Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
СОНГУУЛЬ
2011 оны 5 сарын 2 [Уншсан тоо: 56189]
    Сонгуулийн хууль одоо яаж гарах вэ? Хууль тогтоогч 76 гарын олонхид таашаагдсанаар гарна. Өөрөө ялаад дахиад гарч ирж чадна гэж тооцоолсноор хууль тийм хэлбэр дүрсийг олно. Эндээс хамгийн магадлалтай нь 1996-2004 онд хэрэглэж байсан абсолют можаритар гэсэн хувилбар юм. Энэ нь тухайн тойрог дээр хэн бусдаасаа илүү санал авна тэр нь үлдсэнийгээ бүгдийг нь хүчингүй болгон цохино гэсэн үг. 1996 онд Гомбожав гээд нөхөр III хороололд үзээд сонгогчдын дөрөвний нэгийн санал авч ард түмнээ гялайлгаж байсан. Үлдсэн 75 хувьд буюу түүний эсрэг санал өгсөн бүх хүний санал нулимагдаж буй нь тэр. Харин дараа нь Ерөнхийлөгчийн сонгуульд эгэл борчуулынхаа төлөө үзэлцээд нийт ард түмний хоёр хувийн санал авч байж билээ. Ийм абсолют мажоратор сонгууль явуулдаг орон дэлхийд гурав байдаг юм билээ: АНУ, Канад, Англи. Дэлхийн хамгийн анхдагч сонгуулийн болхи хэлбэр, дараа нь Монголоос өөр ямар ч орон авч хэрэглээгүй. Англо саксонууд үүндээ дасчихсан бололтой. Гэхдээ өнгөрсөн жил Англид хүн амын үлэмж санал авсан либералууд тойрогт хуваагдан цацагдсанаас болоод парламентэд ердөө хэдхэн суудал авсан учир энэ хуулиа өөрчилж пропорциональ болгохоор болж байгаа. Дээрхи жишээгээр сонгогчдын дөрөвний гурав нь мань дивтаат бологчийг эсэргүүцсээр байтал гүйж очоод төр барьж байгаа, тэгээд тэдгээр эсэргүүцэгчдийн дуу хоолой хууль тогтоох байгууллагад огт тооцогддоггүй нь зөв шудрага талаасаа тиймэрхүү л юм л даа.

    Гэхдээ манай сайхан гаруудад шудрагатай шудрагагүй нь ямар хамаа байна! Энэ абсолют мажоритар хувилбар олонхид аймаар ашигтай. Тойрог нь цомхон учир цөөхөн хүн л худалдаж авахад хаваасаг. Ухаан нь Хэнтий 50 мянган хүнтэй гэж бодъё. Гурав хуваахаар нэг тойрогт 15 мянга, эндээс санал өгөх эрхтэй нь 7 мянга, яг өгдөг нь 5 мянга, эндээс хоёр мянган дуракийг худалдаад авахад л тэнгэрийн умдаг шууд гарт. Одоо өрсөлдөөн их байгаа болохоор хэн их мөнгө тараасан нь гарна. Хүний 50 мянгаар бодъё. Ердөө зуун сая төгрөг хангалттай байгаа биз дээ. Нүсэр хурдацтай баяжиж байгаа манай орны хувьд сонгуулийн зуун сая байтугай тэрбум бол юу ч биш. Найман онд дундаж дивтаат тэрбумыг гаргаж байсан юм чинь. Гишүүдийн хөрөнгө орлогын мэдүүлгээс харахад тэрбум юу ч юм билээ. За яахав хөөрхий ядуу гишүүнд мөнгө байхгүй гэж үзье. Гэтэл энэ олон компаниудад УИХ-д өөрийн төлөөлөл зайлшгүй хэрэгтэй байна. Өөрийн төлөөлөгчгүй бол төр хувийн хэвшлийг алчих гээд байна шүү дээ, цаана чинь. Ингэхээр компаниуд ажнай хурдан хүлгээ уяж л таараа. Гадаадын хөрөнгө оруулагч олширлоо. Тэд урьд нь Монголыг тоодоггүй байсан. Одоо бол энэ орон мөнгөөр бааж байна. Энэ орон зайд мөн л өөрийн төлөөлөлгүй бол явахгүй. Тэд тэнэг биш л дээ, Монголын төрийн шийдвэр гаргах механизм ерөнхийдөө сайн ойлгогдсон. Ингээд гадны компаниуд өөрийн төлөөллийг санхүүжүүлнэ. Одоо хэдийнээ тэд хурдан давхих найдвартай араб хөлгүүдээ олчихсон байх. Манай сонгогч ард түмэн зүгээр олдсон мөнгөнд нугасгүй. 50 мянга багадаад байна уу, тэгвэл май 150 мянга хүний тоогоор. Юун тэр сонгуулийн хоосон амлалт. Газар дээр нь бэлнээр! Улсаа зарсан түшмэд гэж ирээд л талбай дээр орилж дөвчигнөөд яах юм бэ. Энэ ард түмэн чинь улс орноо өөрснөө зарчихдаг юм шүү дээ. Ард түмний хүсэл зоригоор буй болсон төрийг ардчилсан шудрага гэхгүй юм бол өөр ямар төрийг ардчилсан шудрага гэх юм бэ!

    Энэ хувилбарын сонгуулийг хэн сонирхоод байна гэж үү? Өөрснөө зурагтаар харахгүй юу. Өөрснийгөө залгамж үе, залуу халаа гээд нэрэлчихсэн завсрын үеийн луйварчин төрөлтнүүд. Энэ хувилбар тэдэнд маш ашигтай. Өнгөрсөн дөрвөн жил хичнээн тэнэгтсэн ч гэсэн ард түмэн маань тэдний гаргах мөнгөнд хайртай. Улсын төсөв арван жилийн өмнө 300 сая доллар жилд хувааж байсан бол, өнгөрсөн гурван жилд жил бүр гурван тэрбум доллар хуваалаа. Дараагийн дөрвөн жилд жил бүр 30 тэрбум доллар хуваана. Ийм юмнаас бичиг үсэггүй энэ хэдэн завсрынхан байтугай философич ч харуусан дайрахаар их баялаг. Энэ эвдэрхий цагнууд абсолют мажоритари дээр хүний олноор тогтооход мөнөөх найс гай нар гадаад дотоодын спонсорлогч хайхаас өөр аргагүй болно. Тэгээд ч барианд давхих найдвар нь илүү болохоор эзнээ олж л таарна. Баян-Өлгийн гурав ямар ч байсан мажоритарын төлөө амиа өгөх болно. УИХ-д орж ирэх хасаг гишүүний тоог хадгалахын тулд намын ямар ч шийдвэр лөөлөө л байна.

    Дараагийн бас нэг хувилбар нь 1992, 2008 онд хэрэглэсэн олон мандаттай мажоритари систем байна. Тойрог буюу сонгогчдын тоо 3-4 дахин өсөх учир өртөг өндөртэй. Гэхдээ худалдаж авдаг систем хэвээрээ. Илүү л мөнгө гарах юм даа. Намаас дэвшсэн нэр дэвшигчид хоорондоо үзэлцэх зайлшгүй шаардлага гардаг учир энд намын нөлөө бараг байхгүй болно. Гэхдээ тэр ямар хамаатай юм, нам гэж юу юм? Тэртэй тэргүй ямар ч системээр орж ирсэн УИХ-ын гишүүн болуутаа уралдаад өөрийн намыг нулимж танхимыг тэр чигээр нь нус цэр болгодог юм чинь. Өөрийнхөө намтай үзэж тараад байвал манай ард түмэн шудрага гэгчийг энэ үзүүлэлтээр дүгнэдэг юм.

    Энэ сонгуулийн хувилбарын сайн тал нь луйвар хийхэд их амархан.  Ухаан нь дөрвөн орон тоо байна гэж үзье. Сонгогч 1-4 санал өгөх эрхтэй. Ингэхээр нийт санал хэд байв гэдгийг нь тогтоох аргагүй. Иймээс жишээ нь 2008 онд “нэг тэгийн арга” гэдэг өргөн хэрэглэгдэж байлаа. Энэ нь жишээ нь тухайн дэвшигч 100 санал авсан байхад ард нь нэг тэг нэмээд мянга болгоход хэн ч мэдэхгүй. Гагцхүү сонгуулийн хорооныхонтой найрах хэрэгтэй. Сайн санаж байгаагаар Хан Уул дүүрэгт Загджав гэгч гайхал Идэвхитэнг ингэж гол гаргаж байсан. Сонгуулийн хорооныхон тооллого явуулахдаа “манай намыхны хоорондын өрсөлдөөн учир та нарт хамаагүй” гээд ардчилсан намын ажиглагчдыг хөөгөөд явуулчиж байсан юм. Ард түмнийг гэхээсээ сонгуулийн хорооны хэдэн нөхдийн ам руу сайн цутгах хэрэгтэй учраас нөгөө талаасаа бас хялбар сайн талтай.

    Гурав дахь хувилбар нь 1990 онд явуулсан пропорциональ буюу хувь тэнцүүлэх арга. Намууд суудлын тооны төлөө өрсөлдөж, чухам тэр суудал дээрээ хэнийг суулгахыг Ардын их хурлын 450 гишүүн шийдэж байв. Зөрчил гаргасан гишүүнийг сольж болно, огцруулж болно. Тухайн нам дараагийн хүнээ гаргаж ирэн Ардын их хуралд нэр дэвшүүлнэ.  Ингэж солигдсон хэд хэдэн тохиолдол байсан. Парламентад хамгийн их удсан гэх Дэмбэрэл ийм солилцоогоор 1991 онд гишүүн болж байлаа.

    Энэ сонгуулийн тогтолцоонд “хортой” тал дэндүү их. Тухайлбал гишүүн болох сонирхолтой эр намаасаа гарч ирэх ёстой. Үүнийг одоогийнхоор Бага хурал, эсвэл ҮЗХ сонгож таарна. Юун түрүүн намын сахилга бат шаардана. Гэтэл одоогийн гишүүд маань намаа уралдаж нулимдаг, сахилга бат гэж огт мэддэггүй, хувийн тоглолттой эвдэрхий цагнууд. Намынхаа эрх бүхий байгууллагаас гарах магадлал бараг байхгүй. Нийтээрээ тэнэгийг нь мэдэх учраас огицгоох биз. Хулгайч луйварчингаараа халхын хавтгайд танил болсон эргүү эрх биш өөрийг нь таних намын хэдэн зуун гишүүдээс гарч ирж чадна ч гэж хэцүү л дээ. Ингэхээр ухаан нь бага хурлынхаа гишүүдийг худалдаж авах их өрсөлдөөн эхлэнэ. Энэ нь жижиг хүрээлэлд учир баригдах магадлал их. Мөнгөний ач холбогдол багасаж нэр хүнд илүү чухал болох учир ийм хувилбарын сонгуулийн систем батлагдах магадлал нойлтой тэнцүү. Иймээс үүнийг орхиё.

    Дөрөв дахь буюу холимог хувилбарын тухай ярилцаж байна. Улсын хэмжээгээр 26 тойрог байдаг учир тойрог болгоноос нэг гишүүн мажоритар тогтоцоор гарна, үлдсэн 50 нь намын авсан суудлын тоонд өөрийн эрх бүхий намын байгууллагаас томилогдон орж ирэх хувилбар. Ийм тогтолцоо дэлхийн ихэнх оронд хэрэглэгддэг л дээ. Гэхдээ энэ явахгүй ээ. Гишүүдэд маань хортой. Цаана чинь дараагийн дөрвөн жилд жил болгон 20-30 тэрбум доллар тараах гэж байна шүү дээ.  Ийм юмнаас хоцорвол нүгэл болох байгаа. Үр хүүхэд нь гомдоно. Авгай нь ална. Найз нөхөдгүй болно. Хорвоо дээр гөлөөг гэж дуудах хүнгүй болно.

    1990 оны сонгуулийн тогтолцоог дугуй ширээний хэлэлцээгээр тохирч баталсан. Автор нь хуульч Чимид. 1992, 2008 оны тогтолцоо буюу олон мандаттай мажоритар системийн автор нь Товуусүрэн гэж байсан. Зайлуул одоо хаа явдаг юм бол. Лав энэ тогтолцоогоороо өөрөө дивтат болж чадаагүй санагдана. 1996 оны абсолют мажоритари тогтолцооны эзэн нь Шаалуу, Зэнээ, Жадамбаа гэж гурван эр байв. Үүнээсээ болж МАХН анх удаа сонгуульд навсайтал ялагдсан. 2000 онд энэ хуулийг өөрчлөх гэсэн боловч Ардчилсан нам тас унжсан. Шанд нь ганцхан дивтааттай хоцорч билээ. 2004 онд мөн өөрчлөх гэсэн боловч дангаараа парламент эзэлж байсан хугийнхан дахин азаа үзсэн. Харин үнэндээ ялагдсан юм шүү дээ, одоо зарга хийгээд яваа мань Энхбаяр маань сайхан луйвар хийсэн дээ. Тог таслаад, сонгуулийн хайрцаг руу тэвэр тэвэр санал нэмж хийгээд, мөн ч олон шинэ санаачлага зохиож билээ. Одоо болтол жинхэнэ саналууд Хэнтийн аймгийн захиргааны подволд байдаг гэсэн. Иймэрхүү л байна даа.  Уг нь аль ч улсын төрийн тогтолцооны хамгийн түлхүүр хуулийг Үндсэн хууль, Сонгуулийн хууль хоёр гэж үздэг юм билээ шүү. Энэ хоёроос тогтолцооны зөв эсэх голчлон хамаардаг гэсэн.

    Мажоритари тогтолцоогоор МАНАН-ын айгаад байгаа энхбаярчууд орж ирэх магадлал маш өндөр. Жижиглэсэн тойрог дээр 3-р ерөнхийлөгч эрхбиш гаралгүй дээ. Баян сумочин, баян гомдогч нарыг дахиад цаана нь дөрөв таван жалганд сойход гаралгүй дээ. Харин пропорциональ, хагас пропорциональ тогтолцоо босготой байдаг учраас энэ заагийг МАНАН-аас гадна Иргэний зориг ногоон нам л давж чадна. Хэрэв Энхбаяр Энхсайхан хоёр нийлбэл босго дөнгөж давж магадгүй л юм. Юутай ч гэсэн өнгөрсөн туршлагаас харахад нэрээ сольсон намын хуучин нэрийг аваад ямар ч амжилт гардаггүй нь бүрэн нотлогдсон. 2000 онд Эрдэнээ Монголын ардчилсан нам сэргээн байгуулж эх намаа нус цэртэй холин галзуурсан ч ард түмнээс ганц хувь ч авч чадаагүй. Социал демократ нам сүүлийн хэд хэдэн сонгуульд орсон боловч хэн ч анзаараагүй. Ногоон нам дахиж төрөөд төрснөө хүнд дуулгаж ч чадахгүй. МАХН нэрээ аваад ч олигтой амжилт гаргахгүй болох нь илт харагдаад эхлэх шив. Гишүүдийн 99 хувь нь МАН—ын батлахтай болжээ. Хурилдай нь шог гараа төдий болох шив.
    
2011.05.01
"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив