Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
ГЕН
2011 оны 9 сарын 12 [Уншсан тоо: 72919]
Шинжлэх ухааны хялбаршуулсан бүтээл нь танин мэдэхүйн асар их ач холбогдолтой. Заримдаа ийм хялбаршуулал нь албан ёсоор заалгаснаас илүүг мэдүүлж мэдрүүлдэг. Зохиолч Билл Брайсоны “Шинжлэх ухаан сонирхолтой түүх” ном энэ талаар тэргүүлж олон шагнал хүртжээ. Физик, хими, астроном, биологи, генетик, антропологи, палентологи, геологи, менерологийн салбарын анхдагч ойлголт, нээлт хэрхэн бүтсэн, ямархуу адал явдал болж байсан, хялбаршуулбал яг юун тухай хэрхэн төсөөлбөл зүгээр талаар тун ч хорхой хүрэм уран гоё хэлбэрээр бичжээ. Шинжлэх ухааны нарийн төвөгтэй асуудлыг хэн ч үзээд ойлголт авахуйцаар илэрхийлсэн энэ номыг Баабар, Т.Ариунсанаа нар орчуулж Нэпко хэвлэлийн газраас удахгүй хэвлэн гаргана. Энэ удаа уг номын Генийнн тухай бүлгийн хэсгээс уншигч олондоо сонирхуулж байна.

Илүү ч үгүй, дутуу ч үгүй тайлбарлах юм бол ген гэдэг бол ердөө л уураг бүтээх зааварчилгаа. Үүнийгээ тэд зохих ёсоор хийдэг. Зүйрлүүлбэл тэд яг л төгөлдөр хуурын даруул шиг тус бүртээ ганц л өнгө дуугаргана. Уйтгартай, нэгэн хэвийн. Харин генүүдийг хооронд нь уялдуулж нэгтгэвэл төгөлдөр хуурын товчлууруудыг хооронд нь уялдаатай дардаг шиг аккорд болон, эцэс төгсгөлгүй өнгө, аяс үүсгэх болно. Үүний адил генүүдийг хооронд нь нэгтгэвэл хүн төрөлхтний геном гэсэн аугаа симфони бий болж буй нь тэр.

    Үүнээс өөрөөр тайлбарладаг бас нэг нийтлэг ойлголт нь геномийг хүний биеийг бүтээх гарын авлага, зааварчилгаа гэж зүйрлэх явдал байдаг. Ингэж үзэх юм бол хромосомууд нь номын бүлэг болох ба генүүд нь уураг хийх зааварчилгаа болох учиртай. Энэхүү номын зааварчилгаануудыг бичсэн үгнүүдийг код, үсэгнүүдийг нь суурь гэж нэрлэдэг. Генетикийн цагаан толгойн үсэг болох сууриуд нь өмнө өгүүсэнчлэн адэнин, гуанин, цитозин, тиамин гэсэн дөрвөн нуклейтидээс тогтоно. Хийдэг зүйлс нь маш нарийн чухал хэдий ч дотрох бүрдэлд нь ямар ч хачин өвөрмөц зүйл байхгүй.

    ДНХ-ийн молекулын хэлбэр нь бараг хүн бүрийн мэддэгчлэн мушгиралдсан олсон шат шиг байдаг. Энэ бол алдарт хос спираль. Энэ бүтэц нь диоксирибоз хэмээх нэгэн төрлийн саахараас бүтнэ. Харин спираль нь тэр чигтээ  нуклейний хүчил байдаг. Тиймээс л дизоксирибонуклейний хүчил (товчлоод ДНХ) гэж нэрлэх болжээ. Шатны гишгүүрийг хоёр суурь хоорондоо холбогдох замаар үүсгэдэг.

    ДНХ-ийн аугаа шинж нь өөрийгөө хувилах чадварт байдаг юм. ДНХ шинэ молекул үүсгэх болоход голоороо хоёр хэсэг болж цуурч хуваагддаг. Яг л тайлагдаж байгаа цахилгаан товч хоёр тийшээ салдаг шиг. Үүний дараа салсан хэсэг бүр тус бүр шинэ хамтрагч буй болгодог. Нуклейтид болгон гагцхүү тодорхой өөр нуклейтидтэй холбогддог тул салсан заадас болгон нь яг өмнөх шигээ шинийг үүсгэх болно. Байгальд энэ бүхэн яг ийм байдлаар явагддаг, гэхдээ асар түргэн, ердөө л хэдхэн секундын дотор.

    ДНХ маш нарийвчлалттай, огт алдаа гаргалгүйгээр өөрийгөө хувилдаг. Харин хааяа, ойролцоогоор саяд нэг удаа буруу үсэг буруу газар ордог. Биологичид үүнийг снип гэж дуудана. Эдгээр снипүүд ихэвчлэн кодын бус ДНХ дотор булагдсан байдаг бөгөөд хүний биенд ямар ч мэдэгдэхүйц нөлөөгүй. Гэвч хаяа л тэд ялгаа бий болгодог. Тэд чамайг ямар нэг өвчинд илүү эмзэг болгож, түүнчлэн өөр ямар нэг онцлог шинж, тухайлбал өндөрлөг газар амьдарч байгаа хүмүүсийн хувьд цусны улаан бөөмийг арай илүү үүсгэх гэх мэт давуу тал бий болгодог. Цаг хугацааны явцад эдгээр өчүүхэн өөрчлөлтүүд хуримтлагдсаар хувь хүн болон тодорхой хүн амын нийтлэгд ялгаатай байдал бий болгодог.

    Хувилах явц дахь алдаагүй төгс байдал болон алдааны хэмжээ нь маш нарийн тэнцвэртэй. Хэрвээ хэт их алдаа гарвал организм хэвийн ажиллаж чадахгүй, харин хэт цөөн алдаа байвал өөрчлөгдөн хувьсах чадвараа алдах болно. Үүнтэй адилаар  организмын тогтвортой байдал ба шинийг бий болгох байдлын хооронд тэнцвэрт байдал хадгалагдана. Цусны улаан бөөмийн тоо нэмэгдэх нь өндөрлөг газар амьдардаг хүмүүст амьсгалахад нь илүү хялбар болгоно, учир нь улаан бөөм олон байх тусмаа илүү их хүчилтөрөгч зөөх болно. Гэхдээ улаан бөөмийн тоо нэмэгдэх нь цусыг өтгөрүүлнэ. Хэт их улаан бөөмтэй бол яг л өтгөн тос хоолойгоор хүчлэн шахаж байгаа юм шиг байх болно. Энэ нь зүрхэнд хүнд тусна. Тиймээс өндөрлөг газар амьдардаг хүмүүс амьсгалахад дасан зохицдог ч үүний төлөөсөнд зүрх өвдөх эрсдэл нэмэгддэг.   

Чи бид хоёрын генийн хооронд байгаа 0.1 хувийн ялгаа нь бидний снипүүд юм. Хэрвээ чи өөрийнхөө генийг өөр гурав дахь хүний гентэй харьцуулж үзвэл мөн 99.9 хувь нь адилхан байх болно, гэхдээ снип нь ихэнхдээ өөр газруудад байх болно. Илүү олон хүнийг харьцуулж үзвэл снипүүд нь өөр өөр газруудад байгааг олж мэдэх болно. Чиний 3,2 тэрбум суурь тутамд тэр хэсэгтээ чинийхээс арай өөр кодтой хүн манай гаригийн хаа нэгтээ байх болно. Тиймээс “хүн төрөлхтний геном” гэж нэрлэх нь нэг талаараа буруу, учир нь бидэнд хоорондоо яг адилхан хүн төрөлхтний ген гэх нийтлэг байхгүй. Бидэнд хоорондоо ялгаатай долоон тэрбум ген бий. Бидний генийн 99.9 хувь нь адилхан ч “хүмүүст адил зүйл гэж байхгүй” гэж хэлсэн ч болно.

    Өөрөөр хэлбэл бидний бие нэлээд хэмжээний энергиэ бидэнд сайн зүйл хийдэггүй, харин ч заримдаа сөрөг нөлөөтэй уураг бүтээхэд зарцуулдаг. Бидний организмд үүнийг нь гүйцэтгэхээс өөр сонголт байхгүй, яагаад гэвэл цаана нь ген ингэж тушаасан болохоор. Бид тэдний тушаалын дагуу явж байгаа хөлөг онгоц юм.

    Бүх организм зарим талаараа өөрсдийн генийн боолууд байдаг. Тийм учраас яргай загас, аалз болон бусад олон амьтан үржлийнхээ төлөөсөнд үхдэг. Үржлийн ажилд орж, өөрсдийн генээ түгээж, солилцох нь байгаль дахь хамгийн хүчтэй өдөөлт юм. Үүнийг Шэрвин Нудланд “Эзэнт гүрнүүд унаж, аугаа симфониуд бичигддэг. Гэхдээ энэ бүхний цаана сэтгэлийн таашаал шаардсан ганцхан зөн байдаг” гэж тодорхойлсон. Хувьслын үүднээс авч үзвэл секс нь ердөө л биднийг генетикийн материалаа дамжуулахыг дэмжсэн урамшууллын механизм бөлгөө.

Эрдэмтэд маш хачин туршилтууд үйлдээд гайхашрам үр дүнд хүрсэн. Нэг туршилтанд нь тэд хулганы нүдний хөгжлийг удирддаг генийг аваад жимсний ялаанд суулгажээ. Үр дүнд нь тун сонирхолтой ч жихүүцэл төрөм хачин юм гарч ирэх байх гэж таамаглаж байв. Гэтэл хулганы нүдний ген нүд бий болгох нь болгож, гэхдээ хулганы биш ялааны өөрийнх нь нүдийг бий болгосон байгаа юм даа. Хамгийн сүүлийн нийтлэг өвөг дээдсээсээ салбарлаад 500 сая жил өнгөрсөн ч энэ хоёр амьтан яг л ах дүү шиг хоорондоо генээ чөлөөтэй солилцдог байх нь.

    Өөр газар хийсэн судалгааны үр дүн мөн л ойролцоо байв. Тэд хүний ДНХ-г ялаанд суулгахад ялаа түүнийг яг л өөрийн ДНХ юм шиг авч хэрэглэж байв. Хүний генийн 60 гаруй хувь нь ялааны ДНХ-тэй адилхан байсан нь батлагдсан. Түүнчлэн бидний ДНХ-ийн 90 гаруй хувь нь тодорхой түвшинд хулганы ДНХ-тай тохирдог. (Бидэнд сүүл бий болгодог ДНХ хүртэл байдаг хэдий ч тэд гагцхүү “асаж” идэвхжээгүй). Өт ч бай, хүн ч бай ямар ч организмыг туршитад хамрууллаа гэсэн явж явж ижил генүүдийг л судалж байгаа хэрэг шүү дээ. Амьдрал ердөө ганц нооргоос эх авч зурагдсан нь илт харагдаж байна.

    Сонирхолтой нь генетикийн материал хэр их байгаа болон ямар бүтэц, зохион байгуулалттай нь тухайн амьтны хөгжлийн түвшинг тодорхойлдоггүй. Бид дөчин зургаан хромосомтой. Харин ойм зургаан зуу гаруй хромосомтой. Хамгийн хөгжлөөр доогуур амьтдын нэг болох уушигт загас бидэнд байгаагаас дөч дахин олон ДНХ-тай. Ердийн хулд загас хүртэл биднээс генетикийн хувьд тав дахин баялаг нөөцтэй.

    Хүний сул эмзэг байдалд ген олон талын нөлөөтэй гэдгийг анхаарахгүй байж болохгүй. Хэт таргалалт, шизофрени, бэлгийн гаж хандлага, гэмт хэрэг, хүчирхийлэл, архидалт тэр бүү хэл тэнэмэл амьдрал, дэлгүүрээс бараа шүүрэх хорхойг хүртэл хариуцдаг ген нээчихлээ гэж зарим хөөрсөн эрдэмтэд байн байн заралдаг. Энэхүү биодетерминизмын итгэл үнэмшлийн нэг жишээ нь 1980 онд Сайнс сэтгүүлд хэвлэгдсэн нэг өгүүлэлд эмэгтэйчүүд эрчүүдийг бодвол математикт муу байдаг нь гентэй холбоотой гэж өгүүлсэн байсан. Үнэндээ чиний тухай юу нь ч тийм энгийн биш гэдгийг одоо шинжлэх ухаан нэгэнт мэдэх болсон.
 
    Нэг талаар энэ нь урам хугалам. Хэрвээ чиний нурууны өндөр, чихэр шижин өвчин, халзарал болон бусдаас ялгаатай харагдуулдаг шинжийг хариуцдаг өөр онцгой ген байдаг бол тэднийг хялбархан тусад нь салгаж аваад оролдож үзэх байсан. Харамсалтай нь гучин таван мянган ген тус тусдаа нэг нэг шинж тэмдэг хариуцдаг бол хүн гэсэн ийм нарийн төвөгтэй биет үүсэхгүй байлаа. Тэгэхээр генүүд хоорондоо хамтардаг нь тодорхой болсон. Гемофил, Паркинсоны өвчин, Хантингтоны өвчин зэрэг өвчнийг буруу ажиллагаатай тус бүр ганц ширхэг ген үүсгэдэг. Ихэнх тохиолдолд бидний таашаалаас авахуулаад нүдний өнгө хүртэл шинж тэмдгийг нэг ген биш, олон тооны генийн харилцан үйлчлэл торхойлдог. Тиймээс энэ бүхний учрыг тайлж захиалгын хүүхэд үйлдвэрлээд унана гэдэг тийм ч амар, мөддөө бүтэх зүйл биш л дээ.

Эдгээр хүндрэл үүсгэсэн хүчин зүйлсийн улмаас хүний генийг тайлах ажил дөнгөж эхэлж байгаагийн шалтгаан харагдаж байна. Мэсэчүсийн технологийн институдийн Эрик Ландэр “Геном гэдэг бол хүний биеийн сэлбэг хэрэгслийн жагсаалт бүхий хүснэгт. Энэ нь биднийг юугаар бүтээснийг хэлж өгдөг ч яаж ажилладагийг нь огт тайлбарлаагүй. Одоо бидэнд үүнийг ажиллуулах гарын авлага хэрэгтэй байна” гэж тодорхойлсон. Харин бид тэр түвшинд очих арай болоогүй байна.
"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Монголын шилдэг нийтлэлчдийн клубын гишүүд нь редакцийн бодлогоор ажилладаггүй тул
аливаа нийтлэл, түүнтэй холбогдон гарах асуудлыг тухайн нийтлэлч бүрэн хариуцна.
Copyright © 2012, Baabar.mn