Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
ПАСКАЛИЙН ДЭНЧИН
2011 оны 7 сарын 19 [Уншсан тоо: 67060]
Философийн ухааны түүхэнд гарсан таван том зарчмын нэгд “Паскалийн дэнчин” багтдаг. Паскаль бол аугаа физикч, тэрнээсээ ч илүү гүн ухаантан. Бурхан байдаг уу, үгүй юу гэдэг асуудлыг Паскаль тавьжээ. Энэ бол мөнхийн асуулт, мөнхийн маргаан. Ийм асуулт тавихын оронд “байдаг”, эсвэл “байдаггүй” гээд дэнчин тавьчих гэж Паскаль зөвлөж байна. Ингээд хариуг нь харъя. Хэрвээ үнэхээр Бурхан байдаггүй нь батлагдвал “байдаггүй” гэж хэлснээрээ чи юу ч алдахгүй. Харин Бурхан үнэхээр байдаг нь батлагдвал “”байдаг” гэж хэлснээрээ чи бүх юмыг хожино, хутагтыг олно. Энэ бол эцсийн хариунаас нь урвуулж зөв харсны шан! Үүнийг л алив асуудлыг дээрээс нь харж ерөнхий дүгнэлтэд хүрэх хурц ухаан гэлтэй.

    Хүйтэн дайн дуусах үед Маргарет Тэтчэр: “Цөмийн зэвсгийн хүчээр хүн төрлөхтөн хагас зуун жил дайн дажингүй амьдарлаа”. Сонин үг байгаа биз? Дэлхийн хүчирхэг гүрнүүд тус болгондоо манай гаригийг тэр чигээр нь сөнөөчихөөр цөмийн зэвсэгтэй болсон явдал нь дэлхийн шинэ дайн гарах нөхцлийг хаажээ. Эсрэг талаа ялна гэхээсээ хариу цохилтод өөрснөө өртөнө гэдгээс тус бүрдээ илүү айж байсан хэрэг.

АНУ, ЗХУ хоёр цөмийн зэвсэгтэй болсны дараа Европын тэнцвэрийг хадгалахын тулд британчууд мөн өөрийн хамгаалалттай болох шаардлагатай байлаа. Арай гэж дахин Ерөнхий сайд болсон Винстон Чөрчил энэ ажлыг амжуулсан. Энэ эгзэгтэй асуудлыг парламентаар оруулж олон нийтээр хэлэлцүүлсэн бол Британи бөмбөгтэй болж чадахгүй байлаа. Аль ч ардчилсан нийгэмд байдаг мөнөөх л энхтайванчид, ногоонтнууд, нэр алдар хөөцөлдөгчид, шантаажчингууд, хөлсний жагсагчид сүйдэлж л таараа. Тухайн үед Хрущев “оросууд атомын бөмбөгийг хиам шиг дамжлагаар үйлдвэрлэдэг болсон” хэмээн дэлхийг айлгаж байсан цаг. Ийм их хүчний өмнө өөрийгөө хамгаалж чадахгүй шалдан Британи ямар аюул заналд орших байв? Чөрчилл Английг “хамгаалалтын хувцастай” болгож дөнгөсөн. Хэдийгээр тэр хууль зөрчөөгүй боловч хуулийг тойрох замаар тэрбум паундаар чив чимээгүй цөмийн зэвсэг бүтээчихсэн хэрэг. Үйл явдал дууссаны дараа түүнийг хэн ч буруутгаагүй, харин ч нийтээр талархан баяр хүргэсэн билээ. Чөрчилл эцсийн хариу талаас нь асуудалд ухаалаг хандсан хэрэг. Бололцоог зөв ашиглаж цаг алдалгүй зоригтой шийдвэр гаргаснаар улс үндэстнээ аварсан өөр олон жишээ түүхэнд бий. 

Дэлхийн II дайны дараа Хятадад энх амгалан ирсэнгүй, гоминдан коммунистуудын хооронд дэгдсэн дайн улам лавширлаа. Чан Кайши АНУ-аас тусламж авдаг, тэдний орчин үеийн зэвсгээр өвч зэвсэглэн төдийгүй Маогийн тариачин армиас хүн хүчний хувьд хэд дахин олон байлаа. 1947 онд коммунистуудыг бүрэн цохих түүхэн бололцоо түүнд байсан юм. Харин Чан шийдвэр гаргаж чадахгүй ангайсаар цаг алджээ. Мао умарт Хятадын бүдүүлэг тариачдад газар амлаж өөртөө нэгтгэсээр хоромхон зуур томрон гоминданы армийг 1949 оны намар гэхэд бут ниргэж чадсан юм. Мао Засгийн эрхэнд гарснаар 70 гаруй сая хүний аминд хүрсэн. Тариачид амлагдсан газраа авч чадаагүйгээр барахгүй олон саяараа Маогийн хамтралжуулалт, их үсрэлт, соёлын хувьсгалын золиос болсон. Хэрэв Чан тухай үедээ шийдвэр гаргаж хөдөлсөн бол ХХ зууны Хятад орон ийм аймшигт там туулахгүй л байсан даа. Нийгмийн мэнэжмэнт хийж байгаа улс төрчийн түүхэн дахь үүрэг роль ямар их болохыг энэ жишээ харуулна. Бололцоог ашиглаж чадалгүй цаг алдаж, хулчиганаж дүлэгнэснээр улс үндэстнээ хоролсон өөр олон жишээ түүхэнд бий. 

Нийгмийн өмнө түүхэн үүрэг гүйцэтгэх боломжийг дээр өгүүлсэн Бурхан мэдээж хүн болгонд олгодоггүй. Ийм үүрэг Бурханаас авсан удирдагч тэр болгон үүрэг даалгавараа ойлгодог ч үгүй. Ойлголоо ч нэг хүн их бодож ганцаас илүү гавъяа байгуулах боломжгүй байх нь дийлэнх. Цэдэнбал Монголын нийгмийг 32 жил удирдахдаа бишгүй л нэг юм хийсэн. Гээд тэр болгон нь цаад онолын угшлаараа буруу байсан болохоор үндэстний хувьд урт хугацаагаар сайнаар нөлөөлөөгүй. Гээд түүний санаачлан хэрэгжүүлсэн Соёлын довтолгоон нь дундад зууны хоцрогдонгуй амьдралтай асан монголчуудыг ХХ зууны төвшинд авчирч чадсан юм. Чухам энэ л аугаа гайхамшиг. Монгол үндэстний түүх чухам тэр гавъяаных нь төлөө түүнд үргэлж хүндэтгэл үзүүлэх болно. Чойбалсан хичнээн нүгэл үйлдсэн ч улс орныхоо тусгаар тогтнолыг авч гарсан удирдагч. Ийм гавъяа түүхэнд “тэмбүүтэй сохор төвдөөрөө” хараалгуулж асан Богд хаанд ч ноогдоно. Ерөнхий сайд Бямбасүрэн, Ерөнхийлөгч Очирбат нар энэ орныг шилжилтийн хамгийн хүнд хэцүү нөхцөлд удирдан үүрч гаргасан. Ерөнхий сайд Баяр юу ч гэж хэлүүлсэн бай, Оюутолгойн гэрээг батлуулж чадсанаар баян Монгол орны үүд хаалгыг нээж чадсан. Ерөнхий сайд Энхбаяр газрыг хувьчлах шийдвэр гаргуулснаар энэ орон зах зээлд жинхэнэ утгаараа шилжих үндсийг тавьсан. Ерөнхий сайд Энхсайханыг зоримог реформынх нь төлөө түүх үнэлэх болно. Үр дүн маш чухал, түүх үүгээр нь гавъяаг үнэлнэ. Ерөнхий сайд асан Гэндэн, Амар нар бол аугаа эх орончид. Тэд гарцаагүй эх орныхоо тусгаар тогтнол, энх амгалан байдлын төлөө сүүлчийн дусал цусаа хүртэл тэмцсэн. Гээд үр дүн гараагүй, өөрөөр хэлбэл 1937-38 оны их хядлагаас улс орноо хамгаалж чадаагүй. Тэд асуудлын эцсийн хариунаас урвуулж дүгнэлт хийж чадаагүй. Тиймдээ ч Паскалийн шан хүртэхгүй. Тэдэнд бололцоо гараагүй гэх нь бий. Үнэндээ тэд бололцоог олж хараагүй. Сталин юу хүсээд байгааг ойлгож чадаагүй учраас монголчууд хядлагад ханаруулсан. Өөрөөр хэлбэл асуудалд боломжтой талаас нь биш бололцоогүй талаас нь ханджээ.

Наадмаар Ерөнхий сайд Батболд мэдээллийн бүх хэрэгслэлээр тайлангаа тавьлаа. Тавантолгойн асуудлаар өөрөөсөө хамаарах бүх юмаа хийчихсэн гэнэ. Одоо Үндэсний аюулгүйн зөвлөл, УИХ яахыг мэдэхгүй гэнэ. Нэг үгэндээ тэрээр түүхэнд “нэр цэвэр” үлдэх юм байна. Гэтэл түүх гэдэг дэндүү хоржоонтой, үр дүн нэхэх болохоос “хөөрхий өөрөөсөө хамаарах юмаа ч хийчихсэн юм шүү” гэж өрөвддөггүй. Бурхан нэг хүнд олон гавъяа байгуулах бололцоо олгодоггүй. Ганцыг л өгвөл их юм. Тэндээсээ үр дүн гаргаагүй бол түүх хожим нь яллана. Ер нь ч амьддаа магтаалаар хучуулсан удирдагч хожим нь түүхийн хараал иддэг. Ямар ч зөв шийдвэр гаргасан бай нээлттэй нийгэмд удирдагч хараалгуулдаг авч хожим нь түүх цагаатгадаг, төдийгүй алдаршуулдаг.

Тавантолгой бол Монгол орны цаашдын хөгжлийн хамгийн гол түлхүүр асуудлын нэг. Энэ орд газрыг эргэлтэнд оруулах гэж сүүлийн 40 жилийн туршид Монголын олон удирдагч нар мурчийхаараа нэг болсон. Тодорхой хэлбэл 1972 онд ЭЗХТЗ-өөс социалист орнуудын эдийн засгийн интеграци заралснаас хойш манай бүх дарга нар Таван толгойгоо “тэврээд” дэлхийгээр нэг хэсэн газар газрыг царайчлан гүйсэн. Үр дүн гараагүй болохоор хэн нь ч гавяъа байгуулаагүй, Паскалийн шан хүртээгүй. Энэ бололцоо арай гэж одоо л гарч байна. 

Тавантолгой эдийн засгийн эргэлтэд орсноор Монгол орны нүүр царай үндсээрээ өөрчлөгдөнө. Өнөөгийн бүхий л бэрхшээл, тулгарсан асуудлыг шийднэ. Хөгжил дэвшил, амьдралын дээд төвшин, ерөөс хөдөлгөөн болгон мөнгө шаарддаг. Боловсрол, эрүүл мэнд, цэвэр агаар, тансаглал, эрүүл орчин ч мөнгө нэхнэ. Энэ болгон чухам Тавантолгойгоос л гарна. Бид өнөөдөртөө байгалийн баялагаас өөр юмаар мөнгө босгож чадахгүй. Юунаас л бол юунаас мөнгө босгож чаддаг япончууд, америкчууд шиг болохын тулд эхлээд бидэнд мөнгө хэрэгтэй. Бид яаж ч бахархаж бардамагнаад өнгөрсөн түүхээ худалдаж мөнгө болгож чадахгүй. Мал хичнээн буянтай ч өнөөгийн 3 сая иргэнийг өнөөгийн шинэ эриний төвшинд “жаргуулаад” аваад явах тэнхэл үгүй. Бид сүүлийн 50 жил шороо зарж амьдарч байгаа. Дөнгөн данган гол зогоох хэмжээний л шороо зарж байсан. Харин одоо гуйлгачин царайлалгүй, ихэмсэг бардам явахуйц, мэдлэг боловсролтой эрүүл чийрэг байхыг даахуйц, цаашдын гэрэлт ирээдүйгээ босгох бололцоо гаргахуйц хэмжээний шороо зарах боломж гарлаа. Үндэсний тусгаар тогтнол, аюулгүй байдлаа бэхжүүлэх, хадгалах бололцоо ч илүү баталгаатай болох тийм л боломж гарч байна. Сингапур, Кувэйт, Исланд маягийн “бага оврын” үндэстнүүд тусгаар тотнол аюулгүй байдлаа мөнгөөр “хамгаалчихдаг” юм шүү дээ. Солих оймсгүй, шалдан бөгсөө гялалзуулан завьжаараа нэг хөөс цахруулж “тусгаар тогтнол, эх орон” гэж хоосон чихруулан орилж нүцгэн цээжээ балбан дөвчигнөөд юунд хүрэх юм бэ! Ийм том бололцоо боломж Чингис хаанд ч олдоогүй юм шүү. Магадгүй Бурхан харж үзсэн ч юм бил үү. 

Боломж гарах нэг өөр хэрэг, түүнийг ашиглаж чадалгүй хий үрэх өөр асуудал. Тавантолгойг олон улсын бирж дээр гаргаж өгөхөөр Өрнөдийн хэдэн банк хэлэлцээ хийж тохиролцоонд хүрсэн. Харин тэд Таван толгойн гэрээ хэлэлцээ энэ намартаа багтахгүй бол бирж дээр мөнгө босгох бололцоо улам хомсдоно гэж анхааруулж байна. Тавантолгойн гэрээ хийгдсэнээр Оюутолгойд хэрэгтэй ус, эрчим хүчний ойрын асуудал шийдэгдэх юм. Эс бүтвээс хойтон өдийд ашиглалтад орохоор төлөвлөгдсөн Оюутолгой дахиад дор хаяхад 5 жилээр хойшлоно. Үүнийг мэргэжлийн хүмүүс Монголын Засгийн газарт анхааруулж байна.   
2011.07.18
"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив