Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
ХЭЛМЭГДСЭН УЛААН КХМЕРЧҮҮД
2012 оны 1 сарын 30 [Уншсан тоо: 82733]
Камбожид коммунизм халдаасан улс бол вьетнамчууд. Энэтхэг Хятадын хойгт ноёлогч үндэстэн нь вьетнамчууд л даа. Энэ хойг Францын колони байх үед чөлөөлөх үзэл санааны толгойлогч нь тэд байлаа. Дайны үед францчууд орхин гарсны дараа Японтой байлдаж байсан нь бас л вьетнамчууд. Харин бүс нутгийн колонийн бусад орнуудад бол өрнийхөн гараад явсны дараа япончуудыг чөлөөлөгчөө гэж үзэн талархан угтаж байсан юм. Дайны дараа, ялангуяа 1953 оны Парисын гэрээний дараа  коммунист Хойд Вьетнам, Өмнөд Вьетнам, Камбож, Лаос гэсэн тусгаар тогтносон улсууд буй боллоо. Хойд вьетнамчууд болохоор коммунист Энэтхэг-Хятад гэсэн ганц улс байх ёстой гэж үзсэн юм. Иймээс Өмнөд Вьетнамд вьетконг хэмээх партизаны эсэргүүцлийн бүлэг буй болгосон төдийгүй төстэй бүлгүүдийг Камбож, Лаост үүсгэжээ. Тэднийгээ санхүү, зэр зэвсэг, үзэл суртлаар хангана. Тонкины мөргөлдөөнөөс эхлэн энэ нь Өмнөд Вьетнамын эсрэг хандсан дайн болон өргөжсөн хэрэг. Коммунизм нийт өмнөд Азийг хамаарахаас болгоомжилсон АНУ тийш цэргээ оруулсан бол үзэл суртлаа дэлхийд тулгах гэсэн ЗХУ, Хятад энэ дайнд шууд бусаар оролцон зэвсэг техник санхүү болон бусад бүхий л талаар хойд вьетнамчуудыг дэмжив.

    Улаан Кхмер гэж өөрсдийгөө нэрлэдэг Камбожийн коммунист нам 1953 оноос эхлэн хойд вьетнамчуудын дэмжлэгтэйгээр Засгийн газрынхаа эсрэг тэмцэж ширэнгэнд бүгжээ. Вьетнамын дайн дуусч, Хойд Вьетнам Өмнөдөө эзлэн нэгдсэн Вьетнам буй болсны дараа улаан кхмерчүүдэд төрийн эрхийг булаан авах шинэ бололцоо нээгдсэн юм. Гэвч тэд нэгдсэн коммунист Энэтхэг-Хятад гэдэг улс байгуулах тухай вьетнамчуудын олон жилийн мөрөөдлөөс айж байлаа. Иймээс Хятадтай ойртон тэдний дэмжлэгт дулдуйдах болов. Улаан Кхмер 1976 онд Засгийн газраа унаган бүх Камбожийг эрхэндээ оруулж авав. Хорь гаруй жил мөрөөдсөн коммунист нийгмээ гардан байгуулах бололцоо гарав. Эзэн хаан Сианук ч Улаан Кхмерийн талд орж сайн дураараа огцрон улс орноо Бүгд найрамдах улс болгохыг дэмжив.

    Ингэж хүний түүхэнд гарсан хамгийн том эмгэнэлийн нэг эхэлсэн юм. Тарзанууд шударгын дээд шударга нийгэм байгуулахаар шийдэн шугуйнаасаа гарч иргэншсэн ертөнц рүү хөл тавьсан нь энэ. Толгойлогчийг нь Салат Саар гэнэ. Өөртөө Пол Пот гэж нэр өгчээ, энэ нь “политикю потэнсёон” буюу улс төрийг эзэгнэгч гэсэн франц үгийн товчлол. Учир нь тэрээр Парист багшийн мэргэжил олж авсан нэгэн. Улсдаа өөрийгөө “нэгдүгээр ах” гэж нэрлүүлэнэ. Гуравдугаар ах нь Инг Сари. Мань хоёр эхнэрүүдийнхээ хамтаар Камбож орныг тэр чигээр нь барьцаалжээ. Марксын гэрээсэлсэн ёсоор коммунизмд төр байх ёсгүй, иймээс хэдүүлхнээ түр зуурын төр болов. Мөн марксист сургаалиар мөнгө гэж байх ёсгүй. Ийнхүү Камбож огт мөнгөн тэмдэгтгүй, тэрбайтугай гадаадын валют ч эргэлтэнд ордоггүй дэлхийн анхны улс болов.

    Ангигүй нийгэм байгуулах ёстой учраас бүх язгууртан хөрөнгөтнүүдийг буудан алав. Шашингүй нийгэм байгуулах ёстой учраас бүх сүсэгтэн хуврагуудыг устгав.  Хуучны сэхээтнүүд нь өнгөрсөн нийгмийн үзэл бодлыг тээгч учраас бүгдийг нь цааш харуулав. Сэхээтнээ нуугаад байгаа байх гэж хардаад нүдний шилтэй хүмүүсийг хоморголов. Вьетнамчууд Камбожийн дайсан учир хөршийнхөө цагаачдыг хүйс тэмтрэв. Эрлийз хурлийзууд нь гэж сэжиглэгдсэн болгон буудуулав. Тэддэхь үеийн вьетнам гэж матуулсан болгон чад хийлээ. Алаад л байлаа, хядаад л байлаа, буудаад л байлаа, дүүжлээд л байлаа… Шинэ нийгэм байгуулахад саад болно гэж үзсэн болгоноо цааш харуулав. Гуравхан жилийн дотор хоёр сая хүн устгажээ. Яг нарийн тоог өнөөдөр ч хэлж мэдэхгүй байна, зарим нэгний тооцоогоор гурван сая хүн алсан ч байж магадгүй. Тэр үед Камбожийн нийт хүн ам долоон сая хагас байжээ. Нийгмийнхээ цэцэг болсон сэхээтнүүд, лам хуврагууд, ажил хэрэгч хүмүүс, удам судартнууд, мэргэжилтэй боловсон хүчин бүгд байхгүй. Үлдсэн нь ердөө л бичиг үсэггүй тариачид. Үнс нурам үлдээгээд түүн дээрээ шинэ нийгэм байгуулах тухай коммунист интернационалийн сүлд дууллийг амьдралд үгчлэн хэрэгжүүлсэн нь энэ л дээ.

    Төрийн эрхийн төлөө бөөн тэмцэл боллоо. Хаан асан Сианук Хойд Солонгос руу зугтаав. Коммунизм дэмжээд байсан чинь энэ онолоор хамгийн түрүүн алуулах ёстой нэгэн аж. Ким Ир Сэн мань дүрвэгч хаанд тусгай байр гаргаж өгөөд хэдэн жил тэжээсэн юм. Хэнг Самрин гээд бас нэг толгойлогч нэг, хоёр гурав дугаар ах нартай муудалцаад алуулдагийн даваан дээр дайсан Вьетнам руу зугтаачих нь тэр. Тэрээр 1979 онд вьетнамын цэргийг дагуулж ирээд Улаан Кхмерийн засгийг унагалаа. Сураагүй юм биш өнөөдүүл нь шугуй руугаа ороод бүгчихлээ. Вьетнамын тоглоомын засаг шинээр гарав. Үүнийг Хэнг Самрин толгойлно. Бас л улаан кхмерчүүд, гэхдээ хамаагүй алж талдаггүй засарсан марксистууд юм уу даа. Вьетнам хөрш орноо эзэлсэнд дургүйцсэн Дэн Сяопин залхаах нэрээр Хятадын арми Вьетнамд халдах нь тэр. Хаан нутагтаа эргэж ирэв. Гэвч дэлхийн нийт Камбожийн шинэ засгийг хүлээн зөвшөөрдөггүй ээ. Энэ болон эзлэн түрэмгийлэгчдийн тоглоомын засаг гэж үзсэн хэрэг.

    Засраагүй шугуйн коммунистууд, засраад засагт гарсан коммунистууд дахиад 10 жил байлдав. НҮБ-ийн идэвхи чармайлтаар 1990  онд вьетнамчууд Камбожоос гарч явсан шинэ эвслийн засгийг засраагүй ширэнгийн улаантан, засарсан Самрингийн улаантан, улаан үзлийг дэмжигч хааны бүлэг гэсэн гурван тал нийлж байгуулав. Хүч тэнцсэн учир хоёр Ерөнхий сайдтай боллоо. Алуурчдыг шийтгэх байтугай тэдний яргалалын тухай ч ярих бололцоогүй. Учир нь алуурчид эхлээд дундуураа хуваагдсан, дараа нь нийлээд засаг байгуулсан хэрэг шүү дээ. Улаан Кхмерийн үеэр хамгийн их хэлмэгдсэн нь лам нар ч биш, сэхээтнүүд ч биш, баячууд худалдаачид ч биш харин коммунистууд болж хувирлаа. Бид өөрснөө их хэлмэгдсэн гэж ярина. Хэн хэлмэгдүүлэв? Пол Пот, Инг Сари хоёр. Хоюулаа ширэнгэд байгаа. Пол Пот тэндээ гэнэт зүрхний өвчнөөр үхэв. Инг Самри буруугаа хүлээгээд нийслэлд хүрээд ирэв. Нам цагтаа алдсан, бид өөрснөө их хэлмэгдсэн, нам засарсан, нэрээ сольсон, гол буруутан үхсэн – ингээд л болоо. Инг Сари Пномпэнд тохилог сууцанд суун өөрийн эзэмшлийн бизнесээ хөгжүүлэн тухлаг амьдрах боллоо. Камбожид 1976-79 онд бараг юу ч болоогүй! Жаахан самуун болсон, хэлмэгдэл болсон, нам алдаа гаргаагүй зүгээр Пол Пот л жаахан буруу юм хийж намын хамт олныг олноор нь хэлмэгдүүлсэн. Ерөнхий сайд Хэнг Самрин хүртэл хэлмэгдээд Вьетнам руу зугтаасан. Одоо гол буруутан үхсэн учир нэмж яриад байх юм үгүй.

    Хүн төрлөхтний эсрэг хамгийн харгис аллага үйлдсэн улаан кхмерчүүдийг шүүхээр оруулахыг олон улсын зүгээс удаа дараа шаардсаар. Камбожид ч засраагүй улаантны нөлөө цагийн эрхээр эрс суларлаа. Иймээс 2008 онд Инг Сари болон толгойлох хэдэн яргачдыг баривчлан 2011 онд шүүхээр оруулав. Инг Сари өөрийгөө буруугүйг бүх талаар баталж байна. Марксизм өөрөө ийм юм сургасан, дэлхийн хүн амын гуравны нэг нь энэ үзлийг дагасан. Үүнд Инг Сари ганцаараа буруутаад байх даа ч яахав. “Та нар коммунизмыг буруутган шүүх гэсэн юм уу? Тэгвэл Монгол ардын хувьсгалт намыг эхлээд шүүгээч!”.

    Өдгөө Камбожид улаан кхмерийн яргалалын түүх томоохон бизнес болжээ. Пол Потод шоронгийн байр хүрэлцэхгүй байснаас эмнэлэг сургуулийг тэр чигээр нь хорих газар болгон ашиглаж байсан юм. Пномпэний төвд орших нэгэн шоронг мүзей болгочихоод сонирхогчдоос мөнгө хураан үзүүлнэ. Алдарт Анкраватаас ч дутахгүй орлого олдог бололтой. Хаа ч явсан гадаадын хүн харсан гар дээрх наймаачид хядлагын тухай ном альбомыг албан үнээс нь хорь дахин хямдруулан худалдаж аваач гэж шална.

Уг нь одооноос зах зээлийн эдийн засаг руу шилжиж л байгаа юм байна. Олон жил хоорондоо байлдсан, дээр нь марксизмын янз бүрийн хувилбарууд л биенээ үгүйсгэн үзэл сурталдсан болохоос эрүүл эдийн засгийн яриа энэ хаалттай ертөнцөд урьд нь сонсогдож багаагүй учир төр засаг нь ч, хаан нь ч, ард түмэн нь ч нэг л хүлээж авахгүй байх шиг. Гадаадын хөрөнгө оруулалтыг 51 хувь хэмээх шидэт тоогоор хаачихсан учир хөрөнгө оруулагчид зугтаагаад байх жишээтэй. Анкрават гээд аль мянган жилийн өмнө байгуулагдсан дэлхийн шилээвэр уран барилгын цогцолбор эднийд бий. Жилдээ сая жуулчин ирж үздэг юм байна. Үүндээ тулгуурлаад хөрөнгө оруулалт гаднаас татвал алаад өгөх л юм билээ. Гэтэл тойруулаад нэг баахан гуйлгачин, элдэв хог хямд ав гээд дагаад салдаггүй ноорхой “бизнесмэнүүд”-ээс өөр юм алга. Ийм чухал газрын хажууд боссон хот нь манай тааруухан аймгийн төвөөс ч хэд дахин дор. Хямдхан ч гэж жигтэйхэн. Өдөржин таксигаар үйлчилж, дээр нь бүх юм тайлбарлан хөтөчийн үүрэг гүйцэтгэчихээд 10 доллар л авч байна билээ. Дунд сургуулийн дундаж багшийн цалин 40 доллар болохоор арга ч үгүй юм уу даа.
2012.1.30 
"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив