүй юу. Улс энийгээ хариуцаад явахаар яаж өөдлөх билээ. Нүүрсний үйлдвэрэс ялгаатай нь муу эмнэлэгт ирсэн өвчтөн үхнэ. Уг нь төр хяналтаа тавиад, эмч нараа адистачлаад, орж ирсэн элдэв эмийн болох болохгүйг нь тогтоож өгөөд явбал бараа юм шүү дээ. Өрхийн эмнэлэг гээд хэдэн амбаарыг хүртэл харамлаад улсын мэдэлд буюу хэний ч мэдэлд бус байылгаад л. Гэхдээ энэ байдал хэдэн дарга нарт маань ашигаа өгдөг юмаа, чааваас, байж л байг. Хүмүүс яахав дээ, бололцоо муутай нь Эрээн рүү, бололцоотой нь Япон руу явна, улсын эмнэлэгт итгэдэг хүн ч цөөн дөө.

Төр гэдэг бол хүмүүс татвараа нийлүүлж зохицуулалт үйлчилгээ авдаг Сууц өмчлөгчдийн холбоо. Эсвэл ард түмнийг хувьцаа эзэмшигч гэж үзвэл төр нь төлөөлөн удирдах зөвлөл. Эхнийхийг нь СӨХ, дарагийнхыг нь ТУЗ гэдэг. Аль алиныг нь сонгож байгуулдаг. СӨХ айл орж цэвэрлэдэггүй, ТУЗ, ТҮЦ хоёр тэнгэр газар шиг ялгаатай. Төрийн хуваалцахгүй үүрэг гэж бий. Хууль тогтоох, батлан хамгаалах, аюулгүй нөхцөл буй болгох, стандарт хязгаар тогтоож өгөх, хуулийг хэрэгжүүлэх, араас нь хянах, шорон гяндан гээд хаа мундах вэ? Харин манай төр эдгээр татварын мөнгөөр хийх ёстой ажлаа зардагийг зүгээр л нэг “нууц биш болжээ” гээд ч яахав, зах дээр худалдаж байгаа юм ишг үнэ хаялцуулдаг болчихсон юм биш үү?

Төрийн тухай бидний хуучин ойлголт дээр ямар ч цээрлэлгүйгээр хулгай хийж болдог гэсэн “ардчилсан, хүмүүнлэг, зах зээлсэг” ойлголт нэмэгдчихээр мөн ч наргиантай орон болж хувирч байна даа. Монгол орон сөнөхгүй ээ, улсынх юм чинь. Харин сэхэх тухайд бол юун түрүүн төрийн энэ ойлголтоос салах хэрэгтэй санагдана.

2009 оны 10 дугаар сар 19

"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив