Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
ЯЛАА
2011 оны 11 сарын 7 [Уншсан тоо: 70588]
Энхбаяр, Нямдорж нар биенийхээ идсэн уусныг харилцан илчилж улс даяар шившгээ хутгаж гарлаа. Одоогоос таван жил гаруйн өмнө бичиж байсан энэ өгүүллийг дахин нэг сануулахад гэмгүй санагдлаа.

“Гаалийн Баатарын хэрэг” гээч юм жил шуугиж байж сая нэг юм шүүхээр шийдэгдэв. Шүүх дээр шүүгч, яллагдагч нарын хооронд болсон хүүрнэл ярианаас үзэхэд тун ч шальгүй л юм болсон юм байна шүү дээ. Тухайлбал хотын ерөнхий менежер Бадамжунайд хоёрын хоёр сая төгрөг хэрэг болжээ. Манайд байтугай Америкмйн банкинд ч томдмоор энэ их мөнгийг хаанаас олох вэ хэмээн тэрээр шөнө унтаж чадахаа болив. Тэгээд өөрөөс нь том ажил хашдаг найз Баатартаа хандан учирласан аж. Баатарт мэдээж сая төгрөг хаанаас байх билээ, бизнес эрхэлдэг баян дүүгээсээ гуйж дээ. Дүү нь хамгийгаа шавхаж байгаад хэдхэн хоногоор мөнгө зээлэхийг зөвшөөрч. Харин Бадамжунай зээлсэн тэр их мөнгийг нь эргүүлж өгөхгүй унжаад байж. Энэ хооронд Баатар хийгээд тэдний гэрийнхэн ах дүүгээрээ мөнгөний гачланд орж эгээ л турж үхсэнгүй өдөр хоногийг өлмөн зэлмэн өнгөрөөсөн болж байв. Нэхсээр байгаад арай гэж өрөө авах гэтэл үүнийг нь Ардчилсан намынхан олж хараад зориуд улс төржүүлэн авилга хээл хахууль гэж шуугиад цагдаагийнханд бариад өгчихжээ.

Үнэндээ ингэсэн бол их л муухай юм. Энд хүн хоорондын харилцааны л асуудал байгаа болохоос ямар үхснийх нь авилга хээл хахуул! Би ч гэсэн нэг нөхрөөс найман мянган төгрөгний авлагатай, цаад нөхөр бүтэн жил өгөхгүй унжаад л байгаа юм, гэнэт мөнгийг минь буцааж өгвөл бас л авилгачин болж найман жил авах болж байна уу. Мөнгө төгрөгийг нь зээлж авчихаад хугацаанд нь эргүүлж өгөхгүй хүний мөсгүй загнавал тус болсон хүнээ алах нь байна шүү дээ. Гэхдээ бүхэл бүтэн хоёр сая төгрөг гэдэг асар их мөнгө боловч ийм юмыг  шүүхээр биш иргэний жудгаар шийдэж баймаар юм.

    Яллагдагч намдаа мөнгө цуглуулж өгч. 100 сая гэв үү. Ганц байшингийн мөнгө л байна шүү дээ. Хуучнаар бол төв хорооны бүгд хурлын гишүүн хариуцлагатай хүн болохоор хүмүүс итгээд л түүгээр шуудан зөөгч хийлгэсэн байна шүү дээ. Сайд нарт байшин өгч. Энхтөвшин төрдөө олон жил зүтгэж намын ерөнхий нарийн, сайд хийж байсан боловч түрээсийн байшинд түрээсийг нь хүчрэхгүй хүүхдээ өлсгөөд зовж явсан юм байна. Гаалийн Баатараас бас байр авсан хүн бол Их хурлын дарга Нямдорж боловч шүүх түүний нэр сүрэнд сүүдэр тусгахгүй гээд дуугүй өнгөрсөн л дөө. Нямдорж нэг удаа үүнийгээ олон хүүхэдтэй ядарч зовж байгаагаар тайлбарлаж байсан. Хоёр хүүхэдтэй, дээр нь хөдөөнөөс ах дүүгийнх нь бас хоёр хүүхэд ирээд гэрт нь чихчилцээд шалаар хөглөрч байдаг гэсэн. Эвий минь! Хүнийг төрийнхөө төлөө чөмгөө дундартал зүтгээд (өөрийнх нь үг!) шалан дээр адъяал нөмрөөд өлсөөд хэвтэж байхад Гаалийн ерөнхий хороо хүн чанар гарган долоохон өрөө байр илүүчлэхэд буруу ч юм юу байхав.

    Ер нь юмыг их улс төржүүлж байнаа. МАХН-ын бүлгийн дарга Идэвхтэн улсынхаа төлөө зүтгээд хар буруу саналгүй гүйж явсан чинь өмнөөс нь нэг нөхөр таван мянган доллар төлөөд гарын үсгийг нь дуурайж зураад Хөвсгөлөөс газар аваад өгчихсөн байх юм.  Энэ бол хорлон сүйтгэх ажиллагаа, төрийн зүтгэлтний нэр хүндийг унагах гэсэн зориудын муухай явуулга. Өөрөөр дүгнэх арга алга. Хэн нэг нь өөрт чинь мэдэгдэлгүй байр дулаан тогны мөнгийг өмнөөс чинь  төлөөд гарын үсгийг чинь дууриалгаад зурчихсан байх вий. Тэгвэл үүнийг нэр төрд чинь халдаж байна гэж шууд ойлгон хариу арга хэмжээ яаралтай авах хэрэгтэй.

Ерөнхийлөгч маань Японоос 110 мянган доллар бурхны буяны телевиз байгуулах гээд өөрийн нэр дээр бэлгэнд авсан юм. Тэгсэн тэнд тэнэж явсан Чой хэмээх нэг лам тэрнээс нь булаацалдаад, бүр өгсөн мөнгийг нь 110 биш 120 мянган доллар байсан гэж зүтгэсээр байгаад хагасыг нь дээрэмдчихсэн байх юм. Ерөнхий сайд байхдаа байгуулсан товчлол нэр бүхий ЕС (9) хэмээх бурханы телевиз өнөөдөр үүнээс болж хариугүй дампуурчих гээд үдшийн цагаар порно үзүүлж арай гэж нэг амь дүйж байна шүү дээ. Ер нь юм болгон тайлбартай, 2000 онд Хууль зүйн шинэхэн сайд Нямдорж нэг шар сонин дээр эмэгтэй хүний өгзөгний зураг гарсныг ихэд жигшин сонинг хааж иргэдийг бүслэхийнээс доош юм харах байтугай бодож ч болохгүй хэмээгээд шээж байхдаа нүдээ анихыг зарлиг буулгаж байсан. Одоо бол ЕС зурагтаар гарах порно нь нийгмийн дэвшлээр тайлбарлагдана.

    Яриад байвал ч олон л юм байна. Оросын өр төлөх явцын 50 сая доллар, Чех ба Словакийн өр төлөх явцын 3,4 сая доллар, Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн өр төлөх явцын 3 сая доллар гээд зөвхөн өрийн бизнесийн гэхэд л олон явдлын нарийн ширийнийг мэдэх юм байна. Гэхдээ энэ болгон ил боллоо гээд тэгэс хийгээд замхардаг, яг гардуулчихвал арай гэж шүүх дээр очих боловч мөнгөний дүн олон оронгоор доошилдог аж. Үнэндээ Баатар бол золиос л юм шүү дээ. Улс орныг хэрэн нийгмийг бүхлээр нь хэрсэн аалзны торны өчүүхэн буланд азгүйгээр орооцолдсон ганц муу ялаа. Өнчин хүүхдийн сүүлчийн зүсэм талхыг, үхэж байгаа өвчтөний үлдсэн ганц тариаг ховх сорж буй энэ тогтоц өөрөө сүйрэл болохоос тогтолцооны ердийн нэг эрэг шураг азгүй тэр амьтныг наймын найман жилээр яллаж сүр үзүүлэх хэрэг байгаа ч юм уу даа. Түүнийг хулгай хийсэн гэж биш, харин хулгай хийхдээ болгоомжгүй зан гаргаж нийт сүлжээнд хохирол учрууллаа гэж яллаж байгаа юм шүү дээ.

2006 оны 9 дүгээр сар 7

"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив