Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
ЭВДЭРХИЙ ЦАГ БА НАЙС ГАЙ НАР
2011 оны 4 сарын 25 [Уншсан тоо: 120603]
Дивангарт бүр Күнзийн үеийн нэг онигоо маягийн ёгт үлгэр бий. Нэг домч хүний нурууны бөхтөрийг засдаг хэмээн зар тараажээ. Хөөрхий нэг бөхтөр эмгэн зарын дагуу ирэв. Домч эмгэнийг түрүүлэг нь харуулж хэвтүүлээд дээр нь банз тавин гишгиж гарчээ. Эмгэн өвдсөндөө ёолон орилно. Нуруу ч шажигнаад л хуга нуга үсэрч байна гэнэ. Эмгэн ч чимээгүй боллоо, домч ч банзаа аваад хартал нуруу сайхан тэгширсэн аж. Харин эмгэн хэдийнээ амь тавьсан байв.

    Орчин үеийн анагаах ухааны эцэг Хиппократын алтан зарчим 2500 жилийн өмнө гарсан нь: Primium non nocere. Би энэ үгийг оролдоод оролдоод монголоор аятайхан буулгаж чаддаггүй юмаа. Үгчилбэл: Юун түрүүн хор болж болохгүй гэсэн үг. Юм засах гэж байгаа бол цаад зүйлээ эвдэж болохгүй, эсвэл хүн эмчлэх гэж байгаа бол өвчтөнөө гэмтээж үхүүлж болохгүй гэсэн санаа. Зүрхийг нь эмчлэх гээд элэгийг нь муутгаж болохгүй. Арай зөв утгачилбал “нуух авахын тулд ямар ч байсан нүдийг нь сохолж болохгүй” гэсэн үг юм уу даа. Тэгэхээр эндээс дээрхи эртний хятадын ёгтлол санаа дурайтал гараад ирж байна. Яаж ч бодоод тэгшхэн нуруутай хүүр байснаас амьд бөхтөр байх нь хавьгүй дээр. Секундийн зүүгүй явдаг цаг нь ийм зүүтэй явдаггүй цагнаас дээр биз дээ? Зүүг нь хийх гээд цагаа эвдчих юм бол ерөөсөө тэр зүүгээр яах ч юм билээ? Хиппокаратын алтан зарчмын санаа энэ л дээ!

    Саяхан УИХ нэг айхтар урт нэртэй хууль батлав аа. Гол ус мөрөн гээд ааш хоёр О-той холбоотой юмны хавь ойрд уул уурхай болон бусад үйл ажиллагаа явуулахыг хориглосон хууль юм байна. Сүүлийн хориод жил Монгол орны гол ус бохирдож, бүр хор урсгаж явдаг болсон. Баахан алтны уурхай, тэгээд нинжа нар. Сүйтгэсэн л дээ. Орхон гол тасрааский. Ерөө бол тэр чигээрээ мөнгөн ус. Өр зүрх шимширмээр. Хойч үе маань яах болж байна гэсэн луг асуулт их тавьдаг болсон, хойч үе маань ч яамай өнөө амьдарч байгаа бид хордож үхмээр болчиж. Бид мөнгөн ус залгилаад байхаар хойч үе ерөөсөө гарч ирэхгүй, ирлээ ч мөнөөх нинжа нараас ч дор амьтадтай болно шүү дээ. Буруутан нь төр байхаа, яагаад гэвэл нэгэнт лиценц тарааж ухаж төнхөхийг нь зөвшөөрсөн юм бол байгаль орчинг нөхөн сэргээлүүлэх талаар анхаарах ёстой байсан. Ухахын өмнө ямар байсан яг тэр төвшинд нь эргүүлж янзлуулах ёстой. Хаана ч тэгдэг л юм билээ. Өвөрхангайн Уянга, Бат-Өлзийт сумаас 4-7 сая долларын алт ухаж авчээ. Одоо очоод хар даа. Гадаадынхан биш манайхны хийсэн ажил шүү дээ. Дээрэмчин ч ингэдэггүй байх. Мөнгө нь нам болсон, хэсэг гуугачсан, тэгээд унтарсан. Мөнгө ч үгүй, нам ч үгүй, байгаль ч үгүй, Орхон ч үгүй, Улаанцутгалан ч үгүй, билчээр ч үгүй... мал ч үгүй. Малгүй болсон иргэд нь нинжа болсон, байгаль сүйтгэх дараагийн ээлжийнхэн!

    Гээд бурхан авсан бол зөрүүлээд өгдөг болохоор сүйрсэн байгаль ашигаа өгсөөр. Гол мөрөн байгаль ой, билчээрийг хамгаалдаг олон нийтийн байгууллага өдгөө Хууль зүйн яаманд бүртгэгдсэнээр 600 орчим байдаг юм байна. Бүгд ашигтай ажиллаж байгаа. Байгаль хамгаалагч нэг иргэний хөдөлгөөнд 15 орчим уул уурхайн компани, лиценцтэй этгээдүүд ноогдож байгаа. Тэднийг шантаажилж, хэвлэлийн бага хурал хийж, цуглаж жагсаад, хэвлэлээр бичүүлэх, болохгүй бол буу тулгах, зодох, сүрдүүлэх, шулуухан буудах маягаар ажилласны хүчинд мянга орчим гэр бүл амьдралаа дажгүй залгуулж явна.  Ерөнхийдөө төлбөрөө төлчихвөл яриа цааш даамжирдаггүй учир өгсөн авсан аль алиндаа өлзийтэй. Харин шанд нь байгаль улам нэмж сүйрсээр.

    Эргээд өнөө урт нэртэй хууль руугаа оръё. Санаачлагч нь сүүлийн 7-8 жилд гол усаар дагнаж, эх орны байгальд хайр зарласан нэгэн. Булиа эр болохоор бусад нь айгаад хэлсэн болгоныг нь хууль болгож өгдөг юм. Уг хуулийн буянаар мянга гаруй компани гол усны ойр хавьд байшилтай гээд эрхээ цуцлуулжээ. Гэхдээ хаялагад нь савлуулсан юм болов уу, элсэн говьд лиценцтэй олон компани бас амиа таслуулах ял авсан. Улс хохирлыг барагдуулна, нөхөн төлбөр олгоно. Компаниудын нэхэж байгаа мөнгөний нийлбэр дүн долоон тэрбум орчим доллар болж байгаа нь улсын нийт төсвийн хэдэн жилийнхтэй тэнцэнэ. Нэг үгэндээ ийм мөнгө одоохондоо Монголд байхгүй. Гэхдээ гол усаа л хамгаалж байвал хамаа байж уу, тээ?

    Гэтэл гол ус маань хамгаалагдсангүй ээ. Хохирсон компаниуд орд руугаа нинжа оруулж эхлэв. Нинжа гэдэг бол царцааны нүүдэл шүү дээ. Компани хариуцлага хүлээнэ, нинжа бол үгүй. Байгаль улам их сүйрэх эхлэл ингэж тавигдав. Үнэн тэнэг байгаа биз? Гэхдээ “чукча не дурак!”. Эрхээ цуцлуулсан мянга орчим компанийн зуу гаруй нь алт мөнгө олох гэж яваад шатчихсан юм байна. Ухаад ухаад юу ч байдаггүй. Мэргэн арга бодож олсон нь хохирлоо улсаар төлүүлэх. Ингээд байгаль ч үгүй, мөнгө ч үгүй хоцорч байгаа юм даа, манай Монгол орон. Гол усыг газрын хөрсөн доороос гаргаж ирдэг организмыг мод гэдэг. Модны хүчээр гол урсдаг юм байна шүү дээ. Гуч дөчөөд оны үед 60 орчим мянган хүн баривчлаад хагасыг нь буудаад, хагасыг нь хорьчихсон. Тэр олон хоригдлоор хийлгэх юм олдохгүй болохоор нь Туулын эхэнд байдаг модыг огтлуулаад сал хийн хот руу урсгаж түлээд дуусчээ. Нэг их олон жил хүлээсэнгүй, Туул гол шургаж алга болдогтоо тулсан. Ингэхээр бүх юм холбоотой байгаа биз? Одоо ингэж асуу даа: “Ерээд оны дундуур Тужийн нарсыг тужид нь огтолж хувхайлаад урагшаа гаргаж зарсан эзэн хэн бэ?”. Гэхдээ энэ асуултыг гол усаа хамгаалах урт нэртэй хууль санаачлан бусдыгаа айлгаж ард түмэндээ сайшаагдсан тэр эрд тавиарай.

    Муйхар тэнэг арга ямар хортойг мөнөөх цуутай 68 хувийн гэнэтийн ашигийн татвар гэгч баталсан. Гадаадын хөрөнгө оруулалт хийхээр зэхэж байсан компаниуд үргээд алга болчихсон нь ерийн хүний нүдэнд харагдаагүй болохоор тэрийг тооцохоо болъё. Улс орон маань бараг 20 тонн гаруй алт гаргаж тэрнээсээ татвараа аваад явдаг байваа. Өнөөх хууль гэгчээс болоод Монгол банкинд алт тушаадаг тэнэг компани олдохоо больсон. Ердөө улсын мэдлийн Монросцветмет, улайм цайм алт олзворлодог гадаадын компани болох Бороо гоулд хоёр л аймшигт татварыг нь төлж байв. Үлдсэн 200 орчим “ухаалаг” компани таг чиг болов. Жилд хэдэн тонн алт олзворлож буйг хэн ч мэдэхээ больсон. Алт гадагш нь гаргадаг гэмт хэргийн бүхэл бүтэн сүлжээ, түүнээ удирддаг мафи маягийн байгууллага буй боллоо. Байсхийгээд л баахан хүн баригдана, бүгд найрамдахаа уншуулаад л тэртэй тэргүй багтаамж муутай болсон шорон руу бөөн бөөнөөрөө морилоно. Хайран залуус. Нууцаар алт тээвэрлэж сурсан нь улам хөгжөөд хар тамхи зөөх боллоо. Олон хүн энэ хэрэгтээ цаазын ял сонсож гадаадын шоронд сууж байна. Тэнгэр өршөөг! Харин 68 хүчингүй болсноос хойш зарим нь эргээд банкинд тушаадаг болж эхлэх шив.

    Парламент бол ард түмний шууд тусгал. Хавтгайруулаад л бүгдийг нь тэнэг маанаг, идээчин уугаачин, хулгай авилгач гээд байгаа болохоос, үнэндээ бүгдээрээ юу боллоо гэж тийм байх билээ. Яаж ч муу хэлээд тэд бол ард түмнээс сонгогдсон хүмүүс. Ямар л ард түмэн байна, тийм л төр байна. Төр муу муухай байгаа бол манай ард түмэн мөн л тийм болоод тэр. Ухаажих байлгүй дээ, яваандаа засрах биз. Хугацаа нь болохоор солих л хэрэгтэй болохоос төр эргүүлж хувьсгал хийнэ гэж дөвчигнөөд ч яахав дээ. Нахилаа гээд илүү дээрийг гаргаж  чадахгүй шүү дээ. Яагаад гэвэл бид өөрснөө засарч амжаагүй яваа юм чинь! Гэхдээ үе үеийн парламентэд ухаажсан тэнэгжсэний тэнцвэр үргэлж хадгалаатай байсаан.

    Амаржаргал, Мөнх-Оргил, Тэмүүжин, Болд, Энхболдууд, Лундаажанцан, Оюун, Энхбат, Алтай, Гантөмөр, Батсуурь (нэг нь шүү!), Баяр, Батболд, Гончигдорж, Хүрэлбаатар, Наранхүү, Занданшатар, Баярцогт, Сайханбилэг, Чулуунбат, Зоригт нар, Баярсайхан, Одбаяр гээд юм ойлговол ойлгох сэхээтэн, боловсролтой хүмүүс цөөдөхөөргүй бий. Эдний заримд хэн нэг нь дуртай л биз, хэн нэг нь дургүй л биз, гээд юутай ч бичиг үсэг тайлагдсан улс. Харин эдний нийтлэг тал нь: Найс гай нар. Хүнтэй хэрүүл хийдэггүй, хаана ч зохицоод явдаг боловсон соёлтой, боловсрол мэдлэгтэй найрсаг эрийг ингэж нэрлэдэг. Аятайхан л харагддаг болохоос үнэндээ юунд ч санаа зовдоггүй хувиа хичээсэн гоё эрсийг ч найс гай гэдэг. (“Гай” гэдгийг нь хоолойн “га”-аар уншсан ч болно). Хэт найрсаг болохоороо ерөнхийдөө элий балайнууддаа хөтлөгдөөд явна. “Энэ хэдэн эргүүтэй хэрүүл хийж явахаар мөрөөрөө мөөмөө унжуулаад чимээгүйхэн явж байя” гэсэн бодолтой. Элийнүүдээ мэдээж шоолно, хоорондоо ярихаараа тэднийгээ унтраана, гэхдээ ил цагаан өмнөөс нь ганц үг ганхийхгүй, мөөмөө л унжуулна. Хэрэв хурал дээр байж таарах юм бол Бат-Үүл л хааяа сүрхий үзэлцэх юм даа. Ингэхээр Монгол улсын бодлогыг хэн тодорхойлоод байнаа? “Чудаки украшают мир” гэсэн Горькийн нэг гоё үг бий. Ийм солиотууд хорвоог чимэглэдэг гэсэн болохоос хөтөлдөг гээгүй шүү дээ. Голдоо нүхтэй, тэр нь нийтийн хэмжүүрээр эрүүл саруул хүмүүс ард түмнээс итгэл аван балайрсан нийгмийн ядахнаа тэнцвэрийг тогтоохоор шилэгдэн сонгогдсон юм бол гийгүүлэхээ байг гэхэд улс орноо мөхөл рүү хүргэх замд дор хаяж тээг болон хамгаалж байх ёстой юмсан. Эвдэрхий цагаар баримжаалж явнаа, бид. Алиалах гээд алцганав гэгчээр эх оронч хүн болж дахин сонгогдох гээд наадуул чинь энэ улс орныг баллаж дууслаа, нурууг нь хугалаад алах нь байна шүү, найс гай нар аа!
2011.04.18  
"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив