МОНГОЛ УЛСЫН ГАДААД БОДЛОГО (1924 - 1946)
2011 оны 12 сарын 26 [Уншсан тоо: 120274]
(Тусгаар тогтнолын 100 жилийн ойн эрдэм шигжилгээний хуралд хэлсэн үг)

1924 оны “Караханы гэрээ”-гээр Гадаад Монголыг Хятад улсын нэг хэсэг гэж Зөвлөлт Орос улс хүлээн зөвшөөрлөө. Гэвч энэ гэрээ нь Орос ба Хойд Хятадын хооронд хийгдсэн юм. Тухайн үед Хятадад иргэний дайн өрнөж биенээ хүлээн зөвшөөрдөггүй маш олон төр тогтож байсан. Зөвлөлт Оросын хамгийн том найдлага болсон Кантон дахь Сун Ятсэний Засгийн газар нь дотроо шинээр буй болсон Хятадын коммунист намыг багтаадаг төдийгүй Москватай маш ойр түншилж байсан юм. 1925 онд гоминданчууд Бээжинг эзэлсэн ба удалгүй бусад салан тусгаарлагчид, юун түрүүн Манжуурт ноёрхож байсан  Жан Золингийн армийг дайтан устгахаар бэлдэж байв. Энэ явдлыг Зөвлөлт Орос ихэд дэмжин зэвсэг техникээр туслаж байсан юм. Монголоор дайруулж зэвсэг тээвэрлэх, Улаанбаатар – Хаалганы төмөр зам барих зэрэг асуудал үүнтэй уялдан яригдаж байсан.

    Энэ үед Зөвлөлт Оросын хувьд Гадаад Монгол нь гоминдан намынхны сэтгэлийг татах, цаашид хамтран ажиллахын барьцаа байв. Иймээс Монголын удирдагчдыг нэлээд хэдэн удаа Бээжин рүү илгээж гоминданы удирдагчидтай уулзуулан өөрсдөөр нь Караханы гэрээг хүлээн зөвшөөрүүлэх гэж оролдож байв. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Ховдын төлөөлөгч нэрээр Ренчино хүртэл биечлэн оролцсон байдаг.

    Хятадад өрнөх дэлхийн хувьсгал тухайн үеийн Зөвлөлт Оросын гадаад бодлогод тэргүүлж байсан тул гадаад Монголыг нэг хэсэгтээ чигт нь орхижээ. Ийм үүлэн чөлөөний нарыг монгол удирдагчид овжин ашиглаж бие даасан гадаад бодлого явуулж эхэлсэн юм. Гоминданыхны тавьж буй Караханы гэрээнээс эелдэгээр татгалзахын зэрэгцээ дэлхийн хувьсгалд оролцон Зөвлөлт маягийн улс байгуулахыг зөвшөөрөх авч үүндээ сөргүүлэн Хятад Орост буй монгол туургатныг нэгтгэх санал гаргаж байсан. Мөн Монголыг Швейцари маягийн бие даасан төвийг сахьсан орон болгон хөгжүүлэх санал ч гарч байв. Энэ болгонд юун түрүүн тусгаар тогтнолоо хүлээн зөвшөөрүүлэх нь маш чухал гэдгийг тэд ойлгож байлаа. Хөрш Хятад, Зөвлөлт Орос хоёр Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөхгүй нь ойлгомжтой тул Монголын удирдагчид  өөр бусад оронд хандлаа. Герман, Франц, Италид айлчилж оюутан сургах, худалдаа хийх, мэргэжилтэн урих зэргээр ойртож байв. АНУ, Япон зэрэг орны төлөөлөгчидтэй уулзах арга саам ч хайж байлаа. 1911-1914 онд Монголын удирдагчид буй болсон бололцоог ашиглан олж авсан тусгаар тогтнолоо олон улсаар хүлээн зөвшөөрүүлж “дэ юри” болгох гэж бүхий л арга чаргаа хэрэглэж байсны яг ижил явдал 1925-1928 онд давтагджээ.

    1927 онд Шанхайн бослогоос болж Гоминдан ба ХКН-ын хооронд том хагарал гарсан төдийгүй шууд дайсагнан иргэний шинэ дайн дэгдээлээ. Гоминдан нам дэлхийн хувьсгалаас татгалзсанаар барахгүй коммунист үзэл бодолтой дайсагнах болов. Үүнтэй холбогдуулан Зөвлөлт Орос болон Коминтернээс Монголд явуулах бодлогоо эрс өөрчиллөө. 1928 онд Улаанбаатарт МАХН-ын VII их хурлыг зохион байгуулж хуралдуулаад үндсэндээ төрийн эргэлт хийв. Хурлыг удирдан зохион байгуулах коминтерны 14 төлөөлөгч гэх урилгагүй зочид гэнэт ирэн намын их хурлыг зарлан 47 хоног хуралдуулсны эцэст “хөдөөний фракц” гэгчийг төрийн эрхэнд тавин, хуучин удирдагчдыг нь Москва руу авч одов.

    Их хурлын шийдвэрийн дагуу 1928 онд Монголд байсан бүх гадаадын иргэдийг эгшин зуур хөөн гаргалаа. Коминтерний төлөөлөгчдийн тэргүүн Шмералийн тэмдэглэснээр цөөн хүн амтай өргөн уудам нутагтай Монгол нь хүнээсээ гэхээсээ газар нутаг нь илүү чухал ба дэлхийн олон нийтийн хараанаас далдуур коммунист туршилт явуулж болох таатай орон ажгуу. Хөрөнгө хураах, хамтралжуулах, шашиныг хориглох зэрэг олон туршилт зэрэг явуулснаас болж 1932 онд Монголд ард түмний бослого гарч иргэний дайны хэмжээнд хүрчээ. Иймээс Москвагаас Монголд явуулах бодлогодоо өөрчлөлт оруулан энэ хэрэгт Коминтернийг оруулахыг хориглон Зөвлөлтийн большевик нам дангаар хариуцах болов.

    1934 онд япончууд Манжуурт Манж Го хэмээх тоглоомын улс байгуулан Дорнод Хятадын төмөр замыг бүрэн хянах болсон ба 1937 оноос Хятадад довтлон шинэ дайн өдөөлөө. Хятадын эсрэг Японы энэ дайн нь үнэн хэрэгтээ монгол үндэстний эсрэг байгаагүй юм. Барга, Өвөр Монголд тэд соёл дэлгэрүүлэн монгол үндэстнийг дэмжих бодлого явуулах болов. Өвөр монголчууд, барга нар япончуудыг өмгөөлөгч, чөлөөлөгч, хятадаас хамгаалагч гэж харж зүсэн зүйлээр хөхиүлж байв.

    Сталин Японы энэхүү томролтоос их айж байлаа. Тэрээр Алс дорнодынхоо аюулгүй байдлыг хангахын тулд дипломат болон айлган сүрдүүлэх олон янзын арга хэрэглэх болов. Тэрээр монголчуудаас их болгоомжилж байлаа. Хэрэв япончууд Гадаад Монголд хяналтаа тогтоовол монголчууд тэднийг дагах болно гэсэн дүгнэлтийг өвөр монголчууд, барга нарын жишээн дээрээс харж байсан юм. Язгууртнууд, лам нарыг устгах даалгавар Монголын удирдагчдад хэд хэдэн удаа өгсөн боловч энэ үүргийг нь биелүүлээгүй учир 1936 онд Монголд зөвлөлтийн цэргийг оруулж улмаар шууд удирдлагаараа их хядлага эхлүүлэн Монгол эрчүүдийн тав тутмын нэгийг хяджээ.

    Гадаад Монгол нь зөвлөлтийн хяналтад байдаг тусгаар улс байж л Зөвлөлтийн Алс Дорнодын аюулгүй байдал хангагдана гэсэн итгэл үнэмшлийнхээ дагуу энэ үеэс Сталин Монголын тусгаар тогтнолын төлөө зүтгэх болсон аж. Гадаад Монгол нь дайны дараах гоминданы Хятад болон дахин хэзээ ч сэргэж магадгүй Японыг Зөвлөлт Оросоос тусгаарлах жийргэвчийн үүрэг гүйцэтгэх ёстой ажгуу. Үүнийгээ ч 1945 онд Хятадын Ерөнхий сайд Сүн Зивэнтэй уулзахдаа тодорхой хэлсэн юм.

    1945 онд Монгол нь Японд дайн зарласнаар албан ёсоор Холбоотны нэгдсэн фронтод нийллээ. Энэ дайнд Монголоос 21 мянган дайчин оролцсон нь хамаг эрчүүдээ хядлагаар алдсан, ердөө 700 мянган хүн амтай жижиг орны хувьд аугаа чармайлт гаргасны илэрхийлэл. Гоминданы Засгийн газраас нэр нүүрээ аврахын тулд монголчууд өөрснөө тусгаар тогтнолынхоо төлөө саналаа өгөх юм бол Хятад улс Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрнө гэсэн болзол тавьжээ. Санал асуулгыг үндэслэн Хятад улс Бүгд найрамдах Монгол ард улсыг 1946 оны 1-р сарын 6-нд хүлээн зөвшөөрөв. Үүний дараахан 1946 оны 2-р сарын 28-нд Зөвлөлт Холбоот улс Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрч дипломат харилцаа тогтоолоо.

    Гадаад Монгол нь 1911 онд өөрийн тусгаар тогтнолыг зарлаж “дэ факто” тусгаар улс болсон юм. Гэвч “дэ юри” тусгаар тогтнол олж авахын тулд дахин 35 жил олон хүний амь нас, эр зориг, дипломат ажиллагаа, гал усны гашуун зовлон туулах шаардлага гарчээ.

2002.12.15

"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив