Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Өнгөрсөн “шинэ зуун”
2010 оны 8 сарын 3 [Уншсан тоо: 64456]
Италийн хамгийн шилдэг кинонуудын дийлэнхи нь нутгийн өмнө хязгаар Сицили арлын амьдралын тухай харуулсан байдаг. Гэхдээ он цагийн хувьд ХХ зууны эхнээс далаад он хүртлэх үеийг хамрана. Энэ нь ийм учиртай болов уу, Сицили бол баруун Европын хамгийн хоцрогдсон хэсэг. Тэнд ХХ зууны эхэнд хагас феодлын уламжлалт тогтолцоотой, тэгсэн мөртөө хүчирхэг үйлдвэржсэн орон Италийн ардчилсан хууль үйлчилдэг “холимог” систем байсан гэх юмуу даа. Бараг л дундад зууны хоцрогдлоос ганц зууны дотор хөгжлийн дээд эрэмбэд гарсан Европын энэ хэсгийн шилжилтийн үе киночдын сонирхлыг тэгтлээ тэтдаг аж. Хүн үнэмшимгүй аймаар контракт.
    Италийн нэрт найруулагч Бэрнардо Бэртуличчи ХХ зууны дөрөвний гурав өнгөрсөн 1976 онд “Шинэ зуун” гэдэг кино хийж мөнхийн бүтээл туурвижээ. Энэ кино “1900”, “ХХ зуун” гэсэн өөр бас нэрстэй. XIX зууны хамгийн аугаа төлөөлөгчдийн нэг Жүзэппэ Вэрди ХХ зуун эхэлсэн анхны өдөр нас барж буйгаар кино эхэлдэг. Яг л тэр өдөр ядуу тариачны гэрт нэг хүү, газрын эзний гэрт нэг хүү төрлөө. Шинэ зууны хамгийн анхны иргэд. Өнгөрсөн, бүр тэрнээс ч өмнөх өнгөрсөн зууны үлдэгдлийг хадгалж хоцорсон хөдөө тосгонд ХХ зууны иргэд мэндэлж буй нь энэ.
    Мөлжлөг, шудрага бус байдал, баян ядуугийн хэт зөрөө, хоцрогдол зэрэг бол энэ нийгмийн дэндүү ил төрх. Шинэ зууны иргэд энэ бүхнийг өөрчлөх, шудрага ёсыг сэргээх үзлээр хүмүүжинэ. Юун түрүүн газрын эзний хүү социалист үзлийг сонгон авчээ. Түүний найз ядуу тариачин залуу ч мөн ийм үзэл бодолтой. Гэхдээ арай эрс ширүүн. Социалист үзэл бодлыг сонгосон тэдний үеийн бас нэг залуу гараад ирдэг. Гурван социалист. Шудрага үнэнийг тогтоож, эх орноо хөгжүүлж, нийгмийн хоцрогдлыг арилгаж, ард түмэнд аз жаргал авчирч, газрын диваажин байгуулахаар бүх Европ тэмүүлж байсан юм. Хүний нийгмийн хөгжлийн диалектикийг социалистууд товчлохоор шийджээ. Цаанаа маш том онолтой. Гэвч явцын дунд либерал социализм, фашизм, коммунизм болон хоорондоо салсан юм. Хорвоод аз жаргал авч ирэхээр хоорондоо өрсөлдсөн төдийгүй энэ эрхийг дангаар эзэмшихийн төлөө биендээ дайсагналцаж гарсан.
    Каутский, Ленин хоёр биенээ урвагчаар нь дуудаж гарцгаалаа. Италийн Форлони арал дээр “жинхэнэ социализм” байгуулж байсан Муссолиниг гадаадад дүрвэж явсан Ленин магтан сайшаахын зэрэгцэж атаархаж байлаа. Орост Засгийн эрхийг авч чадсан коммунистуудыг удалгүй Германы ажилчин ангийн эрх ашгийг хамгаалах үүргийг өөртөө хүлээсэн Гитлер тэргүүтэй Үндэсний ажилчны социалист намынхан гол дайснаа болгон зарлав. Ард түмнийг хүчээр аз жаргалын алтан хаалга руу түлхэн оруулахаар хоорондоо өрсөлдөж, өөрчлөхөөр шийдсэн мөнөөх хуучин нийгмийн төлөөлөгчдөө ч таг мартан биендээ дайсагнан алалцах социалистуудын янз бүрийн урсгал явсаар дэлхийн дайныг өдөөж хүн төрлөхтний түүхэнд хамгийн том эмгэнэл авчирсан билээ.
    Европын хамгийн бөглүү, хамгийн алслагдсан, хамгийн хоцрогдсон, хамгийн бүдүүлэг газар болох Сицилид энэхүү янз бүрийн социалистуудын хоорондын өрсөлдөөн маргаан дайсагналцаан хэрхэн тусгалаа олж байсныг “Шинэ зуун” кинонд гайхамшигтай тодоор харуулдаг юм. Чухам ийм газар л бүх үйл явдал хамгийн их контрасттай харагдана. Хүний нийгмийн хөгжлийн диалектик ийм хоцорсон газар л туйлын хялбарчлан ойлгогдож, ганц удаагийн хувьсгалаар бүхнийг өөрчилж, бүхнийг сайн сайханд хүргэж болох мэтээр төсөөлөгдөнө. Ийм үл бүтэх мөрөөдөлд нийгмийн бүх давхрага нь амархан хөтлөгдөнө.
    Ард түмнийг аз жаргалд хүргэх социалист хоорондын тэмцэлд хамгийн ширүүн дориун, харгис хэрцгий нь мэдээж фашистууд байсан. Германд фашизм нь нацизм гэсэн бүр ч харгис чиглэл рүү гулсан орж олон арван сая хүний аминд хүрсэн билээ. Фашизмын эсрэг бүх дэлхий нэгдэн тэмцсэн. Түүний дотор эх сурвалж гарал үүсэл зорилго чиглэл нэгтэй ах дүү мөртөө өрсөлдөгч либерал социалистууд болон коммунистууд фашизмыг нугаслахад баатарлаг үүрэг гүйцэтгэн гавъяа байгуулжээ. Хорвоо бөөрөнхий л юм даа.
    Фашизмын эцэг нь Муссолини, коммунизмын эцэг нь Ленин. Гэхдээ эдний залгамжлагч, голлон тоглогч нь Гитлер, Сталин нар байсан. Энэ хоёр хүн хоорондоо алалдаж байсан ч эдний ялгаа гэхээсээ ижил тал нь дэндүү олон байсан даа. Аль алин нь улаан тугтай. Хоюулаа ажилчин ангийн эрх ашигийг хамгаалдаг гэх улс төрийн намтай. Хоюулаа ардчилал, парламетаризмыг үзэн яддаг. Гитлер ч, Сталин ч социализм байгуулах зорилго өмнөө тавьсан. Хоюулаа хүн төрлөхтний өмнө социализмаас өөр зөв зам байхгүй гэсэн хатуу итгэл үнэмшилтэй. Ийм ч учраас социализмаас гажсан гэж үзсэн үзэл бодлыг хамгийн хатуу харгисаар цээрлүүлж байсан. Гитлер улс орноо хөгжүүлэх дөрвөн жилийн төлөвлөгөөтэй бол Сталин таван жилийн төлөвлөгөө гэдгийг бодож олсон. Гитлерийн нам төрийн толгойд ганцаараа байдаг, бусад нь шоронд. Сталины нам ч төрийн толгойд ганцаараа, бусад нь ГУЛАГ-т. Гитлерийн улсын хамгийн гол баяр нь Майн 1 ба фашистууд төрийн эрхийн төлөө боссон 11-р сарын 8 бол Сталины төрийн гол баяр нь мөн л Майн 1 ба большевикууд засгийн эрх булааж авсан 11-р сарын 7. Сталиныг албан ёсоор Жолоодогч гэдэг байв. Гитлерийг Фюрэр гэнэ, энэ нь орчуулбал бас л жолоодогч гэсэн үг.
    Дэлхийн дайн дууссаны дараа коммунистууд, либерал социалистуудын хоорондын тэмцэл эхэлсэн дээ. Энэ тэмцэлд зориулж дэлхийн гуравдугаар дайн ч бэлтгэгдэж байсан. Үүнийг нотлох хангалттай баримт бий. Явцын дунд коммунистууд хоорондоо хагалч эхэлсэн. Оросын ба Хятадын коммунистууд хэн нь дэлхийн ажилчин ангийг толгойлох вэ гэдэг дээрээ марган улмаар дайсагналцаж биенээ багалзуурдах гэж гучаад жил мурчийлцав. Завсар нь байсан монголчууд энэ хурц тэмцлийг тод харж байсан. Баруун Европын коммунистууд Еврокоммунизм гэсэн өөр үзэл гаргаж ардчилал, парламентаризмыг хүлээн зөвшөөрч буйгаа зараллаа. Тэд орос, хятадуудаас нэг мөсөн салав. Энэ явдал далаад оны дундуур болсон юм. “Шинэ зуун” кино ч мөн л тэр үед бүтээгдсэн. Олон жил Италийн коммунист намд гишүүнээр явж өөрийгөө ялгуулсан коммунист гэж зарлаж явдаг байсан найруулагч Бэртуличи ч буддист болон хувирлаа.
    Өнгөрсөн “шинэ зуун” шинжлэх ухааны, технологийн, атомын, генетикийн, биотехнологийн, автомашины, сансрын зуун байлаа. Гэхдээ энэ бүхнийг давамгайлж “социалист туршилтын” их зуун байсан юм. Бүтэдэггүй юм гэдгийг нь нотлохын тулд зуу зуун сая хүн амиа өргөсөн эмгэнэлт зуун байлаа. Социализмын янз бүрийн хэлбэр зууны эхэнд төрж зууны эцэст бүрэн ялагдсаан. Социалист үзэлтнүүд бүгдээрээ энэ байгаа хорвоог хүчээр өөрчилж мөнхийн диваажинд эгшин зуур хүрэх зорилгоо зарлан тунхагласаар төрсөн. Харин хэн нь энэ эрхийг авах вэ гэдэг дээр хоорондоо муудалцан алалдаж үүндээ бүхий л хүн төрлөхтнийг чирэн гулдчиж, алан хядаж, түймэрдэн шатаажээ. Өнгөрсөн “шинэ зуун” тэр чигээрээ янз бүрийн социалист үзэлтнүүдийн хоорондын иргэний дайн байлаа. Энэ иргэний дайны хөлд хүн төрлөхтөн бараг тэр чигээрээ нэрвэгдсэн.
    Дараагийн “шинэ зуун” эхлээд 10 жил өнгөрч байна. Өнгөрсөн “шинэ зууны” “Жүзэппэ Вэрди” нас бараад 10 жил болж байна. Жон Леннон, Фрэнк Синатра, Майкл Жэксон, Луй Армстрон, Элвис Прэслэй – бүгд нас барсан. Энэ “шинэ зууны” мөнөөх Бэртуличигийн гурван банди төрөөд 10 нас хүрэх гэж байна. Харин одоохондоо мэлхий түүн бие биерүүгээ шидэлцэн тоглож яваа тэд энэ “шинэ зуунд” ямархуу дориун том тоглоом бэлдэж байгаа бол?

2010.8.3
"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Монголын шилдэг нийтлэлчдийн клубын гишүүд нь редакцийн бодлогоор ажилладаггүй тул
аливаа нийтлэл, түүнтэй холбогдон гарах асуудлыг тухайн нийтлэлч бүрэн хариуцна.
Copyright © 2012, Baabar.mn