Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
МАО
2011 оны 6 сарын 21 [Уншсан тоо: 65716]
Юн Чэнь, Холидэй нарын бичсэн “Танигдаагүй Мао” номыг хэсэг орчуулагчид хамтран хөрвүүлж Нэпко хэвлэлийн газраас удахгүй худалдаанд гаргах гэж байна. Энэ удаа Хятадын коммунистууд Яньаньд үүрлэж байхдаа өөрийн хүмүүсээ ирээдүйн коммунист нийгэмд хэрхэн бэлдэж байсан тухай хэсгийг сонирхуулан толилуулж байна.

Мао, улсын аюулгүй байдлын албаны дарга Кан Шэн нар нийтээр нь яллах аргыг сэдэв. Гоминданы бүс нутаг дахь коммунист байгууллагуудын дийлэнх нь Чан Кайшигийн төлөө ажилласан тагнуулын дугуйлан байлаа хэмээн тэд зарлав. Энэхүү мэдэгдэл сайн дурынхны залуучуудыг бараг толгой дараалан тагнуулчаар сэжиглэхэд хүргэжээ. Учир нь тэд бүгд дээр дурьдсан байгууллагад харьяалалтай, эсвэл тэдгээрийн зөвлөмжөөр Яньаньд томилогдон ирсэн аж. Ялыг нотлоход ганцын зэрэг “гэрч”-ийг олзлов. Аюулаас хамгаалахынхан өдөр, шөнөгүй долоо хоногийн турш цурам ч хийлгэлгүй тарчлаасан 19 настай залуугийн хэрэг гэгчийг уудлан илчлэх нь тэр. Эцсийн бөлөгт тулгасан бүхнийг нь тэрбээр хүлээв.

Энэхүү жүжгийг тавьснаар Яньаний бүх залуучуудыг 1943 оны дөрөвдүгээр сараас ямар нэгэн хэлбэрээр “шалгаж” эхэллээ. Мянга мянган хүнийг баривчилж, химэрлэгэн толгодыг нүхлэн шоронжуулсан агуйд хорив. Хятадын Улсыг аюулаас хамгаалах алба байрлаж, Маогийн амьдарч байсан Уза Юаньюний ойролцоо орших жалганд гурван мянга гаруй хоригдолд зориулсан шорон ухсан аж. Бараг шорон болж хувирсан хаалттай, харуултай албан байгууллага дээрээ зарим нь хоригдох болов. Байгууллага бүр “харуул гаргаж, хөл хорих цаг тогтоох”-ыг Мао тушаасан юм. Ингээд “ирж очих, орж гарах”-ыг хорив. Харин хардлагад өртөөгүй хүмүүс шоронгийн харгалзагч, мөрдөн байцаагчийн үүргийг гүйцэтгэх аж. Тэд нийт бүрэлдэхүүнд цөөнх (10-20 хувь), гол төлөв Гоминданы бүс нутгийнхан байв.
Ердийн байгууллагыг шорон болгон хувиргасан явдал Маогийн чухал шинэлэг санаачилга болжээ. Тэрээр эрх барьсан бүхий л хугацаандаа эл байдлыг туйлбартай хэрэгжүүлсэн нэгэн. Энэ тал дээр Гитлер, Сталиныг ч хэдэнтээ давж гарсан юм. Хардлагад өртсөн хамтран зүтгэгчдийгээ шоронгийн хянагч болгож байв. Ингэснээр нэгэн үе цуг ажиллаж байсан хүмүүс хоригдол, эсвэл хянагчаар нэг дор амьдрах болов. (Коммунист Хятадад хүмүүс ихэвчлэн ажлын байрандаа насыг өнгөрөөдөг байв). Ийнхүү мөр зэрэгцэн ажиллагсадын хооронд Мао яс хаяад зогссонгүй залхаан цээрлүүлэх аппаратад шууд хамрагдагчдын тоог ч үлэмж нэмэгдүүлсэн юм. НКВД, Гестапо маягийн нууц ажиллагаатай байгууллагын удирдлагад байх хорих лагерийг Сталин, Гитлертэй харьцуулбал Мао хүрээг нь үлэмж тэлсэн юм.

Сайн дурынхны залуус шоронд аймшигт дарамтанд байж, тагнуул хийсэн хэрэг хүлээж, эсвэл бусдыгаа матаж, зольж байв. Гэтэл хэрэг явдлын зорилго тагнуулчийг илрүүлэхэд бус айдас хүйдэс төрүүлэхэд оршиж байсан юм. Аюулгүй байдлын хүчнийг ашиглаж, уламжлалт арга хэрэгслийг хэрэглэн тагнуулчийг сэм ангуучилна. Маогийн Аюулгүй байдлын асуудал хариуцсан туслах Ши Жэгийн хэлснээр жинхэнэ сэжигтнийг “чимээгүйхэн агнаж” дөнгөдөг байв. Энэ нь шуурхай бөгөөд нууцаар цаазална гэсэн үг.

    Хуурамч тагнуулчдыг илрүүлэх гэж улайран хөөцөлдсөнөөр яргаллыг зөвтгөж байв. Хоёр долоо хоног нойргүй байлгах аргыг ихэвчлэн хэрэглэнэ. Заримдаа занчих, бугуйнаас дүүжлэх, өвдгийг нь мултлах зэргээр тарчлан зовооно. Бас хорт могойг хоригдлын өрөөнд тавих, цаазаар авахыг дууриалган дэглэх зэрэг сэтгэл зүйн дарамт үзүүлэх нь цөөнгүй. Шөнө дөлөөр дов толгодын амирлангуй ихэмсэг байдлыг шоронжсон агуйгаас цуурайтах шаналлын дуу эвддэг байв. Энэ нь Яньаний бараг бүх оршин суугчдын чихийг дөжрүүлнэ.

Хэрхэн тарчлаах зааврыг Мао биечлэн өгсөн юм. Түүний дэглэм Би-Гун Минь хэмээх цээрлэлийг хэрэглэв. Энэ нь “найдвартай нотолгоо”-г “хүч хэрэглэн”  бүрэлдүүлж “хэрэг хүлээлгэх” гэсэн үг юм. 1943 оны наймдугаар сарын 15-нд Мао: “Эрүү шүүлтийг эрт, эсвэл хожуу дуусгаж болохгүй. Хэрэв эрт зогсоовол мөрдлөгөд явцгүй. Удаавал асар их хохирол хүлээх болно… Иймд гол дүрэм бол няхуур ажиглаж, бүх зүйлийг хугацаанд нь хийхэд оршино” гэжээ. Зорилгодоо цаашид ашиглах золигчдыг нэгмөр нүднээс гаргачихалгүй байхыг Мао үүрэгдэж байв.

Сайн дурынхны залуусыг тагнуулын хэрэгт буруутгах, догширсон түмний өмнө хамсаатнуудаа илчлэх, айдас хүйдсийг дэвэргэх цуглаан Яньаньд сараас сард өргөжсөөр байлаа. Нэр дурьдагдсан хүмүүсийг тусгай зассан тавцанд чирч гарган хэргийг нь хүлээлгэдэг байв. Буруугүй гэдгээ нотлохыг оролдсон нэгнийг хүлж шоронд хийнэ. Зарим үед цаазлах мэт жүжиг тавьж, уухайлж орлилдоно. Ийм арга хэмжээний үеэр хүмүүст нэгэнт суусан айдас хүйдэс өвдөг чичрүүлнэ. Тэр үеийн намын баримтанд тэмдэглэхдээ ийм цугларалт “мэдрэлд хөнөөл учруулж байна” гэжээ. Зарим хүмүүст үүнээс бусад ямар ч эрүү шүүлтийг тэсвэрлэж болох мэт санагддаг байв.

Үүний зэрэгцээ коммунист үзлийг толгойд нь үрслүүлэх цуглаанд хүмүүсийг хүчээр оролцуулдаг байв. Тэдэнд амрах, цэнгэх ямар ч боломж үл олгоно. Дуулах, бүжиглэх, бусад хэлбэрээр чөлөөт цагаа өнгөрөөх хориотой. Гадны нөлөөллөөс ангид дураар байх хэдэн минут гаргаад ч нэмэргүй. Амар тайван байх аргагүй байв. Хүмүүс “бодлынхоо задаргаа”-г бичнэ. Зөвхөн милитарист Японд л ийм практик үйлчилж байв. Мао тушаахдаа: “Хүн бүрээр бодол, сэтгэлийг нь илчлүүл. Гурван удаа, таван удаа, ерөөс үргэлжлүүлэн бичүүл… Урьд өмнө юу бодож байснаа, намд хор хүргэх ямар зүйл сэдэж явсныг нь сэтгэлээ онгойтол уудлуул” гэсэн байдаг. Үүнээс гадна бусадтай албан бусаар ярилцах үедээ сонссон зүйлээ бичихийг бас шаардав. Дэглэм үүнийг “бичил мэдээлэл” хэмээн нэрийджээ. “А, эсбөгөөс Б юу гэж хэлснийг та бичиж өгөх ёстой. Үүн лугаа адил та өөрөө юу гэснээ, буруу гэж ойлгогдож болох бүхнээ бичих ёстой. Ой санамжаа байнга ухаж, хязгааргүй бичиж байх үүрэгтэй, та” гэв. “Энэ бол гутмаар хүсэшгүй муухай эд байлаа” гэж Яньаний нэгэн ахмад дайчин ярьж билээ. “Буруутан” гэгдэх шалгавар тун бүрхэг байв. Иймд олзлогдон хэрэгт унахгүйн тулд хүмүүс аль болох ихийг бичиж туйлшрах болсон юм.

“Бодолдоо задаргаа” хийхээс олон хүн зайлсхийж байв. Гэвч дагаар үл орох аливаа оролдлого илэрвэл “тагнуулч”-аар тодрох хангалттай “нотолгоо” болж байв. Тэгээд ч “хэрэв чи буруугүй л юм бол намаас юугаа нуух билээ” гэж тулгана.
Коммунистууд хувийн, заяагдмал бүхнийг үгүйсгэх учир хүний эрхийн тухайд энд дурьдаад ч нэмэргүй. Хүний эрхийг илт зөрчсөн үйлдлийг засаг захиргааны сургалтад хамрагдсан нэгэн эсэргүүцэв. Тэрбээр: “шөнө дөлөөр орондоо эхнэртэйгээ юу ярьснаа бичих болж байна уу” гэж эгдүүцжээ. Эргэн тойронд хөхрөлдөх дуу сулхан сонсогдов. Цуг ажиллагсдынхаа хамт тэр хүн “тагнуулч болж тодорсон” нь мэдээж. 1943 оны наймдугаар сарын 8-нд Мао: “Энэ сургалтын байгууллагын нэг (ердөө ганц!) л хүнээс бусад нь болох багш, захиргааны ажилтнууд бүгд тагнуулчид. Олон ч оюутнууд, магадгүй талаас илүү нь бас тагнуулч” гэж зарласан байна. Ийм дарамттай нөхцөлд дэгээнээс мултрах туйлын хүсэлд автсан тэд юу ярьж байснаа хүн тус бүр 80-аад удаа эшлэн бичсэн байдаг.
"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив