Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
ХАЛДАШГҮЙ ДАРХАН ЭРХ
2011 оны 5 сарын 30 [Уншсан тоо: 72478]
Ганхуяг гээд нэг дивтаат байх. Цөмөөрөө танина даа, зурагтын аль ч суваг асаасан элэг хөшмөөр юм яриад сууж байдаг. Нэг л бөөн идэвхи. За тэр нь яахав, мань эр далжиганаж яваад өөртэйгээ таарсан нэг мангар бөхөд зодуулчиж. Тэгсэн “их хурлын гишүүний халдашгүй эрхэнд халдсан” тухай шуугиад уналаа. Шүүх цагдаа ч боллоо. Уг нь энэ бол иргэн Ганхуяг, иргэн бөх хоёрын л асуудал юм. Шүүх цагдаагаараа яваад л хохирсон хохируулсан асуудлыг нь нэг тийш нь шийдэж ял малыг нь өгөх ёстой. Улсын их хурлын гишүүний бие халдашгүй нь үнэн. Гэхдээ энэ бол зөвхөн төрд хамаатай. Өөрөөр хэлбэл Ганхуяг гишүүнийг төрийн цагдаа баривчилж болохгүй, прокурор гэрийг нь нэгжиж болохгүй, шүүх ял оноож болохгүй. Болно л доо, гэмт хэргийн үйлдэл дээр нь тэр хогийг баривчлалгүй яахав. Шүүхээр оруулах, гэрийг нь нэгжих гэж байгаа бол УИХ-аас зөвшөөрөл олгоно. Яагаад гэвэл тэрээр хичнээн мудак ч гэсэн ард түмнээс сонгогдсон, ардаа өөрөөр нь төлөөлүүлсэн сонгогчидтой эгэл бус нэгэн. Харин эр нөхөр Ганхуяг гэртээ агсам тавиад байвал эхнэр нь ганжиндах эрхтэй. Ингэсний төлөө эхнэрээ шүүхэд өгнө үү яана өөрөө л мэдэж. Үүнийг цагдаа гэр бүлийн маргаан талаас нь харна уу гэхээс халдашгүй малдашгүй талаасаа бол падгүй хэрэг. Заримдаа боддог юм, энэ маягийн элийнүүд авгай хүүхэдтэйгээ муудалцахаар халдашгүй эрхтэй энэтэр гэж яаж дөвчигнөдөг бол, гэртээ. 

            Хэн билээ дээ, сүүлд УИХ-ын тамгын газрын дарга, агентлагийн дарга энэтэр болж байсан, түүнийг гишүүн байхад талбай дээр концерт үзээд явж байхад нь цагдаа бороохойдсон байдаг. Энэ бол болохгүй ээ, гэхдээ цагдаа таниагүй биз дээ. Харин Гүндалайг До яамныхан олны нүдэн дээр баривчилж хорьсон нь үнэхээр хууль зөрчсөн хэрэг. Мань Нямдорж л хонзонгоо авч буй бололтой юм. Гүйцэтгэх албаны хэн ч юун түрүүн хууль сахих ёстой болохоос тэнд нэг шүдээ хавирсан хазгай хэлтэй нөхөр уурласны хэрээр ойлгосон ойлгоогүй тушаалыг нь үгчлэн гүйцэтгэж болохгүй шүү дээ. Хуулийн нарийн зааг энд л байна. Энхбаярыг ерөнхийлөгч байхад Рэнцэнтавхай гээд нэг партизан гар машиных нь урдуур хөндөлсөж эсэргүүцлээ үзүүлжээ.  Ерөнхийлөгчийн унаа халдашгүй гэдэг шалтгаанаар мань эрийг хорьж орхисон. Халдашгүй машинд төрийн төлөөлөгч халдвал хууль зөрчиж буй хэрэг. Харин Рэнцэнтавхай “халдаж болдог” эгэл машиныг зогсоосон бол ямар хариулага хүлээх ёстой, тийм л ялаа авах ёстой. Танхайрсан бол танхайрснаараа. Түүнээс Рэнцэнтавхай халддаг машин зогсоовол нэг янз, халддаггүй машин зогсоовол өөр шийтгэл хүлээж болохгүй.

            Францын ерөнхийлөгч асан Ширак авилга авчээ. Гэхдээ халдашгүй эрхтэй учир шүүх цагдаа “халддаг болохыг нь” хүлээгээд хэвтчихсэн байгаа юм. Одоо мань эр авилга авснаа хүлээснээр барахгүй өндөр настай болсныг нь харгалзаж шоронд битгий хийгээч гэж гуйн авсан авилгаа тоолж байгаад улсын санд эргүүлж тушаажээ. Үйлдэл дээрээ баригдвал огцордог жишээ олон бий нь Японы ерөнхий сайд асан Танака, АНУ-ын ерөнхийлөгч асан Никсон нарын жишээнээс харагдана. Харин Ширак сэжигтэн байсан, үүнийг илрүүлэхийн тулд байцаах шаардлагатай, гэтэл сэжигтэн маань бүх ард түмнээс сонгогдсон ардаа олон сая сонгогчтой эгэл бус нэгэн ажгуу.

            Хуулийг тархины хэмжээгээрээ ойлгож амны багтаамжаараа тайлбарлаж явдаг нэг жишээ бол дивтаат нөхөр Сайхансамбуугийн сүүлийн үеийн шинэхэн наргиа нь байна. Авилга өгч авч явсан гал хамуудтайгаа тохой залган сууж байна гэж хөөрлөхжээ. Их хурлын танхимд албан ёсоор шүү дээ. Ороогдолгүй яахав дээ, хоёр талд нь тохой залгасан гал хамууд нь гомдож таараа. Шалгуулъя гэж. Тэгсэн мань эр их хурлын гишүүн юу ч донгосч, цуурч, мөөрч майлж болно, үүнийхээ төлөө хариуцлага хүлээх ёсгүй гэж гүрийв. Бүх зурагтын сувгаар албан ёсоор шүү дээ. Уул нь гишүүн нь хууль тогтоох явцад ямар ч алдаатай санал оруулсан, ямар ч буруу санал дэвшүүлсэн байсан үүнийхээ төлөө харицлага хүлээхгүй гэсэн утгатай хуультай. Түүнээс биш хүн доромжлох, гүтгэх, цуурах, нэр төрд халдах, заналхийлэх зэрэгт бусад эгэл иргэдийн нэгэн адил хариуцлага хүлээдэг. Тиймээс ч гишүүн Тэмүүжин өөрийн багш Нарангэрэлийг хоцрогдсон гэж гүтгээд шүүхээр орон Нарангэрэл хоцрогдоогүй нь албан ёсоор нотлогдсон тул буруугаа хүлээх шийтгэлээр яллагдсан. “Хүн амьд явах эрхтэй” гэж Үндсэн хуульд заасан нь бий. Дээрэмчинд алуулах, эмнэлэгт нас барах, амиа хорлох зэрэг нь энд хамааралгүй. Төр хүний амьд явах эрхийг хүндэтгэнэ л гэсэн үг. Бүр тодруулбал төрийн хуулиар хэнийг ч цаазаар авч амьд явах эрхийг нь хөсөрдүүлэхгүй гэсэн санаа. Харин Үндсэн хууль батлагдсанаас хойш манай орон хүн амд харьцуулсан цаазаар авалтаар дэлхийд эхний байр булаацалдсаар өдий хүрсэн.

            Хүүхэн шалгаруулдаг, дуучин шалгаруулдаг л даа, харин олигархи шалгаруулах тэмцээн гэдэг сонин юм саяхан үзэж ихэд хөгжлөө. Бүр санал асуулгаар шүү. Хөгжөөнт нэвтрүүлгийн явцаас үзэхэд олигархи гэдэг нь дургүй нэгэндээ өгдөг хоч бололтой юмаа, янз нь. Хаа газрын аль тэнэгүүд яаж балайрахыг тэр гэх вэ!. Гээд энэ тэмцээний хамгийн ноцтой хэсэг нь өөрсдийнхөө буй болгосон шүүхээр өнөө шалгарсан баатруудаа оруулж шүүн таслан буудан алах гэнэ. Энд хоёр асуудал байна. Нэгд ганц манай Монголд төдийгүй аль ч оронд сайн дурын шүүх байгуулахыг хориглодог. Хэн дуртай нь шүүх байгуулаад л хэн дуртайдаа хоч өгч буудаад байвал энэ хорвоо ямар хачин юм байх бол. Хоёрдугаарт Монгол улсын үндсэн хууль болон бусад хуулиар дайн байлдаан аллага хүчирхийлэлд уриалах, үндэс угсаа шашинаар ялгаварласан доромжилсон ухуулга суртчилгаа хийхийг хориглодог. Германд нацист хувцастай хүн гудамжаар явж байвал цагдаа бушуухан барьж аваад далд хийчихдэг ч Германыг хэн ч ардчилсан биш гэж үнэлдэггүй. Мөнөөх олигархи шалгаруулах тэмцээнд оролцогчид ээлж дараалан алж шулах буудах шатаах талаар ил цагаан уриалж байсан боловч ямар ч зэмлэл хүлээсэнгүй, харин ч оролцогсодын халуун алга ташилтанд улам омогшиж байлаа.

            Энд би хууль буруу ойлгогддог, эсвэл буруу ойлгодог, хууль хэрэгждэггүй, эсвэл хэрэгжүүлдэггүй, эсвэл буруу хэрэгжүүлдэг тухай л ярих гэсэн юм. Олигархийн тухай асуудал бол тусдаа. Энэ нь түүхийн явцад байнга өөрчлөгдөж байсан боловч тодорхой ойлголт. Цөөнхийн засаглал гэсэн утгатай ба тэр цөөнх гэгч нь хуйвалдаж нэг төрлийн мафи болсон байна. Үнэндээ Монголд олигархи байхгүй. Монгол хүн эвсээд мафи болж чадахгүй. Нүүдэлчин сэтгэлгээ нь саад болдог. “Чамд долоо, надад долоохон” гэдэг бол монгол хүний сэтгэлгээг гайхалтай илэрхийлсэн хэлц үг. Нүүдэлчид бараг хэзээ ч “төлөө” эвсдэггүй, харин “эсрэг” бол түр зуурын холбоо эвсэл байгуулдаг ч, эсрэг талаа нэгдэж байгаад унагах тулаан амжилт олмогц тэр дороо “эвтэй байхад хүчтэй” холбоо задран биенээ хөнөөхөөр гар зөрүүлэлцэнэ. “Нууц товчоо”-г уншаад үз л дээ. Нүүдэлчид хоёр мянган жилийн туршид олон арван хүчирхэг төр байгуулж байсан ч аль нь ч урт настай байгаагүй. Чингисийн байгуулсан төр 50 наслаагүй эхлээд дөрөв, дараа нь дөч хуваагдаж байлаа. Мөнхийн эрх ашиг гэдэг иргэншсэн соёлын ойлголт байхаа. Харьцуулахад Хань династи, эсвэл Ромын эзэнт улс 400-500 жил тогтсон. Эртний Египтийн төр 20 гаруй династи дамжин гурван мянга насалсан байдаг.

Гэхдээ олигархи, мафи байхгүй гэдэг нь манай төр өндөг шиг өөгүй гэсэн үг огт биш. Төрийн дээд эгнээнд хулгайч, дээрэмчин, луйварчин бол зөндөө бий. Шахцалдаад л... Гээд олигархи болсон юм байхгүй, дандаа бие даасан хулгайч нар. Олигархи гэгч нэр томъёо орос сэтгүүл уншдаг хагас сэхээтнүүдээс орчуулгын журмаар буй болсон юм. Аристотелийн олигархи, өнөөгийн хоёр олигархи хоёр хоорондоо нэлээд зөрүүтэй ойлголт болсон. Орчин үеийн олигархийн сонгодог жишээ бол Оросын олигархи. Би тун удахгүй энэ талаар нэг юм бичиж өөрийнхөө зөвийг батлахыг хичээнэ. Улаан бол олигархи биш асар их мөнгө төрөөс хулгайлсан ердийн нэг гэмт хэрэгтэн. Шаравдорж хэзээ ч ажил хийж үзээгүйтэйгээ нэгэн адил хэзээ ч олигархи байгаагүй. Олигархи байдаг юм гэхэд түүн шиг амитныг тоож эгнээндээ оруулахгүй. Гэхдээ тэр төрөөс төрсөн тэрбумтан. Хулгайч л даа, энгийн хэлээр орчуулбал. Энэ хоёр гар дээр жишээлээд би Монголд олигархи байхгүй гэдгийг батламз.

2011.05.07
"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив