ХУВЬСГАЛЫН ХӨДӨЛГӨГЧ ХҮЧ
2011 оны 6 сарын 14 [Уншсан тоо: 70896]
Хувьсгалыг магтан дуулму. Хүний нийгэмд элдэв хувьсгалууд гарч байгаагүй бол нийгмийн дэвшил огт болохгүй байсан. Түүхчдийн олж тогтоосон анхны хувьсгал МЭӨ 2380 онд буюу одоогоос дөрвөн мянга гаруй жилийн өмнө анхны иргэншилт гүрэн Шүмэрийн Лагаш хотод  болж  Лугаланда хааныг бослогоор авч хаян Урукагина гэгчийг хаан ширээнд залжээ. Үүнээс хойш хүний түүх хувьсгалаар хахсан. Хувьсгалаар тогтолцоо солигддог. Хувьсгал гэдэг ухагдахуун нь дэндүү өргөн дэлгэр ойлголт боловч ихэнх тохиолдолд нийгэм-улс төрийн институцид гарч буй нийгэм-эдийн засгийн эрс өөрчлөлт гэж ойлгодог. Тогтолцоо солигдсоноор мэдээж аз жаргалын хаалга шууд нээгдэхгүй. Юун түрүүн шинэ нь хуучнаасаа дээр болж чадсан уу гэсэн асуулт гарч ирнэ. За даа, мянгаас нэг тохиолдолд л тийм байдаг. Дэндүү ихэнхдээ эрх мэдэл яг адилхан бас нэг амьтны гарт шилжиснээр хувьсгал өндөрлөх ба дараагийн шинэ гайхлыг хүлээнэ. Ингэхээр хувьсгал нэртэй үймээний мянганы нэг нь тогтолцоог сольж дэвшил авчирсан хувьсгал, үлдсэн нь төрийн эрх шилжсэн булаагдсан үйл явц байдаг аж.

Тогтолцоо үндсээрээ солигдсон ч нийгмийн дэвшил авчирч чадсан уу гэдэг асуудал бас байна. Нийгмийн дэвшил авчирсан ч гэсэн тэр нь удаан үргэлжлэв үү гээд бас дараагийн асуулт гарна. Германд 1933 онд ардчилсан сонгуулийн зарчмаар гарч ирсэн нацистууд эрх мэдэлтэй болонгуутаа нийгмийнхээ тогтолцоог бүрэн өөрчилсөн учраас нэг талаас хувьсгал байсан. Тэд ажилгүйдлийг арилгаж, улс орны эдийн засгийг бүрэн сэргээсэн учир нийгмийн дэвшил авчирсан. Гэвч бузар дайн өдөөж, хүн төрлөхтний эсрэг бодлого явуулсан нь эцэст нь улс орныг нь сүйрүүлж өөрснөө түүхийн хуудсаас зайлуулагдсан.  Ийм учраас хувьсгал нь урт хугацааны явцад эцсийн үнэлгээ нь гарах нь бий. Шинэ тогтолцоонд шилжсэн ч бай үүнийг нийгмийн гишүүд хэрхэн хүлээн авав, шинэ нөхцөлд аль зэрэг урт хугацаанд дасан зохицов гэдэг нь бас дараагийн асуулт. Францын хувьсгалыг нийт ард түмэн тун баяртайгаар угтан авсан. Гэвч шинэ нөхцөл байдалд зохицохгүй болж удалгүй шүүмжлэн эсэргүүцэх хандлагатай болжээ. Францын ард түмэн мөнөөх хувьсгалын үзэл санаанд зохицон нийтээр хүлээн зөвшөөрөн амьдрах хүртэл хэдэн үеийг туулсан юм. Энэ хооронд гурван ч удаа хаант засгийг дахин байгуулсан байдаг.

Гадаадын дарлал ноёрхлыг устгахын төлөөх хувьсгал түүхэнд маш олон болсон. Жараад оныг Африкийн эрх чөлөөний хувьсгалын үе гэж ярьдаг. Үнэндээ колончлогч орнууд хар тивийн ард түмэнд тусгаар тогтнол бэлэглэх процесс болсон, гээд Африкт шинээр буй болсон 50 шахам оронд нийгмийн байгууламж нь үндсээр солигдсон хувьсгалт үйл явц болсон юм. Ийм хувьсгал 1848 онд болон 1918 онд Европ тивд ч болж байсан. XVIII зуун нь Латин Америк дахь үндэсний эрх чөлөөний хувьсгалын жилүүд байсан бол мөн процесс дэлхийн II дайны дараа Азид өрнөжээ. Хувьсгал мөн үү гэвэл яалт ч үгүй мөн. 1911, 1921, 1990 оны Монгол дахь хувьсгалууд мөн энэ ангилалд багтана гэж боддог. 1990 оны хувьсгалын хөдөлгөгч гол уриа нь Зөвлөлтийн нөлөөнөөс чөлөөгдөх, улс орныг ардчилахын зэрэгцээ бие даасан байдлаа хангахад чиглэж байлаа. Яг л ийм утгаар нь нийт Зүүн Европ болон Зөвлөлтийн дараах шинэ тутам тусгаар орнуудын хувьсгалыг ингэж үнэлж болмоор. 

Хувьсгалын тухай хамгийн их онолдсон хүн бол Германий философич Карл Маркс. Тэрээр бүхий л хувьсгалыг өмчөөр дамжуулж тайлбарласан ба өмч нь нийгэмд анги үүсгэдэг, ангиуд хоорондоо тэмцэлдсэний дүнд хувьсгал гардаг гэнэ. Капитализмыг түлхэн унагаж хүн төрлөхтнийг өмчгүй ангигүй диваажингийн нийгэмд хөтлөн оруулах анги нь ухамсаржсан ажилчин анги аж. Маркс ажилчин ангийг люмпэнгээс ихээхэн ялгаж өгүүлсэн байдаг. Люмпэн гэсэн герман гаралтай нэршил байна. Энэ нь соёлгүй, жишээргүй, ичих нүүргүй, улаандаа гарсан, тогтсон ажилгүй, сонирхол ч үгүй, нийгмийн байтугай гэр бүлийнхээ өмнө ч хариуцлага хүлээдэггүй, жудаггүй хүнийг хэлдэг. Архичин, янхан, тэнүүлчин нарыг бас ингэж нэрлэнэ. Люмпэн нь нийгмийн паразит хэсэг юм. Тэд бол нийгмийн шаар шавхруу. Люмпэнгүүд ажилчин ангийн дунд шургалан орж ядуу зүдүү яваагаа дарлуулж мөлжүүлснээс болсон мэтээр тайлбарлан элдэв бослого хөдөлгөөнд бусдыг өдөөн хатгаж нийгмийн бужигнаанаас дээрэм тонуул луйвраар юм олж авах гэж улайран увайгүйтэж амьдрана. Люмпэн бол нийгэм дахь адгийн шаар нь. Нийгэмд эзлэх ямар ч байр суурьгүй байдаг, тэд. Люмпэн аль ч нийгэмд бий. Баян нийгэм ч өөрийн люмпэнтэй. Английн хөлбөмбөгийн нэрийг гутаадаг алуурчин зэрлэг фэнүүд бол мөн л люмпэн давхрага. Тухайн нийгэм дахь люмпэний эзлэх хувь янз янз. Мэдээж ядуурал гуйранчлал нь нийгэмд люмпэн олшрох гол шалтгааны нэг мөн боловч бүхнийг үүгээр тайлбарлах нь учир дутагдалтай. Дайны дараах сүйрч ядуурч хог дээр гарсан Японд люмпэн маш цөөн байсан гэдэг. Уламжлал, соёл, зан заншил шашин мөргөл, иргэншсэн байдал зэрэг нийгмийн олон шалтгааны нийлбэр нь люмпэн сүрэг байх эсэх цаад шалтгаан болой.

Гэтэл Марксын зөгнөсөн хувьсгалыг хэрэгжүүлэх самуун 1917-18 онд Орос, Герман, Унгарт өрнөхөд хувь заяаны шоглоомоор чухам люмпэнгүүд пижигнүүлж өгөх нь тэр. Лениний хүлээсэнчлэн өрнөдийн ухамсаржсан ажилчин анги араас нь ямар ч хувьсгал хийсэнгүй. Большевикууд Петроградын гудамжинд хүн цуглуулахын тулд “Германчууд хотод ороод ирлээ” гэсэн цуу тараажээ. Тэр үед Орос-Герман хоёр байлдаж байсан юм. Цуу болохыг нь мэдсэн хүмүүс тарахад харин мань хувьсгалчид архи сархад хаа байгааг люмпэнгүүдэд зааж өгчээ. Энэ нь Засгийн ордон. Тийш тонуул хийвэл большевикууд дэмжинэ гэж амаллаа. Оросын ажилчин-тариачны аугаа их хувьсгалын үнэн царай ердөө л энэ.

7/1-д талбай дээр сонгуулийн дүнд дургүйцэж бухимдсан хүмүүс цугласан. Энэ бол нийгмийн ихээхэн ухамсаржсан хэсэг. Тэд тэгсхийгээд тарсан, гэрийн зүг яваад өгсөн. Дээрэм тонуул галдан шатаалтыг люмпэнгүүд хийсэн. Баасан дээр шавах ялаа мэт, сэгэн дээр цуглах хэрээ мэт тэд сүүлд нь ирсэн. Цагдаа баривчилсны дараа 90 хувь нь огт сонгууль өгөөгүй хүмүүс болох нь батлагдсан. Тэдэнд сонгуулийн ямар ч бухимдал байгаагүй, дүн яаж гарсныг ч мэдээгүй, сонирхоо ч үгүй. Тэдэнд шал өөр сонирхол л байсан.

Иймэрхүү төрлийн хувьсгалуудад социологич Гиббонс тусгайлан судалгаа хийж үзжээ. Төстэй хувьсгалууд ялангуяа ХХ зуун болон энэ зууны эхэнд хэдэн мянга гарсан юм байна. Ялангуяа хөгжиж байгаа орнууд гэх Африк, Латин Америкийн орнуудад бараг өдөр болгон. Хэд хэдэн нийтлэг зүйл олжээ. Хувьсгалын гол хөдөлгөгч хүчин нь бараг дандаа тухайн нийгмийн люмпэн хэсэг байсан. Хоёрдугаарт ийм төрлийн хувьсгал дандаа тухайн орны эдийн засгийн эрчимтэй өсөлтийн үед гардаг байна. Ядуурал хоосрол дарангуйлал хичнээн хүнд хэцүү байна, хувьсгал гарах магадлал төдий чинээ бага. Энэ бол гайхширмаар сонин урвуу үзэгдэл аж. Столыпины шинэчлэлийн ачаар Оросын эдийн засаг үсрэнгүй хөгжиж, Хоёрдугаар сарын хувьсгалаар Орос орон ардчилалд дэвшсэн яг тэр үед Октябрийн люмпэн хувьсгал гарчээ. Хятад улс Үндсэн хуульт хаант улс болохоор шийдэн нийгэм эдийн засгийн шинэчлэл хийж амьдрал дээшлээд эхлэнгүүт Цинхайн хувьсгал болжээ.
Хувьсгал бол маш үнэ өртөгтэй тоглоом. Дайн байлдаанаа тооцохоо больё гэхэд тогтолцоо өөрчлөхөөс авахуулаад засаг төр солих зэрэг нь тайван амьдралын магадгүй олон жилийн өртгийг нэг дор нэхнэ. Гэтэл яахаараа бичиг үсэг ч үгүй шав шалдан люмпэнгүүд хувьсгал хийгээд байдаг билээ? Яахаараа амьдрал дордохоор хувьсгал гардаггүй, харин эдийн засаг өсөж хөгжихөөр хувьсгал давхцдаг билээ? 2001-02 онд Монголын эдийн засаг жил бүр 1-1,5 хувийн уруудалттай, өнөөдөртэй харьцуулахад нэг хүнд ноогдох ДНБ бараг 10 дахин бага байхад ард түмэн маань амар жимэр сууж нам засагтаа талархан гялайж байсан мөртөө 2005 оноос эдийн засаг жил бүр бараг 10 хувийн өсөлттэй, нам засаг нь мөнгөндөө хахаад бараг бүх юмыг үнэ төлбөргүй болгоод эхлэхээр хувьсгалын уриалга чихнээс салахаа болив?

Гиббсон маш сонин ажиглалт хийсэн байна. Хөгжиж байгаа орнуудын энэ төрлийн хувьсгалыг эдийн засгийн өсөлт дээр гэнэт баяжсан хүмүүс санхүүжүүлдэг аж. Хоосон шалдан байхад хэнд ч булаацалдах юм байдаггүй. Тухайлбал улигт Октябрийн хувьсгалыг Морозов мэтийн Оросын хамгийн баян тарган саятнууд санхүүжүүлсэн. Буй болсон хөрөнгийг хувааж авах дээр баячууд маргалдана, талцана. Үүнийгээ хувьсгалаар шийдүүлбэл ашигтай гэж аль аль тал үзнэ. Тэдэнд олдох хамгийн хямд, хамгийн үр дүнтэй зэвсэг бол мөнөөх люмпэнгүүд. Ийм үзэгдэл ялангуяа Африк, Латин Америкийн орнуудад баaгалийн гэнэтийн баялаг олдсон үед маш өргөн дэлгэр тохиолдох аж. Африкийн хамгийн ядуу орнуудад барагтай бол хувьсгал гарахгүй. Гэтэл Нигери, Конго, Гана, Гвинэй зэрэг байгалийн маш их баялагтай орнууд чухам хувьсгалаар л амьдардаг. 1973 оны нефтийн хямрал энэхүү баялагийн үнийг олон дахин огцом өсгөсөн. Хар алтны асар их нөөцтэй Нигерид бараг өнжөөд л нэг хувьсгал. Сүүлчийнх нь түрүүчийнхийгээ авилга хээл хахуульд буруутгах ба эх орондоо хязгааргүй хайртай учраас хувьсгал хийхээс өөр аргагүй болсноо дэлхийгээр нэг зарлана. Үнэндээ бол эрх баригчидтайгаа мөнгө булаацалдсан л хэрэг шүү дээ. Нигерийн хувьсгалчид нефтийн үнэ гозойсон 1973 – 1980 оны хооронд ээлж дараалан нийтдээ 70 орчим тэрбум доллар улсаасаа тонож дээрэмдэн хулгайлсан байдаг. Харин хувьсгалын гол хөдөлгөгч хүч люмпэнгүүд удаа дараагийн хувьсгалд хүний өөрийн гэх юмгүй оролцож мансуурах янхандах тэнүүчлэх үндсэн ажилдаа өөрсдийнх нь хэмжүүрээр хангалттай сайхан орлоготой жаргасан аж.

Люмпэн хэзээд юунд ч бэлэн байдаг. Үймээн самуун дээрэм тонуул болон өөр ямар ч үйл хөдлөлөө цагаатгах шалтаг тэд хаанаас л бол олно. Тэдэнд тэрбайтугай шалтгаан ч хэрэггүй. Шалтаг байхад л хангалттай. Тэгээд мэдээж санхүүжүүлэгч. Тэд хэний ч тал биш, гагцхүү тухайн үеийн санхүүжүүлэгчийн түр зуурын холбоотон. Тогтворжоогүй, ёс суртхуунгүй нийгэмд санхүүжүүлэгч ч мөн л элбэг олддог бололтой. Люмпэнд танхайрал тонуул эмх замбараагүй зах цадиггүй дураар авирлал хэрэгтэй, харин санхүүжүүлэгчид улам их мөнгө хэрэгтэй. Биологид амьтан хоорондын ийм харилцааг симбиоз гэж нэрлэдэг. Ард түмэн улам ядуурч идэх хоолгүй болон шороо долоосоор турж үхэж байгаа тухай өдөр болгон мэдээллийн хэрэгслэл болон УИХ-ын танхим дотроос гал цогтой цангинуулан бачимдах хүмүүсийг хараад юун түрүүн нэг л бодол орж ирдэг нь: Энэ хүн яасан их таргалаа вэ?!
2011.06.13

"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив