Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
ХӨӨРХИЙ ДЭЭ, МУУ НИНЖ
2011 оны 11 сарын 29 [Уншсан тоо: 69727]
Нинжийг хэдэн сараар баривчлан хорих шүүхийн шийдвэр гарчээ. Тэрээр Элбэгдорж, Бат-Үүл нарыг Зоригийн аллагыг удирдан хийсэн, Лундаажанцанг Японы якузагаас 350 сая доллар авсан төдийгүй Жасрай гуайг алсан, Батболд, Баярцогт, Баяр, Хүрэлсүх гээд баахан нөхөд Оюутолгойн гэрээ хийсэн гэж 2,9 тэрбум доллар хахуульд авсан, Нямдорж болохоор улсын төсвөөс 350 сая төгрөг хуссан гээд явж өгсөн л дөө. Бүр хэд хэдэн удаа хэвлэлийн бага хурал хийж үүнээ нарийн чанд нотолгоотой гэж тунхагласан юм. Энхбаяр “Ард түмний хуралдай” гэгчийг зарлаж, ална шудна гэсэн заналхийллээ улс даяар тунхаглаж байх үед л дээ. Тэр үед ТВ 9 Нинжийн төрсөн өдрийг тэмдэглэн олноо алдаршуулж байсан. Мань Нинжийг “Ард түмний хянан шалгах хорооны дарга” гэж цоллож байв.

    Хэдийгээр энэ мэдэгдлээ “гарцаагүй баримт”, ”цаг нь болохоор нотолгоог нь гаргаж ирнэ”, ”баттай эх сурвалжаас авсан” гэх мэтээр бүлтэрч байсан ч Шүүх хуралд “Ард түмэн мэдэж байгаа, Ард түмний хянан шалгах хорооны даргын хувьд ард түмэн биеэр болон бичгээр эдгээр хэргийн мэдээллийг надад авчирч өгсөн” гэдгээс өөр нотолгоо гаргаж чадсангүй. Нинж худлаа хэлээгүй байх. Ард түмний хянан шалгах хороо ч гэж юу байлаа, түүний дарга марга гэдэг нь ч юу л байв гэж! Гэхдээ “ард түмэн” түүнд биеэр болон бичгээр хэргийн мэдээлэл авчирч өгсөн гэдэгт эргэлзэх хэрэггүй. Нинж үнэн хэлсэн.

    Шийтгэл хүлээгээд ачигдаад явсных нь дараа зурагтаар гэр орныхныг нь харуулж авгай хүүхэдтэй нь ярилцлага хийж үзүүлэв. Хотын хаягдсан муу хороонд, яйжгар хашаанд жайжгар өмгөр гэрт суудаг юм байна. Манай өнөөгийн нийгэм дахь хамгийн ядруу айлын дүр зураг. Юутай ч зурагтаар тэгэж харагдсан. Хүний хань юм болохоор авгай хүүхэд нь Нинжийг өмөөрч, шүүхийг буруутгав.

    Нинж урьд нь эсгий гэрт амьдарч үзэх нь байтугай тоотой шагайж явсан байх аа. Ардчилсан Холбооны анхны 13-ын нэг тэрээр тэдэн дундаа хамгийн “элит” гаралтай нь байсан. Саяхан Америкт гарсан Россабигийн номд Ардчилсан хувьсгалыг элитүүд ба тэдний хүүхдүүд гардан удирдаж хийсэн гэж нотолсон ба тэр элит гэдгээ гадаадад ажиллаж байсан дипломатууд, Москвад Олон улсын харилцааны сургуульд сурсан тэдний хүүхдүүд гэж тайлбарласан байсан. Үнэхээр тийм юм бол Ардчилсан хүчнийхэн дотроо Нинж, Сүх-Эрдэнэ хоёр л элит, бусад нь борчууд байсан юм. Тэрээр Гадаад яамны толгой дипломатчийн хүү, Олон улсын харилцаа Москвад төгссөн, сэтгүүлч мэргэжилтэй нэгэн.

    Ерэн оны өлсгөлөнгийн эсэргүүцэл ялалтаар төгслөө. Өлсгөлөн зарлагсадын нэг нь Нинж байсан. Гэвч үүнээс сарын дараа Ардчилсан Холбоонд анхны том хагарал гарч, гол үзэл сурталч Нэргүй, Бошгот болон тэднийг дагасан Нинж, Жаргалсайхан, Жавхлан, малыш Энхтөвшин зэрэг нэлээд нөхөд холбооноос гарч зарим нь хөөгдсөн юм. Үндсэндээ энэ хүмүүс ардчилсан хувьсгалын эхний давалгаанд оролцсон, зарим нь тэрбайтугай голлох үүрэг гүйцэтгэж байсан боловч хувь заяагаа холбосон хугацаа нь тун богинохон, ердөө хэдхэн сараар хэмжигдэнэ. Дараа нь зарим нь ч гадаадад цагаачиллаа, зарим нь ганзага хөөгөөд чимээгүй боллоо, зарим нь эргэж холбоондоо орлоо, зарим нь өөр нам холбоо байгуулаад шинэ шуугиан үүсгэлээ. Хувь заяаны л урсгал юм даа. Урвасан шаравсан тухай огт яриагүй байна. Таалагдсангүй, тэгээд л өөрийн замыг сонголоо. Эрхчөлөө нээгдсэний хэрээр хүн болгоны өмнө өөрийн хувь заяагаа шийдэх олон салаа сонголт мөн нээгдсэн. Ерөнхийлөгч болохоос эхлээд шоронгийн хадаас болох хүртлэх өргөн сонголт, олон салаа зам!

    Хувьсгал бол хэсэг үргэлжлээд өнгөрдөг процесс. Улс төрийг мэргэжлээ болгоогүй л бол ихэнх хүмүүс цааш өөр өөрийн амьдралыг хөөнө. Тэгээд ч улстөрчийн орон тоо тун ч хязгаарлагдмал. Ерэн оны хувьсгалд Монголын хэдэн арван мянган хүн идэвхийлэн оролцсон. Хэн нь ч хэнээсээ өр нэхээд байх зүйлгүй, учир нь энэ бол нийтийн эрх ашигийн төлөөх нийгмийн хөдөлгөөн байсан юм.  Гэвч оролцсон гавъяаг нь зохих ёсоор үнэлсэнгүй гэсэн гомдолтой олон хүн одоо ч их байдаг.

Үүнээс гадна хувьсгалд оролцогсодын дундаас нэг биш хүн амьдралын нугачаанд хөл алдсан юм. Ардчилал зах зээлээс ч болсон юм биш, ерөөсөө нийгмийн байгууламжаас үл хамаараад зарим хүмүүс амьдралд хөл алддаг. Тэдний нэг нь зайлуул муу Нинж маань л даа. Гэтэл ийм азгүй өрөвдмөөр хүмүүсийг ашигладаг зах зээл гараад иржээ. Сонгууль, жагсаал, үймээн самуун болохоор л тэднийг ашиглаж тун хямдханаар бузар хэрэгтээ ашигладаг. Архинд донтох, сэтгэцийн өөрчлөлттэй болох, гэр бүлийн хүнд байдалд орох, гудамжинд гарах зэрэг нь цаанаа учир шалтгаантай зөөлөн хэлэхэд эмгэнэл, ихэнх тохиолдолд өвчин юм шүү дээ. Нийгэм ийм хүмүүстээ туслаж зовлонг нь нимгэж байх ёстой. Нийгмийн нинжин сэтгэл гэдэг энэ. Хүний зовлонг ойлгох, туслах шиг буян гэж хаа байна. Гэтэл энэ зовлонг нь ашиглаж, өөрийгөө хариуцах мэдрэмжгүйгээр нь далимдуулах нь хичнээн муухай нүгэл вэ! Хүний ёсноос гадуур үйлдэл биш үү?

Жагсаал болгоноор нэгэн ардчилагч асан согтуу эмэгтэй шившгээ хутган орилж чарлаж явдаг нь бараг л зайлшгүй үзэгдэл болжээ. Бошготынхон гэх гурван жил өлсгөлөн заралсан идэвхитнүүдийн дийлэнх нь хэвийн бус хүмүүс байсан. Гэтэл тэдний ардах санхүүжүүлэгч нь найрка зэрэг хямд зардлаар аргалсан болдог жудаггүй шаарууд байлаа. Өөрийгөө хариуцах чадваргүй тэр хүмүүс түмний нүдэн дээр төрийн цагдаа хутгалж байв шүү дээ. Таван оны сонгуулиар зөнөөд өөрийгөө хянах чадваргүй болсон нэг өвгөн Жаргалсайхан, Эрдэнэбат, Энхсайхан гурвыг зурагтаар орой болгон “хятад манжийн эрлийз учир төрд таарахгүй” гэж рекламддаг байлаа шүү дээ.

Нинжийг хэрэгт оруулдаг тэр олон гүтгэлэгийг “ард түмэн биеэр болон бичгээр ирж мэдээлсэн” гэдэг түмэн үнэн. Шүүхийн өмнө хариуцлага хүлээх болохоор нөгөө “ард түмэн” нь нуугдаад Нинжид бүх бурууг үүрүүлчиж байгаа юм. Ерөөсөө ч эхнээсээ ингэж төлөвлөсөн. Хүний зовлонгоор жаргал хийсэн тэр жудаггүй “ард түмэн” ядахнаа хувцсыг нь солиод өгөхгүй, нялх хүүхдэд нь сүү хүргээд өгөхгүй, яйжийсэн гэрийг нь тэгшлээд өгөхгүй мөртөө хямд хуурамч архиар, хайрцаг тамхиар хувь заяаг нь үнэлж байгаа юм. Тээр жил мөнөөх 7/1 болоход хөөрхий өрөөл татанхай сэтгэцийн өвчтэй хүнээр Магнайг гүтгүүлэн зурагтаар хэдэн өдөр нэвтрүүлж жаргаж байсан жигшүүрт явдлыг санаж байна уу? Ямар муухай улс вэ?

Энэ өгүүллийг бичиж байх явцад хорь хүрээгүй хэдэн хөөрхөн охин банди нар хэвлэлийн бага хурал хийж байгаа нь зурагтаар мэдээ болон гарч байна. Шудрага сонгууль, эх орны эрх ашиг, үндэсний аюулгүй байдал хэмээн аманд нь томдчихсон юм түгдчин байж унших нь их л өхөөрдмөөр. “Ард түмэн” л захиж дээ. Ганц орой шоудах зардал өгсөн болов уу, аягүй бол концертны тасалбар өгч аргалсан даа, муусайн жудаггүй шаарнууд!     
    2011.11.28
"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив