Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
ХҮЧИРХЭГ ТӨР ЗӨВ МЕХАНИЗМТАЙ БАЙХ ЁСТОЙ
2011 оны 3 сарын 7 [Уншсан тоо: 66136]
(Монголын эдийн засгийн форумд хэлсэн үг)

Төр бол байхаас өөр аргагүй зайлшгүй адгийн байгууламж. Францын нэрт сэтгэгч Бастиагийн тодорхойлсноор “Төр нь бусдын хөрөнгөөр амьдрах гэсэн хүмүүсийн цуглуулга” гэж хүртэл тодорхойлжээ. Гэхдээ төргүй улс гэж үгүй. Аль ч төр хүчирхэг байх ёстой. Нийгэмд үйлчилдэг байгууллага гэдэг нь зөвхөн нэг тал нь. Аюул заналаас хамгаалах үүрэг нь ялангуяа терроризмтой өнөөгийн зуунд бүр ч чухал тал нь. Хүчирхэг төрийг данхар төртэй эндүүрдэг явдал манайд бол урхагшсан ойлголт. Үүргээ зөв тодорхойлсон, функционал үйл ажиллагаа нь цагийн зүү шиг зөв ажилладаг төрийг л хүчирхэг төр гэнэ. Үүрэг нь тодорхой биш, эсвэл бүхнийг хариуцах үүрэг өөртөө хүлээсэн данхар төр авилга хүнд сурталдаа идэгдэж Бастиагийн тодорхойлсон байгууламж болдог. Ийм төрд нийгмийн хамгийн өөдгүй хэсэг нь цуглардаг ба төрийн иргэдэд үйлчлэх үндсэн үүрэг нь иргэдийг дарамтлах аппарат болон хувирдаг. Чухам эндээс иргэдийн төрд итгэх итгэл багасч, төр дагаад улам сулардаг. Сул төртэй улс үндэстний хөгжил дэвшил саарах төдийгүй үндэсний аюулгүй байдал нь хэврэгшинэ. Төрийн тухай ойлголт тодорхойлолт олон янз бий. Гэхдээ бид орчин үеийн төрийн ойлголттой, үүрэгтэй ажил функцтэй болохгүй бол орчин үеийн ертөнцтэй хөл нийлүүлж чадахгүй.  

    Монголчууд бүх түүхийн турш дарангуйлагч төртэй явж ирсэн. Дарангуйлагч төр тухайн цаг үедээ хүчирхэг байдаг, зарим нь хэдэн зуунаар, магадгүй хэдэн мянганаар насалж байсан. Гэвч орчин үеийн ертөнцөд дарангуйлагч төр шиг хэврэг юм алга болжээ. Ийм төр гадна өнгөнөөсөө хүчирхэг юм шиг сэтгэгдэл төрүүлдэг авч дотор талаасаа илжрэн муудсаар өөрөө өмхрөн ойчдог. Ардчилсан төрийн шарх сорви, сул тал бүхний нүдэнд ил байдаг учир илааршиж сайжрах бололцоо үргэлж өөрт нь байдаг.  Гэхдээ үүнд хязгаар бий. Монголын ардчилал нь урьдын туршлага үгүй төлөвшилтийнхөө үед яваа нялх, хэврэг үедээ яваа тогтолцоо. Урьд түүхээс уламжилж авсан араншин нь юун түрүүн төвлөрүүлэх, захиран тушаах, дураараа аашлах, хүнд сурталжих, хариуцлагаас зугтаах өв юм. Хоорондоо үл зохицох шал өмнөө ийм хоёр тогтолцооны холимог нь улс орныг улам сульдуулж, тодорхой бус үүрэг хариуцлага нь төрийн дархлааг сулруулж байна. Хий дэмий л хариуцлага ярьж хүнээ сайжруулах тухай биелэх бололцоогүй үлгэр ярьж суух нь төрд итгэх иргэдийн итгэлийг улам бүр хөсөрдүүлж байгаа юм. Механизмаа засна уу гэхээс хүнээ засна гэж үнэндээ байхгүй. Сайн механизм дотор муу хүн ялгарч харагдана, харин муу механизм дотор сайн хүнд багтах газар байдаггүй. Доорхи санал тавьж байна:

1.    Авилга хээл хахууль асар их байна. Үүнтэй тэмцэх хамгийн үр дүнтэй арга бол авилгын эх үүсвэр болоод байгаа улсын төсвийн ДНБ оногдох хэмжээг эрс бууруулах явдал юм. 1999 онд ДНБ-д эзлэх улсын төсөв 29 хувь байсан ба нийтдээ 280 сая долларт багтаж байсан. Улаанбаатар хотын төсөв 8 сая долларт багтаж байсан. Тэгвэл өнгөрсөн жилийн төсөв ДНБ-ий 53 хувийг эзэлсэн ба улсын төсөв 10 дахин, Улаанбаатар хотын төсөв мөн тийм хэмжээгээр нэмэгджээ. Хүн амын амьжиргааны төвшин ийм хэмжээгээр нэмэгдээгүйг бүгдээрээ мэднэ. Хулгай хийхэд зориулагдсан цаад сав нь томрох тусам хулгай улам нэмэгдэж хэмжээ дамжаа нь улам томрох нь зүй ёсны хэрэг юм.

2.    Төрийг бизнесээс салгахгүй бол сайн засаглал горьтолтгүй. Авилга улам цэцэглэнэ. Төр бол стандарт тогтоож түүнээ мөрдүүлдэг газар болохоос ашгийн төлөөх байгууллага биш. Хувийн компани ашгийн төлөө байдагчлан хувь хүмүүс ч ашгийн төлөө байдаг. Төр бизнес хийхээр төрийг төлөөлж шийдвэр гаргагч хүмүүс мөн өөрийн ашгийг илүү сонирхох нь мэдээж зүйл. Энэ бол муу хүнийг сайнаар солих тухай асуудал биш ерөөсөө хүний натур. Төр төлөөлж байгаа хүн бизнес хийх болохоор өөртөө хамгийн ашигтай хувилбарыг зайлшгүй сонгоно. Өөртөө ашигтай болохоор дэндүү дийлэнх тохиолдолд засгийн газарт буюу нийтийн эрх ашигт хамгийн хохиролтой хувилбар сонгогдоно. 

3.    Төр өөрийн үүрэг функцээ биелүүлэхдээ бүхий л гүйцэтгэлийг захиалгаар гадаад дотоодын хувийн байгууллагуудаар сонгон шалгаруулах маягаар хиймээр байна. Төрийн яам агентлагууд төсөл зохиох, программ гаргах ажлыг өөрсдөө нухаж суудаг. Эндээс хамгийн муу хамгийн хариуцлагагүй, хамгийн үрэлгэн, завсраа авилга хавчуулсан бичиг баримт тогтоол шийдвэр төлөвлөгөө, төсөл гардаг. Нарийн ярьвал төр бол бодлого боловсруулдаг газар ч биш. Тэр дундаа тэс өөр сонирхолтой адаг шаараар дүүрсэн төр бодлого бодоод сууж байх гэж үү? Хувийн байгууллагууд, институци хүрээлэн, олон нийтийн сонирхлын байгууллагуудын гаргасан олон бодлого хувилбарыг бусад салбартай харьцуулан дүгнэж сонгон шалгаруулж хэрэгжүүлэх шийдвэр гаргах нь төрийн үүрэг юм. Монгол дахь муу засаглал төр өөрийгөө муу хүмүүсээр дүүргэсэндээ биш, муу механизм байгаатай холбоотой.

4.    Төр хувийн хэвшилтэй өрсөлддөг явдлаа зогсоох хэрэгтэй. Төрөөс ямар ч мэдээллийн хэрэгслэл хариуцахгүй, гаргахгүй, өмчлөхгүй гэсэн хууль хэдэн жилийн өмнө гарсан. Гэхдээ энэ бол өдгөө манай төрийн хариуцаж байгаа мянга мянган асуудлын зөвхөн ганц нь юм.

5.    Хүнд сурталтай тэмцэх нэрээр төрөөс шаарддаг стандартыг хасаж танаж цөөлж хүчингүй болгож байгаа нь төрийн өөрийн гүйцэтгэх ёстой үүргийг сулруулж байна. Орон сууц барихад төр маш олон стандарт шаардлагаа тавих л ёстой. Харин тэр тавьж буй шаардлага нь маш тодорхой тухайлсан асуудлаас өөр юм нэхдэггүй, өөрөөр хэлбэл түшмэлээс аль болох бага хамаарсан, болбол интернэтээр бөглөдөг, болбол скайнараар шалгадаг болж л хүнд суртлыг багасгана. Төрийн стандарт шаардлагыг цөөлөх, хүчингүй болгох нь хүнд сурталгүй сайхан төр болж байгаа хэрэг биш, харин ч хариуцлагагүйдүүлж буй хэрэг.

6.    Нийгмийн салбарын энэ их том ачааллаас төр салж үүнээ хувийн хэвшилд түрээс гэрээ хувьчлал маягаар тарааж өгөх шаардлагатай. Эрүүл мэнд боловсролыг төр хариуцана гэдэг нь мөнгийг нь даана гэсэн үг болохоос өөрөө мэнэжмэнт хийнэ гэсэн үг биш шүү дээ. Тэрбайтугай тэтгэвэр тэтгэмж нийгмийн халамжийг мэнэжмэнтээр болон бүр мөсөн хувьчилчихсан чинь хавьгүй илүү үр дүн гарсан туршлага олон байна.

7.    Хувийн эрх ашгаа хойш тавиад нийгмийн, ард түмний, эх орны эрх ашгийг өмнөө тавьдаг сайн хүмүүсийг олж төрд алба хашуулах тухай “онолын” сэтгэлгээ чинь буруу байна. Нэгдүгээрт хувийн болон гэр бүлийн эрх ашиг гэдэг нь маш ойлгомжтой зүйл байдаг бол нийтийн эрх ашиг гэгч нь ойлгомжгүй, тодорхойлолтгүй, мушгигддаг эд байдаг. Хоёрдугаарт хувийн эрх ашгаа бүхний дээр тавих нь угаасаа хүний байгалиас өгөгдсөн мөн чанар. Гуравдугаарт хувийн эрх ашиг бүхний түрүүнд байх ёстой нь Монгол улсын үндсэн хуулиар баталгаажин тунхаглагдсан. Дөрөвдүгээрт хувийн эрх ашгаа үнэхээр хөсөр хаягсад нь сэтгэцийн хувьд эрүүл биш байх нь тун элбэг үзэгдэл. Тавдугаарт хувийн эрх ашгаа хөсөр хаясан хүн сайн гэсэн “онолын” гаргалгаа болон мөрдлөг нь зальхай луйварчдад асар их бололцоо олгодог. Ардчилсан нийгэм хувийн эрх ашгийг хамгаалдаг, харин тэр нь бусдын эрх ашигт харшлах хохироохыг хуулиараа хориглодог. Авилгачин төрийн албан хаагч бол хувийн эрх ашгаа тэргүүнд тавигч биш харин үй олон хүмүүсийг хохироогч луйварчин, дээрэмчин, хулгайч юм. Ийм луйварчдын байх ёстой газар бол шорон. Хувийн эрх ашигаа тэргүүнд тавина гэдэг нь энэхүү үндсэн хуулиар олгогдсон эрхээ хэрэгжүүлэхдээ нэг ч хүнийг хохироохгүй байхыг хэлнэ. Хүний мөн чанарын  “онолын” эсрэг шаардлага тавьж түүгээрээ хэмжүүр хийх нь төрийг дампууруулах нэг үндсэн шалтгаан болж байна.
2011 оны 3 дугаар сар 3
"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив