Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Ядуурал
2012 оны 3 сарын 5 [Уншсан тоо: 138614]
Монголд ядуурлын төвшин 35 хувь хүрлээ. Бишээ, хүн амын тэн хагас нь ядуу. Үгүй ээ, ядуурал 60 хувь хүрсэн. Нарийн ярьвал 80 хувь нь өлмөн зөлмөн амьдарч байна. Дэлхийн хамгийн ядуу орон Монголд 88 хувь нь гуйлгачин. Ердөө 200 гэр бүл (Орчуулгын нэршил байгаа биз? Уг нь монголоор айл гэх ёстой л доо) л баян тарган амьдарч байна, бусад нь цөм ядуу.

    Та өдөр болгон ийм яриа чихээ дөжиртөл сонсож байгаа. Мэдээллийн бүх хэрэгслэлээр, хурал цуглаанд, найз нөхдийн хүрээнд, гуанз ресторанд, баяр наадмаар, УИХ-ын танхимд… Энэ тоо удахгүй 100 хувь хүрэх байх. Магадгүй зуу давж ч болох юм. 750 мянган өрх бүртгэгдсэн гэж бодохоор өнөө 200 баян айлаа хасахаар одоо ядуурал 99,999999 хүрсэн ч байж магадгүй бололтой. Би энэ болгоныг үгүйсгэх гээгүй. Хуху нам (хуучин хугийнхан) өнгөрсөн 91 жилийн 87-д нь төр барьсан, ардчиллаас хойш тоолбол 22 жилийн 18-д нь биднийгээ толгойлсон, тэгэхээр ядуураад байгаа нь надад үзэл суртлын талаасаа гоё л байна л даа. Зөвхөн энэ талаас нь үзэх юм бол эх орноо ядуу гуйлгачингаар нь хоолойгоо сөөтөл дуудаад бах ханан хөлс нь бурзайн тавирч буй тарган тарган хүмүүстэй санал нэгдэж байна. Гэвч өссөн хүмүүжил, олсон боловсрол гээч хоёр зүйл өөрийн эрхгүй логик хариулт шаардаад байх юм. Ядахнаа яг хэдэн хувь нь ядуурчихаад байгаа юм гэдгийг математик утгаар нь мэдмээр санагдаад байна. 10 хүний гурав нь юм уу, ес нь юм уу? Энэ бол эрүүл ухаанаар бодохоор маш том зөрүү. Цаашлаад ядуу гэдгээ яг аль цэгээс тооцох вэ? Билл Гэйтсээс доош хөрөнгө чинээтэйг нь ядуу гэх үү, эсвэл өдөрт хэрэглэж буй хүнсний илчлэг нь 1500 ккалориос доош бол ядууд тооцох уу? Энэ нь бас л асар их зөрүү.

    Ядуу, баян гэх тодорхойлолт нь тухайн хүний субъектив үнэлэмж. Харин ядуурал гэдэг бол нийгмийн үзэгдэл, эдийн засгийн категори. Нийгмийн үлэмж хэсэг нь ядуурлын төвшинд очвол нийгэм өөрөө тогтворгүй болж дайн байлдаан өвчин тахал, хувьсгал, анги хоорондын болон үндэстэн овог угсаатны тулалдаан буй болдог. Дайн, хувьсгал, өвчин тахал, байгалийн гамшиг, эдийн засгийн хямрал зэрэг нь нийгмийг хамарсан гэнэтийн ядуурлын цаад шалтгаан болно. Харамсалтай нь ядуурлын эсрэг энэ мэтийн гэнэтийн хөдөлгөөн нь ядуурлыг зогсоох биш харин ч улам гааруулах өдөөлт болдог билээ. Бүр хүн ангаймаар цаад шалтгаан нь нийгмийн баялагийг эзэмшигч цөөн хэдэн хүмүүсийн хоорондын тэмцэл, хөрөнгө мөнгө, эрх мэдэл булаацалдсан бүлэг хоорондын дайсагнал нь нийгмийг гэнэтийн хөдөлгөөнд оруулж ядуурал гуйранчлалыг улам гааруулдаг.  Үгүйдээ л түүх, философи, социологи, нийгмийн психологийн олон сурах бичигт ингэж өгүүлсэн байна.

    Ядуурал нь нийгмийн үзэгдлийн хувьд тухайн нийгмээ тогтворгүй болгож улам ядуурах, асуудлыг цаашлуулан хурцатгах шалтгаан болдог учраас макро эдийн засгийн тулгуур ойлголтын нэг болно. Ядууралтай хуулийн хүрээнд системтэйгээр тэмцсэн анхны орон бол Англи. Бүр XVII зуунд тэнд Ядуурлын хууль гарч өвчтэй, настай, насанд хүрээгүй, өөр бусад хүндэтгэх шалтгаантай иргэдийг төрөөс халамжлах хууль гарчээ. Үүнийгээ Ядуурлын хууль гэж албан ёсоор нэрлэдэг байв. Гэвч яваандаа нийгмийн энэ халамжид хэт олон хүн хамрагдаж эхэлсэн тул XIX зуунд засвар оруулан хөдөлмөрийн чадвартай мөртөө ядуу байгаа иргэдийг “ёс суртахууны ядуурал” гэж нэрлээд тийм хүмүүст ажлын байр олж өгөхөөс өөрөөр төр туслахгүй байх хууль баталсан байдаг. 

    Хэрвээ ядуурал нь нийгмийн үзэгдэл юм бол хичнээн хувьд хүрвэл тухайн улс орныг ядуу гэх, ядуу иргэнийг ямар жишгээр хамааруулах болон эс хамааруулах вэ гэсэн асуудал хар аяндаа үүснэ. Анхны нэгдсэн стандартыг НҮБ-аас гаргаж нэг иргэнд нэг өдөрт нэг америк доллар гэсэн жишиг тавьжээ. Гэвч ялангуяа хүйтэн дайны дараа энэ жишиг утгаа алдсан юм. Коммунист систем эдийн засгийн хувьд хаалттай учир өөрийн жишигтэй байсан ба энэ нь чөлөөт дэлхийд тогтсон жишигтэй харьцуулж болохгүй байв. 1991 онд НҮБ-аас Монголд анхны жишиг тогтоох оролдлого хийсэн юм. Нэг доллар 180 төгрөгтэй тэнцэж байсан болохоор дундаж цалин 5 доллар хүрэхгүй болж хувирлаа. Алтан ээмэг бөгжтэй нэхий дээлтэй булган малгайтай гурван өрөө байртай хүмүүс шууд л дэлхийн хамгийн ядуу эгнээнд шилждэг байгаа. Гэтэл өнөө 5 доллар нь дөрвөн ам бүлтэй айлд тус бүр 2000 ккалори хүнс идээд цаана нь дулаан цахилгаан унааны хөлсөнд хүрээд байдаг. Нийтийн унааны нэг удаагийн хөлсийг бараг нэг доллароор тооцдог атал энд 0,0001 цент байх жишээтэй. Хамгийн үнэт хүнс мах мөнөөх жишгээр 15 доллар байх ёстой атал Монголд ердөө 10 цент байсан юм. Ийм аргачлалаар Монголын ядуурлыг хэмжинэ гэдэг үнэндээ мангар хэрэг. Бусад коммунизмаас дангаж гарч буй орнуудад ч адилхан. Жишээ нь 1989 онд Польшид сарын дундач цалин 6 доллар байсан. Тэглээ гээд хүмүүсийнх нь амьдрал Бангла Дэшийнхээс олон арав дахин дээгүүр байжээ.



    Нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүн гэсэн баян ядууг хэмждэг бас нэг хэмжүүр өнгөрсөн зууны гучаад онд гарчээ. Энийг бас л америк доллароор тооцдог. Хуучин коммунист орнуудынх ерээд оны эхээр мөн л өрөвдмөөр юм байлаа. Гэвч цагийн явцад үнийн тэгшрэл явагдаж тийм ч их зөрүүтэй биш болжээ. Монголд нэг хүнд ноогдох ДНБ 2000 он өнгөртөл 500 доллар хүрдэггүй, иймээс ч ядуу оронд тооцогддог байв. Одоо энэ тоо хэдийнээ гурван мянга өнгөрсөн ба Монгол нь ядуу орны тооноос хасагдаж буцалтгүй тусламж, хандивлагчдын зөвлөлгөөн гэх мэтийн юманд хамрагдахаа больсон. ДНБ-ээр хэмжих нь учир дутагдалтай учир purchasing power parity (PPP) буюу худалдан авах чадамж (ХАЧ) гэсэн шинэ хэмжигдэхүүнээр сүүлийн үед ярих боллоо. Голлох бараа үйлчилгээг нэг хэмжигдэхүүнд оруулж тусгай илтгэцүүрээр үржүүлж тэгшитгэдэг аргачлал юм. Шилтэй кола АНУ-д жижиглэнгээр 2,5 доллар байдаг бол ижил бүтээгдэхүүн Монголд 20 цент байх жишээтэй. Кило мах ихэнх оронд 15 доллар, Монголд улирлаас хамаараад 3-5 доллар. Хайрцаг тамхи Европт 10 доллар байхад Монголд 2 доллар хүрэхгүй. Энэ болгоныг тэгшитгэхээр манайд нэг хүнд ноогдох ХАЧ 10 мянга орчим доллар гарч байна. Энэ нь тийм ч муу үзүүлэлт биш.

    Ядуурал нийгэмд 80 хувьд хүрч гэдэг анхны тоог 1994 онд НҮБ гаргасан. Мөнөөх нэг хүнд нэг өдөрт нэг америк доллар гэдэг хэмжигдэхүүнээр шүү дээ. Энэхүү нэгээс бага доллар гэдэг нь Индонез, Филиппинд гамшиг бол хуучин социалист орнуудад бодит байдал дээр амьдарч болом хэмжигдэхүүн. 34 гэсэн бас нэг тоог Дэлхийн банкнаас 2006 онд гаргаж ирсэн. Энэ нь хүний хөгжлийн индекс ба ХАЧ тооцсон аргачлал. Яг энэ аргачлалаараа 2009 онд судалгаа давтан хийгээд Монголын нийгмийн ядуурлыг 17 хувь гэж гаргаж ирсэн бол судалгааг 2011 онд гурав дахь удаагаа явуулж 12 хувь гэж дүгнэжээ. Тэр байтугай ядуурлыг эрчимтэй бууруулсан орон гэж магтсан байна. 

    Ядуурлыг юунаас хэмжих, яаж хэмжих, тэрний дараа нийгэмд эзлэх хувь процентийг гаргавал нам засгаа хараах болон эх орноо муулах цаад утга нь бодит байдалтай дүйх болно. Хэрвээ мөнөөх НҮБ-ийн 1 хүн, 1 өдөр, 1 доллар гэдэг хэмжигдэхүүнээр үзвэл өнөөдөр Монголд ширхэг ч ядуу хүн байхгүй. Яагаад гэхээр ард түмнээ хайрлаж ханадаггүй халамжит төр маань хүн толгойтой болгонд сард 21 мянган төгрөг буюу өдрийн 50 цент зүгээр өгч байгаа. Дээр нь эрх биш бусад халамж ядахнаа 50 цент хүрнэ. Хүүхэд болгон сургуульд үнэгүй хооллож байгаа шүү дээ. Улаанбаатар хотын нийт иргэдийн 13 хувь нь оюутан нэртэй, тэд сургалтын мөнгө унааны зардлаа авдаг. Дээр нь халамжийн бусад хэлбэр болох өвчний групп, өрх толгойлсон эмэгтэй, одон медалийн нэмэгдэл, төрсөн болон жирэмсний, тэжээгчээ алдсаны, ядуурлын, ажилгүйдлийн гэх мэт маш олон бий. Ажил хийлгүй зүгээр авч байгаа нь юутай НҮБ-ийн хэмжигдэхүүнээр ядуурлаас гарчээ. Дэлхийн банкны хэмжүүр арай өөр. Юун түрүүн хүний хөгжлийн индекс болон ХАЧ-аар гаргадаг болохоор өнгөрсөн жил Монголын ядуурлын төвшинг 12 хувь гэж гаргаж ирсэн. Ямарчиг байсан Монголд ядуурал огт байхгүй гэж ярих нь нөгөө хязгаарын дэгстүүлэлт болохыг энэ судалгаа харуулж байна. 

    Одоо ямар ч судалгаагүйгээр нүдэнд өртөж байгаагаараа тооцоо хийе. Хамгийн түрүүн хэмжих асуудал бол хүнсний аюулгүй байдал (олон улсын тогтсон нэршилээр хүнсний аюулгүй байдал гэдэг нь хүнсний хүрэлцээ юм шүү), орон сууц (тухайн цаг уурт амьдарч болох уламжлалт болон орчин үеийн бүхий л сууцыг ингэж томъёолдог), эрүүл мэнд (үүнд гол нь дундаж наслалт, ой хүртлэх хүүхдийн эндэгдэл, нас баралтын промилл, халдварт өвчний тархац зэргийг авч үзнэ)  гэсэн гурван хэмжигдэхүүнийг юун түрүүн голлоно. Уураг нөхөх хамгийн үнэтэй хамгийн үр дүнтэй хүнс бол мах. Махны хэрэглээгээр Монгол дэлхийд нэгд ордог. Энгийн тооцоо – 300 мянган тонн мах бэлддэг, дээр нь гахай тахианы мах, консерв, бусад хагас ба бүрэн боловсруулсан махан бүтээгдэхүүнийг асар ихээр импортлодог. Энэ болгоныг тооцон хүн амдаа хуваахад манай дараа орох АНУ-ын 124 кг-ийн жилийн хэрэглээнээс даваад явчиж байгаа юм. Нүүрс-усны хэрэгцээг голлон хангадаг гурил гурилан бүтээгдэхүүний хэрэглээ 300 мянган тонн байгаагийн 180 мянгыг нь шууд гурилаар, 70 мянгыг нь архи спиртэн бүтээгдэхүүнээр үлдсэнийг нь гурилан бүтээгдэхүүнээр хэрэглэж байна. Цагаан будаа, чихэр, бага сага ногоо зэргээ оруулж тооцоод юутай ч хүн тутам өдөрт 2500 ккалор хүнс хэрэглэдэг нь дэлхийн дундаж хэрэглээнээс хавьгүй давсан үзүүлэлт юм. 35-аас дээш насныхны жингийн хэтрэлт 63 хувь хүрсэн нь муу тал нь байж болох л юм. Хүнсийг нийтдээ жигд хэрэглэдэг болов уу гэж бодно, гэхдээ баячууд тогоогоор нь идээд үлдсэнийг нь муу усны нүх рүү асгадаг байж магадгүй, гээд энэ талын статистик алга байна.

    Орон сууцны хувьд Монголын 750 мянган өрхийн 0,2 хувьд нь шаардлага огт хангахгүй сууцанд байна гэдгийг өнгөрсөн жилийн хүн ам орон сууцны тооллого харуулсан. Орцны үүдэнд амьдардаг, хогийн цэг дээр гэрээ барьсан айлуудыг хэлж байгаа юм билээ. Сонирхолтой нь Улаанбаатар хотын 300 гаруй мянган өрхийн 70 гаруй хувь нь гэрт биш байшинд байдаг юм байна. Байшин гэдэг нь дан хаусыг хэлэхгүй, хашаан дотор байгаа модон байшинг бас тооцдог юм билээ шүү.

    Хүн амын наслалт эмэгтэй нь 70, эрэгтэй нь 65 гэсэн үзүүлэлт гарч. Энэ нь Японтой харьцуулахад чамлалттай боловч Африк, Латин Америкийн дундачаас дажгүй давсан үзүүлэлт. Ой хүртэл насны хүүхдийн эндэгдэл 1990 онд 128 байснаа 2000 онд 64, одоо 32 болтлоо буурсан байна. Сонирхолтой нь дээр үед энэ өндөр тооноосоо нэрэлхээд ДЭМБ-д 64 гэсэн тоо буюу хоёр дахин бууруулж мэдээлдэг байжээ. Халдварт өвчний тархацаар гайгүйд тооцогддог.  Тухайлбал ДОХ-ын тархац нэг хувь хүрснийг харанга, 0,1 хувиас бага бол аюулгүй гэж тооцдог аж. Монголын ДОХ 0,003 хувь юм байна. Сүрьеэ, арьс өнгөний өвчний тархац харьцангуй нэмэгдэж байгаа ч аюулт хэмжээнээс хавьгүй доогуур байгаа. Харин элэгний хорт хавдраар нас баралтаар дэлхийд тэргүүлж байгаа аж. Гэхдээ  мянган хүнд ноогдох нас баралт 6 промилл байгаа нь дэлхийн хамгийн сайн үзүүлэлтийн нэг. Төрөлт дэлхийн дундажтай мөргөж байна.

    Ажилгүйдлийн төвшин 2-4 хувийн хүрээнд эргэлдэж байна. Энэ нь сайн үзүүлэлт гэгддэг аж. Тухайлбал яг одоо АНУ-ын ажилгүйдэл 10 хувиас давчихаад байна. Огцом өсөлттэй Монголын эдийн засаг одоо ажиллах хүчний илт дутагдалд ороод эхэллээ. Бага цалинтай биеийн хүч илүү шаардсан зэрэг ажилд хүн олдохгүй байгаагийн зэрэгцээ хөдөлмөрийн фронтод хэрэгцээтэй ажлын байранд мэргэжлийн шаардлага хангасан хүн олдохгйү хоёр талын бэрхшээл байнга гарч байна.   

Ядуурлын гол хэмжээснүүд энэ байна. Эдгээр статистикийг Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Сити группын судалгаа, өнгөрсөн жилийн хүн ам орон сууцны тооллого болон Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яамнаас авлаа. Боловсрол, интернэтэд орох хэмжээ, гар утасны тархалт, кино үздэг хүний тоо гэх мэт нь ядуурлыг хэмжих үзүүлэлт биш, хөгжлийн хурдац гэх мэт өөр ангилалд ордог гэнэ. Иймээс 10 мянган хүнд ноогдох оюутны тоогоор дэлхийд нэгдүгээрт, 2,7 сая иргэн 2,2 сая гар утастай байна, нийт автомашины тоо хагас саяд дөхөж байна гэх мэтийн статистикийн энд хэлээд хэрэггүй биз.  

    Монголын нийгмийг баян байна магтах гээгүй, ядуу байна гэж муучлах гээгүй. Нэг хэмжээсээр нойл цэгээ аваад дээшилсэн доошилсноо ярихгүй бол учир утгаа алдаад байна. Олон нийтийг төөрөгдүүлэхээс авахуулаад ерөөс хөгжлийн зорилт, төсөөллийг байхгүй болгон эдийн засагт шууд болон шууд бусаар нөлөөлөөд байгаа юм. Үлгэрлэвээс усыг нэг нь балгаар, нөгөө нь кг-аар, гуравдахь нь литрээр, бас нэг нь дуслаар яриад ямар ч ойлголцолд хүрэхгүй.

2012.03.05


    

"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив