Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
ХА ХА ХА... ХЭ ХЭ ХЭ... ХО ХО ХО
2010 оны 10 сарын 26 [Уншсан тоо: 71197]
Хэд хоногийн өмнө мэдээллийн бүх хэрэгслэлээр нэгэн “аймшигт мэдээ” явав. Сонин, радио, телевизээр зэрэг зэрэг яваад эхлэхээрээ захиалгат мэдээ байдаг. Яг адилхан юмаа давтаад байвал нэлээд дээрээс мөнгө төгрөг зориуд зарсан эд байдаг. Манай нийгэмд тогтсон нэг үзэгдэл. Үзэж сонсож байгаанууд нь ч мэддэг болчихсон хуучирсан арга барил даа. Ийм тохиолдолд захиалагч мөнгө төгрөгтэйгээс гадна ямар нэг том “ав”-д мордсоныг илтгэж буй хэрэг. Хэдий чинээ том, аймаар, зарчмын юм хэдий чанга хашгирна – цаад асуудал нь төдий хэрээр жижиг, хувийн, яльгүй юм байдаг.

    Тэгэхээр хэд хоногийн өмнө Монголын нийт мэдээллийн хэрэгслэл дохио авсан мэт нэгэн зэрэг “хувийн хэвшил дахь авилга төрийн авилгаас олон дахин том байгаа ба энэ нь манай орны сүйрлийн эхлэл, аягүй бол төгсгөл нь юм” гэсэн лут нээлт байлаа. Үнэмшилтэй сонсогдоно, учир нь голлон зарлагч нь Хувийн эздийн холбооны нэлээд ланжгар гар гэнэ. Ийм холбооны хүн өөрснийгөө мэдэлгүй ч яах билээ. За, энэхүү улс орныг хөмрөх гээд байгаа аюул, нарийн яривал аймшигт гэмт хэрэг яаж илэрч байна вэ гэвэл, хувийнхан хүн ажилд авахдаа хахууль авдаг гэнэ, юм хүмээ бүтээхдээ өнчин ядуу хүмүүсийг шулдаг гэнэ. За нэг иймэрхүү л юм ярьсан. Өөр дорвитой ял нэрлэж чадсангүй.

    Авилга гэдэг нэршил бол ерээд оны дунд үед коррупци гэсэн үгд өгсөн орчуулга. Британника тольд энэ үгийг “Амлалт, бэлэг, зөвшөөрөл эсвэл мөнгө болон үнэт зүйлсээр нөлөөлөх зорилгоор төрийн албаныхан болон олон нийтийн ажилтныг худалдан авахыг хэлнэ” гэжээ. Цааш нь авилгыг орон нутгийнхаас авахуулаад нийт үндэстний эрх баригч төрийн албаныхны зүгээс үйлддэг хүнд ноцтой гэмт хэрэг хэмээн тодорхойлсон байх юм. Авилга бол төртэй л хамаатай зүйл. Ингэхээр хувийнхны хооронд хээл хахууль л байна уу гэхээс авилга байх учиргүй. Мэдээж хувийн зүгээс төрийн ажилтныг хахуульдвал энэ нь авилга мөн л дөө. Юутай ч энэ процессийн ядахнаа нэг үзүүрт нь олон нийтийн, эсвэл төрийн үүрэг гүйцэтгэгч субъект байж байж сая авилга болох учиртай. Ямарчиг байсан дэлхий даяараа ингэж ойлгодог юм байна.

    Хувийн үйлдвэр компани авилгад автах нь ямар ч утга учиргүй хэрэг. Арын хаалгаар эсвэл мөнгө төгрөгөөр юу ч чаддаггүй хүн ажилд авбал өөрснөө л хохирно шүү дээ. Харин тус компаний ажилтан хээл хахуулиар мануухай ажилд оруулбал энэ нь улс орныг биш тухайн компанийг хорлосон хахуулийн шинжтэй асуудал. Одоо нүүрсний үнэ өсч Хятадын жижиг компаниуд уурхайгаас нүүрс авахын тулд арга үйлээ барж байна. Тэд авилга өгдөг, гэхдээ хэнд гээч, улсын эсвэл олон нийтийн өмч бүхий байгууллагад өгдөг. Жижиг Таван толгой хадандаа гарч байна л гээд байна, тэр уурхайн хагас нь орон нутгийн өмч байхгүй юу даа. Түүнээс зуун хувь хувийн компаний эзэн нүүрсээ мөнгө авч хямдхан өгөх ямар хэрэг байна? Тэнэг л биш бол. Харин Эрдэнэтийн зэсийн баяжмалын наймаа үргэлж ингэж явагддаг. Энэ худалдааг олон улсын жишигт хүргэж, ил тод явуулж, биржид бүртгүүлэх гэсэн удаа дараагийн оролдлого сүйрэн унасан. Улангассан “эх орончид” шууд л босоод ирдэгийг хэн хүнгүй санаж байгаа. Зэсийн концентрацийг багаар тооцох, өртгийг нь албаар өргөж өгөх, биржийн үнийн хөдөлгөөний огноог засах гээд түмэн арга бий. Хувьд байсан бол мангар л биш юм бол юмаа хямдруулж өгөх ямар хэрэг байх билээ.

Энэ жишгээр төрийн мэнэжмэнттэй улсын бүх үйлдвэр албан газар ингэж ажиллаж байгаа. Сая Ухаа худгаас хил хүртэл хувийнхан хувийн зориулалтаар хатуу хучилттай зам татжээ. Дөчин см зузаан бетон цутгаад дээгүүр нь зөөлөвч хийгээд тэгээд асфальтаар хучсан 12 метр өргөнтэй замын км тутмын өртөг нь шороон дээр шууд асфальт нялсан найман метр өргөнтэй Замочирын замаас хямд тусаж байна гээд бод доо? Улсын мөнгө ёоёо гэхгүй нь л сайхан юм даа.

    За ингэтэл яагаад гэнэт хувийнхны авилга төрийнхөөс олон дахин давж унаж байгаа тухай улс даяар шуугиан үүсгээд унав? Миний бодоход энэ нь Авилгатай тэмцэх газрын даргыг солих тухай яриа гарсантай холбоотой болов уу? Тэр эрхэмээс айхгүй хүмүүс надаас эхлээд олон бий. Нэг үгэндээ гарт нь орж ирэхгүй байгаа хэрэг. Ингэхээр ийм шуугиан үүсгэж байгаа болов уу. Мөнөөх хувийн хэвшлийн холбооны хүнд гарын хэлж байгаагаар энэ асуудлаар эрүүгийн ял үүсгэх тухай хуулийн төсөл бэлдчихээд байгаа гэнэ. Ингэхээр улсаас хулгай хийдэггүй, өөрийгөө тэжээгээд явдаг илүү үгтэй амьтас навтага хийнэ гэсэн тооцоо гаргасан бололтой. Хувийн компаний эзний холын хамаатан нэг шаар ажилд оруулж өгнө гээд хэн нэгнээс хэдэн төгрөг салгачихсан чинь мангуу амьтан ажилд авч хохирсон эзэн дээр нь Авилгатай тэмцэх газрын дарамтанд давхар орж тэдэнд авилга нэмж өгөх хэрэг гарах нээ дээ?

    Сандлаасаа ховхрохгүй гээд үхэн хатан зууралдаад байгаа мань шаарын асуудлыг шийдэх гэж байгаа гишүүн авилгачдын тэн хагас нь хулгайч нар л даа, миний мэдэхээс. Мэдээж түүний оронд хэн ч байсан хуучирсан локмотив будаад хэдэн сая доллароор шахсан тухай бичиг духан дээрээ наагаад л Хууль зүйн байнгын хорооны хаалгыг хэмх өшиглөөд орох нь тодорхой. Муусайн юмнууд юу гэдгийн? Бусдынх нь материал байхгүй гэх үү? Хулгай хийгээгүй хэн байгаа юм? Бүгдээрээ л ямаанаас эхлэх чинь билээ! Ёо ёо, данхалзана биз дээ? Ингэхээр тэд Авилгатай тэмцэх газартай тэмцэх байгууллага л шинээр байгуулахгүй юм бол... хо хо хо.. хэ хэ хэ... хи хи хи...

    Зайлуул даа, дарга л байгаад байя гэхээсээ энэ местнээсээ ховхорвол урьд хийсэн нүгэл нь илрэнэ гэдгээсээ илүүтэй айдаг юм шиг билээ. Энэ тайлбараар бол олон жил төр зайдагнасан нэг эрхэмийн гаргаж буй гаж араншин ч ийм шалтгаантай байх. Уг нь Авилгын газрын дарга суудал дээрээ үлдлээ ч гэсэн УИХ-ын тусгай хорооноос нэгэнт хууль зөрчсөн гэсэн дүгнэлт гаргачихсан учир яаж ч гүрийгээд, хэнийг ч юугаар ч айлгаж шантаажлаад хууль зөрчигч хууль зөрчигчөөрөө л үлдэнэ. Ямар ч ха ха хи хи байхгүй. Богинын зайд л болохоос уртын зайд бол түүх цаг гэдэг хорлонтой эд дээ. Сая Хөрөнгийн биржид хөндлөнгийн аудитын шалгалт оржээ. 550 сая төгрөгийн зарлагатай, үндсэн үйл ажиллагаанаасаа буюу биржийн ажиллагаанаас 250 сая төгрөгийн орлоготой байна гэнэ. 350 сая төгрөг туслах аж ахуйгаасаа олдог гэнэ. Туслах аж ахуй нь хэдэн хонь ямаа үхэр, тэгээд газар тариалан юм байна. Юун мал аж ахуй хөрөнгийн биржтэй холилддог байнаа? Их амархан, захирал өөрийн мал аж ахуйнхаа 49 хувийг улсын биржид шахчиж. Одоо тэрээр ажлаа яасан ч өгөхгүй гэж байгаагаас гадна өөрөө сайн ажиллаж байгаа учир энэнээс болоод Хонконгийн бирж дампуурч хаалгаа барих гэж байгаа хэмээн сонинд ярилцлага өгөөд явж байна, цаана чинь. Хо хо хо.. хи хи хи... ха ха ха... манай бодит амьдрал ямар ч шилдэг онигооноос хэдийнээ давчихсан шүү дээ.

    Ер нь ийм байдаг юм шүү дээ, таминь ээ, ухаан гаргахад хязгаар бий, байгаль цаанаасаа тухайн хүний оюунд дээд хязгаар тавьчихсан байдаг юм. Харин тэнэгтэхэд хязгаар гэж үгүй. Яаж л бол яаж дураараа дүнхүүрч болно. Нийгмээрээ ингэхээр ёстой нэг үзүүштэй юм болж байгаа нь тэр дээ.

2010.10.25
"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив