Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Социалист эдийн засаг
2009 оны 11 сарын 16 [Уншсан тоо: 84098]
Баабарын “Монголчууд: Нүүдэл суудал” номын нэмж засварласан гурав дахь хэвлэл худалдаанд гарлаа. Энд зохиогч шинээр олсон баримтуудыг шигтгэснээс гадна зарим бүлэг шинээр нэмж  оруулжээ. Хоёр ботиор хатуу хавтастай, хавтасны ороолттой, лазерийн технологиор хэвэлсэн энэ ном уншихаас гадна дурсгал бэлэглэлийн зориулалттай аж. Манай сонин уг номын урьд гарч байгаагүй “Социалист эдийн засаг” гэсэн нэмэлт бүлээс хэмэгчлэн хэвлэж уншигчиддаа сонирхуулж байна

 

Хулгай

Эдийн засгийг үр ашиг гэдэг талаас нь харах ахул Цэдэнбалын буй болгосон “социалист эдийн засаг” нь социалист л болохоос эдийн засаг биш ажгуу. Архи спирт зэрэг хэдхэн нэр төрлийн үйлдвэрлэлийг эс тооцвол эдийн засгийн үр ашигтай ганц ч салбар үнэндээ байсангүй. ЗХУ-тай хамтран байгуулсан зэсийн том уурхай Эрдэнэт ч үйлдвэрлэх тутмаа хохиролтой тооцоо гарсан нь эцэстээ Цэдэнбалын засаглалыг унагах нэг гол шижим болжээ.

Илүү орлого олох бүх зам бололцоо хаалттай болохоор хүмүүсийн идэвхи санаачлага огт үгүйн дээр ийм нийгмийн гишүүдэд байдаг моралийн уналт түгээмэлжлээ. “Социалист өмчөөс” бололцооны хэрээр хулгайлах, шамшигдуулах, хүйтэн цэвдэг хандах, үрэн таран хийх явдал жилээс жилд нэмэгдэнэ.   

Шамшигдуулах явдал нийгэмд хүчтэй болж эхэллээ. Үүнтэй бусдад жигшүүлэх, айлгах аргаар тэмцэхээр шийдэв. 1964 онд “махны хэрэг” гэгч илрэв. Бүлэг этгээд Мах комбинатаас дэлгүүрт хүргэх сүлжээнд ажиллан жин дутуу тооцох, барааны чанарыг бууруулах зэргээр нийтдээ 25 мянган төгрөг идсэн нь тухайн үеийн ханшаар Чехословакт үйлдвэрлэсэн жижиг гарын ганц Шкода машины үнэ байлаа. Бүлэглэн шамшигдуулсан 7 этгээдийг хүндээр цээрлүүлж, гуравт нь цаазаар авах ял оноосон юм. Социалист өмчийг шамшигдуулсан гэх энэ хэргийг бүх төрлийн мэдээллийн хэрэгслэлээр цацаж энд тэндгүй “үзэн ядах цуглаан” зохион байгуулж байлаа. Гэвч ердөө 15 жилийн дараа гарсан “кондукторын хэрэг” гэгчид хоёрхон кондуктор нийлээд хэдхэн жилийн дотор сая төгрөг завшжээ. Иймэрхүү төрлийн гэмт хэрэг нэгэнт хэтэрхий хавтгайрсан байсан учир хоёр гэмтэн ердөө хэдхэн жилийн ял авсан байна.

1978 онд социалист өмчийг хайрлан хамгаалах МАХН-ын Төв хорооны тогтоол гарлаа. Тогтоолоор өмч хамгаалах санаа зөвхөн коммунист оронд л байж болох зүйл. Харин хэрэгжүүлэх арга механизм нь өөр хаана ч байж боломгүй болхи бүдүүлэг үзэл суртал болсон юм. Юун түрүүн тогтоолоо хүн толгойтой болгонд цээжлүүлэхээс ажлаа эхэллээ. Социалист өмчийг нүдний цэцгий мэт хайрлах нь хүн болгоны үүрэг мөн гэж тунхагласан уг тогтоолд “туйлын” гэдэг ганц үг нэмж оруулахын тул Төв Хорооны бүгд хурлыг дахин хуралдуулжээ. Тогтоолын орос орчуулгыг ихэд чухалчилж сэхээтнүүдийг орос монгол хэлээр цээжлэхийг шаардав. Шалгалт улс орон даяар өрнөлөө. Сургууль албан газар болгонд намын эвлэлийн, үйлдвэрчний эвлэлийн шугамаар хоёр тогтоолыг цээжилсжэн эсэхийг шалгана. Сүүлдээ эмнэлэгт өвчтөн эргэх гэж ирсэн ар гэрийхнийг хүртэл үүдэн дээр цээжилсэн тогтоолыг уншуулж байж нэвтрүүлэнэ. Ийм төвшинд хүрсэн болохоор албан ёсны мэдээллийн хэрэгслэл яаж солиорсныг дүрслэхэд ч хэцүү. Монголын радио телевиз нэвтрүүлэг эхлэхдээ болон төгсгөхдөө мөнөөх социалист өмчийн тухай тогтоол лоозонгоор ёслол үйлдэнэ.

 

Социалист өмчийг хайрлах дараагийн алхам нь улсын өмчийг дээр нь “социалист өмч мөн” гэсэн хаяг тавин дугаарлаад хариуцах эзэн нь хэн болохыг зааж өгөх кампанит ажил өрнөлөө. Энэ оронд байгаа бараг бүх хөрөнгө “социалист” учир ямархуу цар хүрээтэй болсон нь ойлгомжтой. Гуанзангууд халбага сэрээн дээрээ хаяг тавьж эхэлсэн бол байшингууд ханан дээрээ сараачиж гарав. Дундговь аймгийн Гурвансайхан сумын төвд буй 10 орчим дан байрилгын ханан дээр маш томоор тосон будгаар “Энэ байшингийн өмч хариуцагч нь сумын ерөнхий нягтлан Чулууны Ганбаатар” гэх мэтээр эрээлсэн байв. Бараг огт машин дайрдаггүй говийн болон талын хээр газар социалист өмчийг хайрлах тухай намын цэцэн лоозонг асар том төмөр хавтан дээр бичин самбар болгосон нь нэн элбэг. Гэвч хүмүүс хулгайлсаар л байлаа. Яагаад гэвэл энэхүү социалист өмч нь лоозонгийнхаа нэгэн адил цаанаа хариуцах өмчлөх эзэнгүй байсан юм.   

Үр ашиг

Захиргаадлын эдийн засаг дангаар цэврээрээ оршин тогтнох ямар ч бололцоогүйг Лениний цэргийн коммунизм, Сталины хамтралжуулалтын үе, Камбожийн улаан кхмерийн үе тов тодорхой баталсан билээ. Сайн дурын чөлөөт арилжаа ор тас алга болж цэвэр захиргаадлын эдийн засаг 100 хувь ноёхвол шууд өлсгөлөн гамшиг залгадаг, цаашлаад өөрийн эрхгүй иргэний дайн үүсэх нөхцөл бүрддэг. Иймээс коммунист эдийн засаг оршин тогтнохын тулд “капиталист зөөлөвч” заавал хэрэгтэй. Зөвлөлт засгийн үед газрын дөнгөж 2 хувь нь аминд байдаг байсан авч зөвлөлтийн ихэн төрлийн хүнсний ногоо болоод цэцэгт таримлын 90 хувийг хангадаг байжээ.

 

     1960-аад он хүртэл Монголд чөлөөт арилжаа ямар нэг хэлбэрээр оршин тогтсоор байв. Нүүдэлчдийн гол арилжаа бол мэдээж мал. Тэдэнд өргөн хэрэглээний бараа хүргэх үүргийг улс дангаараа монополь байдлаар хүлээжээ. Иймээс арилжаа улс-малчин гэсэн харилцаанд хагас чөлөөт арилжааны шинжтэй. Улс өргөн хэрэглээний бараандаа хатуу хөдлөшгүй үнэ тавина, малчин цаг улирлаас хамаарч илүүтэй зах зээлийн шинжтэйгээр үнээ тогтооно. Гэхдээ улс ч малчдаас авах түүхий эдийн үнийг хатуу тогтоох боловч ховоргүй байсан хувийн худалдаачид, үйлдвэрийн хоршоологчид, жижиг үйлдвэрлэгчидтэй шууд зах зээлийн утгаар тогтсон үнээр арилжаа хийдэг байлаа.

    Асуудал 1960-аад оны үеэс үндсээрээ өөрчлөгдлөө. Юун түрүүн нэгдэлжих хөдөлгөөнд малгүй болсон үй олон нүүдэлчид хот орон амьдрах болсноор Монголд хотууд үүсч түүнээ дагасан шинэ хэрэглэгээ буй болов. 1960 онд баталсан Үндсэн хууль Монголын нийгмийг ажилчин анги, хоршоолсон малчин, хөдөлмөрийн сэхээтэн гэсэн заагдсан гурван ангид хуваасан учир иргэн болгон аль нэгэнд нь хамрах, эсбөгөөс нийгмээс шахагдах үйлтэй болсон юм. Иймээс хуулиар хувиараа аж ахуй эрхлэх, худалдаа арилжаа эрхлэх явдал цаазлан хоригдлоо гэсэн үг. Эндээс хувиараа эдийн засгийн харилцаанд орох нь хууль зөрчсөн үйлдэл болж “хөдөлмөрийн бус орлого” гэсэн нэр томъёо үүслээ. Хуулийн аль ч шатны байгууллагын эрхэм үүргийн нэгэнд хувиараа аж ахуй эрхлэн худалдаа наймаа хийхтэй тэмцэж, “хөдөлмөрийн бус орлогыг” хурааж байх явдал тооцогдсон байна. Малчдын хувьд үлдээсэн цөөн хэдэн малыг ч улс тогтоосон үнээрээ дээрэмдэн авах ба үүнээс өөрөөр борлуулсан байвал хуулийн хариуцлага хүлээх болжээ.

    1960 онд шинэ хуулийн зарчмаар Улаанбаатар хотод байсан дөрвөн бараан захыг хаалаа. Гэвч чухам бараан зах буюу хар захгүйгээр социализм байгуулж дөнгөхгүй нь тэр дороо мэдпэгдэв. Ийм зөөлөвчгүйгээр нийгэмийн харилцаа хөдлөхгүй. Ингээд хар захыг “ирээдүйд устах зүйл” гэдэг ангилалд оруулан хатуу хяналтын дор дахин нээлээ. Үзэл суртлын болоод хяналтын дайн зарлан байж довтлох боловч оршин байгааг нь эрхгүй зөвшөөрсөөр Монголын хар зах социализмын төгсгөл болтол байсаар байсан юм.

    Иргэд хар зах дээр гар урлалын зүйлс, хүнсний бараа зарах боловч ихэнх зүйлс нь социалист худалдаагаар орж ирсэн олдоц муутай бараа, мөн хил дамнуулан олж ирсэн гадаад бараа байдаг байлаа. Импортоор орж ирсэн бараагаар бүтээгдэхүүн хийж борлуулахыг хориглосон хуулийн заалт байсан учир хамгийн болхи хийцтэй гар урлал ч “хөдөлмөрийн бус”-д тооцогдох тул хар зах дээр хийгдэх бүх наймаа хууль бус байсан юм. Үүнийг гарын салаагаар харан өршөөх боловч хэрэгт оруулъя гэсэн хэнийг ч энэхүү энгийн үйлдлээр нь дарамталж болох учир үнэн хэрэгтээ монгол иргэн болгон төрийн өмнө потенциал гэмт хэрэгтнүүд байлаа. Хууль сахиулагчдын хувьд ч ерөнхий зарчим үгүй болж тухайн асуудлыг аль өнцгөөс яаж харснаас хамааран тухайн сүбъектийн хувь заяа шийдэгдэнэ. 1980 онд “Бохирын хэрэг” гэгч дуулиант явдал гарч байсан нь үүний нэг жишээ юм. Хотын бохирын санг өвөл хөлдсөн хойно нь ухаж цэвэрлэдэг бизнес байж. Үүнийг гүйцэтгэх байгууллага хүн олддоггүй учраас хувь хүмүүс гэрээгээр хийнэ. Голдуу хятад иргэд мөнгө сайтай ийм ажил хийх нь элбэг. Гэтэл маоизмтай тэмцэх ээлжит кампанит ажлын нэг мөчлөг тааран тэднийг дарамтлах хэрэг гарчээ. Цаадуул нь хөдлүү бохир цэвэрлэхдээ техник хэрэглэсэн нь тогтоогдов. Бүх техник улсынх. Ингэхээр хөдөлмөрийн бус орлого олсон байж таараа. Ингээд тэднийг цээрлүүлэн шоронд илгээлээ. Харин бохир цэвэрлэх хүн дахиж олдохгүй болсон юм.

    Монголын социализм оройн дээд цэгтээ хүрсэн 1989 онд Улаанбаатарт нийт 3 000 ватомашин хөдөлж байсны 100 нь хувийн өмч байлаа. Энэ 100 машины хөдөлгөөн болгоныг улсаас хянаж байсан юм. Цагдаа төдийгүй мэдээллийн хэрэгслэлийнхэн энэхүү ариун хяналтанд орж машинаа такси болгон ашиглахаас сэргийлнэ. Тэднийг гэсэг даран мөрдөнө үү гэхээс жишээ нь шатахуунаар боомилох ямар ч бололцоогүй. Хэдийгээр улсын клонк тэдэн маш бага шатахуун өгдөг боловч хар зах дээр бензинээс их юм байсангүй. Нэг литр бензиний улсаас тогтоосон үнэ 1 төгрөг 30 мөнгө. Харин хар зах дээр литр бензин 20-30 мөнгөний хооронд эргэлдэнэ. Бүх шатахуун зөвхөн импортын бараа, оруулах түгээх борлуулах бүх дамжлага нь зөвхөн улсын монополь эрх. Гэхдээ улсын үнээр хувьдаа шатахуун худалдан авдаг тэнэг хүн нэгээхэн ч байсангүй.
"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив