Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Ардчилсан намын хууч өвчин дахин сэдрэв
2010 оны 9 сарын 13 [Уншсан тоо: 54831]
МАХН-ынхан бага хурлаа хийлээ. Удахгүй болох их хурлынх нь удиртгал. Хоёр жил энд тэнд гарч дураар орилсон гол төлөв Завсрын үеийнхний уяаг нь богиносгож угаадсыг нь багасгаж байгаа хэрэг. Сонгууль ойртлоо, одоо бөөгнөрөх цаг болсон.  Яаж ч сагаад савнаасаа хальдаггүй сахилга баттай нам даа. Сонгуулийн өмнө гишүүдээ чангалаад бүр сурчихсан. 2004 оны сонгуулийн өмнө намын даргын хадмын хөшөөг нураасан хэргээр хөөрхий Оюунхоролыг намаасаа хөөчиж билээ. Бусдад нь сургамж болгож байгаа юм. Мөн сонгуулийн өмнө намын даргатай эвийн гэрээ байгуулах хөдөлгөөн өрнүүлж байсан. Нэр дэвших болон ирэх сонгуулийн дараа төрийн албанд үлдэх санаархалтнуудаас батламжийн гарын үсэг авч байлаа. Эвийн нэртэй болохоос шантаажилж байгаа хэрэг л дээ. Хичнээн олон мянган төрийн ажилтан намын даргатай эвийн гэрээ байгуулж гарын үсгээ үлдээсэн гэж санана?
    Харин сонгууль дөхөхөөр хоорондоо мэс зөрүүлээд эхэлдэг нь Ардчилсан намын хууч өвчин. Мөргөлдөх гээд шавж байгаа бухын дунд чулуу шидэхээр бокс эхэлдэг юм гэсэн. Ардчилсан намынхан сонгуулийн өмнө фракц болон шаваад эхлэнгүүт хаа нэгтэйгээс ниссэн чулуу дунд нь унана. Ингээд нэгийгээ үзэж нэхийгээ тайлж гарна даа. Бүүр зуршил болчихсон, бараг л үндэсний хэлбэртэй уламжлалт наадамархуу юм даа.
    1990 оны сонгуульд шинээр буй болсон таван нам тусдаа орсны шанд Ардын их хурлын нийт 430 суудлын бараг 90 хувийг МАХН дангаараа авч байсан. Баахан нэгдлийн дарга нар. Яахав хөөрхий юутай ч 76 хоног хуралдаж байж Монгол улсыг шинэ үндсэн хуультай болгож өгсөн юм. 1992 онд социал демократууд тусдаа орж байж хоёр суудал чангаасан, бусад намууд нэгдэж байж дундаа 4 суудал олж ирсэн. Алдаагаа ухаарсан учир 1996 онд сөрөг хүчний дөрвөн нам нэгдэж ороод 50 суудал авсан. Гэхдээ бас зүгээр байгаагүй, хэсэг нөхөд сэргэн мандаж байгаа нь гэж тусдаа ороод баахан суудал алж орхиж билээ. Тооцоолсноор тэднээс болж долоон суудал алдсан байдаг юм. Хэрэв 57 суудалтай байсан бол сөрөг хүчнийхээ аманд багтаж хамаг эрх мэдлээ булаалгахгүй л байлаа.
    2000 оны сонгууль ч найгаа алдсан л даа. Том жижиг хорь гаруй намын бараг 800 шахам нэр дэвшигчид Монголын уудам талд нармайгаа нээлцэв. Ардчилсан намаас Иргэний Зориг нам салж сонгуульд орлоо. Эрдэнээгээр толгойлуулсан Монголын ардчилсан нам гэгчийн сонгуулийн гол суртчилгаа нь өөрөө тасарч гарсан Монголын Үндэсний ардчилсан намыг шороотой хутгах асуудал байсан юм. Боддог юм, хугийнхны л хутгасан бантан болов уу даа. Үр дүнд нь Ерөнхий сайд Наранцацрал төрсөн нутгаасаа ганц суудал олж ирснээр асуудал шувтарсан. Гэтэл парламентад 72 суудал авсан МАХН нийт сонгогчдийн 50,2 хувийн санал авсан юм шүү дээ. Нөгөө тавин хувь нь тавь тасарчихсан болохоор арга байж уу.
    2000 оны 12-р сарын 6-ны бэлэг дэмбэрэлтэй өдөр МҮАН, МСДН гэсэн гол хоёр сөрөг нам нэгдэн Ардчилсан нам байгууллаа. Ойлголоо, одоо л ухаан орлоо, дахиж ингэж тасарч мангартахаа болъё. Эвтэй байхдаа хүчтэй. МҮАН-аас тасарч гарсан үсэрсэн цус, тасарсан махнууд ч эргэж ирэн үлдээсэн шархан дээрээ хэвтэн наалдав. Одоо л нэг болоод явчихлаа даа.  
    Үгүй юм байжээ. Энхбаярын засаглалын дөрвөн жил үргэлжиллээ. Хэвлэлийн эрх чөлөө боогдож, эдийн засгийн чадвар доройтож, хардлага сэрдлэг замаа алдан, үзэл бодлоор шахан хавчих явдал хавтгайрч, Ардчилсан намынх буюу талтай ханддаг шалтгаанаар 15 мянган төрийн ажилтан гудамжинд гарч лааз өшиглөв. Харин худлаа ч гэсэн парламетад суудалтай, худлаа ч гэсэн сөрөг хүчин Ардчилсан нам энийг тоосон ч үгүй. Учир нь дотоодын иргэний дайнд дөрвөн жил мордоод завгүй байлаа. Ярьдаг ганц юм нь намын даргыг солих асуудал. Дарга нь Дорлигжав, нэр дэвшигч нь Энхсайхан. Ёстой залхаж билээ. Энхсайханыг дагаад Эрдэнээ гэж том биетэй муйхар эр ирнэ. Голдуу халамцуу. Бүлнэ дүрнэ л гэж айлгана шүү дээ. Хаанаасаа ямар хумсны хутга гаргаад аль хавирганы завсар металл хавчуулчих ч юм билээ, хулмалзаад л зугтаагаад л, сүүлдээ намын байраар орохоо ч больсон. Ямар өлсөж үхэх гэж байгаа биш.
    Зодоон цохионтой шарх соривтой 2004 оны сонгуульд орлоо. Эрэлийн намтай хамт орлоо л гэнэ. Иргэний Зоригийг баракаллаа л гэж сонсогдсон. Иргэний зоригийнхон комоороо Эрэл рүү нүүлээ л гэж дуулдсан. Алтан гадасыхныг жийлээ ч гэх шиг. Юутай ч эл сонгуульд ялсан л юмдаг. Харин сайхан луйвардуулсан даа. Сонгуулийн дүнг зөвшөөрөхгүй гэж хугийнхан шулуухан авдаг байгаа. Манай хэд ямар нэг суудал сандалд багтчих санаатай Энхбаяр руу оочирлон гүйв. Хамтарсан Засгийн газар байгууллаа. Энхсайханы бүлэг эл эвлэрэлийг үзэн ядав. Ингээд Засгийн газраа огцрууллаа. Оронд нь Энхболдын Засгийн газар буй болж Ардчилсан нам өөрийгөө сөрөг гэж зарлав. Гэтэл хэсэг ардчилагчид парламент дотор гэнэт янз бүрийн нам байгуулан суларсан орон зай руу зөрөөд чихдэг байгаа. Еэ нүдний булай. Ичих ч багадлаа. Турж үхэх гэж байгаа биш, ийм юмнаас л холхон явах минь. Турж үхэх байсан ч ингэж нүдний булайгаа хутгаснаас хавьгүй дээр л дээ. Ичихгүй бас ард түмний эрх ашиг улс орны хөгжил мөгжил ч гэх шиг. Гэхдээ яах вэ өөрсөддөө дажгүй юм хийгээд авсан. Хорооллоор нь байшинтай болно билээ.
    2008 оны сонгууль дөхлөө. Ардчилсан намын гардан тулалдаан дахин эхлэв. Их нам гээч юм мэндлэв. Намын дарга Элбэгдорж сонгуулийн өмнө Батзандан, Магнай нарт хотод, одоо өнөө ху болчихоод яваа Ичинноровт Ховдод нэр дэвших санал тавьжээ. Харин тэд татгалзсан төдийгүй нулимаад гарав. Тэдний сонгуулийн компанит ажил хоёр намыг ичээх хүрээн дотор өөрийн тасарч гарсан Ардчилсан намыг гутаахад гол нь чиглэсэн дээ. За мэдээж сонгууль бөөн будилаан, гал мэс хүний амиар төгсөх шив дээ. Гээд сонгуулийн дүнгээс үл хамаарч хамтарсан Засгийн газар байгууллаа. Улс орны өмнө тулгарсан, шийдэхгүй удсаар урхагшсан асуудлыг шийдэхийн тулд гэж тайлбарладаг. Энэ нь ч хоёр нам болж биенээ чагтлан урагш гишгүүлэхгүй байснаар улс орноо олон жилээр хорлосон сургамжийн тайлал гэдэг утгаараа аргагүй зөв зүйтэй санагддаг. Оюутолгойг эргэлтэнд орууллаа. Эдийн засаг эрс сэргээд ирэв. Одоо Оюутолгойд өдөрт 15 сая долларын хөрөнгө оруулалт орж ирж байна. Үр дүн нь илт харагдаж илэрхий мэдрэгдэж эхэллээ. Тавантолгойн асуудал арай гэж парламентийн гацааг хагас хугас ч гэсэн давлаа. Ингэхээр хамтарсан засгийн газрын үр өгөөж байгаагүй гэх мэтийн яриа бол зөөлөн хэлэхэд гүтгэлэг төдий юм.
    Гэвч 2012 оны сонгууль нүдэнд тороод ирэхээр хууч өвчин дахин сэдэрч эхлэв. 2012 онд дэлхий сөнөх юм гэнэлээ, тэрийг тооцоолсон юм байгаа биз, дарга нараа? Дэлхий сөнөх нь юу ч юм, нам яах бол? Юутай ч өнгөрсөн хоёр жилд хэрүүл уруултай ч гэсэн бүтээсэн босгосон болгоноо дайрч унагахаар хэсэг нөхөд бослого зохион байгуулаад эхэлсэн. Ардчилсан намын бүсийн зөвлөлгөөн гэгч юм энэ  зун жин хөдөө гадаагүй давхардсан байдлаар боллоо. Ардчилсан намын хоёр бух мөргөлдөх гээд шавж дуусч байгаа нь энэ. Алтан гудсыг эрдэнийн гудсаар солих гэнэ. Сайжруулж байгаа нь тэр. Улс ч хөгжиж байгаагийн баталгаа. Дээр нь нэг том санаатай жижиг эр хэвтэж тухлах гэнэ. Гэхдээ энэ бол ард түмнийхээ сайн сайхны төлөө, улс орныхоо ирээдүйн төлөө хийж буй аргагүй алхам гэнэ. Юу ч үгүй хоцроод гудамжинд лааз өшиглөөд эхлэхээрээ л тайвширдаг улс даа манай намынхан. Өнгөрөгч орон нутгийн сонгуулиар ялалт байгуулсан ганц тойрог нь Хан- Уул дүүрэг. Хоёр жил тасралтгүй бослого гарлаа. Ардчилсан намынхан Хугийнхантай нийлчихсэн ард түмний самуун дэгдээн шүүхийн өмнө матаас барьчихсан оочирлоостой. Хугийнхан Хан-Уулыг авбал сая нэг санаа нь амрана. Ингэхээр мөргөлдөхөөр шавж буй бухсын дунд хэн чулуу шиддэг юм бол? Бух ч яахав угаасаа үхэр юм чинь.
    Би Ардчилсан намын гишүүн. Энэ намын төлөө л санал өгдөг, цаашид ч өгнө. Гэхдээ намын ажил төрлөөс аль болох хол хөндий байхыг боддог. Яагаад гэвэл аймаг сум дүүрэг хотын намын хороод аль нэг жижиг феодлын хувийн өмчид байдаг. Тухайн дүүрэгт байгаа Ардчилсан намын гишүүдийг элдэв ажилд хамруулахыг ч хүсдэггүй, тэр жижиг феодлууд. Нийт ард түмнийхээ төлөө хэдүүлэхнээ өдөр шөнөгүй эх оронч байдлаар ажиллаад хэдүүлэхнээ шийдвэр гаргаад явдаг. Юм хэлбэл аягүй бол долоо найм дугаар хавирганы минь завсар төмөр хавчуулчиж магадгүй. Надтай адил боддог үй олон ардчилсан намын гишүүд бий. Элэг нь хаашаа харах билээ, сонгуульд санал л өгдөг. Гэхдээ өөрийн гэсэн ажил төрөлтэй, юутай ч хулгай хийлгүйгээр амиа аваад явчих улс учир тэдгээр өлсгөлөнгүүдтэй хоол булаацалддаггүй. Ийм л байна даа. За одоо яая гэхэв нэгэнт л архагшсан өвчнөөс хойш мөргөлдөөд байж дээ. Ялагдсан нь маргааш эврээ хурцлаад эргээд ирнэ дээ, яана даа?
2010.9.13
"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив