Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Хэнд хэрэгтэй юм бэ?
2012 оны 2 сарын 13 [Уншсан тоо: 94857]
Хүн болгоны мэддэг боловч бараг хэн ч хэрэглэдэггүй “Орших уу, эс орших уу?” гэсэн Гамлетийн мөнхийн асуулт байдаг. Тэрний оронд хүмүүс “хэнд хэрэгтэй юм?”, “юунд хэрэгтэй юм?”, “ямар хэрэгтэй юм?” гэсэн асуулт ихэнхдээ тавьдаг. Хурал дээр, цуглаан дээр, ажил дээрээ, гэртээ – даргадаа, эрх баригчдад, эхнэр нөхөртөө үр хүүхэддээ тавьдаг. Гэхдээ амьдралд цөхөрч залхаж ядарсан үедээ үнэндээ өөртөө ийм асуулт тавьдаг.

Өглөө сэрлээ. Дулаан хөнжлөөсөө босмооргүй байна. Сайхан зүүдээ тасалмааргүй байна. Зүүдэндээ хүн бүр хүчирхэг. Тэр байтугай нисч чаддаг. Зүүд нойрондоо хүн хамгийн аз жаргалтай. Жаргалыг таслагч сэрүүлэгт ихэнх хүн дургүй. Гэвч босох ёстой. Нүүрээ угаагаад, цайгаа уугаад ажилдаа явах хэрэгтэй. Хүсмээр ч юм биш. Гээд энэ бүхэн ЮУНД ХЭРЭГТЭЙ ЮМ БЭ? Өөрийн эрхгүй ийм асуулт толгойд орж ирнэ. Гээд явах л ёстой.

Автобус хүлээж, чихэлдэж, орсон хойноо шахалдаж бусдын эгдүүг хүргэж, бусдад эгдүүцэж явсаар ажилдаа ирлээ. Хожигдчихгүй юмсан гэж амьсгаадсаар орж ирэв. Дарга гэж нэг мудак, хамт олон гэж тэнэгийн цуглуулга, дор нь ажилладаг хүн гэж нэг элий балайнууд. Цалин өгдөг л дөө, тэр нь аманд ч үгүй хамарт ч үгүй. Их байгаад ч багадана. Мөнгө хэзээ ч илүүддэггүй. Ажил ч гэж дээ, бөөн л уур уцаар, энд ч загнуулаад л тэнд ч аашлуулаад л. Тушаал, заавар, зэмлэл, бухимдал. Ихэнх хүнд ажил нь таалагддаггүй. Цалин авах гэж л энд ирсэн. Дахиад л өнөөх асуулт: ЯМАР ХЭРЭГТЭЙ ЮМ БЭ?



Орой боллоо. Өглөөний явдлыг эргүүлээд тавьчихсан юм шиг өнөө л замаараа гэр рүүгээ. Угаах арчих, унших, маргаашийн ажилдаа бэлдэх, үр хүүдээ хүмүүжүүлэх, хичээл сургуульд нь бэлдэх, хоолоо хийж идэх, завсар зайнд нь зурагт харах, утсаар ярих, хэн нэгэнд амлах, буруугаа хүлээх, амлалтыг нь нэхэх... Бүтэж байгаа юм алга. Бүх л юм болохгүй бүтэхгүй, урагшлахгүй. Бүх нийтээрээ зовж зүдэрч амьдрал там болжээ. Зурагтаар сонсогдож буй үг авиа болгон томын ероолоос гаслан дуулна. Тэнд ч газар хөдлөөд л, энд ч барьцаалаад л, тэнд ч дайн болоод л, энд ч гүүр нураад л... Ер нь Монголын хүн амын тэн хагас нь өлсөөд үхчихсэн юм биш үү? Үлдсэн хэд нь хүнд хутгалуулж үхэх цагаа хүлээгээд ёолон хэвтэнэ. Унтах цаг болжээ. Шөнө дунд болчиж. Ингээд хорвоогийн нэг өдөр өнгөрөх нь энэ. Дахиад л мөнөөх: ЮУНД ХЭРЭГТЭЙ ГЭЖ? Хэнд хэрэгтэй гэж ингэж дөрвөн мөчөө савлан мурчийтлаа зүтгэнэ вэ? Эцэст нь бусдын төлөө зүтгэсээр хорвоог барлаа шүү дээ. Эхнэр хүүхэд унтаад өгч. Өөрсдийнх нь төлөө эцэстлээ зүтгэж байгааг эд тэгээд ойлгож үнэлэнэ гэж үү? ХЭНД ХЭРЭГТЭЙ ЮМ БЭ?

Энэ бүхэн НАДАД л хэрэгтэй. Өөр хэнд ч биш, гагцхүү надад л хэрэгтэй. Тийм учраас би ааг амьсгаагүй зүтгэдэг. Бид дандаа буруу талаас нь боддог. Хамгийн энгийн жишээ гэхэд өөрсдийгөө үр хүүхэддээ хэрэгтэй учраас тэднийхээ төлөө санаа тавьж шаналж зүтгэж байна гэж боддог. Үнэндээ бидэнд үр хүүхэд хэрэгтэй байсан учраас төрүүлж өсгөсөн. Өсгөх, хүмүүжүүлэх, эрийн цээнд хүргэх, хожим нь тэднээрээ бахархах, хөлөө хучуулах, амар тайван үхэхийн тулд бидэнд үр хүүхэд хэрэгтэй байсан. Бид өөрснөө хүссэн. Хэрвээ чи амьдралын аль нэг эргүүлэгт өөрийн хүслээр нийлж орсон л бол “яах гэж”, яалаа гэж”, хэний төлөө”, юуны тулд”, хэнд юунд хэрэгтэй гэж” гэсэн асуулт өөртөө тавих хэрэггүй. Энэ бүхэн чамд л хэрэгтэй, тиймээс мөнхийн амьдралын дугуй эргэсээр байгаа юм. Төрийн төлөө төмсгөө хавдтал зүтгэсэн хэмээн ялархдаг хүн олон бий. Чамд хэрэгтэй учраас л тэгсэн бус уу? Чамд хэрэгтэй учраас л өвчтэй хүн эмчилж, ардын хүүхэд сурган хүмүүжүүлж, гудамжны хог цэвэрлэж, цэрэгт алба хааж, мал маллаж, будаа тариа тарьдаг. Цалин нь, орлого нь, нэр хүнд нь, хүлээн завшөөрүүлэх нь, бахархал нь гагцхүү ЧАМД л хэрэгтэй. 

Аугаа Будда сургахдаа энэ хорвоогийн амьд бүхэн өөрийн зовлонтой байдаг, зовлон болгон өөрийн шалтгаантай, иймээс зовлонтой биш шалтгаантай нь тэмц гэжээ. Хүний завлонгийн шалтгаан шунал гэнэ. Илүү мөнгө, илүү хүч чадал, илүү нэр алдар, илүү атаархал хорсол нь хүмүүнийг зовлонд унагадаг аж. Шуналыг тэвчиж чаддаггүй учраас бид бүгдээрээ зовлонд живэн ахар богино амьдралыг там болгож хувиргадаг ажгуу. Их мөнгөтэй хүн жаргалтай байдаг гэж бидний ихэнх нь боддог. Хууль бусаар олсон бол баригдах вий гэсэн зовлондоо тэд шөнө бүтэн нойртой хонодоггүй. Мөнгө нь эргээд зовлонгийн шалтгаан болдог. Бий болгосон хөрөнгөө хамгаалах гэж хүмүүс өөртөө ямар их зовлон хураадаг гэж санана.

Юуны тулд, хэний төлөө бид амьдардаг вэ? Бид зөвхөн өөрсдийнхөө төлөө л амьдардаг. Чамайг сайхан байлгах гэж хэн нэг нь энэ хорвоо дээр ирээгүй. Мөн чи ч өөрөө хэн нэгний төлөө амьдраагүй. Бид өөрт тохиолдсон бэрхшээл, хүнд байдлаас гарахын тулд дээрх “Хэний төлөө, юуны тулд” гэсэн асуултыг өөртөө тавьдаг. Надад, бидэнд хэрэгтэй учраас л бид зөв таарсан хариулт хайдаг. Ямар ч хүндрэлд үхлийг эс тооцвол заавал гарц олдоно. Өөдрөг байж л бид зөв сайн хариулт олдог. Учир нь энэ хорвоо өөдрөг хүмүүст зориулагдсан юм. Гутранги хүмүүс энэ ертөнцөөс аз жаргал хэзээ л олдоггүй. Гутранги хүн дээд зэргийн франц шарз хамартаа ойртуулангуутаа “бясаа үнэртэж байна” гэдэг бол өөдрөг хүн шоронд ч байсан бясаа алаад “сайхан шарз үнэртэж байна” гэдэг юм гэнэлээ.

Амьдралд амжилт гаргах хэдэн гол баримтлал байдаг юм шиг санагддаг.

Амжилт олбол үүнд тусалсан бүх хүнд таларх, харин бэрхшээл тохиолдвол зөвхөн өөрийгөө л буруутга.

Бэрхшээлээс гарах гарц үргэлж байдаг. Юунд ч бууж өгч болохгүй.

Чамаас дор байдалд орсон хүн олон бий. Тэдэнд тусалбал сэтгэл чинь хөнгөрнө.

Хүн чамтай яаж харилцаасай гэж чи хүсч байна, яг тэрэн шигээ бусдад ханд.

Нөхцөл байдал хүнийг биш хүн өөрөө нөхцөл байдлыг удирддаг.

Азгүй тохиолдол гэж бараг байдаггүй. Эз бий болох нөхцлийг өмнө нь чи өөрөө бүрэлдүүлсэн байдаг.

Энэ хорвоод эрүүл мэндээс илүү чухал юм чамд байхгүй.

Өнөөдрийг өчигдрөөс, маргаашийг өнөөдрөөс илүү дээр байлгах гэж зүтгэ.

Бэрхшээлийг давдаг хамгийн сайн эм бол өөдрөг бодол.

Амьдралаа шинээр эхлэх гэж битгий оролд. Энэ бол өөрийгөө л хуурч байгаа хэрэг. Байгаагаа л аажмаар сайжруул.

Бусдад муу юм хийх гэж зүтгэх нь өөрт чинь асар их зовлонг шинээр авчирдаг.

“Энэ хорвоо надаар ч гэсэн дутна” гэж бодож бай.

Би өөрийнхөө баримтлалыг л жагсаалаа. Хүлээж авах эсэх нь чиний л хэрэг. Хэрэг болох нэгэнд нь зориулж бичлээ. Мунхаг хүн ойлгохгүй байхаа. Гэгээрсэн Есүс нэг удаа хар хурдаараа зугтаж явна гэнэ. “Та хэнээс ингэтлээ зугтаана вэ?” хэмээн тааралдсан тариачин асуув. “Мунхаг хүнээс зугтаж явнаа”. “Тан шиг ингэтлээ гэгээрсэн хүн хэн нэгнээс зугтах хэрэг байдаг юм уу?”. “Өвчтэй хүн эдгэрэхийг хүсдэг. Архичин хүн архинаас гарахыг мөрөөддөг. Харин мунхаг хүн өөрийн мунхагийг мэддэггүй болохоор засаръя гэж огт боддоггүй юм. Иймээс мунхаг хүнээс үргэлж зугтааж бай. Аль болох хол бай” гэж гэгээнтэн өгүүлсэн гэдэг. Зовлондоо орооцолдоод тасралтгүй гаслах хүн эргэн тойрныхондоо ямар их зовлон тараадаг гэж санана. Бүхий л зовлон өөр хаана ч биш зөвхөн хүний өөрийнх нь дотор л байдаг гэж ойлгодог. Будда ч тэгэж хэлсэн. Тэр бас гэгээрсэн хүн байсан юм.

2012.02.12
"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив