Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Үүлэн чөлөөнөөс үхлийн чөлөөнд: МАХН КОММУНИСТ НАМ БОЛОВ (IV)
2010 оны 12 сарын 21 [Уншсан тоо: 69874]
1924 оны Зөвлөлт-Хятадын Бээжин дахь гэрээний дагуу Зөвлөлтийн Улаан армийн нэгтгэлүүд Монголоос гарч явлаа. Монголын төрийн эрх мэдлийг булаацалдаж байсан Элбэгдорж Ринчино, Турар Рыскулов нар арагш дуудагдан Москва буцав. Оронд нь Коминтернээс томилогдож ирсэн Амгаев гэгч төрийн эрх мэдэл булаацалдахуйц хэмжээний хүн биш аж. 1925-28 онд монголчууд өөрснөө засаг төрөө барьж байсан юм. Мэдээж Москвагаас хараат боловч дотоод ихэнх асуудлаа өөрсдөө мэдэн шийдэж байлаа. Бараг л бие даасан улс.

    Хамаг учир хоёр аварга хөршийн хоорондын харилцааны өвөрмөц үе тохиосон явдал юм. Дэлхийн дайны дараах Вэрсалийн гэрээгээр буй болсон дэлхийн шинэ хуваагдалд Хятадын сэхээтнүүд тун сэтгэл дундуур байлаа. 5-р сарын 4-ний хөдөлгөөн хэмээх сүрт жагсаал эсэргүүцэл болж үр дүнд нь Хятадын коммунист нам үүсэв. Бээжин болон Манжуурт эрх барьж буй цэргийн эрхтнүүдийг эсэргүүцдэгээрээ ижилсэж Өмнөд Хятадын Гоминдан намынхан ба коммунистууд нэг тал болжээ. Москва тэр байтугай Гоминдан намынхныг илүү дэмжсэнээр барахгүй коммунистуудыг тэдэнтэй нэг нам бол гэж шаарддаг байлаа. Арай ч нийлчээгүй боловч хоёр намын гишүүнчлэл давхардаж болдог дүрэмтэй байсан юм. Ийм шалтгаанаас болоод Гоминдан намынхан Гадаад Монголын тусгаар тогтнолыг дэмжээгүй юм гэхэд их л төвийг сахьсан байр суурьтай байлаа. Монголчууд тусгаар тогтнох эрхтэй хэмээн Бээжингийн цэргийхнийг шүүмжлэх дуу хоолой ч Кантон, Нанжингаас нэг бус удаа гарч байсан. 

    Гоминданы авъяаслаг жанжин маршал Фэн 1924 оны 10 сард Бээжинг эзэлж Кантоноос Сүн Ятсэнийг урьж авчирснаар Хятадын дотоод самуун хэсэгтээ намжсан юм. Гоминданыхан бүх хятадыг захирч, Коминтернд нэгдэн дэлхийн хувьсгалыг бадраалцвал Гадаад Монголыг Хятадад эргүүлж хүлээлгэж өгөхөд бэлнээ Москва нууц хэлэлцээгээр амалж байлаа. Манжуурт эрхшээлээ тогтоосон японы тал баримтлагч маршал Жан Золинг дарахад зөвлөлтүүд туслахаар болж цэрэг зэвсэг хүн хүчийг Монголоор дайруулж хүргэж өгөхөөр болов. Ү Пэйфү, Жан Золин, Сүн Чуафангийн нийт 750 мянган хүнтэй гурван армийг гоминдан ба коммунистуудын нэгдсэн хүчин Зөвлөлтийн тусламжтайгаар цохих гэж байсан аварга төлөвлөгөө байлаа. Үүний тулд Улаанбаатараар дайрсан төмөр зам татах тухай ч ярьж байв. Гэвч Монголын их говийг нэвтэлсэн ийм тээвэрлэлт дэндүү өртөгтэй байсан учир өөр зам сонгосон юм. Энэ асуудлаар маршал Фэн ч Улаанбаатарт ирж байсан. Хожмын хятадын удирдагч Дэн Сяопин хүртэл Москвагаас Бээжин орохдоо Улаанбаатараар дайрчээ.

    Зөвлөлтүүд Гадаад Монголыг Хятадад хүлээлгэж өгөхийн тулд юун түрүүн МАХН ба Гоминдан намын харилцааг бэхжүүлэх хэрэгтэй гэж үзжээ. Өвөр Монголд Ардын хувьсгалт нам гэдгийг байгуулж тэрнийгээ өлгийдөх ажлыг монголчуудад даатгасан учир Буяннэмэх зэрэг идэвхитнүүд томилолт аван мордлоо. Монголын төрийн удирдагчид болон МАХН-ын дарга нарыг Бээжинд байн байн урьж нэг зорилготой учир Хятадтай нэгдэхийг ятгаж байв. Нэг удаагийн төлөөлөгчдийн айлчлалд Ринчино өөрөө оролцжээ. Гэхдээ мэдээж Оросын харъяат болохоор өөр нэр хэрэглэсэн байдаг. Гадаад Монгол ч Ардын хувьсгалт намтай, Өвөр Монгол ч Ардын хувьсгалт намтай, аль алин нь Гоминдан буюу Хятадын Үндэсний намтай нэг зорилготой, дээр нь Гоминдан намын бараг салбар шахам болсон Хятадын коммунист нам нь Коминтерний гишүүн, иймээс бүгдээрээ нэгдээд дэлхийн хувьсгал хийх ариун тэмцэлдээ хамтран нэг баг болъё гэсэн санааг хятадууд байнга тавьсан байдаг. Хятад, Монголчууд дэлхийн хувьсгал хийх ариун зорилгод нэгдэх аваас Гадаад Монгол нь ахин Хятадын бүрэлдэхүүнд орж, Хиагтын хэлэлцээ маягийн шинэ гэрээ гурван улсын дунд хийж болох юм гэсэн санаатай байсан учир зөвлөлтүүд Монголыг 1925-28 онд ерөнхийд нь зөнд нь орхисон юм. 1921 оны үйл явдлыг “жижиг хөрөнгөтний хувьсгал” хэмээн Коминтернээс албан ёсоор тодорхойлох болов.

    Энэ үед Монголын нам ба төрийн эрхэнд Ноёдын бүлэг болон Бошгыг халах залуучуудын эвлэлийн угшилтай хүмүүс байсан юм. Угшил л гэж ярина уу гэхээс нам дотор үнэндээ фракци хоорондын зөрчил алга болжээ. Үзэл суртлын хов хэрүүл үүсгэдэг оросуудын оролцоо эрс багассан учир Монголын удирдагчдад хоорондоо зөрчилдөх шалтгаан үгүй. Учир нь тэдэнд эх орноо тусгаар тогтнуулах, түүнээ бусад улс гүрнээр хүлээн зөвшөөрүүлэх ганц чиглэлтэй зорилго л байсан. Иймээс тэд зөвлөлтүүдийн хатгаас, хятадуудын аргадалтыг аятайхан эвийг нь олж булзах арга тактик хэрэглэж байлаа. Балингийн Цэрэндорж, Цэвээн Жамсрано, Агданбуугийн Амар болон нам талаасаа Дамбадорж, Жадамбаа нар энэ аятай цагийн боломжийг ашиглахын тулд нэлээд зориг гарган дорвитой хөдөлсөн байдаг. Тэд Монгол улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрүүлэхээр Англи, Франц, Герман, Япон, Америк руу гарц хайж эхэлсэн байна.

    Монгол судлалын талаар холбоо тогтоох нэрээр намын дарга Дамбадаржаа Европын орнуудаар явав. Харбин дахь Америкийн консул, Хятад дахь Британий худалдааны төлөөлөгч нартай Жадамбаа очиж уулзжээ. Манжуур дахь Японы консул, Москва дахь Японы цэргийн атташьег Монголд урьж авчрах гэж Дамбадаржаа хөөцөлдөж байв. Сампилон тэргүүтэй Монголын худалдааны төлөөлөгчид Германд айлчиллаа. Үүний үр дүнд хоёр орны хооронд бартерийн худалдаа хийгдсэн ба Улаанбаатарт анхны цахилгаан станц ашиглалтад орсноос гадна Германы мэргэжилтнүүд түүний дотор геологичид урилгаар ирж ажиллав. Франц, Германд монгол залуусыг илгээн сургуульд сургалаа. Хөвсгөл, Булганд Данийн сайн дурынхан ферм байгуулжээ. Зөвхөн Улаанбаатарт Европ, Америкийн 2 800 орчим хүн амьдарч бизнес эрхэлж байв.  1924 онд батлагдсан Үндсэн хуулийн гол зарчмууд мартагджээ. Тэнд уг нь баяд ноёд, лам, худалдаачин, чинээлэг иргэдийг мөлжигч хэмээн нийгмээс тусгаарлаж улмаар устган сөнөөнө гээд заачихсан байгаа.

    Монголчууд улам цаашилж нийгмийн байгууламжаа Коминтерн болон гоминдан намынхаас өөрөөр зохион байгуулах тухай яриад уналаа. Юун дэлхийн хувьсгал байх вэ, Швейцарь шиг төвийг сахьсан орон болох нь зүйтэй гэх болов. Улам даварч Москвад хандан нармай Монгол байгуулах санал тавив. Хятадад эргэж нийлүүлэх тухай ярьтал өмнөөс нь Халимаг, Буриад, Барга, Өвөр Монголыг өөртөө нэгтгээд зогсохгүй дээр нь нэмж Хөх нуур, Түрэгстан, Төвдийг нэмээд том холбооны улс болох гэнэ. Шанд нь СССР-ээр өмөг түшиг хийж дэлхийн хувьсгалд оролцон социализм байгуулах аж. Мөн Тагна Урианхайг оросууд тусгаар улс болгосонд илэрхий зэвүүцэн “улс болох ийм амархан байдаг юм уу!” хэмээн араас нь байнга зарга хийж байлаа. 1927 онд Москвад болсон Коминтерний их хуралд очсон Монголын төлөөлөгч “МАХН бол жинхэнэ пролетарийн намтай адилгүй. Тус нам нь мал өсгөдөг жижиг өв хөрөнгөтний нам мөн” гэж улайм цайм зарлалаа. Зарим мэдээгээр МАХН-ыг Коминтернээс хөөсөн бололтой байдаг. Юутай ч ингэж хэлсний дараа нь Монголын төлөөлөгчдийг зочин ажиглагчийн хэсэгт хөөн суулгасан байдаг. Харамсалтай нь 1925-28 оны хоорон дахь Монголын шинэхэн түүхийн энэ зурвас үеийн судлагаа гаргалгаа тун ядмаг, бүрхэг юм.

1927 он дуусахын толгой дээр Кантонд коммунистууд гоминдан намын эсрэг бослого гаргаад юу ч үгүй хядуулан нууц байдалд орлоо. Хятадын ихэнх хэсгийг хяналтандаа оруулсан гоминданчууд одоо дэлхийн хувьсгалаас татгалзах нь тэр. Тэдэнд зөвлөлтүүд хэрэггүй болжээ. Ингэж 1949 он хүртэл үргэлжилсэн гоминдан, коммунист намын ил дайн эхэлсэн юм. Өөрсдөөс нь гэнэт санаа буруулсан гоминданчууд энэ үеэс эхлэн Зөвлөлтийн дайсан боллоо. Ингэхээр мэдээж Гадаад Монголыг аажмаар Хятадад шилжүүлж өгөх төлөвлөгөөг шууд хүчингүй болгоно. Ийм тохиолдолд Монголын удирдагчдын явуулж байгаа бие даасан бодлогыг тасар татах шаардлага гарна.

1928 онд Улаанбаатарт олон улсын коммунист дээрэмчдийн десант буулаа. Тэднийг Коминтерн илгээжээ. Дарга нь Чехийн коммунист Шмераль. Тэд даруй МАХН-ын 7-р их хурлыг зарлан хуралдуулж Монголын бүх удирдагчдыг буулган унагаад бараг бүгдийг нь Москва руу ачуулав. Хурлын өмнөхөн Монголын нэр хүнд бүхий удирдагч Ерөнхий сайд Цэрэндорж нас барсан байлаа. Коминтернийнхэн элдвээр эрээлхсэнгүй улайм цайм төрийн эргэлт зохион байгуулжээ. Тэд оросоор “Худонская фракция” гэж нэрлэсэн оюутан болон хөдөөний залуусын дайралтын отряд байгуулж удирдагч нарыг нь яллуулав. Хөдөөний фракци гэгчийн уншсан илтгэл одоо ч архивт бий, тэрний гарчиг нь хүртэл “Платформа оппозиции в МНРП...” гээд оросоороо, дотрох нь монголоор тун тааруухан орчуулсан баримт байдаг.

Арваад жил өнгөрөхөд монголчууд итгэл даахгүйгээ харууллаа. Иймээс МАХН-ын даргад нэг хүн биш, биенээ хянаж байх гурван хүн зэрэг тавьлаа. Ерөнхий сайдад хөдөөний томоотой хөлхи эр Жигжиджавыг тавив. Коммунизмын зэрлэг балмад туршилт Монголд эхэллээ. Гадаадын олон мянган бизнес эрхлэгчдийг нэг амьсгаагаар хөөж гаргалаа. Ард түмнийг мөлжигч ба ядуу ард хэмээн хувааж эхний хэсгийг нь нийгмээс шахах, улмаар алж устгах ажил эхлэв. Шашныг хориглов. Ардуудын малыг хурааж хамтрал байгууллаа. Угсаа гарвалтай хүмүүсийг бөөн бөөнөөр нь баривчлан хороох болов. Хөрөнгө хураалт хэмээх цагаандаа гарсан дээрэм эхэллээ. Явсаар хэдэн жилийн дараа ах дүүгээ хядалцсан иргэний дайнд хүргэсэн. Коминтерний төлөөлөгч Шмераль Москвад бичсэн илтгэх хуудсандаа “Ердөө найман зуухан мянган хүнтэй энэ орон империалистуудын нөлөөнд орохоос нь өмнө бид ямар ч бусармаг муухай аргаар байсан гол нь нөлөөгөө хадгалж байх хэрэгтэй. Газар нутаг нь хүм амаасаа илүү ач холбогдолтой энэ буурай жижиг ард түмнийг бид хөрөнгөт бус хөгжлийн замаар авч явна...” гэжээ. Дэлхийн олон нийтээс далдуур коммунизмын туршилт хийхэд Монгол яг тохирно гэж тэд санал нэгтэй үзсэнээ бичиж тэмдэглэн үлдээжээ.

МАХН ийнхүү эргэлт буцалтгүйгээр хэт зүүний коммунист нам болон хувирлаа.

Жич: ХХ зууны Монголын гурван их хувьсгалын нэг болох 1920-28 оны үйл явдлыг товчлон толилуулахад ийм байна. Өгүүлсэн эл түүх “Монголчууд:Нүүдэл суудал” баримтат зохиолд бүхий л ишлэл, хавсралт, баримт, нотолгоо, гаргалгаатайгаа бий. Иймээс илүү гарах шинэ юм огт өгүүлсэнгүй.

2010.11.29 
"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив