Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Алтанхуяг ерөнхий сайд болсонд орвол Ардчилсан нам лааз өшиглөсөн нь дээр
2010 оны 11 сарын 16 [Уншсан тоо: 83265]
МАХН-д иргэний дайн дэгдлээ. Монголын хувьд энэ нь шинэ юм биш л дээ. Ардчилсан нам хорин жилийн турш дайны байдалд байгаа. Харин МАХН-ын хувьд цоо шинэ үзэгдэл. Намын шинэ удирдлага нэрээ сольж (өөрсдийнх нь хэлж байгаагаар хуучин нэрээ сэргээж байгаа аж) буй нь нөгөө фракцынх нь дайн зарлах шалтаг болжээ. Мэдээж нэрээ солихгүй гэсэн бол сөрөг фракц солих ёстой байсан гээд л дайрах байсан. Ингэхээр асуудал нэр сольсонд биш, гагцхүү шалтаг л хэрэгтэй байсан юм.

    МАХН-ын Удирдах зөвлөл гэж бий. Хуучнаар бол Улс төрийн товчоо л юм даа. Энхбаяр дарга байхдаа энэ зөвлөлөөр хамаг шийдвэрээ гаргаад Улсын их хурлын гишүүдэд тулгадаг байсан. Харин Баяр дарга болонгуутаа гуравдугаар зэрэглэлийнхнээр дүүргээд чадварыг нь эрс бууруулж чадсан. Улсын их хурал, Удирдах зөвлөл хоёр хэнийгээ ч дийлэхгүй хайнцаад, харин намын дарга дундаас нь илүү том шийдвэр гаргаж чадах механизм энэ л дээ. Батболд дарга болж намын нэрээ сольсон төдийгүй Удирдах зөвлөлөө шинэчиллээ. Тэрээр УИХ-ын 15 гишүүнийг тэндээ оруулжээ. Өөрөөр хэлбэл 20 дайсантай болоод авах нь тэр. Одоо энэ гомдогсод буюу өөрсдийнх нь үзэж байгаагаар дорд үзэгсэд хайчих вэ? Түрүүнээсээ эхлээд “бууриа сахина” гээд сагсганаад унасан. Хэний ч мэдэхгүй нэг хөдөөний нөхөр салхи хагалж шууд моодонд оров. Одоо нийтээрээ тэр шинэ хүүгийн тухай л ярьж байна. Хүмүүс царайг нь хараад таньдаг болчихсон гээч.

    Энхбаяр бол Монголын улс төрийн түүхэнд гарсан хамгийн том үзэгдлийн нэг. Нэгэн үеийн Гэндэн л түүнд дөхөж очих байх. Дахиж дарга болох гээгүй гэж ахин дахин яриад байгаа нь үнэн болов уу. Харин өөрийг нь гомдоосон өчигдрийн найз нөхдөө сөхрүүлж улс төрийн тайзнаас эгнэгт арчин хаяна гэсэн чин эрмэлзлэл цээжиндээ хадгалсан нь нэвт харагдана. Одоо тэр МАХН гэдэг шинэ ч юм уу, хуучин ч юм уу нам байгуулна. Энэ нам юутай ч гэсэн УИХ-д нэг суудалтай болоод авлаа. Мөнөөх гомдогсодыг татаад эхлэхэд 8 хүнтэй буюу УИХ-д өөрийн бүлэгтэй болох бололцоо тун өндөр байна. Өнгөрсөн хоёр жилд намаа рэкетлэж есөн шидээр алиалсан нөхөд өдгөө шантаажны шанд гишүүн дээрээ Улс төрийн товчооны гишүүн мяндагтай болж түүгээрээ далайлгах зэвсэгтэй болсныг томоотой явснууд нь өршөөнө гэж үү? Сахилга баттай явлаа гэж шийтгэж байгаа юм уу? Монгол хүн хичнээн томоотой байгаад (тэр байтугай Ху-гийн гишүүн байгаад ч) ийм доромжлолыг тэсэхгүй л дээ. Байнгын хороон даргын сонгууль удахгүй болно, Хэнтийн гурваас авахуулаад л буурь сахигсадын тоо шууд нэмнэ. Ингээд л Энхбаярын шаанс хэд дахин өсч буй хэрэг.

    Жил хагасын дараа болох сонгуульд саяын нэрээ сольдог МАН-ыг бууриа сахьсан гэх МАХН (Монголын ардчилсан хөгжлийн нам, Монгол ардын хөдөлмөрийн нам???) зовооно л доо. Тэдний гол зорилго өөрснөө суудал авахдаа биш, МАН-ыг унагахад оршино. Сайн үзэлцвэл өөрснөө ч бүлэг байгуулах хэмжээнд явж очино. Магадгүй угтан айсуй энэ аюулаас мултрахын тулд Батболд Энхбаярт найрамдал санал болгож болох юм. Магадгүй Энхбаяр энэ саналыг хүлээж авч болох юм, гэхдээ бугуй, цаашлаад төмсгийг нь атгахын тулд л хариу гар сарвайна. Тэгэхэд ч Хүрэлсүхбаатар амьтан болж хувирана л даа. Унаж давхиад олны өмнө мөөрүүлж зугаацана.

    Мөнхийн өрсөлдөгч Ху нам хуваагдаж биенээ мэрж эхэлсэн нь Ардчилсан намд түүхэнд тохиолдоогүй том боломжийг нээж байна. Энхбаяр мандахын хэрээр Ардчилсан намын 2012 оны сонгуульд ялах магадлал нь нэмэгдээд явчиж байгаа юм. Дэлхий сөнөчихгүй бол шүү дээ. Намын дарга Алтанхуяг нь өнгөрсөн жилийн Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан хүн. Намын дүрэм ёсоор нам нь ялалт байгуулаад л байвал дарга нь суудалдаа шигдээд л байдаг номтой. Хэрэв тэрээр жил хагасын дараа ялалт байгуулбал шууд л Ерөнхий сайд. Ерөнхий сайдын суудал ганцхан. Үүнийг бусад монгол ардчилагчид бас л тэсвэрлэж чадахгүй байгаа юм. Алтанхуягийг Ерөнхий сайд болгож муугаа үзсэнээс, яршиг зүгээр тэр муу сонгуульд нь навс ялагдаад гудамжинд лааз өшиглөөд явж байсан нь хамаагүй дээр. Логик ердөө л энэ.

    Энхбаярын ялагдал бол түр зуурын юм. Түүн шиг чадварлаг улс төрч бол байгалийн нэн ховор үнэт олдвор. Ямар ч эргүү инээдтэй шийдвэр гаргасан, эцэст нь тэр тэнэглэл нь чулуу болж хувирах увьдастай. Мэдээллийн хувийн том сүлжээтэйгээс гадна бусад гэмгүй газруудад өөрийн тавдугаар цуваатай. Жишээ нь ТМ гээд шал гэмгүй нэг телевиз дээр Го Бадарч гээд гавъяат сууж байгаа. Ток шоу хийдэг юм. Сүүлийн нэг жил хийсэн ярилцлагууд нь ганц зүйлийг л батлах зорилготой цуглуулга. Долоон сарын нэгний хэргийн зохиогч нь Баяр, таван хүн алсан эзэн нь Баяр, түүнээс гадна Баяр өөрөө намын байран дотор үлдэж байгаад байшингаа өөрөө галдан шатаасан. Энэ нь ч түүнийхээр бараг батлагдчихаад байгаа юм биш үү? Одоо тэрээр энэ бүхнээ “батлагдсан ёсоор” гэсэн тодотголтой ярьдаг болсон. Энхбаяр мань хүнээс ишлэнэ, мань хүн хонзогногсодоос ишлэнэ. Зориуд найруулсан мэдээллийн цуваа л юм биз дээ.

    Ойрноос Го Бадарчийн хүндэт зочноор Зи Энхболд тодорлоо. Хоюулаа ч сайхан бүлтэрлээ дээ. Ардчилсан намын дарга Алтанхуяг баруун зүүнээ ялгахгүй мээнэгтсэнээс болоод ойд төөрсөн сармагчин болчихжээ. Алтангадас мөртөө юу! Хаа байна, тэр зүг чиг заадаг нь? Луужин нь эвдэрчихсэн юм уу, хаашаа юм? Эсвэл 2012 онд дэлхий сөнөх гэж байгаа учраас Алтан гадас од байрлалаа сольсон ч байж магадгүй. Ингээд Ардчилсан намыг эвдэрхий луужингаас салгах юм байна. Юун түрүүн санаж сарвайж явдаг энхрий намаа МАХН байгаад МАН болсон намын хөнжлөөс суга татаж гаргах юм байна. Өөрөө дарга нь болно гэнэ. Ингээд баруунтан болох гэнэ. Чухам энэ үг л Энхбаярт хэрэгтэй юм л даа. Яагаад гэвэл МАН болоочдыг хорлох хамгийн анхны төлөвлөгөөнд Засгийн газрыг тараах явдал байгаа. Үүнд энэ жижиг эрээс илүү тус болох хүн олдоно гэж үү? “Ант Зи” гэж кино мэднэ биз дээ? Тэр нэг муу өчүүхэн шоргоолж үүрэндээ ямар том хувьсгал хийдэг билээ. Харин киноны төгсгөлд өнөө үүрийг нь дурангаар цаашлуулан үзүүлэхэд уг үүр айлын хашааны жорлонгийн дэргэд үл үзэгдэх жижиг нүхэнцэр болон харагддаг ба улам цаашлуулахад айлын хашаа Манхаттаны аугаа барилга дунд үл үзэгдэх шавар тагз болон харагддаг. Хувь заяаны шоглоом л юм даа.

    Гэхдээ манай Зи намын дарга болж чадахгүй л дээ. Энхбаярын зохиолд тийм сюжэт байхгүй. Үүрэндээ л хувьсгал хийнэ биз, наана чинь Манхаттан ярьж байна! Манхаттанд хоёр өндөр байсныг Аль Кайдагийнхан дэлбэлээд будаа болгосон шүү дээ. Зиг дүүрэгдэж шидээд хаалгыг эвдлэн онгойлгох ба түүгээр Гантөмөр, Тэмүүжин, Зандушка гэх мэтийн өөр дуртай дуракууд чихэлдэх болно. Энэ цагт Ардчилсан нам хоёр өндрийн хувь заяаг хуваалцана. Нөгөө өндөр нь МАН болооч байхгүй юу даа. Хэрэв ингэж чадвал МАХН-аараа үлдэгчид төрийн эрхийг ч авч болох юм. Энхбаярыг дуусгачихсан гэж бодож байна уу? Түүний ухаан хоёр өндрийг эзэмшигчдийн хэнд нь ч байхгүй. Эд чинь зохиолын баатрууд шүү дээ. Олдох дүрээ булаацалдаад л... Дэлхийн хамгийн өндөр барилга гээд л сагсалзаад байсан, одоо буурин дээр нь Аль Кайдагийн сүм барих гэж байна. Хувь заяа гэдэг чинь муухай шоглоомтой эд дээ.

    Ардчилсан намын даргад горьлогсод өөр өөрийн хүүхэлдэйг мэдээллийн бүх суваг руу илгээжээ. Хөдөө царайлсан хэдэн бацаанууд намаа шинэчлэнэ гэж орилолдоно. Зохиолд бичигдсэнээр бол, хөөрхий дөө, дэлгэцэн дээр хөл гар нь харагдаад өнгөрөх “туслах дүр” л дээ. Ийм юмыг чинь туслах дүр ч гэх хаашаа юм? Киногоор бол юу гэж нэрлэдэг юм бол? Өнгөрсөн сонгуулиудад Ардчилсан намыг адгийн муухайгаар дайран гүжирдэж явсан Батзандан, Эрдэнээ мэтийнхэн одоо энэ намын ариун цэврийн шалгалтын комиссын дүн танилцуулж яваа нь киног хошин жаанарт хамааруулж байгаа юмаа даа?

    Алтан гадсыг өмөөрч, Алтанхуягийг даргаар нь үлдээн алтан гудсан дээр нь хэвтэж алтан гэдэс болох гээд байгаа юм надад байхгүй л дээ. Нэг дураак нөгөө дураакаараа солигдоо л биз. Баруун зүүнээ мэдэхээ больчихсон тэнэг биш л дээ цаадах чинь, улс төрд хорин жил зүтгэсэн юм болохоор баримжаа байгаа л биз. Гэхдээ тэр чинь зүүнтэн гэж хэлэхэд хэтэрхий хүндэтгэсэн болчих гээд байгаа манай өнөөгийн ердийн нэг популист шүү дээ. Энхбаяртайгаа, Батболдтойгоо, Гантөмөртэйгээ, Хэнтийн хэдтэйгээ (нэмэх нь Үрэлсү), Зи шоргоолжтойгоо, ичин ичин норовтойгоо, жараннаймтайгаа, хутга Эрдэнээтэйгээ, сайхан муухай самбуунуудтайгаа, завсрын үеийн цайчихсан луйварчингуудтайгаа, хиншүү Ганбаатайгаа, лам ба эм баасангуудтайгаа, иргэний рэкетчингүүдтэйгээ, Баярцогттойгоо, Батзандантайгаа, Нямдоржтойгоо яа..ааг адилхан Баяртай Улаан популистууд. Эд баруунтан ч биш, зүүнтэн ч биш, ардчилагч ч биш коммунист ч биш. Эдний хооронд ачир дээрээ яммм-ар ч ялгаа байхгүй. Энэ улс орны буй болоогүй баялагийг түрүүлж тараан хоослогчид. Улс орныг минь хорлогсод. Зүүний бодлого гэдэг бол эдэндээ дэндүү ахадсан нэр томъёо. Улс төр судлалын нэршлээр шүү дээ. Ард түмэндээ л өнөөдөр таалагдаж байвал маргаашийг нь алж байгаагаа ёстой нэг тоохгүй. Царай муутай мөртөө сайхан харагдахын тулд төрсөн эхээ гүтгэхээс ч сийхгүй.  Гүтгэсээр ч яваа.

    Гэхдээ өнөөдөр бидэнд тогтвортой байдал хэрэгтэй байнаа. Ялангуяа өнөөдөр! Монгол орны хувьд ингэж тодрох, томрох, баяжих, бурзайх бололцоо Чингис хаанд ч олдоогүй юм шүү. Жоом алах гэж хөөцөлдөж яваад байшингаа шатаачиж болохгүй. Уг нь ч байшингаа шатаачихвал муусайн жоомнууд бүгд үхээсгий л дээ. Гэхдээ байшин хайрнаа даа? Жоом үргэлж байсан, цаашид ч байх болно. Амьдрал дээшлээд л байна, улс орон хөгжөөд л байна, үүнийг ТВ9-өөс бусад нь хүлээн зөвшөөрөөд байгаа. Бүгдийг бид даван туулна. Бөө нарыг, лам нарыг, үзмэрч нарыг даван туулна. Энэ популистуудыг ч даван туулна. Дараа үеийн боловсролтой ухаалаг залуус ирж явна. Тэр болтол тэсээд өнгөрөх хэрэгтэй байна. Байшингаа шатаачихаад үнс нурам хүлээлгэж өгвөл тэд юун дээр юу босгох болж байна? 1990 оны хувьсгал бидэнд асар том бололцоо олгосон. Олгосон бололцоог сайнтай ч, муутай ч ашиглаад л явна. Жоомноос болоод босгосон болгоноо бүгдийг нь шатаачих гэж үү?

2010.11.15
"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив