Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Пөөх, энэ Шинэбаяр гэдэг чинь ямар муухай амитан бэ!
2011 оны 1 сарын 10 [Уншсан тоо: 64820]
Шинэбаяр хэмээгч цоо шинэхэн танилыг минь мэдээллийн бүх хэрэгслэлээр алж өгч байнаа, цаана чинь! Нэлээд хэд хоногийн өмнө сонгогдсон тойрогтоо очиж ард түмний дунд шившгээ хутгаж байгааг ёстой бөгсийг нь улайтал харуулсан. Өөдгүй амьтан гэдэг нь нэвт шувт харагдаж байна билээ. Ард түмэн тэр муухай амитаныг үздэггүй юм байна шүү дээ. Жигшээд, хараагаад... эгээтэй л зааланд бөөлжчихгүй байна билээ.

    Гэтэл болоогүй, өөдгүй новшийн цаана өч төчнөөн балиар юм нуугдаж байсан нь өчигдөр уржигдар бүх зурагтаар “захиалгат нэвтрүүлэг” гэсэн хөмсөгтэй гарсан бичлэгээр нэвт шувт харагдлаа байна. Сонгуулиар ард түмнийг үхтэл нь хуурч байгаад гарч ирсэн юм байна, цаадах чинь. Хулхи муу найрка архи тараасан гэнэ, нүүрсний уурхайгаасаа дорнодчуудад ханатал нь үнэгүй түлш зөөж авчраад хашаанд нь буулгаж өгнө гэж бүлтэрсэн гэнэ. Сонгуулийн дүнг зальдаж зассан гэнэ, энд тэндгүй хахууль тараасан гэнэ. Зальтай муу шаарыг!

    Болоогүй ээ, нэвтрүүлгээс харах юм бол тэр Шинэбаяр гэдэг чинь энд тэнд хэвлэлийн бага хурал хийлгээд өвчигнөж явах биш, шоронд бөөсөө түүгээд сууж байх ёстой нөхөр юм биш үү? Мөрийтэй тоглоом зохион байгуулдаг гэнэ. Казиногийн атамаан, аан? Дорнод аймагт байдаг аль л өнгөтэй өөдтэй болгоныг нь хулгайлахыг нь хулгайлаад, дээрэмдэхийг нь дээрэмдээд, луйвардахыг нь луйвардчихаж. Ард түмэн нь тэндээ өлсөж өвдөөд нүднээс гарчиж, харин мань шилийн сайн эр энд Улаанбаатарт 300 ам метр талбайтай хауст эхнэртэйгээ хоюулхнаа биенээ ч олохгүй төөрөөд жаргаж сууна. Бүх хүүхдээ гадаадад дүрвүүлчихэж. Яаж ингэж болдог байнаа? Ард түмэн нүдэн дээр турж эцээд ээлж ээлжээр под под хийтэл унаад л үхээд байна шүү дээ.

    Бодлоо, энэ Шинэбаярын шинжгүй луйварчин төрх нь дөнгөж сая илэрсэн юм болов уу? Бусад 75 нь сав сайн сайхансамбуунууд юм болов уу? Лав харснаар бол тэр Увсын дивтаат гээч нөхөр сонгуулийн өмнө тойрогтоо мөнгө тарааж яваад камердуулчихсан нь зурагтаар гараад л байсан шүү дээ. Шоронгоос дөнгөж гарч ирсэн нэгэн “Гишүүн болохгүй бол энэ цагдаа нар оролдоод зүгээр байлгахгүй нь” гэсэн ярилцлага өгч үзсээр байгаад “сонгогдон”, дараа нь үнэхээр ард түмнээ өмгөөлж байнга ярилцлага өгөгч нулимстай гишүүн болоод амжсан. Хан-Уулын дарга гээд нэг этгээд өөрийн намын идэвхитэнг (хүний нэр шүү!) улайм цайм булхайдаж байгаад түлхэж унагаад гараад ирсэнийг нь тойргийн сонгогч би нүдээр харсан. Хэнтийн гурав сонгуулиар хэрхэн булхайцсаныг зөндөө л сонссон юм байна. Сонгуулийн жинхэнэ хуудас тээр хойно аймгийн захиргааны агуулахаас шуудай шуудайгаараа гарч ирсэн гээ биз дээ. За тэгээд ямаанаас эхлээгүй хэн байхав гэгчээр сонгуулийн өмнө тэгэж жаргуулна, ингэж баяжуулна гэж бүлтрээгүй хэн байх билээ.

    Ингэхээр асуудал Шинэбаяр луйварчиндаа биш (Луйварчин л байх л даа, яаж л жишгээс гажив гэж!) өөр юманд байх шиг. Түүнийг нийтээр жигшээх энэ кампанит ажил нь ХХ зууны турш Монгол даяар өрнөсөн хийрхэлийн үргэлжлэл бололтой. Алив дарангуйллын тогтолцоо цөөнх болсон руугаа, эсвэл эрх баригчдад таалагдаагүй рүүгээ ингэж кампанит байдлаар боорлон дайрдаг. Энэ нь угаасаа дарангуйллын оршин тогтнох үндэс суурь. Дундад зууны үед шулам намнах хөдөлгөөнийг сүм хийд их зохион байгуулдаг байв. Гагц мухар сүсэг төдийгөөр тайлбарлагдахгүй л дээ. Робэспьерийн гильтон, Гитлерийн “болор шөнө”, Сталины “троцкизм”, Маогийн “зуун цэцэг дэлгэрэг” гээд иргэншлээс үл хамаарсан үй түмэн жишээ бий. Энэ тухай Жорж Орвэл “1984” гайхамшигт зохиолдоо памфлет маягаар дүрсэлж үлдээсэн. Ийм системд амьдрагчид “засгаа хайрлах цуглаан”, “үзэн ядах цуглаан” гэх хоёрхон төрлийн арга хэмжээнд зайлшгүй оролцож байх үүрэгтэй. Энийг “тархи угаах” гэнэ.

    “Лхүмбийн хэрэг”-ээс авахуулаад “Жалан- Аажавын хэрэг” хүртэл үй олон үзэн ядах цуглаанд монголын ард түмэн хэдэн үеэрээ оролцож жигшлээ илэрхийлж байсан. Үл оролцвол, намын шийдвэрийг эс тоовол шийтгэлтэй. Лоохуузыг үзэн ядах цуглаанд оролцсон нэг залуу инжинер “Лоохууз яг ямар буруу юм хийчихсэн юм бэ, надад зүгээр тайлбарлаад өгөөч” гээд үнэн санаанаасаа асуучихсан чинь ажлаасаа халагдаад лоохуузынхантай адил цөлөгдсөн байдаг. Ингэхээр нийтээр жигшүүлэх иймэрхүү үзэн ядах цуглаан нь зүгээр нэг ёслол төдий эд биш иргэдийн амь насаар дэнчин тавьсан “нийтийг эв нэгдэлтэй байлгах” гэсэн том арга хэмжээ, аймшигт тархи угаалт байлаа.  

    Нийгэм ардчилахын хэрээр тархи угаалтын хүч шууд унана. Учир нь тэр олон тархинуудыг зөвхөн хүч хэрэглэж байж угаадаг. Зарчим нь тэр. Суртал нэвтрүүлэгт нь үнэмшихгүй бол ялтай, оролцохгүй бол шийтгэлтэй, дэмжихгүй бол тооцоотой. Үнэмшдэггүй юм гэхэд үнэмшсэн болж харагдахгүй бол алуулна. Тийм ч учраас ийм нийгмийн иргэд алхам тутамдаа худлаа ярьж явдаг, сүүлдээ амьдрал жүжиг хоёр нь ялгагдахаа болино. Өөрснөө ч ялгахаа болино. Эрх чөлөөгүй шорон маягийн амьдралаа магтан дуулсаар байгаад нийгмээрээ парнойтой, шизофрений төлөв байдалд ордог.

    Манай нийгэм ардчилсан төлөвт шилжингүүт зарчмын хувьд тархи угаах бололцоогүй болсон. Учир нь өөр үзэл бодол түүнээ илэрхийлэх бололцоо нийгэмд буй болж алийг нь сонгох нь иргэний дур хүслийн асуудал болж байгаа юм. Гэвч нэг нь угаагаад сурчихсан, нөгөө нь угаалгаад сурчихсан инерци 20 жилийн турш үйлчилж байна. Сүүлийн 10 жилд энэ машин бараг явахаа больсон. Гэхдээ эхний арван жил мөн ч сайн үйлчилж байж билээ. 1992 оны сонгууль зөвхөн энэ инерци дээр тулгуурласан. Алт диллерийн хэрэг гэгч нь Улс төрийн товчооны шийдвэрээр 1987 оноос эхэлсэн ба арбитражийн арилжааны алдагдлын ихэнх хувь хуучин нийгэмд хамаарч байсан боловч, “Ардчилал гэдэг ийм муухай эд, энэ хэдэн залуучууд мөрийтэй тоглож байгаад Чингис хааны үлдээсэн бүх алтыг алдаад дууслаа” гэсэн суртал нэвтрүүлэг араасаа амжилт дагуулан шинэ парламентийн нийт суудлыг 71-ийг тархи угаадаг машины мэдэлд аваачиж өгсөн билээ. 2000 оны сонгуульд “Ардчилсан хүчин Зоригийгоо элбэж байгаад алчихсан, эзнийг нь бид одоохон олоод өгнө” гэсэн тархи угаалт угааж сурсан угаалгаж сурсан хоёр субъектийн хооронд богино холбоо амжилттай үүсгэсэн учир тэд нийт суудлын 72-ийг нь авч үнэмлэхүй дарангуйлж чадсан.

    Хорин жил өнгөрч үе солигдлоо. Одоо инерцээр тархиа угаалгадаг нийгэм өөрчлөгджээ. Энэ олон мэдээллийн янз бүрийн, тал бүрийн эх сурвалжид хүмүүс өөр өөрийн үзэмжээр янз бүр ханддаг болсон. Мэдээллийн олон эх сурвалж, хоорондоо зөрчилтэй олон янз дүгнэлт байхад чөлөөт нийгэмд “тархиа угаалгачихлаа” гэж явдаг хүмүүсийг хохь нь гэхээс. Харин тархи угаадаг машин хуучин инерцээрээ ажилласаар. Машины залуурт суугаа хүмүүс нь ч хэд хэд солигдож хавьгүй залуужсан. Гэвч эцэг өвгөдөөсөө хүлээж авсан “алтан түлхүүрээ” мушгисаар. Нам нь хүртэл нэрээ солилоо. “Лхүмбийн хэрэг - 2011” үргэлжилсээр. Шинэбаярыг өмөөрөөд байгаа юм биш. Цаана нь үй түмэн шинэбаяр байж л байна. Гагцхүү XXI зуун гараад эхний арван жилээ өнгөрөөчихлөө шүү дээ. Бидний амьдарч буй энэ нийгэм иргэншиж, боловсронгуйжиж, соёлжиж, дэвших ёстой юм байгаа биз дээ!

    Ардчилсан нам, Ху нам (За тиймээ, өнгөрсөн 11 сараас Ардын нам болсон) хоёр ямар ч ялгаагүй гэж ирээд л цэцэрхэгчид олон болж. Энэ ч яахав бухимдсандаа л хэлээ биз. Ялгаа бий. Дэндүү том ялгаа бий. Ардчилсан намынхан хоорондоо 20 жил хэрэлдсэн. Урвагчид, атаа жөтөөчид, гомдогсод, чамлагсад, ёндоогүй шаарнууд байхаараа нэг л энд үүрлэж байсан, цаашид ч байсаар л байх болно. Хичнээн ч олон нам салж нийлэв. Эх намаа хичнээн ч зүхэв. Ардчилсан холбооны анхны зохицуулагч Зориг өөрөө энэ байгууллагаас гарч шинээр Бүгд найрамдах үүсгэж л байсан. Эрдэнээ гэгч 2000 онд Монголын ардчилсан намыг сэргээж байна хэмээн өөртэйгээ таарсан хэдэн юм дагуулж сонгуулийн турш саяхан өөрөө дүүргийн даргыг нь хийж байсан эх намаа шавартай хутгаж, цаазын ял оноон орилоод л байсан. Ер нь сонгууль болгоноор ийм юм тохиолддог юм даа. Цаашид ч үргэлжлэх биз. Гэхдээ эдгээр “төөрөлдсөн хүүхдүүд”-ийнхээ эсрэг Ардчилсан нам зохион байгуулалттайгаар “үзэн ядах цуглаан” нэг ч удаа хийж байгаагүй. Цусаа гартал зодолдоод, нусаа гартал тэврэлдээд л явдаг. Ардчилсан намын төв болон орон нутгийн аппаратад ийм нийтийн дайралт хийх бодол ухаан санаанд нь хэзээ ч орж ирдэггүй. Тэнэг жишээ халдвартай байдаг болохоор ирээдүйд яахыг нь мэдэхгүй байна. Энэ өвчин халдвал манай нийгэм өөрөө хүнд өвчин туслаа гэсэн үг.

    Ардчилсан намд үзэн ядах цуглаан зохиох, матах, бөгс ухах уламжлал байхгүй. Үе уламжилж ирсэн тийм удамшлын гажиг байхгүй. Энд мэдээж тодорхой хүнийг хэлээгүй (увайгүй юмнууд захаас аваад чихээстэй), ерөөс ардчилсан намыг институци гэдэг утгаар нь хэлж байгаа юм. Хугийнхан Энхбаяртай бол Ардчилсан намынхан Энхсайхантай. Гэхдээ түүнийг нийтээр үзэн ядаад өгөөч гэсэн гуйлтын кампани, тархи угаах гэсэн ядсан аргыг энэ институци зохиодоггүй. Яагаад гэвэл Ардчилсан нам муу ч бай сайн ч бай ирж яваа цагийн төлөөлөл. Энд л гол ялгаа бий. Гэхдээ энэ бол зарчмын том ялгаа шүү. Харин нөгөөдүүл нь насны хувьд хичнээн залуужаад удамшлын эмгэг нь...  Уг нь энэ эмгэгийн эх сурвалж болсон Карл Маркс “Ард түмнийг нэг аргаар хоёр удаа хуурч болдоггүй. Эхнийх нь эмэгнэл, дараагийнх нь элэг доог болдог” гэж хэлсэн билээ.
"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив