Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
МАНАЙ НАРНЫ АЙМАГ
2011 оны 8 сарын 30 [Уншсан тоо: 109970]
Шинжлэх ухааны хялбаршуулсан бүтээл нь танин мэдэхүйн асар их ач холбогдолтой. Заримдаа ийм хялбаршуулал нь албан ёсоор заалгаснаас илүүг мэдүүлдэг, мэдрүүлдэг. Зохиолч Билл Брайсоны “Шинжлэх ухаан товч түүх” ном энэ талаар тэргүүлж олон шагнал хүртжээ. Физик, хими, биологи, генетик, геологи, менерологи, антропологийн салбарын анхдагч ойлголт, нээлт хэрхэн бүтсэн, ямархуу адал явдал болж байсан, хялбаршуулбал яг юун тухай хэрхэн төсөөлбөл зүгээр талаар тун ч хорхой хүрэм уран гоё хэлбэрээр бичжээ. Шинжлэх ухааны нарийн төвөгтэй асуудлыг хэн ч үзээд ойлголт авахуйцаар илэрхийлсэн энэ номыг Баабар, Т. Ариунсанаа нар орчуулж Нэпко хэвлэлийн газраас удахгүй хэвлэн гаргана. Энэ удаа уг номын Гариг оддын тухай бүлгийн хэсгээс уншигч олондоо сонирхуулж байна.

Огторгүй дэндүү аугаа том. Боловсролоо нэмэгдүүлэхийн зэрэгцээ өөрсдийгөө зугаацуулахаар үүнийг төсөөлж үзье. Өөрсдийгөө сансрын хөлгөөр аялах гэж байна гэж төсөөлье л дөө. Хэдүүлээ хол явахгүй ээ, ердөө л Нарны системийнхээ гадаад хязгаар хүртэл нисэх болно. Ингэснээр ямар аугаа уудам дахь ямар өчүүхэн орон зайн талаар ярьж байгааг харьцуулах боломжтой болно. Тэнгэрийн заадал буюу манай галактикт хэдэн од байгааг хэн ч мэдэхгүй. Зуун тэрбумаас дөрвөн зуун тэрбумын хооронд гэж тооцоолдог. Тэнгэрийн заадал өөрөө зуун дөчин тэрбум галактикийн зөвхөн нэг нь. Тэр галактикуудын зарим нь манай галактикаас хамаагүй том. Бид ердөө л энэхүү 140 бум галактикийн ганц нь болох Тэнгэрийн заадалд, гэхдээ Тэнгэрийн заадалд буй дөрвөн зуун тэрбум нарны аймгийн ердөө ганц нь болох манай Нарны аймгийн хязгаар орох гэж байгаа шүү дээ. Асар том орон зайн өчүүхэн жижиг хэмжигдэхүүн дотор хийх аялал!

    Урьдчилаад сануулахад бид тийшээ аялбал оройн хоолны өмнө гэртээ буцаж ирж амжихгүй байх шүү. Гэрлийн хурдаар явлаа ч гэсэн (секундэд 300 000 км) Дэлхийн ван хүртэл талдаа 7 цаг явах болно. Мэдээж бид тийм хурдтай явж чадахгүй. Ингэхээр өнөөдөр ашиглаж байгаа сансрын хөлгийн хурдаар нисэх бөгөөд энэ нь тийм ч сэтгэл татам биш л дээ. Хүний бүтээсэн зүйлсийн хамгийн дээд хурдтай нь Вояжер 1, 2 бөгөөд цагт 56,000 км. Вояжер хөлгүүдийг нисгэх болсны учир нь (1977 оны 8, 9 сард нисгэсэн) Бархасвадь, Санчир, Тэнгэрийн ван, Далайн ван гаригуудын 175 жилд нэг удаа л тохиодог солбицол давхцал тохиолдож байсантай холбоотой. Үүнийг ашигласнаар хоёр Вояжер хөлөг “таталцлын хүчний дэмжлэг” ашиглан нэг таталцлын хүчнээс нөгөөд шилжих замаар нэг гаригаас нөгөө рүү дамжин ниссэн юм. Ингэж явсан хэдий ч хөлгүүд Тэнгэрийн ван гаригт хүрэхийн тулд 9 жил, Далайн ван гаригт хүрэхийн тулд арав гаруй жил зарцуулсан. Сансар огторгуйд маш их зүйл байдаг ч сонирхолтой үйл явдал тийм ч элбэг биш. Олон ихнаяд миль орон зай дотор манай Нарны систем хамгийн хөхиүн үйл явдалтай нь ч байж магадгүй.

    Мөн өөр нэг зүйл бол гаригийн орон зайн зургуудын хэмжээ, харьцаа тооцоололгүй зурагдсан байдаг гэдгийг санах хэрэгтэй. Ихэнх сургуулийн самбарт Нарны системийн гаригуудыг Нарыг тойрон хоорондоо ижил зайтай хөршүүд мэтээр зурсан байдаг. Гэвч энэ бол хуудас цаас, самбар зэрэгт багтаах гэсэн оролдлого гэдгийг мэдэж байх хэрэгтэй. Маш их хол зайтай учраас гаригуудыг харьцаагаар нь масштабалж зурах ямар ч боломжгүй. Хэрвээ Дэлхийг самрын чинээ хэмжээтэй гэж үзвэл Бархасвадь 300 метрийн цаана байх ёстой болох бөгөөд, Дэлхийн ван 2.5 км-ын цаана байх болно.  Энэхүү бодит харьцаагаар илэрхийлбэл манай дэлхийд хамгийн ойрхон байгаа эхний од болох Проксима Сэнтаури  мөнөөх  самрын үрнээс 16 000 км-ын цаана байх болно.

    Нарны систем маш уудам. Дэлхийн ванд хүрч очих үед бидэнд гэрлээ хайрлан ивээгч Нар маань зүүний сүвэгчийн чинээ өчүүхэн болж харагдах болно. Тод одноос ялимгүй том л харагдах байх. Ийм орон зайд чухам яагаад Дэлхийн вангийн сар бидний анхааралд өртөөгүй удсаныг ойлгож цөхөх юмгүй. Энэ үүднээсээ бол Дэлхийн ван ганцаараа биш. Вояжерын аялалыг хүртэл Далайн ванг хоёр Сартай гэж бодож байв. Вояжер зургааг нэмж илрүүлсэн. Намайг хүүхэд байхад Нарны системд 30 Сар бий гэж сургуульд заадаг байв. Харин одоо дор хаяж 90 Сар байгааг бид мэдэж байгаа бөгөөд эдгээрийн гуравны нэгийг нь сүүлийн 10 жилийн дотор илрүүлээд байна.

    Бид Дэлхийн ванг өнгөрөн цааш хурдтай явъя л даа. Хэрвээ аялалын маршрутаа шалгаж үзвэл бид Дэлхийн ван хүртэл биш харин Нарны системын зах хүртэл явах болно гэсэн байгаа шүү дээ. Бид тэнд хүрэх яагаа ч үгүй байна. Дэлхийн ван магадгүй манай Нарны системийн хамгийн захын обьект гэж сургуулийн самбар дээр чинь харуулсан байж болох юм. Гэвч Нарны систем тэнд дуусахгүй. Үнэндээ дуусах яагаа ч үгүй байна. Бид Оортын солирийн үүлс дундуур нэвт гарсныхаа дараа л Нарны системийн хязгаарт ирлээ гэж үзэж болно. Харин Оортын үүл хүрэхийн тулд Вояжер хөлгийн хурдаар нисвэл арван мянган жил шаардлагатай. Үнэндээ бидэнд ингэж нисэж хүрэх ямар ч боломж, ирээдүй харагдахгүй. Бидний хувьд 386 000 км-ийн цаана байгаа өөрийн Сарандаа хүрнэ гэдэг хүртэл чангадсан сорилт шүү дээ. Ангараг гариг руу хүн нисгэнэ гэсэн Ерөнхийлөгч Бушийн амлалтыг тооцож үзээд 450 тэрбум доллар зарцуулах шаардлагатайг болон багийн гишүүд бүгд амь үрэгдэх эрсдэлтэйг мэдээд энэ төлөвлөгөөг олны анхаарал таталгүй чимээгүйхэн цуцалсан юм  Маш өндөр эрчим хүч бүхий Нарны тоосонцоруудаас хамгаалах арга байхгүй, тэр нь хүмүүсийн генийг задлах болно.

    Бидний өнөөгийн мэдлэгт тулгуурлан дүгнэхэд хэн ч Нарны системын зах хүртэл нисэж хүрэх боломж байхгүй. Энд дэндүү уудам хол зайн тухай ярьж байна. Тийм ч учраас Хаббл  телескопийг ашиглаад ч бид Оортын үүлийг харж чадахгүй байна. Үнэндээ Оортын үүл байх нь маш их магалалтай ч энэ нь онолын түвшинд л яригдаж байгаа юм. Оортын үүлний тухайд хэлж болох зүйл бол энэ нь Дэлхийн вангийн цаахнаас эхэлдэг бөгөөд цаашаа гэрлийн хоёр жилийн зайд үргэлжилнэ. Нарны системын орон зайг хэмждэг үндсэн нэгж нь Астрономийн Нэгж (АН). Нэг АН нь Дэлхийгээс Нар хүртэлх зайг илэрхийлдэг. Дэлхийгээс Дэлхийн ван хүртэл 40 АН, харин Оорт үүлний төв хүртэл 50 мянган АН. 

    За цааш нь үргэлжлүүлье. Бид ямар нэг аргаар Оорт үүл рүү нисээд хүрчихжээ гэж төсөөлье. Тэгвэл тэнд ямар аниргүй амгалан болохыг мэдрэх болно. Бид бүх зүйлээс маш алсад очсон байх болно. Одоо Нар маань огторгуйд харагдах хамгийн тод од ч биш болсон байна. Тээр хол байгаа жижигхэн анивчих гэрэл орчинг чинь өөр рүүгээ татаж эргүүлэх хүчтэй гэж бодохоор гайхмаар санагдах болно. Энэ бол тийм ч хүчтэй таталцлын хүч биш байх бөгөөд сүүлт одод цагт ердөө 220 милийн хурдтай л хөвнө. Хааяадаа ойролцоо орших оддын таталцлын хүч зарим сүүлт одонд нөлөөлснөөс, эсвэл ямар нэг зүйлд цохигдон огторгуйн хоосон уудам руу дахин хэзээ ч ирэхгүйгээр нисэн одно. Тэдгээр сүүлт оддын 3-4 нь жилдээ Нарны системын дотоод төв рүү нисэн оддог. Заримдаа тэрхүү тэнүүлч сүүлт одод Дэлхий мэтийн хатуу зүйлтэй таарч мөргөлддөг. Үнэндээ нэгэн тийм үйл явдлын ачаар бид бүхэн энд байгаа юм. Тэндээс Дэлхий хүртэл явахад удаан хугацаа өнгөрөх болно, 3-4 сая жил. Энэ асуудлыг хэсэгтээ орхиж сүүлд энэ талаар өгүүлье.

    Бидний төсөөлөл энэ хүртэл Нарны систем дотор байлаа. Нарны системээс цааш юу байдаг вэ? Юу хайж байна вэ гэдгээс чинь хамаарна. Товчхондоо бол юу ч байхгүй. Хүний бүтээсэн ямар ч вакуумаас илүү төгс хоосон зай тэнд бий. Дараагийн том зүйлд хүрэх хүртэл зөвхөн хоосон орон зай л үргэлжилнэ. Огторгуй дахь бидний хамгийн ойрын хөрш Проксима Сэнтаури нь Альфа Сэнтаури хэмээн нэрлэгддэг гурван одны бүлэглэлийн нэг бөгөөд биднээс 4,3 гэрлийн жилийн зайд оршдог. Огторгуйн хувьд бол өчүүхэн хэмжээ, харин бидний хувьд бол сар хүртэлх зайнаас зуун сая дахин хол. Сансрын хөлгөөр тэнд хүрэхийн тулд багадаа 25 мянган жил зарцуулах хэрэгтэй. Тэнд хүрлээ ч гэсэн голын дундах арал шиг бусад зүйлсээс мөн л хол хэвээр байсаар байх болно. Дараагийн хүрэх цэг бол Сириус. Тэнд хүрэхийн тулд дахин 4,6 гэрлийн жил зарцуулна. Ийнхүү одод дамжин үсрэн явах болно. Өөрийн галактикийн төвд хүрэхийн тулд бид хүн төрөлхтөн оршин байснаас ч илүү удаан хугацааг зарцуулах болно.

    Оддын хооронд дунджаар 30 саян сая км байдаг.  Бараг гэрлийн хурдаар явсан ч гэсэн энэ нь хүний хувьд тун бүтэшгүй даалгавар. Магадгүй харь гаригийнхан өөрсдийгөө зугаацуулахын тулд, эсвэл зүгээр л зарим газар дугуй хэлбэртэй ургац тарихын тулд, эсвэл Аризонагийн замд ачааны тэрэгтэй явж байгаа ганц залууг айлгахын тулд тэрбум миль туулж магадгүй л юм. Гэхдээ тэгэх магадлал дэндүү бага.

"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив