Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Коллеж ба их сургуулийн ялгаа
2010 оны 11 сарын 9 [Уншсан тоо: 108983]
(Өөр бас бусад ялгааны тухай)

Дэлхийн хамгийн ууган их сургуулиудын нэг нь Парис дахь Сарбоны их сургууль юм. Тэнд англичууд ирж сурдаг байж. Гэтэл Англи, Франц хоёр муудан дайн тулалдаандаа хүрсэн учир англичууд өөрийн нутаг дээр анхны их сургуулиа байгуулжээ. Энэ бол XII зууны эх буюу Чингисээс зуугаад жилийн өмнөх явдал. Ингээд соёл шинжлэх ухааны хоёр том төвийн хооронд жишиг, нэршилээс авахуулаад үзэл баримтлалын зөрөө гарч ирсэн аж. Цааш хэдэн зуун жил өнгөрөхөд англичууд шашны хувьд ч Ромын папаас тусгаарлаж протестант шашны англикан хэмээх өөрийн бие даасан сүм хийдтэй болоод авав. Англичууд бүхнээс түрүүн феодлын бурангуй ёсыг устгаж парламетат ёсыг буй болгосон ба үүгээрээ дамжуулан Үйлдвэржилтийн их хувьсгалд бүхнээс түрүүн давхиж орлоо. Шинэ тив нээгдэхэд тэд мөн л хамгийн түрүүн Хойд Америкийг тэр чигээр нь эзэлсэн асар том колонитой болсон.

    Энэ бүх процесс Францад нэлээд хожим явагджээ. Гэвч мөнхийн өрсөлдөгч англичуудаас дутахгүйн тулд тэд өөрийн дэг сургуулийг шинжлэх ухаан, соёл урлаг, аж үйлдвэр, эдийн засгийн бүхий л салбарт буй болгосон юм. Чухам энэ зөрөөнөөс болж Францаас гаралтай “эх газрын”, Англиас үүсэлтэй “англо-саксоны” гэсэн хоорондоо ялгаатай жишиг стандарт буй болжээ. Хуулийн бүхий л жишиг түүнээ дагасан олонхи стандарт энэ зөрүүг улам баталгаажуулна. Лалын зарим оронд мөрддөг шариатын хуулийг эс тооцвол өдгөө дэлхий даяар баримтлах хуулийн тогтоц Ром Герегийн системээр явдаг боловч энэ нь дотроо эх газрын, англо-саксоны гэсэн ялгаа бүхий хоёр өөр дэг сургуульд хуваагдана. Шүүхийн тогтолцоон дээр харахад л англо-саксоныхоор хэрэгтний гэм буруутай эсэхийг бие даасан тангаргын шүүгч нар эхэлж тогтоосны дараа шүүгч ялаа өгдөг бол эх газрынх болохоор ганц шүүгч өөрийн дотоод үнэмшилдээ тулгуурлан шууд шийтгэлээ ногдуулах жишээтэй. Анх Францад тогтоосон Си систем буюу Олон улсын нэгжийн системийг англо-саксончууд аваагүй. Иймдээ бид фут, паунд, фаранхайтын хэм, унци, бушель, галоныг өөрийн метрийн системд хөрвүүлж ойлгох гэж үйлээ эдэлдэг. Гэхдээ англо-саксончууд шинжлэх ухааны салбарт мм, литр, кг, цельсын хэм гэх мэтээр Олон улсын нэгжийн системийг аргагүй хэрэглэдэг л дээ.

    Энд гол нь боловсролын тогтолцоон дахь хоёр өөр жишгийн тухай өгүүлэх гэсэн юм. Эх газрын болон англо-саксоны жишгээс өөр олон хэмжүүр нэгж шалгуур орон болгонд л байсан л даа. Хятадууд ли, мүн, цэн гэж хэмждэг бол монголчууд төө, сөөм, тохой гэх мэтээр. Тан улсын үед бүрэн боловсронгуйжсан Хятадын шалгалтын зэрэг дэвийн тусгай шалгуур байдаг бол, монголчууд төвдийн нөлөөгөөр гавж, маарамба зэрэг цол өгдөг нь бүдүүн тоймоор хэлэхэд эхнийх нь философийн, дараагийнх нь анагаах ухааны зэрэг дэв аж. Гэхдээ орчин үеийн ертөнц нэгдсэн нэг жишиг рүү орж буй юм. Харин англо-саксон болон эх газрын тогтолцоо зэрэгцэн оршсоор байна.

    Германчууд Францаас, оросууд Германаас, монголчууд Оросоос дамжуулан хэрэглэсээр ерөнхийдөө Монголд эх газрын тогтолцоо бүх салбарт өөриймшсөн юм. Гэтэл 1990 оноос англо-саксоны систем салбар болгонд зэрэгцэн орж иржээ. Зурагтын дэлгэцийн хэмжээг инчээр ярьдаг нь ч дэлхий даяар тогтсон зүйл гэж бодъё. Гэтэл хуульд энэ хоёр өөр тогтолцоо зэрэгцэн орж ирсэн нь маш их будилаан үүсгэж байгаа юм. Боловсролын тогтолцоонд хоёр систем зэрэгцсэнээр бүр ч бантан боллоо. Ойлголтын асар их зөрөө гарч толгой эргүүлэх нь ч яахав гэхэд үйлдлийн, сонголтын, хөгжлийн буруу хандлага буй болгож байна.

    1990 он хүртэл манайд мөрдөж байсан боловсролын тогтолцоо нь эх газрын систем дээр шинэчлэл хийсэн зөвлөлтийн жишиг байсан юм. 8+4 буюу ерөнхий боловсролын эх газрын тогтолцоо нь хүүхэд 8 жил ерөнхий боловсрол эзэмшээд үлдсэн 4 жилд нь лицей, гимнази гэх мэтээр нэрлэгддэг сургуульд тусгай чиглэлээр суралцдаг аж. Үүнийг зөвлөлтийн систем 10 жилийн ерөнхий боловсролын систем болгон өөрчилсөн ба үүний зэрэгцээ 8-р анги төгсөөд 4 жил техникумд сурган тусгай дунд мэргэжил олгох болжээ. Дээд сургууль нь 4-5 жил үргэлжлэх ба төгсөөд магистерийн зэрэг авч тусгай дээд мэргэжилтэй болно. Гэхдээ технологич зэрэг мэргэжилтэн нь магистерийн зэрэггүйгээр дээд мэргэжил эзэмших аж. Зөвлөлтийн хувилбарт магистер гэсэн албан ёсны дэв олгодоггүй боловч диплом хамгаалдаг, хамгаалдаггүй гэж ялгах ба хамгаалдаггүйг нь манайд заримдаа “хагас дээд сургууль” гэж нэрлэж байв. Багшийн дээд сургууль нэг хэсэг диплом хамгаалдаггүй “хагас дээд сургууль” байснаа хожим нь өөрчлөгдсөн ба түрүүн төгсгөсөн хүмүүсээ дахин сургаад диплом хамгаалуулж байв.

    Эрдмийн зэргийн хувьд гол төлөв гуч орчим насандаа 2-3 жил суралцан докторын зэрэг хамгаалах ба үүнийг зөвлөлтийн хувилбарт шинжлэх ухааны дэд эрдэмтэн гэж нэрлэж байв. Үүний дараагийн зэрэглэл нь эх газрын нэрээр доктор хаблит ба зөвлөлтийн хувилбараар шинжлэх ухааны доктор юм. Энэ зэрэгт хүрэхийн тулд тусгайлсан судалгаа бие даан хийсэн байх ба тухайлан суралцдаггүй, хугацаа үгүй. Энэ докторын зэргийг гол төлөв 40-өөс дээш насанд хамгаалдаг. Дээд сургуульд багшилдаг хүнд доцент, цаашлаад профессор цол олгоно. Эрдмийн зэрэг нь бүтээлээ батлаж хамгаалдаг зэрэг бол профессор нь зөвхөн багш нарт өгдөг цол юм. Эндээс “зэрэг” ба “цол” нь тусдаа өөр ойлголт нь харагдаж байна. Гэхдээ профессор цолтой болохын тулд докторын зэрэгтэй байх бичигдээгүй зарчим бий. Эх газрын тогтолцооны боловсролын систем ийм байдаг.

    Тэгвэл англо-саксоны боловсролын тогтолцоо нэлээд өөр. 12 жилийн сургалтаар ерөнхий боловсрол олгоно. Гэхдээ сүүлийн 3-4 жилд тухайн хичээлийг сонгон гүнзгийрүүлдэг ба тэр хэрээрээ шалгалтын зэрэглэл өөр өөр байдаг. Үүнийг ахлах сургууль гэж нэрлэнэ. Дараа нь дээд сургууль 3-4 жил үргэлжлэх ба төгсөөд баклаварын зэрэг авна. Дараа нь мастер зэрэглэлтэй болохыг хүсвэл 2 жил суралцана. Пи Эйч доктор хэмээх хамгийн сүүлчийн зэрэг авахын тулд дахин 2-3 жил суралцах ба энэ зэрэгт хүмүүс гол төлөв 30 наснаасаа өмнө хүрдэг байна. Үүнээс хойш зэрэг хамгаалах юм байхгүй, гэхдээ пост градүэт хэмээх сургалт дадлагад байнга хамаарч мэргэжлээ дээшлүүлэн бататгах шаардлага олон хүнд гардаг. Дээд сургуулийн багшид профессор цол олгох ба энэ нь ассистэнт, жинхэнэ, хүндэт гэх мэт дотроо зэрэглэлтэй. Мэдээж профессор хүн дор хаяж пи эйч доктор байх ёстой нь ойлгомжтой. Энэ бол англо-саксоны боловсролын тогтолцооны бүдүүвч.

    Ийм зөрөөнөөс болоод коллеж, их сургууль, дээд сургууль, ахлах сургууль, техникум, лицей, гимнази зэргийг хольж ойлгох явдал манайд элбэг байна. Үүнээсээ болоод мэргэжил сургуулиа буруу сонгох цаашлаад амьдралдаа алдаатай сонголт хийх явдал нэг бус ажиглагдах юм. Лицей, гимнази, ахлах сургууль, техникум зэргийг яахав ойролцоогоор нэг төвшинд ойлгож болох юм. Гэхдээ хоорондоо нэлээд ялгаатай. Техникумд тусгай дунд мэргэжил олгодог бол лицей, гимнази, ахлах сургуульд аль нэг чиглэлд ахиу өргөсгөсөн сургалтанд хамрагдсан ерөнхий дунд боловсрол олгодог. Техник мэргэжлийн сургууль гэж манайд байсан, тэнд мэргэжлийн ажилчин бэлддэг бол үүнийг англо-саксоны тогтолцоонд төлбөрт сургалтаар (курс гэж манайд бас ярьдаг) олгодог байна. Одоо жишээ нь уул уурхайн компаниуд дэргэдээ сургалт явуулаад байгаа нь хуучныхаар бол ТМС л юм даа.

    Их сургууль гэдэг ойлголт нь эх газрын тогтоцоор бол олон төрлийн мэргэжил олгодог дээд сургууль юм. Ямар мэргэжил олгож байгаагаасаа хамаараад их сургууль факельтутуудад хуваагдана. Одоо үүнийг манайд “сургууль” гэж нэрлэх болжээ. МУИС дотроо олон сургуулиудад хуваагддаг. Гэхдээ нэг удирдлагатай. Гэтэл англо-саксоны тогтоцод их сургууль гэдэг нь бие даасан олон коллежоос бүрдсэн нэгдлийг хэлнэ. Тухайлбал Кэмбрижийн их сургууль нь 13 коллежоос бүрдэх ба үүний 7 нь хувийн, үлдсэн нь улсын өмчид хамаарна. Коллеж болгон өөрийн физикийн, химийн, хэлний ангиудтай байж болно, харин аль нэг коллеж нь аль нэг мэргэжлээр бусдаасаа илүү тодорсон байх нь элбэг. Коллежууд хуралдан дундаасаа их сургуулийн захирал болох канцлерийг сонгох ба энэ хүн коллежуудын харилцан уялдааг зохицуулах болохоос дотоод хэрэг, санхүүд нь оролцох эрхгүй. Коллеж болгон өөрийн дүрэмтэй, санхүүтэй бүрэн бие даасан боловч боловсролын ерөнхий төвшингөөр адил стандарттай байх ёстой. Өөрөөр хэлбэл МУИС-т физикийн анги гагцхүү байгалийн шинжлэлийн сургуульд байдаг бол Кэмбрижийн их сургуульд физикийн анги таван коллежид нь байх жишээтэй.

    Ганцхан коллежтой дээд сургууль “коллеж” нэрээр явдаг. Их сургууль болохын тулд хэд хэдэн коллеж нэгдэх ёстой, “университет” гэсэн үг нь тал талын гэсэн утгатай учраас тэр. Дэлхийд алдартай коллеж олон буйн нэг нь Мэссэчүсийн технологийн институт юм. Ганцхан коллежтой, гэхдээ хэдхэн гудамжны цаана орших Харвардын их сургуулийн хамгийн хүчтэй өрсөлдөгч. Төрүүлсэн Нобелийн шагналтнаар Харвардаас илүү гарна гээч. Миний бие 20 жилийн өмнө Лондонгийн Импириал коллежид пост градүэт сургалтаар жил дадлага хийн ажиллаж байсан. Энэ коллежид Нобелийн шагналтан дөрөв байсны нэг нь сүпэр нэгдлийн онолыг үндэслэгч аугаа физикч Салам байлаа. Би хорь гаруй эрдэмтэдийн хамт нэгэн зүйл жимсний шүүс гаргах хэмжээг нэмэгдүүлэхийн тулд гений өөрчлөлт хийх төсөл дээр ажилласан. Энэ нь 7 тэрбум долларын өртөгтэй, олон жил үргэлжилж хэдэн зуун коллеж хамтарч хийсэн хүний гений бүрэн зураглал гаргах аврага төслийн хажууд өчүүхэн эд л дээ. Дээрхи жимсний шүүсний гарцыг генийн өөрчлөлтөөр нэмэгдүүлэх төслийг жүүс хийдэг нэгэн томоохон компани санхүүжүүлж байх жишээтэй. Дэлхийд нэрд гарсан Лондонгийн Кинг коллеж ч ялгаагүй ганц коллежтой учир их сургууль гэж нэрлэгддэггүй. Энэ хоёр коллеж нэр хүндийн болон зэрэглэлийн хувьд хэдэн арван коллежоос тогтсон Лондонгийн их сургуулиас хавьгүй дээгүүр зиндаатай. Их сургуульд нэг профессорт олон оюутан ноогддог бол коллежид цөөн ноогдог болохоор илүү чанартай ч гэж мэтгэх хүн байдаг юм билээ.

    Алив сургуулиудын хүлээн зөвшөөрөгдөх гэж нэг асуудал бий. Манайд үүнийг Боловсролын яам шалгаж акридитаци олгодог. Олон улсын төвшинд хүлээн зөвшөөрөгдсөн дунд сургууль бол Улаанбаатарын Олон улсын дунд сургууль байна. Японд хүлээн зөвшөөрөгдсөн дунд сургууль нэлээд хэдэн жилийн өмнө Улаанбаатарт байгуулсан нь тун амжилттай болж уг сургуулийг төгсөн 160 гаруй залуус өнөөдөр Японы янз бүрийн их сургууль, коллежид сурч байна. Германд хүлээн зөвшөөрөгддөг Гөтэгийн нэрэмжит дунд сургууль ч бас манай оронд үйл ажиллагаагаа явуулаад хэдэн жилийн нүүр үзлээ.

Улс хоорондоо биенийхээ сургалтыг хүлээн зөвшөөрөх гэж асуудал бий. Тайваньд Монголын акридацитай дээд сургуулиудыг хүлээн зөвшөөрдөг мөртөө Хятадын, тэр байтугай Бээжингийн их сургуулийг хүлээн зөвшөөрдөггүй. Энэ ч яахав улс төрийн шалтгаантай биз. Манайд сүүлийн үед гадаадын дээд сургуулийн салбар байгуулагдаж байгаа нь цаад орондоо хүлээн зөвшөөрөгдөж байгаа хэрэг юм. Тухайлбал Плехановын эдийн засгийн дээд сургуулийн Улаанбаатарын салбарыг төгссөнөөр Орос улсад диплом нь хүлээн зөвшөөрөгдөнө гэсэн үг юм. Хэдэн жилийн өмнө Улаанбаатарт Хардфордын коллеж байгуулагдсан ба саяхнаас Олон улсын Раффлэс институт гэж нэрлэгдэх болжээ. Энэ сургууль ганц коллежтой учир их сургууль гэж нэрлэгддэггүй л болохоос яг ижил зиндааны юм. Энэ коллежийг Австралийн Засгийн газар акридаци өгч баталгаажуулсан учир Австрали улсад болон Австралийн боловсролын тогтолцооны зэрэглэлийг хүлээн зөвшөөрдөг бусад оронд хүчинтэй гэсэн үг. Миний сонссоноор Раффлэс институтийн дизайн болон эдийн засгийн ангийн баклавар, мастер зэргийн диплом өрнийн ертөнцөд муугүй үнэлэгддэг гэсэн. Америкийн хүлээн зөвшөөрөгдсөн томоохон их сургууль, коллежийн салбарыг Монголд нээхээр хөөцөлдөж, улмаар бүтээж байгаа хүмүүс ч байгаа дуулдана. Энэ жишгээр яваад байх юм бол удахгүй манай боловсролын тогтолцоо дэлхийн жишигт нийцэх бизээ. Юутай ч өнгөрсөн жилээс дунд сургуулиа 12 жилийн болгож дэлхийн шаардлагад нийцүүлсэн билээ.

2010.11.9
"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив