Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
ЭХ ОРОНЧИЙН ТӨРХ
2011 оны 3 сарын 21 [Уншсан тоо: 60382]
Нэг гоё мэдээ олж үзлээ. Сонгинохайрхан дүүргийн 25-р хороон дээр “улсаас харж үзэн” тарааж байгаа 500 мянган төгрөгөө авах гэж очсон иргэдэд “хог цахилгааны мөнгөө төлчихөөд эх орны хишгээ ав” гэж буцаажээ. Ард түмнээ үргэлж боддог сэтгүүлчид маань хөөрхий иргэдээ өмөөрөн тус хороон дээр тоос татуулан очиж хүнд сурталтнуудыг байцаасан чинь “төр мөнгө тарааж үүргээ гүйцэтгэж байхад иргэд үүргээ гүйцэтгэхгүй үргэлж л юм нэхэж байдаг” гэж хариулжээ. Зөв, эр хурга! Үнэн шүү дээ, харилцагч хоёр субъект үргэлж биенийхээ өмнө их бага ямар нэг хариуцлага хүлээдэг. Энэ нь хүний нийгмийн зайлшгүй шаардлага. Иргэн ядахнаа хог цахилгааны төлбөрөө өгч иргэний үүргээ биелүүлэх ёстой. Хэрэглэчихээд төлбөрөө өгөхгүй байх нь нийгмийн өмнө төдийгүй өөрт нь үйлчилсэн компаний өмнө үйлдэж байгаа гэмт хэргийн шинжтэй үйлдэл. Шулуухан хэлэхэд дээрэм тонуул. Хогоо зөөлгөж, тогийг нь хэрэглэчихээд гөлийгөөд байна гэдэг нь! Авах болохоороо уургын морь шиг, өгөх болохоороо ургаа хад шиг.

    АНУ байгуулагдсаны дараагаас бүх иргэд сонгуульд ордоггүй байжээ. Эмэгтэйчүүд санал өгөх эрхгүй байж. Боолчууд өгдөггүй байж. Эхлээд сонсоход дэндүү шударга биш байгаа биз? Тайлбар нь их шудрага: Төр гэдэг бол иргэд хамтарч байгуулж өөртөө үйлчлүүлдэг институци. Төр нь аюулгүй байдлыг хамгаална, гэмт хэрэгтнийг нийгмээс салгана, иргэдийн хоорон дахь хэрүүл маргааны асуудлыг шийдэж өгнө, эмх журмыг сахиулах ба үүний тулд олонхид таалагдах хууль дүрмийг гаргана. Үүнд асар их мөнгө орно. Нэгэнт үйлчлүүлэх гэж байгаа бол иргэд үүндээ төлбөрөө төлөх ёстой. Татварт тав ба түүнээс дээш доллар (тэр үеийн таван доллар ч дажгүй мөнгө байсан юм шүү) өгсөн хүмүүс сонгууль өгөх эрхтэй. Одоо шударга сонсогдож байна уу? Хүнийг боолчилж байсныг нь зөвтгөж байгаа юм биш, гэхдээ боолчууд татвар төлөхгүй нь ойлгомжтой. Тэр үед эмэгтэйчүүд алба ажил хашдаггүй гэртээ үр хүүхдээ өсгөдөг учир татвар бас төлдөггүй байж. Нийгэм өөр болж өнөөдөр бүгд л сонгуульд ордог л доо. Гэхдээ анхны сонгуулийн зарчим тийм ч зэрлэг бүдүүлэг юм биш байгаа биз?

    Өнөөдөр дэлхий даяараа насанд хүрсэн хүн болгон сонгуульд саналаа өгөх эрхтэй, зарим оронд бүр үүрэгтэй байдаг. Сайхан л байна. Гэхдээ хоцрогдсон ядуу орны иргэдийн ихэнх нь татвар төлдөггүй давхрагынхан. АНУ-ын төсвийн үлэмж дийлэнх хэсгийг иргэний орлогын татвар бүрдүүлдэг учир иргэд нь бүгд төрөөр үйлчлүүлэх эрхтэй ажгуу. Гэтэл жишээ нь манайд иргэний орлогын татвар төсвийн ёстой үл үзэгдэх хэсгийг бүрдүүлмэр аядана. Төрийн мэнэжмэнтийг хийх хэсэг хүмүүсийг сонгон шалгаруулахын тулд сонгууль болдог. Санал өгөгчдийн дийлэнхид сонгогдогч таалагдах ёстой. Татвар төлдөггүй, өөрөөр хэлбэл нийгмийн өмнө хариуцлага хүлээгээгүй хэсэг хүн амд ихэнх нь байвал дивтаат болохыг сонирхогч тэдэнд л ээлтэй амлалт өгөх шаардлагатай болно. Эцсийн дүндээ нийгмийн дундын хөрөнгө хий цацагдсан, үрэгдсэн, аманд ч үгүй хамарт ч үгүй болохын эхлэл энэ. Дундаа нэг сайхан хурдны замтай болох уу, тэтгэмжийн жаахан мөнгөө хувь хувьдаа аваад архи гудрах уу гэвэл нийгмийн өмнө хариуцлага хүлээдэггүй тэр олонхи масс хоёр дахийг нь сонгох нь дэндүү ойлгомжтой. Ийм нийгэмд үнэндээ шудрага ёс ноёлож чадах уу?

    Английн аугаа философич Локкэ “Өлсгөлөн хүн Үндсэн хууль гэхээсээ үмх талхыг дээрд үздэг” гэжээ. Америкийн нэрт социологич Маслоу “шатлан нэмэгдэх хэрэгцээний тухай” бүхэнд зөвшөөрөгдсөн онол гаргасан юм. Хүний хэрэгцээ олон шатлалтай байдаг гэнэ. Доод хэрэгцээ хангагдаагүй байхад дээд шатны хэрэгцээ буй болдоггүй аж. Доод Шатны хэрэгцээ нь илүүтэй биологийн шинж чанартай. Идэж уух, үржиж олшрох, байгалийн эрхшээлээс ангижруулах оромж зэрэг нь доод шатны хэрэгцээ юм. Ийм хэрэгцээ хангагдаагүй байхад эх оронч мэдрэмж, яруу найраг, гоо сайхан, буян үйлдэх, сайн сайханд тэмүүлэх, хамтын жаргалд хүрэх зэрэг үй олон дээд шатны хэрэгцээ утгагүй байдаг аж. Хэрэв доод шатны хэрэгцээ хангагдаагүй хүн дээд шатны юм нэхэж байгаа бол үнэндээ доод шатны юмаа л илүү “эх оронч” байдлаар шаардаж байна гэсэн үг. Амархан тайлагдана.

    Манай орон өргөн дэлгэр нутагтай, хүн ам цөөн, ам км талбайд ноогдох хүний тоогоор дэлхийн хамгийн сийрэгт багтах боловч энэхүү сая таван зуун мянган ам км нутагт эх орончид нь багтахгүй чихэлдэж, саваа халин сагаж байна. Ажаад байхад хоёр төрлийн “эх орончид” байна. Нэгдэх хэсэг нь мэдээж өөрийн биологийн хэрэгцээгээ бүрэн дүүрэн олон зуун хувь давуулан биелүүлсэн эрс. Голдуу булхай луйврын аргаар нэг байтугай биед ахдах их хоол цуглуулсан улс. Тэд идэх хоолтой өмсөх хувцастай олон авгайтай мөртөө дээд шатны олон янз хэрэгцээнээс нэг хоёрыг нь л ойлгоно, түүндээ онцгой шунана. Идэж уух хүсэлд нь хязгаар байдаггүй учир эрх мэдлээр биеэ зузаатгахын тулд нийгмийн өмнө хариуцлага хүлээдэггүй олонхи массад таалагдах гэж хайран сайхан цээжээ хонхойж хотойтол нь нүдэцгээнэ. Бүр олны өмнө гээ. Нэг мундаг том бөх, наймаагаар сүрхий хөлжсөн нэг лухгар эр, эрх мэдлээ алдаж унтах нойргүй болсон хэсэг хэнхэг гээд иймэрхүү эх оронч хүмүүс аль ч зурагтын суваг асаахад лүглийгээд л, уйлагнаад, эрүүл хүний бөөлжис цутгамаар юм донгосоод л сууж байдаг. Буяны таргаа дийлэхээ больж малийж манцайсан эд өлсөж байгаа ард түмнээ өрөвдөнө гэж яав аа!

Нөгөө хэсэг эх орончид нь амьдралаа авч явах арчаагүй учир биологийн хэрэгцээгээ хангаж чадахгүйдээ дээд шатны юм нэхэж доод шатны хэрэгцээгээ хангах гэсэн сайхан гарууд. Тэд ажил эрхлэх байтугай усанд ч ордоггүй. Тогтмол ямар ч орлогогүй. Юун татвар төлөх вэ! Ямар үлийний чинь нийгмийн өмнө хүлээх хариуцлага! Ажилд авах зар сонин болгоноор дүүрэн. Эд очихыг хүсдэг ч үгүй, очоод ч шууд гологдоно. Хаана ч юу ч хийж чадахгүй хүмүүс. Нэхэл нь тун хатуу, яая даа гэсэн дэндүү эх оронч. Хөдөлмөрийг бол ерөнхийдөө жигшдэг. Ийм хүмүүс дэлхийн хаана л бол хаана бий. Нью-Йоркийн гол гудамжаар нэг байдаг юм билээ. Гэхдээ тэдний эх оронч дуудлагыг тэр эрүүл нийгэм огт сонсдоггүй, тоодоггүй. Харин Монголд бол од. Яагаад гэвэл манай нийгмийн иргэдийн ихэнх нь нийгмийнхээ өмнө хариуцлага хүлээдэггүй. Хогны болон хэрэглэсэн цахилгааныхаа мөнгийг төлдөггүй. Бүр ядаж л!

    Нэг талаас бүх юмыг мөнгөөр хэмжиж болдоггүй. Гэхдээ л мөнгө бол зөвхөн солилцооны хэрэгслэл төдий зүйл биш, маш олон юмны хэмжүүр. Сайхан хоолой гэдэг шууд мөнгөөр хэмжигдэхгүй ч концерны билет нь аль зэрэг борлогдож байгаагаар бас хэмжиж болно. Эх оронч гэдгийг яаж хэмжих вэ? Орилдогоор нь уу? Дуу чангаар нь уу? Цээжээ аль зэрэг чанга нүдсэнээр нь үү? Хэмжүүр байхгүй юу? Үхсний чинь Үндсэн хуулийг сахиулах, улс орны аюулгүй байдлыг хангах, нийгэмд шудрага явдал тогтоох вэ! Татвар төлж бусдыг тэжээх маань ч яамай, ядахнаа хүүрэн биеэ хүн шиг аваад явж чадахгүй байж! Нийгмийн өмнө хариуцлагаа мэдэрч хуулийн дагуу татвараа төлөөд явдаг иргэнийг л хамгийн их эх оронч гэмээр санагдах юм. Эх орончид мандтугай.
2011.01.21 
"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив