Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
ЕРӨНХИЙ САЙД МАНЗУШИР ХУТАГТ ЦЭРЭНДОРЖ
2011 оны 1 сарын 24 [Уншсан тоо: 101045]
Чи түүхээ мэдэхгүй бол чамд түүх зохиож өгөх хүн зөндөө олдоно
ЦЭЦЭРОН

1921 оны 2-р сарын 3-ны өдөр монголын цагаан сар таарчээ. Энэ өдөр Нийслэл Хүрээнийхэн асар том бэлэг хүлээж авсан юм. Орж ирээд жил гаруй болсон гамин цэргийг орос, буриад, түвд, монгол цэрэг бүхий Унгерний “Азийн морин дивиз” хөөн гаргаж үлдэн хөөлөө. Нийслэл чөлөөлөгдлөө. Унгерн Штэрнбэрг үүний дараа гуравхан сарын дотор Монголыг гамин цэргээс бүрэн чөлөөлсөн юм.

    1915 оны Хиагтын хэлэлцээр Монголын өөртөө тусгаар тогтнол зарлаад нийт монголчуудыг үүндээ хамааруулж байсан явдлыг зогсоосон юм. Энэ гэрээний дүнг хятадууд Гадаад Монголыг өөрийн онцгой эрх бүхий автоном боллоо гэж ойлгож байсан бол оросууд Гадаад Монголыг өөрийн онцгой эрхтэй протектрат боллоо гэж дүгнэж байв. Харин Монголчууд өвөр монгол, барга, алшаа, хөх нуур орчмоо алдсан боловч тусгаар улс гэж өөрсдийгөө үзэж байсан юм. Цаг тоолол нь Хятадын албан ёсны шар зурхайгаас шал өөр – Төгсбуянтын гэсэн өөрийн тоололтой, олноо өргөгдсөний хэмээх онтой – тэр нь Орос Хятадынхаас тэс өөр, хэдийгээр хаанаа орос хятадын шахалтаар “повелитель” гэж нэрлэж байхаар болсон боловч хэн ч энэ хэл орооцолдом гадаад нэрийг Монголд хэрэглэж байсангүй. Засгийн газартай, яамдуудтай, бас армитай. Орос, Хятадын консул Нийслэл Хүрээнд бий боловч тэрийг яахав Элчин сайдын яам гээд л бодчихоно биз.

    Сүй Шүжаны гамин цэрэг орж ирэн хааныг хар гэрт хорьж, зэвсгийг хурааж, автоном эрхийг албан ёсоор цуцалж орхилоо. Хаан ч үгүй, Засгийн газар ч үгүй, зэвсэгт хүчин ч үгүй болсон. Унгерн Хүрээг чөлөөлснөөр Гадаад Монгол хоёр дахь удаагаа тусгаар тогтнолоо зарласан юм. Тэд Хятадын сюзерен автономит Монгол биш, харин 1911 оны нэгэн адил бүрэн тусгаар улсаа зарлажээ. Богдыг хаан ширээнд дахин залах ёслолыг хөхөө өвлийн тэр хүйтэн өдрүүдэд тун ч ёслол төгөлдөр үйлдсэн байна. Гандангийн өмнүүр цэргийн парад болсон аж. Энэ их үйл хэргийг бүтээсэн борон Унгерн фон Штэрнбэргт Монгол улсын баатар цол олгожээ. Ийм цолыг 1911 оноос олгох болсон ба анхных нь Магсаржав, Дамдинсүрэн нар билээ.

    Богд хаанаас үгүй болсон Засгийн газраа дахин эмхлэн байгууллаа. Ерөнхий сайдад Жалханз хутагт Дамдинбазарыг томилсон боловч тэрээр баруун Монголд нэр нөлөөт нэгэн байсан тул хэдхэн хоногийн дараа Баруун зүгийг тохинуулах захирагчаар томилон Улиастай руу илгээжээ. Ингээд Халхын 13 тамгатай хутагт нарын нэг Манзушир хутагт Цэрэндоржийг Монгол улсын удаахи Ерөнхий сайдаар тохоон томилов. Тэрээр гурав дахь, магадгүй дөрөв дахь Ерөнхий сайд болж буй нь энэ. Дотоод явдлын сайдаар мөнөөх Дамдинбазар, Гадаад явдлын сайдаар Дашзэгвэ, Цэргийн сайдаар бишрэлт гүн Доржцэрэн, Сангийн сайдаар Лувсанцэвээн, Шүүх яамны сайдаар бэйс Чимиддорж нар томилогдов. Бүх цэргийн жанжинаар хатанбаатар Магсаржав тохоогдсон юм. Манзушир хутагтын энэхүү Засгийн газарт Монгол улсын дараагийн гурван Ерөнхий сайд Бодоо, Дамдинбазар, хичээнгүй сайд хэмээгдэх Балингийн Цэрэндорж нар ажиллаж байсан юм.

    1872 онд төрсөн Цэрэндорж нь таван настайдаа Манзушир хутагтын зургадугаар дүрээр тодорчээ. Тэрээр 1911 оны тусгаар тогтнолын төлөөх үйл явдалд болон дараа нь буй болсон улсаа төвхнүүлэх хэрэгт төдийлөн оролцоогүй юм. Ер нь төрийн үйл хэргээс холхон байжээ. Гамингууд Богдыг гэрийн хорионд оруулчихсан байсныг Унгерний түвд цэргүүд оргуулан суллаж Богд уулын өвөрт орших Манзуширийн хийд дээр авчирчээ. Магадгүй Цэрэндоржийн Ерөнхий сайд болдог шалтгаан чухам эндээс улбаатай байж ч болох юм. Хийдэд хэд хонохдоо ойр шадарлаж, ирээдүйн Засгийн газрын бүрэлдэхүүнээ ярьж тохирсон байхыг үгүйсгэх аргагүй.

    1921 оны 7-р сарын дундуур ардын журамт цэрэг Зөвлөлтийн улаан цэргийн хамт Нийслэл хүрээнд орж ирлээ. Гамингаас эх орноо чөлөөлөх гурван бие даасан бүлгэм ажиллаж байсан ба бүгд Богдын ивээлд ажиллаж байсан. Шинэ Засгийн газрыг ч гурван бүлгэм хамтран байгуулснаар Монголд эвслийн засаг бүрдэх нь тэр. Таван яам ба Ерөнхий сайдын нийт 6 суудал байсныг тэд эвсгээр хоёр хоёроор нь хувааж авсан байдаг. Харин Ардын дугуйлангийн Бодоо Ерөнхий сайд ба Гадаад явдлын яамны сайд гэсэн хоёр суудлыг гагцаар давхар гүйцэтгэх болжээ. Унгерн чөлөөлсний дараа Богд дахин хаан ширээндээ заларч төрийн тэргүүн болсон явдлыг шинэ Засгийн газар бататган дагасан.

    Хутагт Цэрэндорж хийддээ эргэж очин буян номын ажлаа үргэлжлүүлэв. 1928 онд коминтернчүүд Монголд төрийн эргэлт зохион байгуулж дараахнаас нь алж хядах ажилдаа орлоо. Юун түрүүн Монгол улсын Ерөнхий сайд асан Цэрэндорж энэ хядлагад өртсөн юм. Хүүхэн хутагт, Егүүзэр хутагт Галсандаш, Зая бандид, Хичээнгүй сайд Гомбо-Идшин, алдарт дипломатич Ширнэндамдин нарыг 1930 оны 9-р сард шийтгэж заримыг нь буудах хороох нь тэрээ. Нийтдээ тэд 38-уулаа баривчлагдсан ба Дилав хутагт Жамсранжав, Мазушир хутагт Цэрэндорж нар яагаад ч юм амьд үлдсэн байдаг. Гэхдээ Цэрэндорж 10 жилийн ял авсан. Харин 1937 онд өвгөн настай хутагтыг Ёнзон хамбын хэрэг гэтэгт оруулан цаазаар авсан байна.

    Олон жил гуйвж хэдэн үеийхний ой тойнд хадагдсан хуурамч суртлыг халан түүхийн үнэнийг тогтоох ажил 1990 оноос эхэлсэн билээ. Ардчилсан төрийн анхны Ерөнхий сайд Бямбасүрэн өөрийгөө Монгол улсын 13 дахь сайд гэж тодорхойлж байв. Үнэндээ хэд дэхь нь, урьд нь хэн хэн Ерөнхий сайд байсан зэрэг нь бараг л улсын нууц байсан болохоор аргагүй юм. 1992 оноос Төрийн ордны коридорт Ерөнхий сайд асан хүмүүсийнхээ хөргийг өлгөх боллоо. Гэтэл тэнд хоёр дахь Ерөнхий сайд Бадамдоржийн хөрөг алга. Тайлбар нь их амархан: “муу хар урвагч”! Урвагч эсэх нь маргаантай, Төв хорооны даалгавараар марксист түүхчдийн өгсөн хоч нь. Чойбалсан, Цэдэнбалын тухай ч ийм юм ярьж болно. Ер нь хоч өгөөд байвал бүгдээрээ л нэг юм хүртэх биз. Гэхдээ энд үзэмжээр өлгөж байгаа юм уу, үнэнээр тавьж байгаа юм уу? Хоёр жилийн дараа хөөрхий муу Бадамдорж “цагаадаж” зургаа дүүжлүүлсэн дээ. Засгийн газрын архивт ажиллаж байсан О.Батсайхан учирлаж гуйж явж арай гэж зөвшөөрүүлсэн юм.

    Одоо удахгүй Нийслэл хүрээ чөлөөлөгдөж, Монгол улсын тусгаар тогтнол дахин сэргэж, Жавзандамба дахин хаан ширээндээ заларч, Монгол улсын Засгийн газар дахин эмхлэн байгуулагдсаны 90 жилийн ой болох гэж байна. 2011 оны 2-р сарын 3. Түүх өр нэхэж буй адил 1921 оны энэ өдөр цагаан сарын шинийн нэгэн тохиож байсан бол яг 90 жилээрээ бас л цагаан сар! Энэ ойг нь тохиолдуулж Монгол улсын Ерөнхий сайдын албыг 1921 оны 2-р сараас 7-р сар хүртэл хашсан Манзушир хутагт Цэрэндоржийн хөргийг байх ёстой газар нь коридорт дүүжлэхэд буруудах юм байхгүй хэмээн Засгийн газраас Академийн Түүхийн хүрээлэнд хандан асуужээ. Цаг өөрчлөгджээ. Урьд хүрээлэн нь юу гэж “бүлтрэхээ” саарал ордноос асуудаг байсан бол одоо эсрэгээрээ эргэж. Харин хүрээлэн энэ саналыг заналтайгаар эсэргүүцэн хилэгнэн бухимджээ. “Нэртэйгээр нь Туяа, Алтанхуяг энэтэрийн зургийг бас дүүжил” хэмээн тохуурхав. Энэ улсууд УИХ-ын тогтоолоор богино хугацаанд Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэж байсан. Харин Манзшир хутагт нь хааны зарлигаар Ерөнхий сайдад тохоон томилогдож ажилласан. Тэр үедээ хааны зарлиг одоогийнхоор УИХ-ын хууль. Намнансүрэн, Бадамдорж  нар ч хааны зарлигаар энэ албанд томилогдсон. Юутай ч Цэрэндорж нь үүрэг гүйцэтгэгч байгаагүй, жинхэнэ ориг Ерөнхий сайд. Ингэхээр хамаагүй юмыг хооронд нь хутгаж байгаа биз?

    Яагаад зориуд ингэж мушгиж зөрж байдаг юм бол? Энэ институциэр гутаагдсан Монголын олон олон эх орончид бий. Чингис хаанаас авахуулаад Ренчин хүртэл. Тусгаар тогтнолын сүрлэг хөшөө болох 80 тохой өндөр Жанрайсагийг “тэмбүүтэй сохор түвд өөртөө хараа оруулах гэж ардын хөрөнгөөр тоглосон” гэдэг хорон муухай гүтгэлэг эндээс л төрсөн. Бодоо, Данзан нарыг кинонд хэрхэн муухайгаар харуулан доромжилдогийг бүгд мэднэ. “ШУА-ийн Түүхийн хүрээлэнгээс зөвлөв” гээд эхэнд нь биччихсэн байдгийг ажиглаарай. Эдний хүрээлэнгээс одоо ч энд тэндгүй байдаг “Сүхбаатар ингэж хэлэв” гэсэн афоризмуудыг хожим дөчөөд оны үед зохиосон юм шүү дээ. Түүхч Навааннамжилийн 1942 онд зохиосон “Бидний улс эв саналаа нэгтгэвэл...” гэсэн ишлэлийг удахгүй талбайд залах шинэчилсэн Сүхбаатарын хөшөөн дээр дахиад л бичнэ, харж байгаарай. Худлаа ярихаараа, хуурч мэхлэхээрээ, түүхийг гуйвуулахаараа таашаал авдаг юм болов уу? Бэлгийн утгаар бол гаж дон л юм даа.

    Эд яагаад эхнээсээ Цэрэндоржийг түүхээс хассан юм бэ? 1949 онд СССР-ийн ШУА-аас БНМАУ-ын түүх хэмээх нэг сэдэвт бүтээл гаргасан юм. Сталины 1937 онд хэвлүүлсэн “Бо намын хураангуй түүх”-ийн монгол хувилбар л даа. Оросууд өөрийн энэ марзан түүхээ Сталиныг үхсэний дараагаас олон дахин засаж өөрчилсөөр одоо нэгэнт түүхийн хогийн саванд хаягдсан. Харин БНМАУ-ын түүх ер нь өөрчлөгдөөгүй. 1921 оны 3-р сарын 13-нд Оросын Тройцкосавскт оросууд Монголын Түр засгийн газар гээчийг байгуулж, толгойлогчоор нь Чагдаржавыг тавьжээ. 5 яамтай боловч бүгд байлдах зориулалттай. Хилийн яам, Баруун замын яам, Цэргийн яам гэх мэт. Энэ нь Монголыг чөлөөлсөн Унгернийг устгахын тулд дэглэсэн улаантны Монголд цөмрөх бэлтгэл жүжиг байв. Таван яаманд нь сайдаар тавигдах монголын таван иргэн хүрэхгүй байсан гээд бод доо. Хүрээнд байгуулагдсан Цэрэндоржийн Засгийн газрыг сөргүүлж ийм тоглоомын газар байгуулаад эргүүлээд түүгээрээ улаан цэрэг Монголд цөмрөх гуйлтын бичиг үйлдүүлсэн юм. Наргиантай байгаа биз? Цэрэндоржийн Засгийн газарт ажиллаж байсан Бодоо Тройцкосавск руу захидал бичин хамт хойшоо тусламж гуйхаар явж байсан нөхдөө Нийслэл Хүрээ рүү эргэж дуудан “гаминг хөөх ажил нэгэнт амжилттай биелэсэн учир үтэр түргэн нааш ирж улс орноо төвхөнүүл” гэж байжээ. Тэгээд яахав дээ, оросууд 1949 онд бичсэн түүхэндээ Цэрэндоржийн Засгийн газар байсныг огт үгүйсгээд, харин Тройцкосавскт “дүрвэгсэдийг”, “орогнолын”, гоёор хэлэх юм бол Түр Засгийн газар байгуулагдсан гээд л бичээд үлдээчихгүй юу.

    Ийм удамшлын өвчнөөс салахад хэцүү л дээ. Түрүүчийнх нь яваад сүүлчийнх нь ирүүтээ өвлөж аваад л. Нэг л мэдэхэд хууран мэхлэгч, үнэнийг гуйвуулагч, нэр тал горьлогч... хүнээ больж буй хэрэг. Гэтэл түүх өөрөө шинэчлэн нээгдэж, түүхийг харах өнцөг бас хувирч байна. Толгойлогч улс төрийн нам 1925 онд Ринчиногийн өгсөн “Х” үсэгнээс арай гэж саллаа, Ардын намыг анхлан байгуулагч Ерөнхий сайд Бодоогийн шарил дээр цоо шинэ Ерөнхий сайд маань очиж хүндэтгэл үзүүллээ. Хорин жилийн өмнө хийчих байсан юм, гэхдээ оргүй дорвол оройтсон ч гэсэн хавьгүй дээр гэсэн орос үг бий л дээ. Шинэ үе маань мөнөөх л түүхийн хүрээлэнгийхний зөвлөсөн худал хуурмаг киногоор нүдүүлсээр. Баяр болгоноор гаргахыг нь яанаа! Польшид бол “Нохойтой дөрвөн танкчин”-г хүртэл хорьчихсон гэсэн. Түүхийг гуйвуулсан хуурамч гүтгэлэгт шинэ үеийнхнээ хордуулж болохгүй гэсэн тайлбартай юм билээ. Монгол телевиз хэдэн жилийн өмнө зурагтаар “Километр бүрт”-ийг гаргаж эхлэнгүүт Болгарын элчин сайдын яам эсэргүүцэл илэрхийлсэн. Зохиогчийн эрх яриагүй ээ, болгарын ч монголын ч шинэ үеийн хүүхэд залуучууд түүхийг гуйвуулсан ийм худал хуурмаг, гүтгэлэгийн чанартай суртал нэвтрүүлэгт хордож болохгүйг анхааруулсан. Германд нацизмын үеийн киног гаргадаггүй юм шүү дээ. Тухайн үед кино урлагийн ямар луг шилдэгүүд Германд байсан гэж санана?
"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив