Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
ЭХ ОРОНЧ ДЭЭРЭМ
2011 оны 5 сарын 24 [Уншсан тоо: 59094]
Цаана чинь гэрэлт шар наран дор, гэгээн цагаан өдрөөр хүлээн зөвшөөрөгдсөн дээрэм тонуул болж байна. Төрийн төлөөлөгчид ч яахав, ядахнаа нууж барих гэж дороо хавчиганадаг. Харин энд төр санаатайгаар нүдээ аниж суух хооронд эх оронч иргэд зурагтаар зарлаж байгаад олонд цээжээ нүдэн харуулж байгаад хийдэг дээрмийн тухай өгүүлэх гэсэн юм. Хоёр гурван жилийн өмнө Зайсангийн аманд нэгэн компани барилга барих гэтэл баахан эх орончид оччихсон зодоо нүдээ хийж байсан нь зурагтын шинэ соргог мэдээ болж хэдэн хоног суртачлагдсан. Зодоо үүсгэгчид дархан цаазтай газрыг хамгаалж байгаа эх орончид гэж өөрсдийгөө тайлбарласан. Унаган байгалиа хамгаалсан юм байна л даа. Зайсангийн уугуул иргэд гэж өөрсдийгөө танилцуулаад бараг улаан зам дээр барьсан гэрээ тойрон зурагтын дурангийн өмнө шахцалдан агсам тавьцгаана.  Асуудлыг цагдаа зохицуулахаар очсон боловч тархиа хагалуулаад зугтан одож билээ. Нэгэнт цагдаа учрыг нь олж чадахгүй учир барилга барих гэсэн компани эх орончдод 60 сая төгрөг өгөөд асуудал намжив. Яг адилхан зодоон ноднин мөн газар болов. Түрүүний барилгаас нэлээд зайтай боловч мөнөөх л эх орончид гэрээ нүүлгээд тэнд барьчиж. Харин цагдаа огт ирсэнгүй. Ноднингийн хагалуулсан толгой нь эдгээгүй байсан байх. Мөн л жишгийн дагуу мөн тооны мөнгө өгөөд хоёр яс хагацав.

    Хэд хоногийн өмнө унаган байгалиа хамгаалагчид бас нэг өөр компанитай зодоон үүсгэлээ. Уулын нэлээд эгц ташуу энгэр дээр мөнөөх л танил болсон “зайсанчууд” гэрээ дугуйлжээ. Тэд зурагтаар байгаль хамгаалах төрийн бус байгууллагын найман янз үнэмлэх шиг юм үзүүлцгээнэ. Нэг толгойлогч нь уржнан 60 сая авсан компанийхаа харуул хийдэг юм байна. Зайсанд суудаг ширхэг ч хүн алга. Мань хүнийг утасдангуут Хайлааст Чингэлтэйгээс баахан хүмүүүс гэрээ чирж ирээд барилгын хашаанд шомбойлгочиж байгаа юм. Овгуудын ахлагч болгон тус тусдаа хувийн иргэний хөдөлгөөнтэй. Энэ налуу энгэрийг өвөл болохоор хүүхдээ цана чаргаар гулгуулдаг, чухам өсөж төрөн хүмүүжиж хүн болгосон жалга нь гэнэ. Цагдаа дуудаад ирсэнгүй. Харин мань хэд цагдааг амныхаа зоргоор басамжлан дооглов. “Чаддаг юм бол цагдаа дууд, уржнан тархиа хага цохиулсан нь багадаа юу” гэх мэт. Дүүргийн, хотын тэр байтугай Цагдаагийн ерөнхий газрын дарга ч айгаад ирсэнгүй нь тэдний үгийг давхар давхар нотлоно. Хэлэлцээрт оръё гэнэ. Тогтсон жишиг 60 сая. Магадгүй энэ нь дэлхий дээрхи хамгийн орлого ашигтай бизнес байх. Араас нь ийм ашигтай бизнес рүү хүн ард маань хошуурч өгнө дөө.

    Монгол улсын Үндсэн хуулиар өмчийн бүх хэлбэр тэгш эрхтэй. Төрийн гол үүргийн нэг нь хэний ч бай өмчийг хамгаалах ёстой. Чухам үүний тулд иргэд төрдөө татвар төлдөг. Монгол улсын олон хуулиар бусдын өмчид алив хэлбэрээр халдахыг гэмт хэрэг гэж үздэг. Дээрэмдэх, залилах, луйвардах, хулгайлах, сүрдүүлэх зэрэг нь бүгд энд багтана.  Монгол улсын гэх юм байхгүй дэлхийн аль ч оронд улс төрийн дэглэмээсээ үл хамаараад ийм хуультай. Эрт дээр үед ч тийм байсан. Ингэхээр энэ нь цаг хугацаа орон зайнаас үл хамаарсан хүний ёс, хүн төрлөхтний нийтлэг баримтлал.

    Манай төрийн оролцохгүй юм гэж бараг үгүй. Социализмын үед ч тийм байсан, одоо ч тийм. Тэгсэн мөртөө төрийн хамгийн гол үүргийн нэг болох хүн ардын аюулгүй байдлыг хамгаалах үндсэн ажил нь иймэрхүү л байна. Хууль нь бий, харин энэ хуулиа төр өөрөө сахин биелүүлдэггүй. Ийм төрийг сул дорой гэхээс өөрөөр юу гэж нэрлэх вэ! Монголын төр хүн амдаа харьцуулахад маш данхар эд. Архийд туссан хүүхэд шиг аврага том толгой гаргаад л данхаганаад байх. Толгойгоо даадаггүй учраас үндсэн үүргээ гүйцэтгэж чаддаггүй. Зургаан мянган цэрэгтэй, найман мянган хоригдолтой, арван хоёр мянган цагдаатай улс шүү дээ. Төр хүчирхэг байх ёстой, харин тэрнийг бид төр данхар байх ёстой гээд ойлгочихсон. Цагдаагийн даргыг нь хараарай, хөөрхий дөө мөрөөрөө нэг бодь эр л юм даа. Нямдорж анх Хууль зүйн сайд болж байх үед түүнийг гомдоосон хүн шоронд ордог байж билээ. Түүний хууль сахиулах гэж дөвчигнөдөг хэтэрсэн аашнаас үлдсэн хэлтэрхий ч алга болжээ, одоо. Зайлуул мөрөөрөө явж байгаад тэтгэвэрт гарах гэж байгаа байх, өөрийнх нь яриагаар удахгүй уулын мухарт ойн хамгаалагч болох юм гэнэлээ. Эрх мэдэл нь дээшилж бас нэг иргэний хөдөлгөөний толгойлогч болох нь л дээ.

    Хуулиа биелүүлэх чадваргүй сул дорой төрийн нэгэн том бүтээл бол нинжа нар юм. Монгол орны байгалийг сүйтгээд дууслаа, тэд. Урт нэртэй хуулийг далимдуулан эх орны өнгөтэй өөдтэй газар болгон руу тэд улам ширүүн уулгалан дайрах болсон. Дээрэмчдийн баг Хөвсгөлийн дархан цаазтай үзэсгэлэнт байгалийг тонон дээрэмдэж эхлээд нэлээд хэдэн жилийн нүүр үзлээ. Айгаад хэн ч очиж чаддаггүй. Удахгүй Хөвсгөл тэдний тонож сүйтгэсэн Баянхонгор, Өвөрхангай шиг болно. Мэдээллийн хэрэгслэл болохоор сургаар тэднийг хөөрөгдөж суудаг. Улс орон ядуурсан учир хөөрхий дөө, амьдрахын тулд аргагүй ингэж байгаа юм, зайлуул зайлуул нь гэнэ шүү дээ. Бүр “эгэл баатар” энэтэр гэж хочлон энгэрт нь төмөр тэмдэг хатган хүндэтгэх ёслол үйлдэнэ гээч. Монголын төр л буруудаж байвал улс орныг сүйтгэсэн дээрэмчин болгон магтагдах нигуртай аж. Хар тамхи зөөж гадаадын шоронд орсон хүнийг улс даяараа хүндэтгэн өрөвдөх телевизийн олон ангит нэвтрүүлгийг ч санаж л байгаа байх. Тайланд, Малайз, Сингапурт хар тамхи зөөвөрлөөд баригдвал шүүхээр хам хум оруулсан болоод газар дээр нь буудчихдаг юм шүү дээ. Манайд бол ардын баатар болох юм байна л даа. Саяхан амиа хорлох явдал ихсэж байгаа нь ядуурал газар авсантай холбоотой гээд л баахан тайлбар хэлж, хэвлэлийнхэн. Амиа хорлол хаа очиж ядууралтай ямар ч холбоогүй байдаг. Энэ төрлийн үйлдлээр Япон, Унгар, Чех дэлхийд тэргүүлдэг, үүний учрыг генетикчид удамшлаар тайлбарлах гэж оролдож байна. Ингэхээр ядуурал бүх юмны тайлбар биш. Ядуу учраас хүн алж хүрээ талж хүчин хийж болно гэсэн бичигдээгүй хууль зэрэгцэн буй болж төрийн хуулийн дээр гарч ирлээ.

    Хууль зөрчигчидийг өөхшүүлдэг нэг газар нь УИХ. Хууль тогтоож түүнийхээ хэрэгжилтийг хянаж байх үндсэн үүрэгтэй газар шүү дээ. Төрийн сонгогдсон ч бай, томилогдсон ч бай аль ч албан тушаалтан хуулийг өөрөө мөрдөхөөс гадна, бусдыг мөрдөхийг шаардах ёстой. Хууль буруу гарсан байж болно, гэхдээ түүнийг засаж өөрчилнө үү гэхээс хэн ч зөрчих ёсгүй. Хуулийг нь шүүмжилж болно, хэлэлцүүлэг хийж болно, эсэргүүцэж жагсаж болно, хэвлэлийн бага хурал хийлгэж болно. Харин муу хууль гээд зөрчих, бусдыг зөрчихийг уриалах, зөрчигчдийг өөхшүүлэх нь юутай ч төрийн төлөөлөгчдөд байх ёсгүй зэвүүцэм араншин үйлдэл юм. Эмх журам сахиулах гэсэн цагдааг хувийн компаны захиалгаар ирсэн эсэхийг прокурор шалгаж олон сар уядаг. Хэний ч захиалгаар байсан гэмт хэргийг газар дээр нь таслан зогсоох нь цагдаагийн үүрэг. Хүн алж байгаа этгээдийг өөр хувь хүн “матвал” хувийн захилага гэх нь л дээ. Ингэхээр цагдааг дарамталдаг төрийн өөр олон байгууллага бий. Өөхшүүлэгчдийн нэг нь шүүхийн хүнд суртал. Дээрэмчид булаасан мөнгөнөөсөө хагас хугасыг нь хуулийн компани гэх бас нэг дээрэмчдэд хишиг хүртээдэг. Тэд асуудлыг шүүхэд тавьдаг ба буруу зөрүүгээ олохын тулд дор хаяж жил болно. Гэтэл компаний хувьд цаг хугацаа гэдэг 60 саяас илүү чухал учир тохиролцоонд хүрч дээрэмдүүлэхээс өөр аргагүй. Уг нь бид хуулийн дор эмхлэгддэг нийгэмд амьдарч байгаа ухаантай юм шүү дээ.

    Төр бол мэдээж хэрэг алдааны үүр. Төрийг ард түмэн хянах ёстой. Эсэргүүцэж байгаагаараа төрд дохио өгдөг. Төр гэдэг нь ямар ч компютэр, машин, тооцоолон бодох хэрэгслэл биш. Дархан аврагатай дамын наймаачинтайгаа нийлээд ард түмнээс сонгогдсон хоёр хөлтэй хохимой толгойтой субъектүүд. Тэд бүх юмыг мэдэж чаддаг гэвэл тэрэн шиг худлаа юм байхгүй. Үнэндээ ихэнхи юмыг чаддаггүй, мэддэггүй. Гэхдээ тэд ард түмний төлөөлөл. Ямар л ард түмэн байна, тийм л төр байдаг. Тэд арван шийдвэр гаргахад элбэгхэн долоод нь алдаж байгаа. Магадгүй тэд Зайсангийн аманд газар өгсөн нь буруу шийдвэр байх л даа. Магадгүй тэд үүнийхээ төлөө авилга авсан байх л даа. Түүнийг нь нийгмийн тодорхой бүлгүүд өөрийн эрх ашигт нь харшилж буй учир эсэргүүцлээ илэрхийлэх ёстой. Тэр байтугай үүрэгтэй.

Гэтэл Монголд зөвхөн гол ус, унаган байгуулиа хамгаалдаг гэх 600 орчим иргэний хөдөлгөөн бүртгэгдсэн ба бараг толгой дараалан дээрэм сүрдүүлгээр гаршжээ. Хүмүүс сүүлдээ эдэнд итгэхээ болилоо. Үнэхээр эрх ашигийг нь хөндсөн явдал гарахад үүсгэл санаачлагын хамтлагууд эсэргүүцлээ илэрхийлбэл хэн ч үнэмшихгүй боллоо. Чөлөөт ардчилсан нийгэмийн тогтох үндсэн хэлбэрийн нэг болох иргэний эсэргүүцлийг монголчууд өдгөө хөлсний, сүрдүүлгийн, дээрмийн гэж харан хялайх болжээ. Нөгөө талаас “эх оронч” гэгдэх бүлэг дээрэмчдээс арчаагүй төр айн хулчийхаар тэд улам зэрлэгшин, улам ил цагаандаа гарч байна. Хүмүүс байнга ингэж хөрөнгөө дээрэмдүүлээд сууж чадахгүй. Хүмүүс байнга ингэж нинжа нарт нутгаа талхлуулаад сууж чадахгүй. Нэгэнт төр арга хэмжээ авахгүй бол, нэгэнт төрийн цагдаа айгаад ирэхгүй бол хүмүүс өөрийн арга хэмжээгээ авах болно. Тэд эх оронч дээрэмчдээс илүү тэнэг биш. Ингээд хүчирхийлэлийн хариуд хариу хүчирхийлэл өргөн барина. Тэр нь хуулийн гадуур байх болно. Тэгэхийн цагт миний эх орон ямар ч хуульгүй тонуул дээрмийн нутаг болж дуусна. Эх оронч байх гэдэг ямар сайхан ариун нэр төр билээ. Гэтэл өдгөө Монголд эх оронч гэж хэлүүлэх нь дээрэмчин луйварчин гэсэнтэй ижил утгатай болтлоо гутжээ.

Төр муу ч бай, муухай ч бай нийт ард түмний нэрийн өмнөөс шийдвэр гаргадаг, гаргасан шийдвэрээ биелүүлдэг газар. Тийм эрхийг сонгуулиар тодорхой хугацаанд сонгогч олноос олж авсан. Эрхээ хэрэгжүүлж байх явцад чөлөөт мэдээллийн хэрэгслэл болон олон нийтийн сайн дурын байгууллага хянаж байдаг. Хянана гэдэг нь шүүмжлэх, шоолох, булайг нь хутгах, хуулийн хүрээнд эсэргүүцэх явдал. Эсэргүүцэл нь хуулийн хүрээнд гэдэг нь зэрэгцэн шүүх байгуулахгүй, зэрэгцэн шийдвэр гаргахгүй, зэрэгцэн хөрөнгө хураахгүй, бусдын эрх ашигийг хөндөхгүй гэсэн үг. Үйлдвэрчний эвлэл бол Монголд байгаа зургаан мянга гаруй сайн дурын олон нийтийн байгууллагын нэг. Тэд яахаараа мөнгө төгрөг ихтэй гэсэн компаниудад шалгалт явуулах эрхтэй байдаг билээ? Тэд яахаараа төртэй зэрэгцэн шийдвэр гаргах эрхтэй байдаг билээ? Яахаараа марк цуглуулагчдын холбоо жишээ нь талхны үйлдвэрт шалгалт оруулах эрхгүй байдаг юм? Миний удирдлагад нь байдаг “Гэгээрэлд хүрэх сан” төрийн бус байгууллага явуулж буй үйлдлийнхээ хүрээнд Гандан тэгчлэн хийдийг яагаад шалгаж болдоггүй юм?

Бидний урьд нь амьдарч байсан коммунист нийгэмд хууль зөвшөөрөөгүй бол бүх юм хориотой байсан. Иргэд, хамт олны юу хийж болохыг хууль зааж зөвшөөрөл олгодог байсан. Бидний одоо амьдарч буй чөлөөт ардчилсан нийгэмд хууль нь иргэд хамт олны юу хийж болохгүйг нэрлэн зааж өгдөг. Хүмүүс юу хийж болохгүйг хууль заана. Болохгүй гээд байгааг нь санаатай болон санаагүй зөрчвөл хуулийн заазуур ажиллан цавчина. Тэс эсрэг үйлчлэлтэй механизм. Ардчилсан нийгэм бол хуульд тухайлан заагаагүй бол иргэд нь юу хүссэнээ хийж болдог чөлөөт нийгэм. Чи хүссэн газар руугаа гараа зангидаад цохиж болно. Чиний л мэдэх хэрэг. Харин цохисон нудрага чинь бусдын хамрын үзүүрийн наана зогсох ёстой. Хууль энэ торгон хилийг тогтоож өгсөн. Харин манай арчаагүй сул төр мөнөөх нудрага хүний хамрыг цааш нь чихчихсэн байхад айгаад алсаас нүдээ тас аниад сууна. Хууль уг нь хамар цөм цохих байтугай хамрын үзүүрийг ч шүргэж болохгүй гэж заасан ба үүнийг хянаж, хэрэгжүүлж, сэргийлж, цээрлүүлж байхын тулд тусгай институци байгуулан хөлс мөнгийг нь татвараар буй болгосон билээ л.
2011.05.24
"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив