ТҮҮХ СУДЛАЛ БОЛ ШИНЖЛЭХ УХААН
2011 оны 2 сарын 28 [Уншсан тоо: 80822]
Миний өвөг эцэг (эхийн эцэг) Ганибадын Гэлэгдорж гэж хүн байжээ. Намайг төрөхөөс 16 жилийн өмнө буудуулчихсан болохоор үлдсэн ганц гэрэл зурагаар нь л би танина. 20 настай байхдаа 1924 онд намын 3-р их хуралд ирж суусан юм билээ. Нөхөр Гэлэгдорж тус хуралд үг хэлжээ. Өвөрхангайн төлөөлөгч ард Гэлэгдоржоос Сайн ноён хан аймгийн  баячууд, ноёдын хөрөнгийг даруй хураахыг шаардаж дарлагдсан ард ангийн хүсэл эрмэлзлэлийг анхлан илээр илэрхийлж байлаа. Ингээд бүр намын түүхэнд бичигдчихсэн байдаг юм. Их хуралд 108 төлөөлөгч орсон гэх ба тэнд овог нэртэйгээ байдаг. Бахархам улаан хувьсгалч өвөө!

Хожим архив нээлттэй болсон хойно би зориуд өвөг эцгийнхээ хэлсэн ориг үгийг олж үзсэн. Сайн ноён хан, Ерөнхий сайд асан Намнансүрэнгийн олон хамжлагын нэг байжээ, өвөө маань. Дөнгөж 20 настай залуу яагаад ч юм намын их хуралд оролцсон байдаг юм. Намнансүрэнгийн хамаатан садны дунд нэлээд зөрчил тэмцэл байсан тухай Ж.Пүрэвийн “Аянга” романд өгүүлсэн байдаг нь түүхийн үнэн юм билээ. Намнансүрэн нас барсны дараа хөрөнгө мөнгийг нь булаацалдсан маргаан хэтийдэн дуртай нь мөнөөх эзэнгүйрсэн хөрөнгийг хулгайлж дээрэмдэж, гувчуулж, энд тэндгүй садан төрөл гэх хүмүүс алс холын аймгаас гарч ирэн “найрласан” бололтой. Хэдэн үеэрээ хамжлага нь байсан өвөг эцэг минь энэ явдалд санаа нь зовж их хуралд үг хэлэхдээ Сайн ноён ханы хөрөнгийг цэгцэлж элдэв зальхай этгээдээс хамгаалахыг хүсэн, нэг үгэндээ засагт хандсан л юм байна. Дөнгөж хорьтой хөдөөний хөлх ард залуу юу боллоо л гэж учиргүй хувьсгалч болчихсон феодалын хөрөнгө хураа гэж өвчигнөж явах билээ. Юм мэдэхгүй хөөргөн залуус ингэж өвчигнөж явсан явдал хожим гучаад оны дундуур эхэлсэн юм. Өвөөг минь учиргүй сайн хүн болгох гэсэн түүхчдийн “гэнэн гүтгэлэг” энэ болой.

            Намайг багад, жараад оны дундуур партизан Эрдэнээ гэдэг хүний дурсамж радиогоор их явдагсан. Түүний ярьснаар мань хүн 1922 онд Дугаржав, Нанзаддорж нарыг газарчлан Маажинсан ууланд очиж урвагч хулгай Дамбийжааг сөнөөхөд биечлэн оролцсон гэнэ. Тэрээр Дамбийжааг алахад гол үүрэг гүйцэтгэсэн бололтой. Эхэлж очиж араас нь тэвэрч аваад л баруун гарыг нь хойш дарахад Дугаржав гар буугаар буудан устгасан гэнэ. Сүүл рүүгээ ч эл ажиллагааг бараг удирдсан шахуу юм  болоод явчихсан. Эмээ минь (эцгийн эх) амьд байж. Энэхүү радио нэвтрүүлгийг сонсоод их л гайхдагсан. Эмэг эх мөнөөх партизан эртэй хар багын айл саахалт явжээ. Одоогийн Завханы Цагаанхайрхан, Цагаанчулуут, Отгон сум шүү дээ. Эмээгийн ярьснаар үнэхээр Дугаржав, Нанзаддорж нарын арваад хүн Улиастайгаас гарч тэдний хошуугаар дайран Эрдэнээ болон манай эмээгийнхээр хуваагдан орж хоол цай хийлгэж идсэн юм байна. Эрдэнээ гуай дараа нь гийчдийг ойролцоох өртөөнд газарчлан хүргэж өгөөд оройдоо эргээд ирсэн гэнэ. Урагшаа хил давж Маажинсан хүрнэ гэдэг хол л доо, олон хоногийн ажил орно. Бүхэл бүтэн Говь-Алтай аймгийг хөндлөн туулах хэрэг гарна биз дээ. Гэвч гэрээсээ холдож үзээгүй партизан Эрдэнээгийн дурсамж гэгчийн ачаар хожим нь Дамбийжааг хэрхэн сөнөөн устгасан тухай нарийн деталь тодорч албан ёсны түүхэнд өөрийн зайгаа эзэлсэн юм даа.

            Ойрноос Сүхбаатарын хөшөөг шинэчлэн засварлах ажилтай холбогдсон маргаан нэлээд өрнөж хальтраад бараг л галактикийн үүсэл рүү орлоо. Маргаан мэдээж үнэн түүх, шинжлэх ухаан гэхээсээ илүүтэй улс төрийн шинж нь илэрхий давамгайлж байна. Шалтгаан нь ч тодорхой. Сүхбаатарын хөшөөг хүрэлдэх санаа хэдийнээ яригдаж байсан асуудал. Улс орон баяжаад мөнгө төгрөгний бололцоо гарангуут МАХН-ын 90 жилийн ойг тохиолдуулаад шинэчилье гэж шийдэж. Гэтэл төв талбай дээр байх хэрэг байна уу, түүхийн үнэн тодорч буй өнөө үед Сүхбаатар нь МАХН-ыг үндэслэгч ч биш, Ардын хувьсгалыг жолоодогч ч биш нь ил болсон болохоор хөшөөг Лениний баримлын оронд, эсвэл цэргийн жанжин байсных нь хувьд Батлан хамгаалах яамны урд талбай дээр босгоё гэсэн санал хэсэг хүнээс гарчээ. Нэг л их зэрлэг бүдүүлэг санал ч биш л дээ.

            Гэтэл үйл явдал МАХН нэрээ сольж, Монгол ардын нам гэсэн хуучин нэрээ сэргээсэнтэй зэрэгцэх нь тэр. Үйл явдлыг улам хөгжөөнтэй болгох гэсэн юм шиг Энхбаяр тэргүүтнүүд шинэ нам байгуулж МАХН хэмээх нэрийг булаацалдаад эхэллээ. Ингэхээр хар аяндаа Сүхбаатарыг хэн өмчлөх вэ гэсэн асуудал гарна. Энхбаярт өмчөө алдахгүйн тулд манчууд улайран бүхий л мэдээллийн хэрэгслэлээр хүчирхийлж эхэллээ. Сүхбаатарыг алдвал “МАХН”-аа алдана гэсэн үг, чингэвэл улс төрийн байр суурь нь сулрана. Үзэж тарж үсэрч наалдлаа. Улс төрийн тэмцэл л юм даа. “Хувьсгалт” гэсэн цагтаа Ренчиногийн 1925 онд нэмж өгсөн хийрхүү тодотголоос манай улс төрийн хамгийн том хүчин салж буй нь түүхэн том “хувьсгал” юм. Коммунизмаас үлдсэн магадгүй бараг хамгийн сүүлчийн сүүдрээс салж буй хэрэг. Ардчилсан ёс, парламентаризм, хүний сонгох эрхийг зөвшөөрч дээдэлсэн улс төрийн хүчнүүд оршин тогтнож өрсөлдөн амьдрах нь шинэ зууны Монгол улсад гарч буй аугаа ололт. Гэхдээ шинэчлэгдэж буй МАН мөнөөх л тавь жараад оны хийрхэл, гүтгэлэг, улайрал гэсэн хуучин суртал нэвтрүүлэгийн арга маяг руугаа орж үнэнийг үл хүндэтгэх, өөр үзэл бодлыг үл тэвчих улигт арга барил руугаа ухарч байгаа нь нэн харамсалтай.

            Энэ бол цэвэр улс төрийн тэмцэл. Энд үнэнийг тогтоох, түүхийн цагаан толбыг арилгах тухай хэн ч яриагүй. Зүгээр л өнөөдөртөө хэн нь хэнийхээ дээр гарч чадах вэ л гэсэн эрх мэдлийн төлөөх тулалдаан. Иймэрхүү юмыг ашиглагч сэргэлэн гарууд хэзээд мунддаггүй. Дараагийн сонгуульд хүч үзэх санаа агуулсан нэгэн баян бизнесмэн маргааныг хэрүүл болгон өргөтгөж бүхий л мэдээллийн хэрэгслэлээр мөнгөө төлөн төлөн суртал нэвтрүүлэг явуулж эхэллээ. Сонгогдохоор шийдсэн газартаа хөрөнгө мөнгө цацан хийрхэлийн жагсаал цуглаан зохиож гарав. Сүхбаатарыг хятад гаралтай гэж хэн ч хэлээгүй байхад “Сүхбаатар бол хужаа биш” гэсэн компани дэгдээлээ. Өвөрлөгч монгол үндэстэн байх, хятад үндэстэн байх уг нь шал өөр асуудал л даа. Ах дүү хамаатан садан, нутаг нэгтнийг нь шинэ “иргэний дайн-“д татан орууллаа.  МАН-ын нарийн бичгийн дарга 25-р сувгаар ярихдаа “Хэдийгээр Сүхбаатар нь Дамдины хүү боловч Монгол орны тусгаар тогтнолын төлөө тэмцсэн юм” гэж солиорч байхав. Дамдин монгол хүн, бүр мов монгол хүн, тэрний хүү болохоороо яахаараа “хэдийгээр” болдог байна? Улс төрийн тэмцэл эрүүл ухаанаа гээж солирол болж хувирч буй нь энэ.

            Энд би гол нь улс төрийн хэрүүлд шинжлэх ухаан татагдан орж туслан гүйцэтгэгч болж байгаа тухай ярих гэсэн юм. Түүх судлал бол гарцаагүй шинжлэх ухаан мөн. Тодорхой шинжлэх ухаантай хаьцуулахад өөрийн сул талтай нь яг таг баталгаа нотолгоо гаргаж чаддаггүй учраас янз бүрийн дүгнэлт гаргаж болдог. Эрэн сурвалжилдаг шинжлэх ухаан учраас шинэ баримт материалаар баяжихын хэрээр дүгнэлт нь өөрчлөгдөж болдог. Урлаг утга зохиол зэргээр дамжуулан үзэл суртал болгож болдог эмзэг хэврэг салбар. Үе үеийн дарангуйллын улс төрийн системүүд чухам энэ сул талыг нь овжноор ашиглаж ирсэн. Элизабэт хатан хаан өөрийн өст удмын хаан болох III Ричардыг Шэкспирээр дамжуулан түүхийн шившиг болгож хувиргаж билээ. Муссолини Италийн нэн эртний түүхийг өөртөө тааруулж зассан. Аугаа Вольтэрийн нэг гоё үг бий: “Ариун Ромын эзэнт гүрний эрхэмсэг хаан гэх юм, үнэндээ Ариун нь худлаа, Ромынх гэдэг нь худлаа, эзэнт гүрэн гэдэг нь худлаа, эрхэмсэг нь худлаа, хаан гэдэг нь ч худлаа”. Түүх сонирхдог бол төв Европт олон зууны турш герман овгийн зарим ханлигууд өөрсдийгөө “Ариун Ромын эзэнт улс” гэж нэрлэн тогтож байсныг сануулахад илүүдэх юун.

            Манайд нийгмийн шинжлэх ухаан, тэр дундаа түүх судлал олон жилийн турш эрх баригч бүлгийн үзэл суртлын зарц боол явсаар ирсэн. Нийгэм ардчилагдахын хэрээр энэ аймшигт хүлээснээс салсан гэж бодож явсан юмсан. Гэтэл саяхи улс төрийн маргаанд түүхийн эрдэмтэн мэргэд маань мөнөөх л хуучин инерциэрээ ханцуй шамлан идэвхийлэн оролцлоо. Шинжлэх ухааныг, тэрдундаа өөрийн мэргэшсэн салбар судлалыг ядахнаа хүндэтгэх нь яав даа хэмээн ихэд харуусав. Мөнөөх л Эрдэнээ маягийн партизануудын дэгс болон зохиомол яриаг түүхийн баримт болгон хүзүүгээ гүрдийлгэн дайрцгаах юм. Хэдэн зуун партизаны хэд хэдэн боть дурсамж байдаг нь үнэн. Зөвхөн Хиагтад тулалдаанд алагдсан гамингуудын тоо тэдний яриаг үндэслэх юм бол даруй хэдэн арван мянга болдог. Гэтэл Хиагтад тулалдааны үед нөгөө талд 500 мэргэжлийн цэрэг, мянга орчим шинээр цэрэгт татагдсан хятад иргэд байсан ба тэд зөвлөлтүүдтэй ярилцаж тохироод бараг бүрэн бүтнээрээ Читээр дамжин нутаг буцсан байдаг. Энэ баримт хожим Оросын архив болон дүрвэгч цагаантны судалгаа зэргээр дамжин ил болсон юм.

Түүхийн эрдэмтэн доктор нэгэнбээр зурагтаар ярихдаа Хатанбаатарыг биш Сүхбаатарыг жанжин болгосон нь түүний ур чадвартай холбоотой гэж бүлтэрлээ. Троицкосавскт шийдвэр гарган алба хуваарилахад Гадаад Монголын харъяат ердөө 5-6 хүн байсан. Харин Хатанбаатар нь Манзушир хутагтын Засгийн газарт Бүх цэргийн жанжинаар томилогдоод тэр үед Улиастайд байсан болохоор тэртэй тэргүй жанжин байсан түүнийг орогнолын засгийн газарт жанжинаар өрсөлдүүлэн томилох асуудал байгаагүй шүү дээ. Мөн тэрээр Ардын цэрэг Хүрээнд орж ирэхэд Сүхбаатар голд нь, хоёр талд нь Бодоо, Данзан нар бие хамгаалагч маягтай морьтойгоо түшиж орж ирсэн шахуу юм аль нэг партизан гэгчийн дурсамжаас шүүрэн дэлслээ. Бодоо нь Манзушир хутагтын Засгийн газарт тэртээ тэргүй Хүрээнд алба хашиж байсан төдийгүй түүх бичлэгт “Хүрээний нөхдийн захидал” нэрээр орсон баримтыг бичиж Троицкосавскт байгаа нөхдөө гамингаас чөлөөлөгдөх ажил нэгэнт биелсэн тул наад яриа явдлаа орхиод бушуу хүрч ирж төр улсаa тохинуулъя гэж уриалж байсан нь хөдөлшгүй баримт биш үү. Партизануудад орон сууц болон өөр олон хөнгөлөлт үзүүлээд эхлэхээр жар далаад оны үед учиргүй олноороо төрцгөөсөн юм. Ленинтэй уулзсан хүн нэгнийгээ үхэхээр араас нь гэнэт гараад ирнэ. Дарханаас гэнэт төрсөн нэгэн “ленинтэй уулзагч” өөрийгөө комсомолын шугамаар ийм учралтай золгосон гэж байсан. Уулзсан огноог нь харахаар Ленин хэвтэрт байсан болж таараад байдаг. За энэ нь ч яахав. Гэтэл мань өнөөгийн түүхчид өнөө уулзагчийг Сүхбаатартай хамт Ленинд бараалхсан болгоод уулзсан хамаг нарийн баримт нь түүхчлэгдсэн гэж залдаг байгаа. Хайран шинжлэх ухаан!

            Сүхбаатар жанжныг муучлах, нэр төрийг нь гутаах, гүтгэх хүсэл үнэндээ хэнд ч байхгүй байх. Монголын ард түмний хувь заяагаар олдсон аугаа эх оронч. Цэргийн гайхамшигт том зүтгэлтэн. Гарцаагүй эх эцгээсээ жинхэнэ монгол үндэстэн (Барга, үзэмчин, харчин, цахар нар нь яах аргагүй Чингисийн удмын жинхэнэ монголчууд, үүнтэй маргаад яах юм бэ!). Үүнийг хэн ч үгүйсгэхгүй. Гэхдээ амьдралынхаа сүүл үед болоод үхсэнээсээ хойш улс төрийн суртал нэвтрүүлгийн асар том золиос болсон. Үүнд мэдээж тэр өөрөө буруугүй. Үхсэн хүнээр тоглож хамтран зүтгэгч нарыг нь, багш удирдагч ивээгч нарыг нь гүтгэхэд ашигласан. Богд хааны итгэлт дотно хуурай хүү байсан түүнийг чухам Богддоо хорлогдож үхсэн мэтээр үзүүлсэн. Үүнд манай түүхчдийн “гавъяа” хэмжээлшгүй. Хэлээгүй үгийг нь хэлсэн болгож доромжилсон. “Манай гадаадад тулах цорын ганц хүч нь Зөвлөлт Орос улс” гэсэн түүний хэлсэн мэт зохиосон үгийг 1990 оноос хойш ишлэхээ больчиж. Зөвлөлт нь ч байхгүй болсон, гадаад тулгуур нь ч олон болсон болохоор Сүхбаатар ийм үг хэлсэн байж таарахгүй болж байгаа хэрэг юм байхдаа, зайлуул.

Тэртэй тэргүй шинэ Монголын түүхэнд мөнхийн гавъяа байгуулсан Сүх жанжныг зориуд гутаах гэж байгаа юм шиг заавал Данзангийн дарга, Бодоогийн удирдагч болгож 1922 онд л гэхэд 112 тулалдаанд оролцож бүгдэд нь ялж байсан мэтээр хүн үнэмшимгүй юм ярьж байх хэрэг байна уу? Өнжөөд л нэг байлдаад байсан хэрэг үү? Дайн, тулалдаан, байлдаан, мөргөлдөөн, тулгаралт зэрэг нь шинжлэх ухааны нэршлээр тус тусдаа ойлголт шүү дээ. Халх голын дайн гэдэггүй тулалдаан гэдэг. Нэрлээдэхье гэхэд Монголд 1920-1923 онд ийм олон мөргөлдөөн ч болоогүй. Эх оронч түүнийг заавал коммунист болгон харуулах хэрэг юун? Коминтерний Эрхүү дахь салбарын Монгол Төвдийн тасгаас эрхлэн хэвлүүлсэн “Монголын үнэн” сонинг заавал цэргийн зүтгэлтэн Сүхбаатараар санаачлуулж хөөрхийг гүжирдэх ямар хэрэгтэй юм? Энэ болгон чинь жанжны нэрийг өргөх биш, харин ч хүн үнэмшимгүй болохоор гутаагаад байгаа хэрэг юм. Л.Бат-Очир, О.Пүрэв зэрэг манай нэртэй эрдэмтэн түүхч нар насаараа Сүхбаатарыг судласан, жанжинд үнэн сэтгэлээсээ хайртай, үргэлж өмөөрч явдаг, судлагдахуунаа хамгаалж хүндэлдэг хүмүүс байсан юм. Хэдэн арван жилийн турш Сүхбаатарыг тойрсон гүтгэлэг гүжирдлэг, нуухыг нь авах гээд нүдийг нь сохолсон худал хуурмагийг илчилж түүхийн үнэнийг сэргээсэн гавъяатай эрдэмтэд. Эрдэмтэн хүн үнэнээс айх ёсгүй. Тэр дундаа үнэнийг худалддаггүй.

            Биенийгээ дарж моготгох, ашиг завшаан хайхад улс төрийнхөнд өнөөдөр ч Сүхбаатар хишгээ өгсөөр байна. Дүүрч, тэгэх ёстой юм бол тэгээд самралцаж л байг. Сэгсэлзсэн шүлэгч, дэвтаат болох гэсэн наймаачин цамнаж л байхаас. Харин үүндээ шинжлэх ухааны нэр барьж, тэрэнд нь эрдэмтэд оролцон шүлс үсчүүлж явах нь гутмаар. Шинжлэх ухаан гэдэг чинь тэр хэдэн хэнээтнийг бодвол хавьгүй дээгүүр эд. Шинжлэх ухааныг ядахнаа хүндэтгэе. Энэ бол улс төрөөс хавьгүй аугаа өндөрлөг юм шүү. Ямар бөө зайран удган биш дээ!

2011.002.28

             

           

"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив