Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Тусгаар тогтнолын үнэ цэнэ ба бэлгэдэл
2011 оны 1 сарын 17 [Уншсан тоо: 176918]
Өнөөгийн Монгол нутагт анхны тулгар төр үүссэний 2220 жилийн ой энэ жил тохиож байна. Тэртээ хоёр мянганы өмнө өөрийн төр улсыг байгуулсан хүннү нарыг ямар үндэстэн байсныг өдгөө хэлэхэд нэн бэрх. Магадгүй тэд өвөг монголчууд байсан байж болох, эсвэл түрэгүүд ч юм билүү, олон судлаачид түрэг ба монгол угсаатны нийтлэг өвөг байсан гэж таамагладаг. Юутай ч тэд өнөөгийн түрэг, хиргис, хасаг, чантуу, азейрбажан, аваар, хакас, хазаар, татаар нарын алтай овгийн олон үндэстэнд хамаатай. Өнөөгийн Монгол нутгаас маш олон үндэстэн түүхийн явцад буй болжээ. Энэ ойг хамтраад тэмдэглэбэл юутай сайхан, юутай бахдалтай, юутай сүртэй.

    Төр улсын хоёр мянга гаруй жилийн түүхтэй улс өнөөгийн ертөнцөд ховор доо. Европын голлох улсууд Англи, Франц, Орос зэрэг нь төр улсын мянга орчим жилийн түүхтэй. Хамгийн ахмад нь Герег байх. Ингэхээр алтайчууд, түүний дотор монголчууд хоёр мянга гаруй жилийн төрийн түүхтэй гэхэд бахархалтай байгаа биз дээ. Энэ нутгаас маш олон үндэстэн төрсөн, дайн байлдаан ч их гарсан. Дэлхийг нэг бус удаа эзэлж ч байсан, түйвээж ч байсан. Харин энэ газар нутаг дээр уугуул биш хүмүүс ирж эзлэн түрэмгийлж байсан нь бараг үгүй. Хятадын олон хаан өнөөгийн Монгол нутгийн нүүдэлчдийг цэргийн хүчээр номхтгохоор орж ирж байжээ. Нүүдэлчин бол нүүдэлчин, хамаг мал хуйгаа аваад хойшоо дүрвээд зугтаачихана. Эзлэх хот суурин эд хөрөнгө үгүй, газар нутаг нь газар тариаланд нэн тохиромжгүй учир дороо гараад л явчихана. МЭӨ 100 онд У Ди хаан, МЭ-ий 100 онд Хуа Ди хаан нүүдэлчдийн нутгийг эзэлсэн боловч бараг ганц ч хүнтэй тааралдалгүй аргагүй нутаг буцаж байсан гэдэг.

    Монгол үндэстэн энэ нутагт дангаар ноёлоод лавтай мянган жил болжээ. Түрэг угсааны хиргис нарыг монгол угсааны хятан нар 924 онд үлдэн хөөснөөс хойш дан ганц монгол угсаатны нутаг болсон юм. Эртний нүүдэлчин улс орнуудын хооронд вассалийн хэмээх харилцаа их байжээ. Энэ нь нэг нь нөгөөдөө дагаар орон зөвшөөрч татвар төлдөг, аюул учирвал цэрэг дайчлан тусалдаг, нэг маягийн хараат орон гэсэн үг. Хамаг Монгол тухайн үедээ зүрчидийн Алтан улсын вассаль байсан. Монголчууд Оросыг эзлээд дараа нь гурван зууны турш өөрийн хараат байлгаж татвар аван тогтож байсныг Алтан Орд гэдэг. Ийм хувь заяа тухайн үедээ зүүн Азид хүчирхэгжиж байсан нүүдэлчин манж угсаатан ба улам бүр суларч дотоодын зөрчилдөө идэгдэж байсан монголчууд хоёрын хооронд XVII зууны төгсгөлөөр болжээ. 1636 онд өвөр монголчууд, 1696 онд халхууд, 1757 онд ойрд монголчууд манжийн хараат болсон юм.

    Колончлол гэсэн үгийг манай түүхчид их хэрэглэдэг байлаа. Колони гэдэг нь хими биологи, меторологид ч хэрэглэдэг нэр томъёо. Нэг биет нөгөөгөө эзлэн биет утгаараа уусган авах процесс юм. Улс төрийн түүхэн утгаар жишээ нь оросууд Сибирийг, англичууд Хойд Америкийг, испани, потугальчууд өмнөд америкийг колончилсон гэх мэт. Энэ нь дээрх үндэстнүүд үй олноороо ирж суурьшин өөрийн засаг захиргааг бий болгож шинээр ирэгсэд уугуул иргэд болж хувирна гэсэн үг.  Манж Чин улс ялангуяа Гадаад Монголыг хэзээ ч колончлоогүй. Долоннуурын гэрээгээр Гадаад Монгол нь Манж Чин улсын өмнө үүрэг хүлээсэн вассаль нь болсон. Солонгос ч Манж Чин улсын вассаль байсан, гэхдээ тэд хэзээ ч манжийн колончлолд дарлагдан зовоод гэж ярьдаггүй.  Ер нь Гадаад Монгол буюу тодруулбал “манай биш, гадна талын монгол” гэсэн үг манж нараас гарсан. Тэд өөртөө нэгтгэсэн өмнөд монголыг “Дотоод монгол” буюу “манай өөрийн монгол” гэсэн санаагаар нэрлэх болжээ. Өвөр Монгол, Ар Монгол гэдэг бол цэвэр газар зүйн ойлголтоор монголчууд өөрснөө өгсөн нэр. 220 жил Гадаад Монгол нь манжийн хараанд байхад энд хэдэн албаны төлөөлөгч амбан зэрэг цөөн хятад манж хүмүүс солигдох байдлаар томилолтоор сууж байсан болохоос жирийн монгол малчин амьдралдаа хятад манж хүн үзээгүй.

    Хятад улс буюу Манж Чин гүрэн 1907 онд Үндсэн хуульт хаант улс болохоор шийдвэрлэсэн учраас Долоннуурын гэрээ цуцлагдаж Бээжингээс Гадаад Монголыг өөрийн нэг муж маягаар үзэх болсон юм. Чухам энэ нь гадаад монголчууд тусгаар тогтнолоо зарлах үндсэн шалтгаан болсон билээ. Хаант засгийг устгах, тэр дундаа манж үндэстний ноёрхлыг түлхэн унагах зорилго бүхий бослого 1911 оны 10-р сард Учуаньд болж иргэний дайн хятадад дэгдсэн нь монголчууд тусгаар тогтнолоо зарлах тохиромжтой шалтаг болжээ.

    Эртний олон үндэстэн дайн байлдааны ялалтаа ямар нэг хөшөө дурсгалаар бататган тэмдэглэж үлдээдэг заншилтай. Үүнээс хамгийн алдартай  нь баганан хөшөө, мөн ялалтын хаалга юм. Нүүдэлчдэд ч тийм заншил байсан бололтой. Буган хөшөө, хүн чулуу зэргийг ямар нэг байлдаан тулалдааны ялалтыг тэмдэглэсэн хөшөө гэж тайлбарлах явдал ч бий. Хожим мөн гэрэлт хөшөө, хадны бичиг сийлбэр ч хийдэг байлаа. Монгол улс 1911 онд тусгаар тогтнолоо зарлаад мөн л бататгасан хөшөө дурсгал босгосон юм. Шарын шашны орон, тэр дундаа шашин төрийг хослон барих төрийн хэлбэрт шилжиж байгаа учир энэ хөшөө дурсгалыг бурханы ёс хэлбэрээр үйлджээ. Мэгжиджанрайсаг хэмээх 80 тохой бурхан босгосон нь тусгаар тогтнолын хөшөөний утгатай. Хожим марксист түүхчид үүнийг “тэмбүүтэй сохор богд өөртөө нүд оруулах гэж босгосон” хэмээн хорон муухайгаар тайлбарлах болжээ. Үүнээс гадна Германы Брислау (одоогийн Польшийн Вроцлав) хотод түмэн Аюуш бурхан, Хятадад мөн түмэн Аюуш бурханы тохой хэрийн өндөр цутгамал захиалж авчирсан нь мөн л тусгаар тогтнолыг бататган тэмдэглэсэн дурсгал байлаа. 60 см хэртэй өндөр Будда, Ногоон дарэх, Цагаан дарэхийг нэлээд олныг Балбад захиалж авчруулжээ. Балба гэдэг нэршил ч эндээс үүдэлтэй, тэд өөрсдийгөө хүртэл нэпал гэдэг. Балбын дархчуул энэ бүтээлийг гар аргаар балбан давтаж хийсэн учир ширхэг бүр нь хоорондоо ялгагдахуйц өөр өөр байдаг.

    Жанрайсагийн өндөр дуганад дөчөөд оны үед зөвлөлтийн 17-р армийн штаб байрлаж байсан ба тэд бурханыг буулган хойш нь ачаад явжээ. Дүрс нь ганцхан “Сүхбаатар” кинонд л үлдсэн. Энэ бол монгол хүний хувьд тусгаар тогтнолыг нь доромжилсон хэрэг байлаа. Хожим Зөвлөлтийн вассалиас (Латиморийн тодорхойлсноор “дагуул улс”) гарсны дараа Жанрайсаг бурханыг олон түмний санаачлага оролцоо хөрөнгөөр дахин босгосон нь бэлэг тэмдэг талаасаа тусгаар тогтнолоо бататган тэмдэглэж байгаа сайхан үйл юм.

    Хэрэв гадаад монголчууд тусгаар тогтнолоо өөрснөө санал асуулгаар батлан илэрхийлэх юм бол тусгаар тогтнолыг нь хүлээн зөвшөөрнө гэсэн гоминданыхны шаардлагаар 1945 оны намар Тусгаар тогтнолын төлөөх нийтийн санал асуулга явуулсан юм. Мэдээж Монголын ард түмэн өөрийн тусгаар тогтнолын төлөө 100 хувь саналаа өгсөөн. Үүнийг бататган тэмдэглэхээр Улаанбаатар, Баянхонгор, Улиастай зэрэг газруудад тусгаар тогтнолын баганан хөшөө  босгожээ. Харамсалтай нь Улаанбаатар дахь баганыг 1961 онд сэргээн засварлахдаа “Ардын хувьсгалын 40 жилийн нэрэмжит” хэмээн тушаал зарлигаар өөрчлөн нэрлэсэн байдаг. Энэ багана төв цэнгэлдэхийн хойхно бий.

    Тусгаар тогтнолын 100 жилийн ойдоо зориулж сүрлэг баганан хөшөө босгон эрх чөлөөт бие даасан тусгаар орныхоо тусгаар тогтнолыг бататган бэлэгдэе гэсэн санал саяхан хэсэг уран бүтээлчдээс гарчээ. Ард нийтийн оролцоотой, тэдний хандивийн хөрөнгөөр ийм хөшөө дурсгал босговол мөн ч таатай хэрэг болно хэмээн бодогдоно. Нэг үеэ бодвол төр ч, иргэд ч хуримтлал хөрөнгөтэй болсон. Картын барааны тэр хүнд жилүүдэд тусгаар тогтнолын их бэлэг тэмдэг Мэгжиджанрайсагийг түмний хичээл зүтгэл, оролцоо хөрөнгөөр босгож чадаж л байсан шүү дээ, бид.

2011 оны 1 дүгээр сар 13
"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив