МАО
2010 оны 10 сарын 18 [Уншсан тоо: 66605]
Британы түүхч - зохиолч Юн Чан, Жон Холидэй нарын “Танигдаагүй Маогийн намтар” хэмээх ном 2005 онд хэвлэгдэж номын ертөнцөд бөөн шуугиан дэгдээсэн билээ. Урьд нь “Цагаан хун” хэмээх сонирхолтой номоороо алдаршсан Юн Чан нөхрийнхөө хамт олон жил Мао даргыг судалжээ. Тэд Хүйтэн дайны дараах шинэ Орос, хуучин коммунист орнуудаар яван олон зуун гэрчтэй уулзаж коммунизмын дараа л арай гэж нээлттэй болсон архивын материал цуглуулсан байна. Мөн хятад орон ч урьдахаа бодвол харьцангуй чөлөөтэй болсон учир материал цуглуулж гэрчүүдтэй бишгүй нэг уулзжээ. Энэ номд урьд Маогийн тухай огт мэдэгдэж байгаагүй баримт олон орсон ба түүгээр дамжуулан Маогийн намтрыг цоо шинээр бичих бололцоотой болжээ. Чухам эндээс “яагаад Солонгосын дайн болсон”, “Их үсрэлт, соёлын хувьсгалын цаад логик юу байв”, Дэн Сяпин эргэж гарч ирсэн учир холбогдол хаанаас гарав” гээд олон асуулт тодорхой болж байна. Монголчууд нэгэн цагт “Дорно зүгт нар мандав” хэмээн  түүнийг магтан дуулж ч явсан, нөгөө цаг үед нь “Маоист этгээд”, “Маоизм руу хальтрах” зэрэг хараалын үгтэй ч болж үзсэн болохоор  өмнөд хөрш  дэлхийн -хэт их их гүрний нэг БНХАУ-ын байгуулсан Мао Зэдуны ил далд намтар онцгой сонирхолтой юм.  Эл номыг орчуулагч Г.Аким, Баабар, Ц.Гомбосүрэн нар хувааж орчуулан дууссаныг удахгүй НЭПКО хэвлэлийн газар номын эрхийг эзэмшигч Аиткэн компаний зөвшөөрснөөр хэвлэн гаргаж олны хүртээл болгоно. Энэ дугаарт номын хэсгээс уншигчиддаа сонирхуулъя.

Мао өөрийн тансаглалд хэзээ ч хязгаар тавьж байсангүй. Тэрээр хоолны амт сайхныг мэдэрдэг нэгэн байсан тул Хятадын өнцөг булан бүрээс амттан зөөлгөж авчирна. (Мао болон бусад удирдагчид ресторанд очих нь ховор байлаа, учир нь коммунимтууд гарч ирснээр олигтой хоолны газар эрс цөөрсөн.) Маогийн хамгийн дуртай загасыг хэдэн мянган бээрийн холоос хүчилтөрөгчжүүлсэн тусгай саванд амьдаар нь авч ирнэ. Цагаан будааг л гэхэд тутраганы амтыг хадгалдаг гэгдэх нимгэн хальстай нь байлгахыг Мао шаардана. Ингэхийн тулд будааг ширхэг ширхэгээр нь гараар ялгаж салгах хэрэгтэй байдаг юм байна. Нэг удаа тэрээр будааг нимгэн хальсгүй идээд байгаа учраас бэри бэри өвчин тусчихлаа гэж тогоочдоо гомдол мэдүүлэнгүүт цаадах нь сандран Юйцюаньшань дахь аж ахуй руу өөрөө очин Маод идүүлэх будааг биечлэн гараараа цэвэрлэсэн байна.

Энэ аж ахуйн орчимд Хятадын хамгийн сайн ус байдаг учир зөвхөн Маод зориулж тусгай будаа тарьдаг байжээ. Хуучин бол эзэн хаан эндээс уух усаа зөөлгөдөг байсан юм. Одоо бол энэ амтат ус Маогийн идэх будааг услах болсон байна. Маогийн дуртай ногоо, мөн шувуу, сүү зэргийг Юйцюаньшань дахь тусгай фермд тарьж, маллаж боловсруулна. Мао “Лууны худаг” гэдэг Хятадын хамгийн чанартай цайнд дуртай байлаа. Тэрийг нь хамгийн тохиромжтой үед хураасан хамгийн сайн навчаар түүнд тусгайлан бэлтгэх аж. Хоолыг нь бэлдэхдээ эрүүл ахуйн нарийн хяналтан дор гүйцэтгэх ба бэлтгэх ажиллагааг гэрийн ахлах үйлчлэгч өөрийн биеэр шалгахаас гадна Маог идэхийн өмнө мөн өөрийн биеэр эхлэж амталж үзнэ. Шарсан хоолыг тэр дор нь идэх ёстой боловч гал зуух хоолны ширээ хоёрыг үнэрээс сэргийлж хол байрлуулсан учир зөөгч нар гал зуухнаас галзуу юм шиг хар хурдаараа гүйсээр хоолоо ширээнд аьчирч тавих аж.

Мао усанд орох дургүй учраас хорин таван жил ганц ч удаа халуун усанд орсонгүй. Иймээс зарц нар нь өглөө бүр бүлээн алчуураар биеийг нь арчиж өгнө. Тэрээр массажанд дургүй. Эмнэлэгт амьдралдаа очиж үзээгүй. Тэртэй тэргүй эмнэлэгийн хамгийн шилдэг ажилтнууд гэрт нь бэлэн байрласан байдаг байлаа. Хэрэв Маогийн бие алжаавал эмнэлэгийнхэн хамаг багажтайгаа ирээд сахиад суучихана, заримдаа долоо хоногоор хүлээгээд л байна.

Мао гоё хувцсыг хэзээ ч тоож байгаагүй. Тэр гангалах биш харин тааваараа тансаглах дуртай нэгэн. Хуучин гутал хөлд амар байдаг гээд нэг гутлыг жил тайлалгүй өмсөнө. Бие хамгаалагчид нь шинэ гутлыг нь эхэлж өмсөн хэлбэнэ. Түүний гэрийн халаат, хөнжил, гар нүүрийн алчуур нь битүү нөхөөстэй. Гэхдээ энэ бол ердийн нэг нөхөөс бишээ. Эдгээр алчуур сэлтийг Шанхайд аваачин дээд зэргийн оёдолчид зориудаар нөхөөс тавьдаг учир жинхэнэ урлагийн бүтээл болох учир шинээсээ хавьгүй үнэ цэнтэй эд болно. Дарангуйлагч маань ийм л хачирхам сонирхолтой байж дээ.

Алив орны удирдагч олон харш өргөөтэй, тансаг амьдралтай байх нь тийм ойлгомжгүй зүйл биш байж болно л доо. Харин Мао өөрийнх нь минут бүрд сүйтгэн хаядаг зүйлтэй нь ч харьцуулахад тун өчүүхэн юм шамшигдуулсан мянга мянган хүнийг тэр үед чухам үүнийх нь төлөө цаазлан хороож байсан юм. Тэр үеийн хятад хүний зүүдэнд ч ормооргүй байдлаар тансаглах мөртөө өөрийгөө “ард түмний зарц” гэж суртчилна. Ийм тэс өмнөө хоёр нүүр нь Маогийн ичгүүргүй зангаар тайлбарлагдана.

Амьдралын салбар болгонд энэхүү хоёр нүүр гаргах явдал хэвийн үзэгдэл байсан боловч бэлгийн амьдралд хамгийн хэрцгий хэлбэрээр илэрч байлаа. Моа доод тушаалтнуудаасаа гэр бүлийн ёс жудгийг хатуу шаардана. Эхнэр нөхөр хоёрыг Хятадын хоёр өөр өнцөгт томилолт өгөн явуулаад жилд ердөө л арван есөн өдөр л хамт байхыг зөвшөөрдөг байлаа. Сая сая хүмүүс өөрийн эрхгүй олон сараар гэр бүлээсээ тусдаа амьдарч байлаа. Бэлгийн дур хүслийг байгалийн бус аргаар буюу хүчээр ингэж дарах ба хэрэв ямар нэг самуурал баригдвал есөн шидийг хэлбэрээр дарамталж доромжлоно. Гэртээ эргэж ирсэн нэгэн эх оронч хятад эрийг дарамталсаар байгаад гар хангалага хийдэг байснаа хүлээн зөвшөөрч өөрийгөө доромжилсон бичиг үлдээгээд унтлаганыхаа өрөөнд орон дээрээ боймолж үхэх байдал руу шахан оруулсан жишээ бий.

Гэтэл Мао өөрөө болохоор үл нэвтрэх нууц хөшигнийхөө ард бэлгийн хуял тачаалаа хангах мянган аргатай байлаа. 1953 оны долдугаар сарын 9-нд тушаал гаргаж залуу хүүхнүүдийг цэрэгт татан уран сайхны бригад байгуулахаар болов. Энэ хүүхнүүд бол Маогийн янагийн холбоотнууд гэдгийг армийн тэр хэсэгт ажиллаж байсан хүн болгон мэддэг байсан. Арми хамаандалж байсан Пэн Дэхуа тэднийг “Эзэн хааны татвар эмс” гэж нэрлэсэн нь дээш дуулдаж энэ нь хожим түүнд тун ч хүнд хариу болон туссан юм. Пэн Дэхуагийн ёгтлол Маод нөлөө үзүүлсэнгүй, харин ч бүр мөнөөх армийн уран сайхны бригад өргөжин нэгдсэн анги болон томорлоо. Энд дуучин бүжигчнээс гадна сувилагч, үйлчлэгч нэртэй хөөрхөн хүүхнүүд нэмэгдэх болж, бүгд Моагийн эдлэнд амьдрана. Эдэн дундаас Мао өөрөө аль аятай харагдсанаа ээлжлэн сонгоно.

Зарим хүүхнүүд үйлчилгээний ажилтнуудын нэгэн адил Маогоос цалин авна. Өгч буй мөнгөний хэмжээ хариугүй юм боловч, энэ муу өчүүхэн шангийнхаа хэд байхыг Мао өөрөө шалгаж тооцоолно. Мао хорголоо тоолдог нэгэн учир гэрийн зарлагаа өөрөө хянадаг байжээ. Ингээд нэгдсэн бүртгэлийг ядарсан тариачны онигор нүдээр хянан шинжинэ.

Маогийн орлого зарлага дээр “тусгай тооцоо” гэсэн хувийн нууц данс бий. Энд түүний бичсэн юмны шагналын мөнгө хуримтлагдах аж. Хичнээн их хангамжтай мөртөө өөрийнхөө бичсэн шилээвэрийг Хятад даяараа уншихыг шаардаж шахна. Тэгэхдээ бусад хүмүүсийн бичсэнийг нийтлүүлэхийг байнга хориглохыг нь яана. Заримдаа энэ дансанд 2 сая юань цуглах явдал ч бий. Энэ бол тухайн үеийнхээр сансрын тоо шүү. Энэ тооны хэмжээ дамжааг ойлгуулахын тулд жишээ авъя л даа. Маогийн ойр орчимд үйлчилж байсан хүмүүсийн жилийн цалин нийлбэрээрээ 400 орчим юань болдог байлаа. Гайгүй жилд гэхэд л хөөрхий тариачны жилийн орлого хэдхэн юань болно. Тэр байтугай нэлээд бололцоотой хятадуудын хуримтлал хэдэн зуун юаниас хэтэрдэггүй байсан.   
Мао өөрийн байгуулсан маоист Хятаддаа цорын ганц саятан нь байлаа.
"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив