Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
ЭРҮҮЛ МЭНДЭД ХОРТОЙ СОНГУУЛИЙН ХУУЛЬ
2011 оны 12 сарын 13 [Уншсан тоо: 65716]
Сонгуулийн хууль улиг ёсоор гурван жил яригдаад одоо л нэг дуншиж эхлэв бололтой. Ерөөсөө л тэгдэг юм. Сонгууль болохоос зургаан сарын өмнө хууль нь батлагдсан байх ёстой учраас яг тулгаж байгаад л хийнэ. Сонгуулийнхаа дараа муу муухайг нь гайхаж даруй өөрчлөх юм болоод л баахан шуугиж байснаа мартана. Мартах ч юу байхав дээ, гишүүн болгон дахиж гарч ирэх бололцоогоо хайн урт хугацаагаар бодолхийлж буй нь тэр.

    Алив орны төрийн болон нийгмийн тогтолцоо аль зэрэг шудрага, ардчилсан болохыг илэрхийлдэг хамгийн гол хууль нь Үндсэн хууль, Сонгуулийн хууль хоёр байдаг. 1937 онд батлагдсан Сталины Үндсэн хууль уншаад үзэхэд тийм ч зэрлэг бүдүүлэг юм байгаагүй, боломжийн эд байсан. Гэвч тэр хуульд үндэслэн дараагийн хоёр жилд нь хэдэн сая хүнийг цааш харуулж байв. Коммунист нам нийгмийг удирдан жолоодно гэдэг өгүүлбэр л ямар ч харгислалыг зөвтгөчиж байгаа юм. Яаж ч байсан намын зөв. Нам гэдэг нь тухайн тохиолдолд Их удирдагч өөрөө. Сонгуулийг аваад үзье. Хүн болгон нууцаар чөлөөтэй саналаа өгөх хууль Монголд 1952 оноос эхэлж үйлчилсэн. Намын төв хорооноос ганц суудалд ганц хүний нэр дэвшүүлчихээр бүх утга нь алдагдчихаж байгаа хэрэг. Сонгогчдыг сонгуульд албадаж оруулна, саналаа өгч байхад нь айлгаж хянана, тэгэхээр нэр дэвшигч 99,99 хувийн санал авалгүй ч яахав. Нийгэм ч гаднаас нь харахад тэр чигээрээ эв нэгдэл. Зөрчилгүй нийгэм, аан?

    1990 онд хоёр танхимтай парламент байгуулсан ба Ардын их хурлыг мажоритар буюу хүний нэрээр, Улсын бага хурлыг пропорциональ буюу намын нэрээр сонгосон. Үүнээс хойш УИХ-ыг дандаа мажоритараар сонгож ирлээ. Мажоритар тогтолцоо нь ард түмний санал хүслийг бүрэн төлөөлж чаддаггүй дутагдалтай. 2000 онд МАХН ард түмний 50 хувийн санал авсан мөртөө парламетад суудлын 90 гаруй хувийг авсан нь үүний нэг жишээ. Нэг үгэндээ МАХН-ын төлөө саналаа өгөөгүй нөгөө өрөөсөн 50 хувь нь ор тас төлөөлөлгүй болчиж байна гэсэн үг. Сонгуулийн тогтолцоогоо өөрчлөхийг шаардсан шүүмж хорин жилийн турш тасралтгүй гарч байсан боловч, хуулийг гишүүд хийдэг болохоор цагийг нь тулгаж байгаад гишүүн бүр өөрснөө гарах нүх хайн мажоритар тогтолцоон дээрээ л унана. Тэр байтугай тойрог хуваахдаа хүртэл өөртөө ээлтэй хэсгийг сонгоно гээч. “Базарсадын гутал”, ”Зэнээгийн зааны хошуу” хэмээн сонгуулийн тойргийн марзан газрын зураг 1996 онд гарч байсныг зарим нэг нь санаж л байгаа байх. 1990 онд хагас сая хүнтэй байсан нийслэл өдгөө бараг гурав дахин олон хүнтэй болчихсон авч хөдөөнөөс сонгогдсон гишүүн олонхи нь байдаг болохоор жил жилийн хүн амын тооллогын дүнг огт тоодоггүй. Тиймдээ ч 35 мянган хүнтэй Дундговь, түүнээс гурав дөрөв дахин олон хүнтэй Хан Уул дүүрэг хоёр адилхан эрх эдлэнэ.

    Энэ болгон сонгуулийн тогтолцооны гажиг. Гэхдээ төгс хууль гэж хаана ч байхгүй л дээ. Үүн дээр сонгуулийн луйвар гэж нэг сайхан явдал байнаа. Ялагдчихангуутаа сонгууль тэр чигээрээ луйвар булхай байсан гэж зарлах явдал байдаг нь нэг талын хэтрүүлэг л дээ. Гэхдээ л сонгууль болгонд 5-10 гишүүн луйвраар гарч ирдэг нь тогтсон үзүүлэлт. Энэ нь заримдаа хүчний харьцааг өөрчилдаг. Үүний тод жишээ бол 2004 оны сонгууль. “Манай нам сонгуулийн дүнг зөвшөөрөхгүй” гэсэн МАХН-ын алдартай афоризмыг санаж байгаа биз дээ? Худлаа амлалт, сонгогчийг худалдаж авах зэрэг бол яахав ээ, энэ бол юун түрүүн сонгогчийн өөрийнх нь хариуцлага. Зальдуулчихлаа, хуурагдчихлаа, мөнгөнд нь боллоо, концертонд нь явчихлаа гэх зэргийн тайлбар бол иргэний өөрийнх нь буруу. Тэр дундаа сонгууль болгоноор хуурагддаг бол хохь нь л гэхээс.

    Тооллогод луйвар хийдэг явдал жил ирэх тутам нарийсахын хэрээр өргөжиж байна. 2000 оны сонгуулиар Элбэгдорж Дорнодод цөөхөн хэдэн саналаар ялагдаж байлаа. Дараахан нь МАХН-ын нэг тоологч бөөн шившиг хутгав. Амалсан хахуулиа цаадуул нь өгөөгүй юм байж. Тэгэхээр нь заргалдаад зөвхөн ганц тойргийн  хороон дээр мянга шахам саналын хуудсыг өөрийн биеэр зассанаа олонд зарлах нь тэр. Хэнтийд сонгогчдын өгсөн жинхэнэ саналын хуудсуудыг шуудайлаад зооринд хаячихсан байсан нь хожим илэрсэн. Оронд нь урьдаас бэлдсэн хуудсыг худлаа тоолсон болоод баталгаажуулчихсан байгаа юм. Түүнээс биш яаж ч бодоод хэнтийнхэн юу л боллоо гэж сонгууль болгоноор комоор нь гайхуулах гэсэн юм шиг гурвын гурваар нь гаргаж ирээд байх вэ дээ. “Зоригийг алсан хэрэгт Бат-Үүл холбоотой учир яасан ч гаргаж ирж болохгүй” гэсэн Төв хорооны тушаал Сэлэнгэд 2000 онд тарсан. Сонгуулийн хорооныхон дийлэхээ болихоор саналын хайрцгийг улайм цайм булааж аваад мотоциклоор зугтаж байсан хошин үзэгдэл ч бий. 2004 онд ид тоолж байхад улсын хэмжээгээр тог болон гар утсыг нийтээр тасалж байлаа. Үүнийг зохион байгуулагч нь дараагийн сонгуулиар ялагдчихаад “луйвардуулчихсан” гээд л уйлагнаад явна. Үнэндээ энэ гэмт хэрэгтээ Тагнуулын газрыг татан оруулж гүйцэтгэгчидээр нь “төрийн нууц задруулахгүй” гэсэн гарын үсэг зуруулсан юм билээ л дээ.

    Гээд энэ болгон засагдана. Засаж болно. Сонгуулийн луйвар булхай хаана ч гардаг, тэр болгонд нь үүнээ технологийн ололт, иргэдийн ухамсар, хуулийн нарийвчлалаар засаж сайжруулаад явдаг болохоос хэрүүл уруултай ч гэсэн арай гэж төвхнүүлсэн төрөө түлхэн унагаж хувьсгал хийн хүн алж хүрээ талан орон гэрээ түймэрддэггүй. Учир нь ач холбогдлоор нь эрэмбэлэх юм бол луйвраар гарч ирсэн таван дивтаатын шудрага үнэнийг олж тогтоохын тулд гэрээ шатааж байснаас дөрвөн жил шүдээ зуусан нь дээр. Цахим тоолуур энд тэндгүй ашиглах болсон нь машин хахууль авдаггүй, аль нэг хүн болоод намд долдойддоггүйтэй холбоотой биз. Иргэдийн хяналт маш чухал, үүн дээр хуулийн заалт бүр ч ач холбогдолтой. Гэрэл утас тасалж зохион байгуулалттай булхай хийсэн хүнийг Ерөнхийлөгч болгох биш, шоронд хатаах ёстой л доо.   

Одоо манай “ямаанууд” ямар хууль боловсруулж буйг харъя. Нэгдүгээр шаардлага: бүх гишүүн эргэж сонгогдох ёстой. Чухам ингэж байж л шинэ хууль батлагдах боломжтой. Хоёрдугаар шаардлага: Хууль шинэчлэгдэх ёстой. Олон жил ярьсан пропорционал тогтолцоог хольж оруулна. Гэхдээ нэгдүгээр шаардлагын хүрээн дотор. Өөрөөр хэлбэл яаж ч шинэчлэгдээд гишүүд л эргээд сонгогдох учиртай. Мөнхийн гишүүн, аан?

26 тойрогт нам болгоноос 48 нэр дэвшигч үзэж тарна. 28 нэр дэвшигч сонгуульд биечлэн оролцолгүйгээр намын жагсаалтад бүртгэгдэнэ. Мань 48-ийн хагас нь шууд сонгогдох ба тойргоо төлөөлж чадаагүй унасан нь бүтэн улсаа төлөөлөөд намын жагсаалтаар гишүүн болох юм байна. Нэг үгэндээ хаалгаар хөөгөөд гаргахаар тооноор эргээд ороод ирэх юм байна л даа. Салдаггүй буг, аан? Энэ 48 нэр дэвшигч хэн гэж санаж байна? Сүүлийн гурван жил зурагтаар юм ч үзүүлэхгүй жавьждаад салдаггүй өнөө хэдэн годронгууд чинь шүү дээ. Голлох хоёр нам л суудлын үнэмлэхүй олонхыг хувааж авна. Тэртэй тэргүй судалгаагаар тэгэж гараад байна. Ингэхээр хоёр намаас тус бүр 48 хүн, нийлээд 96 хүний хооронд л бүх тоглоом өрөгдөхөөр хууль хийгээд сууж байна, цаана чинь!  Энэ хэдийн хооронд болсон сонгуулийг ард түмэн зүгээр л “соёрхолн батлана”. Гоё, аан?

Дан намаар нь аваад үзье. 26 тойрогт 48 хүн дэвшлээ. Үүнээс 20 орчим хүн ямаа болох болзлоо биелүүлнэ. Ямаа болж чадалгүй гологдон хүнээрээ үлдсэн 25 орчим хүн намын нэрийн жагсаалтад шоодоно. Голлох хоёр нам тус болгондоо 10 орчим суудал авах төлөвтэй. Ингэхээр 15 орчим хүн хоёр удаа үзээд мултрах нь. Мултарчихлаа гэж санаж байна уу? Үгүй шүү! Засгийн газарт сайд, адаглаад агентлагийн тэргүүн дээр тунаж байгаа нь тэр. Хүн хуурах гэж байгаа юм шиг “итгэлцүүр” гээд нэг юм бодоод олчиж. Их л нарийн математикийн тооцоогоор хийгдэх гэнэ. Энэ нь мултраад унасан хэдийгээ эргүүлж татаж авчрахыг нь зөвтгөх “математик” л даа. Тоондоо муу юм уу, томъёо хэрэглэж байхаар намын даргаараа дэс дараагаа гаргуулчихъя ч гэж ярьж байна. Улаандаа ч гарлаа л даа, тойрог дээрээ ганц хувийн санал авангуутаа намын даргад ойр байсны хүчинд жагсаалтаар ороод ирэх нь! 

Энэ хувилбар гишүүдэд үнэн таалагдаж байна. 1990 оны Бага хуралаас эхлээд тоолоход зургаан парламент байгуулагджээ. Сонгуулиар гишүүдийн 70 орчим хувь нь солигдож байсан. Өнгөрсөн хугацаанд гишүүд дахин сонгогдохын тулд сонгуулийн хуулинд тэр өнцгөөсөө хандаж байсан ч гэсэн, мажоритар тогтоц хэдий түмэн дутагдалтай ч гэсэн шинэ парламент шинэ гишүүдээр дүүрдэг л байсан юм даа. Харин энэ удаа 20 хувь нь солигдвол их юм. Учир нь одоо байгаа гишүүдийн 20 гаруй нь 200 хувийн боломжтойгоор сонгуульд орно. Дахиад 20 нь 100 хувийн боломжтой. Дараагийн хорь нь 80 хувийн боломжтой. Үлдсэн 20 орчим нь тавь тавиа авна. Тэндээсээ өнхөрсөн ч агентлагийн дарга. Ядарсан ч янжууртайгаа, аан? Харин намын жагсаалтад дөчөөс хойш бичигдсэн нэр дэвшигсэд бол ердөө л ардчилсан сонгуулийн бэлэг тэмдэг.

Сонгуульд сонгогчид тэгш эрхээр хангагдсан байхаас гадна нэр дэвшигчид ижил боломжоор хангагдах ёстой. Гэтэл энэ боловсорч буй хууль жишээ нь Төв хорооноос нэр нь тавигддаг байсан мөнөөх жар дал наян оны сонгуулиас ялгагдах юм бага бололтой. Тэр үеийнхтэй улам адилхан болгох гэсэн юм шиг буруу мэдээлэл өгсөн сэтгүүлчийг их мөнгөөр торгоно ч гэх шиг. Гүтгэлэгийн асуудал эрүүгийн хуульд тэртэй тэргүй л бий шүү дээ. Энэ зарчмаар бол  хэт магтсаныг ч бас торгох ёстой баймаар. “Тэргүүний улс төрч” гээд л янз бүрийн байгууллага мэдээллийн хэрэгслэл шалгаруулдагийг хорьчиж. Одоогийн ямаануудаас өөр шинэ хүн суртчилагдчихана гэж байгаа байх л даа.  Мөнгө өгөхгүй бол суртчилахгүй гэж шантаажилдаг гэж тайлбарлаж байна. Тэгэж сүрдүүлбэл цагдаад л өгнө биз, шантааж тэртэй тэргүй эрүүгийн хуульд бий шүү дээ.

Өөрснийхөө боломжийг хоёр зуун хувь болгоод бусдад шаанс өгөхгүй гэж хийгдсэн ийм хууль үнэхээр олигархи үүсгэнэ. Олигархи гэдэг чинь улс орны эдийн засаг, улс төрийн эрх мэдлийг хэсэг бүлэг хүн хуйвалдан авч захирахыг хэлдэг. Монгол хүний араншинд тохирдоггүй учир хоорондоо үргэлж үзэлцдэг монголчууд олигархи болж чадахгүй л дээ. Уг натураараа. Харин нийгэм хөгжиж дэвшээд олигархи мафи төрөх нь л дээ. Гэвч одоогийн далан зургаа л хөгжиж дэвшсэн нь биш, хуулиар бололцоогоо хаалгасан хэсэг агсам тавина, тэгээд зодно, аягүй бол 7/1 давтагдна. Үүнд хамгийн түрүүн өртөх улс бол мань хэд. Ингэхээр тэд эрүүл мэнддээ хортой хууль батлах гээд байх шиг. Энэнд орвол хуучин хуулиараа шулуухан халз шалдагнасан нь хавьгүй шудрага. Тоолох механизмаа л сайжруулна биз. Автоматаар тоолъё, цахим иргэний үнэмлэх ашиглъя, сонгуулийн хороог өргөсгөж хөндлөнгийн гэрчийг нэмье, аан?

Хэнийг ч сонгож болноо. Бөхчүүд, оюуны илтгэцүүр далаас доош хүмүүс, хуурамч профессор, эрүүгийн элемэнт, нотлогдсон болон сэжигтэн хулгайч нар… нэгэнт л ард түмэн сонгож байгаа болохоор болно, ер нь хаана ч болдог л юм. Гагцхүү сонгууль сонгогч болон нэр дэвшигчдэд тэгш боломж олгосон, эцэст нь нийтээр хүлээн зөвшөөрөгдөхүйц л байх ёстой. Сонгуулийн дүн яаж ч гарсан луйвар байхыг нь түрүүлээд мэдчихсэн гарууд одоо хэдийнээ сүрдүүлээд эхэлсэн. Хувьсгал хийнэ, ална шулна, шатаана, түйвээнэ л гэх юм. Хөгжлийн их гараан дээр ирсэн ардчилсан Монгол улсад өнөөдөр тогтвортой байдал юун түрүүн хэрэгтэй байна. Тэр дундаа дэлхийг хамарсан эдийн засгийн хямрал хаалга тогшиж буй одоо цагт бэрхшээлийг хөнгөн давах бололцоогоо алдаж болохгүй. Тогтвортой байдал гэхээр л үхэшгүй Кашэ болчихсон хэдэн ямаагаа олигархи болтол нь зална гэсэн үг биш шүү дээ. Харин ч энэ хэт шудрага бус хууль нийгмийн самуурлын эх ч болж болох юм. Иймээс л эрүүл мэндэд хортой хууль даа.

Жич: Зохиогч өөрөө сонгуульд хүч үзэх өчүүхэн ч хүсэл тэмүүлэл үгүй болохыг хардагсадад дуулгахад нэн таатай байна.
2011.11.28
"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив