Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
МАО
2011 оны 2 сарын 15 [Уншсан тоо: 72275]
Британы түүхч - зохиолч Юн Чан, Жон Холидэй нарын “Танигдаагүй Маогийн намтар” хэмээх ном 2005 онд хэвлэгдэж номын ертөнцөд бөөн шуугиан дэгдээсэн билээ. Урьд нь “Цагаан хун” хэмээх сонирхолтой номоороо алдаршсан Юн Чан нөхрийнхөө хамт олон жил Мао даргыг судалжээ. Тэд Хүйтэн дайны дараах шинэ Орос, хуучин коммунист орнуудаар яван олон зуун гэрчтэй уулзаж коммунизмын дараа л арай гэж нээлттэй болсон архивын материал цуглуулсан байна. Мөн хятад орон ч урьдахаа бодвол харьцангуй чөлөөтэй болсон учир материал цуглуулж гэрчүүдтэй бишгүй нэг уулзжээ. Энэ номд урьд Маогийн тухай огт мэдэгдэж байгаагүй баримт олон орсон ба түүгээр дамжуулан Маогийн намтрыг цоо шинээр бичих бололцоотой болжээ. Чухам эндээс “яагаад Солонгосын дайн болсон”, “Их үсрэлт, соёлын хувьсгалын цаад логик юу байв”, Дэн Сяпин эргэж гарч ирсэн учир холбогдол хаанаас гарав” гээд олон асуулт тодорхой болж байна. Монголчууд нэгэн цагт “Дорно зүгт нар мандав” хэмээн  түүнийг магтан дуулж ч явсан, нөгөө цаг үед нь “Маоист этгээд”, “Маоизм руу хальтрах” зэрэг хараалын үгтэй ч болж үзсэн болохоор  өмнөд хөрш  дэлхийн -хэт их их гүрний нэг БНХАУ-ын байгуулсан Мао Зэдуны ил далд намтар онцгой сонирхолтой юм.  Эл номыг орчуулагч Г.Аким, Баабар, Ц.Гомбосүрэн нар хувааж орчуулан дууссаныг удахгүй НЭПКО хэвлэлийн газар номын эрхийг эзэмшигч Аиткэн компаний зөвшөөрснөөр хэвлэн гаргаж олны хүртээл болгоно. Энэ дугаарт Г.Акимийн орчуулсан номын хэсгээс уншигчиддаа сонирхуулъя.

Мао Хятадын улааны улсыг удирдаж байхдаа тус бүс нутгийг, ялангуяа Улаан Армийг урьд ганцаар хянаж байсан эрх мэдлээ хэрэг дээрээ алдсан байна. Москва армийн ерөнхий командлагчаар Жу Дэг томилсон. Түүнээс гадна намын нарийн бичгийн даргын хувьд Жоу Эньлай нэгдүгээр хүн болжээ. Мао хамтран удирдах намын зарчмаас татгалзаж, сүрдүүлэх гэж оролдов. Хамтран зүтгэгчид нь тэр сүрдүүлэгт автсангүй, Маог нүгэл бүхний эзэн болгож, тэр ч байтугай “нударганы чиг бодлого” баримтлаж байна гэж буруутгав. Гэтэл Цяньси мжуийн олон улаантныг үхэлрүү явуулахдаа Мао энэ ялыг хэрэглэж байсан билээ. Одоо чулуун ханатай тулгарав. Жоуг ирсний дараа Мао гол хүн хэвээрээ байгаа мэт хурал дээр даргын суудалд суужээ. Гэтэл хамтран зүтгэгчид нь хөндлөнгөөс оролцож, нэр зээлдэгчийг хусаад, хурлын даргаар Жоуг сонгов. Асар удалгүй Мао “өвчний учир амралт олгох”-ыг хүссэнийг цаадуул нь уухайн тас хүлээн авч, 1932 оны нэгдүгээр сарын шувтаргаар тэрвээр баргар царайлан Жуйцинийг орхижээ.

Жуйциний тэгш талын эргэн тойронд сүндэрлэх асар том хадан уулсын нэг болох Дунхуа Өндөрийн хавцалд яргасан бурханы шашны нэг хийдэд очлоо. Оройгоороо метасекоуз, агар, нарсаар бүрхэгдэж, доогуураа гилгэр хар чулуу дэлхсэн Өндөр эртний тэр сүмийг өвөртөө нуусан ажээ. Энд Мао Гуйюань эхнэр болон хамгаалагч багийнхантайгаа байрлав. Дугана том бөгөөд цуурайтан дүнгэнэх ажээ. Чийгтэй шавар шаланд нь нэл хөвд ургасан байв. Хийдийн лам нарын лаврингийн цаана өвлийн салхи модноос навчсийг тас татан хийсгэж, борооны ус дотор хашаанаа дэвссэн чулууны завсраар шингэн, чийгийг улам нэмнэ. Ер нь бол тун уйтгартай.

Мао төмрөөр бүслүүрдсэн авдар авдраар дүүрэн баримт бичиг, сонины хайчилбар, тэмдэглэл, хувийн шүлгүүдээ авчирчээ. Нартай өдөр хамгаалагчид хайрцагуудыг дотоод хашаанд оруулж, дээр дээр нь хураахад Мао гараар хийсэн урт сандал дээр суугаад, тэр бүхнээ уншиж, алдсан эрх мэдлээ хэрхэн авах вэ гэж эрэгцүүлдэг байлаа.

Тэрвээр нэн чухал баримт, үндэсний үзэлтнүүдийн ч тэр, коммунистуудын ч тэр дуртай сонингоо өдөр бүр авч байлаа. Тэрвээр өөрийнх нь сэм зохион байгуулсан байж магадгүй нэг сайхан боломжийн тухай сонинд гарсныг ажиглажээ. 1932 оны хоёрдугаар сарын 15-наас 21-ний хооронд үндэсний үзэлтнүүдийн гол сонинд Жоу Эньлайн тэр үеийн нууц нэрээр “нийтийн өмнө нүглээ наманчилсан” зүйл гарчээ. Тэр “наманчлал”-даа Жоу коммунизмаас татгалзаж, коммунист намыг ялангуяа Москвад долигнож байна гэж зэмлэсэн байв. Шанхай дахь ХКН-ын салбар цохилтыг няцааж, “наманчлал”-ыг зохиомол зүйл гэдгийг тайлбарласан ухуулах хуудас тарааж, тайлбарыг сонинд нийтлүүлэх гэж хичээлээ.

Энэ нь зохиомол зүйл гэдэг нь эргэлзээгүй байсан боловч Жоугийн нэр муудаж, эрх мэдэл нь ганхав.Мао үүнийг далимдуулах гэж яарлаа. Тэрвээр бодит үзэлтэй тул Жоуг эрх мэдлээс нь буулгаж чадахгүйг ойлгож, Жу Дэгийн эрх мэдлийг хязгаарлан, армийг хянах эрхээ эргүүлэн авахад түүний дэмжлэгийг авахаар шийдэв.
Гуравдугаар сарын эхээр Маог Жуйцинээс баруун тийш 125 км зайтай байх, Улаан армийн эзлэхээр дэмий л оролдож байсан Ганьжоу хотын орчимд болох хямралт зөвлөлгөөнд урьсан байна. Хэдийгээр аадар цутгаж байсан боловч Мао уулзалтын газарруу яаравчлан явав. Гуйюань аадар зогсохыг хүлээхийг ятгасан боловч Мао даруй мордохоор болж, усан хулгана болтлоо норжээ. Тэрвээр шөнөжин морьтой давхисаар зөвлөлгөөнд ирүүт цэргийн командлалыг шүүмжлэж гарав. Цагласан дарга нарын олонхи нь түүний шүүмжлэлийг сонсох хүсэлгүй байж, армийн командлагчаар түүнийг эргүүлэн тавих гэж хэн ч санал гаргасангүй.

Гэвч Мао бууж өгсөнгүй, армид үлдэж, төлөвлөгөөгөө хэрэгжүүлж эхлэв. Улаантнууд Ганьжоуг бүслэхээ зогсоож, Цяньси, Хунань мужийн зааг дээр бүслэгдээд байгаа улааны ангиудтай нийлэхээр баруун зүгт тэмцэн гарахыг олонхийн саналаар шийдвэрлэв. Мао эсрэг тийш явахыг шаардаж, намын удирдагчийн хувьд Жоу Эньлай эцсийн шийдвэрийг гаргах ёстой байсан тул бууж өгөхийг хүссэнгүй. Жоу хоёр төлөвлөгөөг хоёуланг сайшаахаар шийдэж, олонхийн саналаар тогтсон чиглэлд армийн дөнгөж гуравны нэгийг, бусдыг нь Маогийн хүссэн чиглэлд явуулахаар тогтов. Тийнхүү Жоу удирдлагын олонхийн саналыг сөрж, Маод армийн гуравны хоёрыг хянах эрхийг олгож орхив.

Энэхүү маш жигтэй шийдвэрийг Жоугийн зөн совингоор тайлбарлавал арай үнэмшилтэй. Маог номхруулах нь аюулгүй, тэр ч байтугай нэн чухал гэдгийг Жоу ойлгожээ.Пэн Дэхуй, Жу Дэг(Маог эсэргүүцэж байсан намын өөр нэг удирдагч Сян Инийг) большевикийн эсрэг явууллагад оролцсон гэсэн баримтыг хуурамчаар үйлдэнэ гэж Маогийн заналхийлж байсныг Жоу мэдэж байв. Мао мөрт нь хөндөлссөн мянга мянган үнэнч хүмүүсийг устгахдаа тоогоогүй, “нийтийн өмнө нүглээ намчлах явдал”-ыг ч хуурамчаар үйлдэж бүрнээ чадах байв. Тэрвээр хэвлэлийнхний нүдийг хуурч, тэр ч байтугай өөрийгөө үхсэн гэсэн цуурхал дэгдээж байсан. Жоу Маогийн орыг эзэлж, Улааны улсад нэгдүгээр хүн болсон яг тэр үед зохиомол “наманчлал” хэвлэлд гарсан учир юу вэ? Жоу Мао шиг тийм аймшигт дайсантай болохыг хүсэхгүй байв.

Маогаас айсан Жоугийн айдас түүнийг насан турш нь дагасан байна. Жоуг үхэн үхтэл нь дөчин жилийн дараа ч мөнөөхөн “наманчлал”-аар нь удаа дараа айлгаж байжээ.

Мао зүүн хойт зүгт явна гэж Жоу болон цэргийн удирдлагад мэдэгдсэн боловч аянд гарангуут зүгээ өөрчилж, армийн гуравны хоёрыг зүүн өмнө зүгийн эрэг тийш авч одов. Цаашид явахыг нь хориглох аргагүйгээр холдсон хойноо Мао энэ тухай Жоуд мэдээлжээ. Хожим нь Маогийн хамтран зүтгэгчид уг аяныг “төлөвлөгөө биелүүлэхэд нь саад болсон” явдал гэж буруутгасан байна.

Ийм арга сүүхээлэхэд нь хуучин хамсаатан Линь Бяо тусалж, Жу Дэг авч хаяхын тулд түүнтэй нэгссэн байна. Линь Маод даатгасан нэгтгэлийн гол дарга нь байлаа. Дөрөвдүгээр сарын 20-нд энэ нэгтгэл Маогийн хувийн тооцоогоор онилсон Чанжоу гэдэг эргийн цэцэглэж байгаа хотыг эзлэн авав.

Чанжоу бол гадаад ертөнцтэй сайн холбоотой тул Мао олон улсын нэр хүндийг олж авах гэж нэг тооцоолжээ. Мао энэ үйл явдлыг сонинд тусгана гэдгийг марталгүйгээр хотод цагаан морь хүлэглэн орсон байна. Тэрвээр Сунь Ятсен шиг хувцас, халуун орны дуулга өмссөн нь ер бусын ганган харагдаж байжээ. Цэрэг эрс дөрвөн эгнээгээр алхаж, бүрээчид бүрээ татаж байлаа. “Улаан арми Чанжоуд орлоо. Нийт эрэг даяар гайхан сандарлаа. 100 мянга гаруй хүн зугтлаа”, “Гадаадын 28 цэргийн хөлөг Амоэд цугларлаа” гэж өөрийг нь магтаж, өөрийнх нь гавъяаг бичсэн сонины хайчилбарыг цуглуулснаа хамтран зүтгэгчиддээ явуулжээ. Нэр хүнд өсөх тусам Москваөөртэй нь улам эелдэг харилцана гэж Мао маш сайн ойлгож байлаа. Үнэхээр жилийн хойно хилигнэсэн хамтран зүтгэгчид нь түүнээс хоёр яс салах гэж оролдоход Москва чухамхүү уул тохиолдлоор шалтаглан тэднийг хазаарласан юм. Шанхай дахь оросын төлөөлөгч герман Артур Эверт Жуйцинийг даруй цохож, “Мао Зэдун нийтэд нэр нь түгсэн удирдагч…Иймээс түүнийг авч хаяхыг бид эсэргүүцэж байгаа юм” гэжээ.

Гэвч Чанжоуд Маогийн очсон гол шалтгаан бол өөрөө баяжиж авах явдал байлаа. Цяньсид тэрвээр “нөхөр Мао Зэдунд гарт нь” гэж томоос том үсгээр бичсэн олон авдартай ирсэн ажээ. Эдгээр хайрцаг бүхэл бүтэн ачааны машинд дүүрч байсан бөгөөд зам явах аргагүй болоход дамнуургачид түүнийг авч явж байжээ. Авдруудад Маогийн худалдаж авсан болон дээрэмдсэн ном байсан гэж ярилцах ба заримд нь үнэхээр ном ч байжээ. Гэвч олонд нь алт, мөнгө, үнэт эдлэл байсан байна. Дамнуургачид эдгээрийг уулын оройд гарган, хоёр итгэлтэй биехамгаалагчийн хяналтад агуйд өрөн, амыг нь битүүмжилжээ. Энэ ажиллагааг Маогийн дүү Зэминь удирдаж, оролцсон хэдхэн хүнээс өөр хүн, тэр ч байтугай намын удирдагчид үнэт зүйлсийг тэгж зөөснийг мэдэлгүй өнгөрчээ. Мао намаас гарах, Москватай ам муруйх болуужин гэж хаяагаа манасан нь тэр юм.
"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив