Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
БАГЫН НАЙЗ ЗОРИГОО
2011 оны 9 сарын 27 [Уншсан тоо: 87913]
Багын найз Зоригоотойгоо уулзлаа. Дорнодын Чойбалсан суманд 30 жил физикийн багш хийж байгаа юм. Би хамгийн сүүлд 1991 онд уулзсантай харьцуулбал нэлээд өтөлжээ. Хорио цээртэй ч гэсэн тарвага боож дайллаа. Ерээд оны эхээр айл болгон арав хориор нь хавх тавьж хядсаар байгаад тарвагаа барсан гэнэ. Харин ойрын хэдэн жил агнахыг хорьсон хууль гарсны хүчинд овоо үзэгдэх болжээ. Ганц нэгийг нударчихад хорогдох нь гайгүй гэж ярьлаа. Гол нь арилжааны зорилгоор хамаагүй хядах л аюултай, түүнээс монголчууд мянга мянган жилдээ ойр зуурын хүнсэндээ тарвагаа боосоор ирсэн юм гэж хуучлав.

    Зоригоо багын найз намайгаа Социал демократ намын дарга болсныг сонссон даруйдаа сумандаа соцдек салбар байгуулж өөрөө дарга нь болжээ. 1990 онд нутгаа төлөөлөн намын их хуралд ирж, улмаар намын шугамаар Польшид жилийн курсэд явсан юм. Сумынхаа соцдекийн даргаар 10 жил, Ардчилсан намын даргаар 11 жил, нийтдээ ардчилсан хүчний дарга 21 жил хийж байгаа юм байна. Мөн 21 жил сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын гишүүн тасралтгүй явжээ. Харин аймагт сонгогдож байгаагүй, оролцоо ч үгүй. Түүнийг хэд хэдэн удаа аймагт гайгүй албан тушаалд санал болгосон авч эрс эсэргүүцсэн байх юм. “Би ямар дарга дорго болж хот хүрээ бараадах гэсэн биш, эндээ нутгийнхны дундаа ажлаа хийгээд явж байвал барав биш үү” хэмээн найз минь ярив.

    Өнгөрсөн жилүүдэд болсон бүх сонгуульд идэвхийлэн оролцож, хотоос ирсэн ардчилсан дарга нарыг гаргахаар нойр хоолоо хасан зүтгэжээ. Түүндээ ямар ч хөлс мөнгө авч байгаагүй. Цаадуул нь сонгогдоод л чимээгүй болдог, гэхдээ үүнд Зоригоо гомддоггүй. Бүр дасчихсан хэрэг. Өөрийн энэ оролцоогоо үүрэг, бүр ядахдаа л хобби гэж үздэг учир шан харамж горьдоод байх юмгүй гэнэ. Харин өөрийг нь дагаж сонгуулиар туг гозолзуулж нойр хоолгүй зүтгэсэн нөхдөө хараад жаал санаа зовдог аж. Нэр дэвшигч ялсан ч бай ялагдсан ч бай ирээд нэг талархаад ганц шил юм хуваагаад уучихвал сэтгэл цэлмээд л нүдэндээ нулимстай цээжиндээ баяртай хоцрох гэнэ. Гээд яахав дээ, тал талдаа аль алин нь ажил төрөлтэй ардаа амьдралтай улс, бололцоо нь гардаггүй биз. Тэгээд ч биендээ өр тавьчихсан биш, хийх ёстойгоо л хийсэн шүү дээ. Зоригоогийн хойтон жилийн ганц зорилго нь намаа сумандаа анх удаа ялуулах гэнэ. Учир нь уг суманд Чойбалсан төрсөн учир хугийнхан ирээд л нутгийн ганц бахархалыг чинь энэ ардчилсан хүчнийхэн муулдаг гээд л онхолдуулчихдаг учир хорь гаруй жилд ганц ч удаа сонгуульд ялж үзээгүй юм байна. Гэтэл ашгүй хугийнхан дундуураа хуваагдаад ганц удаа ч гэсэн шанс гарч ирээд байгаа аж. Харин нам яаж ч яллаа гэсэн сургуульдаа л багшлана, өөр ажил хийхгүй. Угаасаа хүүхдүүдтэйгээ бужигнаад явахаас өөр дээдийн жаргал хорвоод үгүй.  

    Зоригоогийн үнэн шохоорхол нь хөлбөмбөг, хоккей. Дэлхийн болон Европын аваргад орсон бүх хөл бөмбөгчид, хоккейчдийг намтар түүхтэй нь цээжээрээ мэднэ. 1930 оны Урагвайн багийн тамирчдыг алдалгүй хэлнэ. Заримдаа шүлэг зохионо, гэхдээ хөлбөмбөгчдийн тухай. Хан хорвоогийн алдартан, Гарранчи, Пеле, Блохин шиг/ Хавийн олон түмэндээ, шүтэгдэн бишрэгдэж яваагүй ч/ Хашаа байрны хамуудтайгаа, ширэн бөмбөг хөөцөлдөн/ Хашгиралдан бархиралдаж, гоолдож явсан удаатай/Би эр хөөн... гэх мэт. Харламовыг ослоор нас барахад Монголд түүн шиг гашуудсан хүн байхгүй. Уйлж, дуулж сэтгэлээр унан амьдралдаа анх удаа тасартлаа архидан сэтгэлээ тайтгаруулж байсныг нь би мэдэх юм. Гуч гаруй жилийн өмнө шүү дээ. Сая уулзахад ч бас л их гунигтай, юу гэвэл Оросын шүтдэг багийнхан нь хэд хоногийн өмнө онгоцны ослоор хуйгаараа сүйрчээ. Ослын буруутан нь нисгэгчид юм байна, тэднийг баахан харааж муу хэлэв. “Визэв их муудаад шал гуниг байнаа” гэж ярив: “Визэв гэж хэн юм?” гэтэл Польшид байхдаа шүтэн бишрэгч нь болсон хөл бөмбөгийн баг нь юм байна. Зоригоо цуглуулгаа үзүүллээ. Үнэндээ үзээд барахгүй юм байна, учир нь Рщенчин гуай хэдэн хасаг тэрэг ном уншив гэдгээс хол давсан их хөрөг зураг, ном сонин, сэтгүүл байна. Тун нямбай гэгч нь он, улсаар нь ялган ангилжээ. Цуглуулгаараа хойтон аймагтаа үзэсгэлэн гаргах гэнэ. Учир нь шавь нар нь ахмад багшийнхаа алдрын ойг тэмдэглэх аж. 

    Тэдний сум гурван жилийн өмнө интэрнэттэй холбогджээ. Түүнээс хойш өндийх завгүй болсон гэж ярив. Өнгөт принтэр худалдаж аваад нэтээс цуглуулгаа баяжуулах болсон юм байна. Шинээр төрж байгаа одод, сүүлийн үеийнтоглолтын элдэв зургийг буулгах ажилд принтэр нь зав чөлөөгүй ажилладаг юм байна. Мөн интэрнэтээр худалдаа хийн ном товхимолоос гадна багийн нэртэй ороолт худалдан авах хорхойтой болжээ. Одоогоор Англи, Польшийн хөлбөмбөгийн бүх багийн ороолтыг цуглуулж. Нэг ороолт нэтээр 30 орчим доллар байдаг, дээр нь шуудангийн үнэ нэмэгдэхээр нэлээд өртөгтэй хобби бололтой. “Чи гадаад дотоод их явдаг хүн, хөгшиндөө тууз олж ирээрэй, би шууд мөнгийг нь төлөөд авна шүү” гэж захив.
    -Мөнгө төгрөг чинь болж байгаа юм уу? Мянган ороолт цуглуулахад 30 мянган доллар болох нь байна. Хөдөөний сумын багшид дэндүү ахадсан шохоорхол биш үү?
    -Хөгшин чинь болж байнаа. Гурван хүүхэдтэй, багыг нь сая их сургуульд орууллаа. Том нь айл болчихсон. Нарийн ярьвал хөдөөний бид чинь бага зарлагатай улс шүү дээ, хотын та нарыг бодвол. Дуртай юмандаа цалингаасаа илүүчилэхэд гар татаж юу хийнэ.    Зоригоогийнх хоёр өрөө хөөрхөн модон байшинтай, өөрөө босгосон юм байна. Хүн амьтан өгсөн гээд арваад хонь хоёр үхэр байдаг нь хөдөө айлд байдаг юм байна. Хүүхэд том болоод одоо гэртээ эхнэртэйгээ хоюул амьдрана. Амьдралдаа тэрээр маш сэтгэл хангалуун. Юм болгоныг ерэн онтой харьцуулж ярина. Тэгэхэд ямар байлаа даа, хоёрдугаар гурил хүртэл тасардаг байлаа гэх мэт. Амьдралын төвшин, мэдээллийн эрх чөлөө, бараа таваарын олдоц гээд л. Баахан тоо бодлого өрнүүллээ, хашир. За ерэн оны багшийн сарын цалингаар хэдэн шил архи, хэдэн гутал, талх сүү, хэдэн кг гурил, хэдэн хонь хичнээн чихэр авдаг байв гээд л. Одоогийн цалиндаа түүнээ харьцуулж өнөөгийн давуу талыг математикаар илэрхийлэн ялсан баатрын дүрээр ихэд додигор харна. Дараа нь чанар руу орвоо. Өнөөгийнх нь хорин жилийн өмнөхөөс даанч дэндүү тасархай гарч байна. Гоймонтой хуургаар дайлангаа “Ерэн он хүртэл манай аймгийн хүнсний хампинаад дун гоймон гэгчийг хийдэг байлаа. Хэдэн цаг буцалгаад ч болно гэж байхгүй. Нэг айл тэрүүгээр хүүхдээ хооллож байгаа хахуулаад үхүүлчихсэн шүү дээ, зайлуул. Өөр гоймон байх биш, ерэн мөнгөний гоймон болохоор аймагт олдохгүй. Харин наадах чинь итали гоймон!”. Тэдний сумын төвийн ихэнх айл, хөдөөгүүрээ бол айл болгон хувийн машинтай, дээр нь мотоциклтой. Зоригоо машингүйгээ “Би ямар ан гөрөө хийх биш, машинаар ч яахав дээ. Уг нь огт авч чадахгүй ч юм биш л дээ, гэхдээ надад хэргээр бага юм. Аймаг орох болбол шавь нарын маань хэн нь ч хүргээд өгнө” гэж тайлбарлав.

    Багын хамуудынхаа тухай бид хоёр хууч хөөрөв. Архи уудаг байсан нэг нь үхээд дуусч дээ. Архи ч хүнийг олон жил уулгуулдаггүй бололтой. Амьдралд сайн яваа нэг нь ч байна, саар яваа нь ч байна. Харин нэг нөхөл маань сүрхий иргэний хөдөлгөөнчин болчихсон зурагт сонингоор мандуулж явааг Зоригоо нэлээд шүүмжлэв.

    -Манай хүн хотод хоёр гурван байшин хаус, хэд хэдэн машинтай эр шүү дээ. Ах дүүгийнхээ нэр дээр хэд хэдэн ордтой. Лав миний мэдэхээр Хэнтийн Мөрөнд дүүгийнх нь нэр дээр алтны уурхай бий. Өөрөө байгаль сүйтгэж байж зурагтаар мөн ч том баах юмаа. Сүрдүүлж бусдын юм булааж авдаг юм билээ. Хүний шунал ч мөн хязгааргүй юмаа. Ер нь хөө, зуу наслахгүй хэвтэж мянган жил барахгүй хоолоор яадаг байнаа! Мөн л ерэн онтой харьцуулж баахан хүнийг магтлаа. “Хөлбөмбөгийн тайлбарлагч Батзаяа, Балжаа энэтэр мөн мундаг залуус шүү. Урьд манайд тэр зэргийн тайлбарлагч хэзээ байлаа даа. Энэ Боловсрол телевиз гэж сайхан юм бий боллоо. Цомын цом, лигийн аварга гээд бүгдийг нь үзүүлж байна шүү дээ. Тэгээд Батзаяа, Балжаа энэтэр сайхан тайлбарлаад. Хэзээ ийм байлаа даа!”

    Найзаараа би ихэд бахархав. Илүү харж билүү долоохгүй, өөрөө өөрийгөө тов хийтэл аваад явна, түүндээ сэтгэл дүүрэн, гомдол цөхрөлийг үл мэднэ, бэрхшээлийн шалтгааныг зөвхөн өөртэйгээ холбож ойлгон даван туулна. Гунина гутрана гэж байхгүй, ёстой л эр хүн. Ийм л өөдрөг сайхан хүмүүсгүй бол энэ хорвоо хичнээн хар бараан байх бол? Хүн яах гэж төрдөг юм бэ? Олон хүн жаргах гэж хэлнэ. Гэтэл жаргалын гал зөвхөн өөрт бий. Чинийх долоо минийх долоохон гээд гомдоллоод явдаг хүн амьдралаас хэзээ ч жаргал олохгүй, зовж зүдэрч явсаар насыг бардаг. Хүсэл хясал хоёрын хооронд зовлон оршмуй. Билл Гэйтс шиг баяжина гэсэн хүсэл мөрөөдөлд автсан хүн хэзээ ч жаргахгүй. Учир нь хүсэл нь өөрт нь хэтэрхий томдсон учир хүсэл хяслынхаа хоорондын асар том зайд тэлэгдэн зовсоор үхэлтэй золгоно.
    -За сайн сууж байгаарай. Хот орохоороо манайхаар ирнэ биз дээ? Захих юм байна уу?
    -Захих юу байхав дээ. Хөгшин чинь болоод л явна. Харин чи гадаад дотоод явахдаа өнөө ороолт харж яваарай. Хөгшин чинь мөнгөөр нь авна шүү. Юу боллоо гэж болж байгаа нэгнээ ходрох гээд байх билээ!
    -Тэр ороолт гэдэг чинь ямархуу юм байдаг юм?
    -Яагаав дээ, яг л хүзүүний ороолт. Дээр нь жишээ нь Манчэстэр Юнайтад гээд томоор биччихсэн л байдаг байхгүй юу. Чи авчирвал “Дорнод аймаг, Чойбалсан сум, багш Зоригоо” гээд л шуудангаар явуулчих. Би мөнгийг нь дансаар шилжүүлчихэнээ...
    2011 оны 9 дүгээр сар 26
"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив