Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
ЗҮГЭЭР Л АНАЛИЗ ХИЙЖ БАЙГАА ЮМ ШҮҮ...
2011 оны 6 сарын 27 [Уншсан тоо: 65044]
Энхбаяр таван сар заргалдаж явсаар МАХН гэдэг нэрээ өөрийн өмч болгон авлаа. Шүүхийн шийдвэрээр. Юутай ч зүйрлэмээр юм бэ дээ... Гудамжинд ундаа зарж байсан хүн хөөцөлдсөөр яваад Кока Колагийн брэнд нэрийг олоод авсантай адил. Одоо нөгөө гар аргаар хийсэн, зөвхөн арга ядсан хүмүүс хямдад нь болж авдаг, магадгүй өвчин үүсгэдэг хулхи ундаа чинь ийм том брэнд нэр авчихаар хадандаа гарна биз дээ.

    Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсанаасаа хойш Энхбаярын гаргаж байгаа авирын тухай олон таамаг, анализ, прогноз, дүн шинжилгээ гарсан. Тэс хөндлөнгийн ажиглагчийн хувьд энэхүү уралдаанд оролцож өөрийн таамагийг л хэлэх гэсэн юм. Нэг үгэндээ зүгээр л анализ хийж байгаа юм шүү. Олон ажиглагчид Энхбаярыг улс төрийн тайзнаас нэг мөсөн шахагдлаа гэж үзэж байна. Үнэндээ Энхбаярын дайны хүчтэй, арга бааштай, зорилгынхоо төлөө юу ч зольж чаддаг, хүний хувьд жудаггүй, хүйтэн тооцоотой улс төрч шинэ Монголын түүхэнд бараг байгаагүй. Тэр эргэж ирнэ. I`ll be back!

    Түүнд ганцхан хүсэл зорилго буй нь эргэж төрийн эрх мэдэлд хүрэх. Үүндээ хэнтэй ч нийлэх, юу ч хийхээс буцахгүй. Нөхөн сонгуулиар УИХ-д орж ирэн тэндээсээ дээд эрх мэдэлд хүрэх гэсэн оролдлогыг нь хуучин нөхөд нь тас цохисон. Ийм учраас намаа тасалж хүчирхэгээ байг гэхэд хор болохуйц шинэ нам байгуулж эргэж нэгдэн удирдлагад нь гарах арга юм. МАХН хуучин нэрээ сэргээж байна хэмээн брэнд нэрээсээ салсан нь энэ ажиллагааг урагшлуулах сайхан далим нээлээ.

    Саяхан хийсэн судалгаагаар их сонин дүр төрх гарлаа. Энхбаярын нэр хүнд маш өндөр байна. Энэ нэг үнэн. МАХНам МАН хэмээх шинэ нэртэй болсныг нийгмийн гишүүдийн маш их хувь огт мэдэхгүй байна. Дараагийн сонгуульд МАХН-ын төлөө саналаа өгнө гэсэн хүмүүсийн бараг тэн хагас нь МАХН гэдгийгээ хуучнаар нь ойлгож байгаа нь харагдав. МАХН-ын дарга хэн бэ гэсэн асуултад тэдний ихэнх нь Баяр, Батболд, Энхбаяр гэсэн нэр хэлж байлаа. МАХН-ын төлөө санал өгөх гэж байгаа хүмүүсийн дийлэнх нь МАН-ын тухай ойлголтгүй байв. Судалгаанд хүмүүс зурагтаар улс төрийн нэвтрүүлэг хэрхэн үздэгийг хамруулсан аж. Хуучны Ху нам болоод Ардчилсан намын улаан дэмжигчид, идэвхтэй дэмжигчид л улс төрийн нэвтрүүлэг үздэг, эсвэл болж буй процессийг сайн мэдэж байна. Харин аль ч намыг идэвхийлэн дэмждэггүй олонхи зурагтын иймэрхүү нэвтрүүлгийг огт үздэггүй, энэ талаар хэдэн жилийн өмнөх ойлголттойгоо явдаг юм байна. Судалгаагаар АН-ын төлөө санал өгнө гэсэн хэсэг нь МАХН ба МАН-ын төлөө санаалаа өгөх хэсгийн нийлбэртэй тэнцэж байдаг юм байна.

    Иймэрхүү судалгааг ил болон далдаар нэлээд газрууд зэрэгцэн хийсэн ба хариу ерөнхийдөө төстэй гарч байгаа аж. Ирэх сонгуулийн тогтолцоо ямар ч байлаа гэсэн Ардчилсан нам ялах магадлал туйлын өндөр. Үүнд гол тус болох хүн нь Энхбаяр. Ямар ч тогтолцоогоор сонгууль боллоо гээд Энхбаяр гэдэг хүн яаж л бол яаж УИХ-ын гишүүнээр сонгогдож таарна. Түүнийг унагах магадлал бараг л тэгтэй тэнцэнэ дээ. Сонгууль 76 тойрогоор болох юм бол түүний талыхны магадлал улам өснө. Тэр мөнгөтэй, нам нь брэнд нэртэй, өөрөө нэр хүнд сайн яваа, түүний далбаан дор жижиглэсэн тойрог худалдаад авчихаар бэлтэй хүн нэг бус олдоно.

    Энхбаярын хувьд хойтон жилийн сонгуулиар өөрийн шинэхэн намаа ялуулах зорилго байхгүй нь мэдээж. Энэ бол бололцоогүй хэрэг. Харин Ардчилсан намыг ялуулж, МАН-ыг ялагдуулах нь түүний гол зорилго. МАН-ын бүх удирдлага сонгуулийн дүнгээс болж огцроно. Тэгнэ гэдгээ ч аль хэдийнээ түрүүлээд амалчихсан. Тэгээд ч өнөөдөр МАН 90 жилийн түүхэндээ хамгийн сул дорой удирдлагатай байгаа. Энэ бол том далим. Ялагдсан намыг дахин өндийлгөх удирдагч хэрэгтэй. Тэр нь хэдийнээ УИХ-ын гишүүн болсон Энхбаяраас өөр хэн байх билээ дээ. Тэрээр намаа аврахаар хоёр дахь удаагаа гарч ирэх юм. Одоо МАН болчихоод байгаа хуучин МАХН-ыг шүү дээ. Чаддагаа урьд нь 1997 онд нэгэнтээ харуулсан. Баахан алиалагчдаас бүрдсэн саяын бүртгүүлдэг МАХН бол зүгээр л дөрөө. Хэрэг нь бүтсэн тэр өдрийн үдээс хойш л тэднийгээ нэгмөсөн нулимж орхино. Хуучин намд нь түүнийг алга ташин угтан авах “тавдугаар цуваа” одоо МАН-д, түүний дотор УИХ-д хангалттай бий. Чухам тэд Энхбаярыгаа дахин дарга болгохоор залах болов уу. Тэдний хэн нь ч МАН-ыг сонгуульд ялагдан ялагдтал Энхбаяртай очиж нийлэхгүй. Тэнэг л биш юм бол. Христ дахин мэндлэхийг хүлээн сандал ширээг нь засаад л хүлээгээд суух болно. Мэдээж одоогийн удирдлага шүүмжлэл хорслын бай болж таарна. Ингээд МАХН - МАН хоёр эргэж нэгдэх болно. Чухам Энхбаярын захиалгаар Ардчилсан намд 2000 онд иймэрхүү процесс болж байсан юм. Монголын ардчилсан нам гэгч сэргэж сонгуулийн явцад МҮАН-ыг цоллон дайрч унагаж авсан ба сонгуулийн дараа эргэн нэгдэж байна хэмээн ёслол үйлдсэн билээ.

    Энхбаярын эцсийн зорилго 2013 он. Эргэж нэгдсэн хүчирхэг намын нэр дэвшигч нь Энхбаяр байх болно. Мэдээж Ерөнхийлөгчийн сонгуулийг хэлж байна. Тэр болтлох ганц жилийн хугацаанд тэрээр сөрөг хүчний удирдагч байх болно. Түүнд ингэхгүй бол болохгүй олон шалтгаан бий. Эрүүгийн хэрэгт орж нүдний булай болж байснаас үхснийгээ дээрд тооцоно. Нөгөөтэйгүүр түүхэнд нэрээ цагаатгаж болох ганц бололцоо нь. Урьдын анд, түнш явсан өнөөгийн дайснуудаасаа хариугаа авах хонзон бухимдал түүнийг нойртой хонуулахгүй байгаа. Энэ бүхнээс хамгийн чухал юм бол өдрөөр баяжиж байгаа Монгол улсын хөгжил дэвшил. Зуд турхан, эдийн засгийн доройтол нүүрэлсэн азгүй жилүүдэд төр удирдаж явсан эмгэнэл нь мөнгөндөө хахаж байгаа өнөөгийн нөхцөлийг өөргүйгээрээ төсөөлөхөөр даан ч гомдолтой.

    Надад ингэж л харагдаж байна. Энэ анализаа “уралдаанд” сойж байгаа юм. Бүхнийг цаг хугацаа харуулна. Би үзмэрч биш, ерөөсөө хорвоод үзмэрч байдаг гэдэгт огт итгэдэггүй. Зүгээр л анализ хийсэн юм шүү. 2008 оны сонгуулийн өмнөхөн “Наадам болохгүй, найр болно” гэсэн өгүүлэл бичиж сонгуулийн дараа муухай юм болно доо гэж таамагласан юм. Түүнээсээ болоод мөн ч их хараал идэж билээ. МАХН-ын штабаас бэлдсэн нууц нэртэй бичиглээчид намайг их л хараасан. Харин 7/1 болоод өнгөрсний дараа би өдөөн хатгагч, муу ёрлогч болж хувирсан. Тэгэхэд би бас л зүгээр л анализ хийсэн юм шүү дээ. Ийм “зөгнөл” огт болохгүй ч байж болох юм. МАН хойтон жилийн сонгуульд ялбал Энхбаяр үнэхээр тайзнаас нэг мөсөн шахагдана. Өөр хувилбар бий л дээ, байхгүй болчихвол, шоронд орвол, дэлхий сөнөвөл...
2011.06.26
"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив