Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Кэмбрижийн сургалт гэж юу яриад байна?
2012 оны 3 сарын 26 [Уншсан тоо: 119567]
Бүх хүн тэгш байх төгс нийгмийн тухай Маркс мөрөөдөж байсан. Коммунист нийгэмд дарлах дарлагдах, мөлжих мөлжигдөх асуудал байхгүй төдийгүй хүн болгон ижил авъяас билэгтэй байх ёстой аж. Энэхүү шинэ хүнийг өв тэгш хүмүүжүүлэх юм бол бүхий л авяъас билэг нь дэлгэрч хүн бүр нэгэн зэрэг ажилчин, малчин, сэхээтэн, эрдэмтэн, тамирчин болох ёстой. Маркс үүнийгээ “коммунизмын үеийн жирийн иргэн өглөө босч загас бариад, өдөр нь үйлдвэрт ажиллаад, орой нь гэртээ ирж урлагийн шүүмж бичнэ” гэж тодорхойлсон байдаг. Тухайн үед нийгмийн хамгийн доод гэж үзэгддэг хэсэг нь загасчин, оюуны дээд үзүүлэлт нь урлагийн шүүмж гэгддэг байсан учир үүгээр жишээ авсан бололтой.

Октябрийн эргэлтийн дараа энэхүү мөрөөдлийн өв тэгш хүнийг буй болгох анхны туршилтыг Орост хийж эхэлжээ. Жан Жак Руссагийн санаачилсан өрнийн сургалтын системийг тэр чигээр нь нураан өөрийн гэх өв тэгш хүн буй болгох сургалтын тогтолцоо зохион нэвтрүүлэв. Эхэн үедээ сурагчдад дүн огт тавьдаггүй, өөрийнх нь зөнгөөр явуулдаг байжээ. “Хөдөлмөр хүнийг буй болгов” гэсэн Энгельсийн сургаалын дагуу “хэцүү” гэгдэх хүүхдүүдийг үй олноор нь хөдөлмөрийн лагерьт хорин хүнд хүчир ажилд зүтгүүлэх болов. Энэ талаар Макаренко гэгч комиссар ихээхэн амжилт олж зөвлөлт маягийн сургалтын эцэг болсон юм. Хожим улам төгөлдөржсөн хөгжингүй нийгэмд хэрэглэж болох шинэ хувилбарыг нь Сухомлинский гэх эрдэмтэн боловсруулжээ.

Монголд бараг эхнээсээ энэхүү өв тэгш хүн буй болгох зөвлөлт загварын боловсролын тогтолцоо орж ирсэн юм. Юутай ч 1950-иад он хүртэл хүүхдийг бичиг үсэгтэй болгох нь илүү чухал байсан тул үзэл суртал, тогтолцоо гэх мэт зүйл анзаарагдсанүй. Бүх нийтийн 7,8,10 жилийн сургалтын хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн 1960-аад оны үеэс өв тэгш хүн буй болгох үзэл суртал практикт мөрдөгдөх боллоо. 1960 онд хүн болгон эрдэмтэн-ажилчин байх зарчим хэрэгжүүлэх гэж 11 жилийн сургалтад орон нэг жил сурагчид үйлдвэрт ажиллах болсон авч удалгүй үүнээсээ татгалзсан юм. Тэр үед “Завхан аймгийн Шилүүстэй сумын хөдөлмөр политехникийн найман жилийн дунд сургууль” гэсэн хаяг хадах болсон. Сангийн аж ахуйд ажиллуулах, ургац хураалт, мал төллөлтөд дайчлах, субботникт өргөнөөр оролцуулах зэрэг албадан хөдөлмөрийн янз бүрийн хэлбэрийг өргөнөөр нэвтрүүлэв. Энэ нь яваандаа залуусыг хөдөлмөрөөс зугтах, биеийн хөдөлмөрийг жигших, дүр үзүүлж хойшоо суух дадал руу түлхсэн юм.



Сургалтын үндсэн хөтөлбөр нь бүх хүн өвтэгш боловсрол мэдлэг олж авах онолд тулгуурласан болохоор шинжлэх ухааны бүх салбар руу орсон, гүн гүнзгий өргөн дэлгэр эд. Гэвч хүмүүс хоорондоо өөр, хүний үндсэн шинжийг орчиноос илүүтэй удамшил тодорхойлдог нь илэрхий болоод ирэхээр шинэхэн буй болсон генетикийн ухааны эсрэг өргөн дайралт явуулсан юм. Хүнийг зөв орчинд хүмүүжүүлж боловсруулбал өв тэгш коммунист хүн гарч ирэх ёстой гэсэн марксизмын сургаал генетик, кибернетик гэсэн ухаантай үндсээрээ зөрчилдөх болжээ. Лысенкогийн онол, Мичурины туршилтаар ургамал амьтныг шилдэг орчинд өсгөвөл гайхалтай шинэ сорт, үүлдэр үүсэх нь батлагдав, иймээс удамшил ямар ч хамаагүй гэж үзсэн юм. Нэгэнт ургамал амьтан ингэж байгаа юм чинь хүнийг хөдөлмөрөөр хүмүүжүүлээд байвал мөн л шилдэг хүн “соёолно”. Монголд олон жил мөрдсөн, өнөөдөр ч инерциэрээ үргэлжилсээд байгаа сургалт боловсролын онолын үндэс нь энэ юм. Иймээс ч МАХН-ын XVII их хурлаас “Хүүхэд залуусыг өв тэгш хүмүүжүүлж боловсруулах 17 зүйлт программ” гарган сургалтын тогтолцоог улам “боловсронгуйжуулав”.

Намайг багад дууны хичээлд хүүхдийг самбарын өмнө гаргаж дуулуулаад үзэмжээрээ дүн тавьдаг байсан. Хүүхэд болгоныг дуучин болгох гэсэн санаа. Зургийн хичээлд самбарын өмнө лонх тавьчихаад зуруулна. Хэн төстэй зурсныг нь шалгаруулна. Бүгдийг нь зураач болгох гээд буй хэрэг. Зуны амралтаар эрэгтэй эмэгтэй хамаагүй бүх хүүхдэд баахан зурам тарвага алаад арьсыг нь өвчиж ирэх даалгавар өгнө. Анчин болгож багаа юм болов уу. Биологийн кабинет болгонд “Бид байгалийн хишгийг зүгээр горьдож суухгүй, харин түүнийг булааж авах нь манай зорилго мөн. Мичурин” гэсэн ишлэл заавал хадаатай байдаг байсан нь өнөөгийн байгаль хамгаалагчдыг галзууруулах байсан даа. Тэр үед ч, одоо ч ялгаагүй гайгүй сурлагатай хүүхдийн математик бодох чадвар үе тэнгийн англи америк хүүхдээс хэд дахин илүү байдаг. Программ нь тэгэж шахуу өндөр өгөгдсөн юм. Монгол хэлний хичээлээр үзэж буй байц, тусагдахуун, авиан зүй, өгүүлбэр зүй гэх мэт нарийн ялгавар нь Их дээд сургуулийн монгол хэл утга зохиолын ангид үздэгтэй ижил төвшнийх. Дунд сургуульд үздэг генетик, биохими, одон орон органик хими зэрэг хичээлийн программ мэргэжлийн төвшинд дөхнө. Үнэхээр хүүхэд энэ болгоныг арван хуруу шигээ мэддэг болоод гарвал шууд л универсал эрдэмтэн.

Харамсалтай нь сурагчдын 80-90 хувь нь хаягддаг. Үлдсэн 10-20 хувь нь  программд байгаа бүх хичээлийг зуун хувь ойлгочихдог гэсэн үг биш, нэгээс хоёр хичээлд л цаанаас шахсан жишгийн нормыг бүрэн хангана. Бие хүний онцлог, хувь хүний авъяас билэг, хүнээ тойрсон өвөрмөц орчин зэргийг үл тооцон сүпэр иргэн төрүүлэх гэсэн энэ оролдлого нь эцэст нь мэддэг юмгүй, мэддэггүй юмгүй саарал бүтээгдэхүүний уурхай болдог аж. Монгол хэлний хичээлд өгүүлбэрзүйн байц гэж байхаар хүүхдэд зүгээр л хорины даргадаа өөрийнхөө зовлонг ойлгуулсан өргөдөл бичээд сургачихвал амьдралд хавьгүй дээр байх шиг. Хөгжмийн хичээлд зүгээр л Бетховэний баатарлаг симфоны пянз сонсгоод хаанаа баатарлаг нь байгааг тайлбарлаад, гэхдээ битлз энүүгээрээ, хип хоп энүүгээрээ гоё гээд хэлээд өгчихвөл хавьгүй дээр мэт. Матетаик маш чухал, хүн болгон наад зах нь цалингаа төвөггүй тооцоолоод авчдаг байх хэрэгтэй, гэхдээ энэ мэргэжлээр цааш өсөх гээгүй хүүхдийн толгойг давхар интеграл, дифференциал, ньютоны бином хүртэл нь цэнэглэх хэрэг юун.

Бүхнийг мэддэг чаддаг универсал хүн бүтээж болдоггүй юм байна гэдэг нь практикт нэгэнт тодорхой болсон болохоор багш нарын дийлэнх нь амьдралд ойр арга руу өөрийн эрхгүй шилжинэ. Тооны багшийн хувьд энэ талын авъяас сонирхолтой хүүхэд ангид 5 л бий учир тэдэнтэйгээ л ажиллана. Бусад хүүхдэд зөвхөн цээжлүүлэх арга баримтлана. Шалгалтанд ангиараа муу байж болохгүй учраас тэр шүү дээ. Муу сурагч гэж байхгүй, муу багш л бий гэсэн бүдүүлэгдүү зарчим дээрээс шахдаг учраас. Дэлхийн хамгийн мундаг багш байгаад цаанаасаа генетик өгөгдөхүүн нь тухайн салбарт ямар ч авъяас билэггүй хүүхэд байвал яаж ч чадахгүй шүү дээ.

Өрнийн системтэй сургалтын эхийг Жан Жак Русса буй болгосон гэдэг. Гэвч бүр Тангийн үед хятадын өөрийн сургалтын тогтолцоо үүссэн нь одоо болтол суурь нь байсаар байгаа ба “шалгалтын тогтолцоо” гэдэг нь өдгөө Япон, Хятад, Солонгос зэрэг хятадын соёлын хүрээний орнуудад орчин үежсэн хэлбэрээр үргэлжлэн байсаар байна. Нийгмийн гарал үүсэл, хөрөнгө чинээнээс үл хамааран хүүхэд залууст өсөн дэвжиж нийгмийн дээд давхрагад очих бололцоо олгодог энэ тогтолцоо XVIII зууны европчуудыг бишрүүлж байсан гэдэг.

Ерэн оноос хойш нийгмийн өөрчлөлтөөс болж манайд сургалтын тогтолцоогоо өөрчлөх гэсэн оролдлого нэлээд гарсан. Юутай ч хуучны 10 жилийн бүрэн бус джнд боловсролын тогтолцоог олон улсын жишиг рүү нь дөхүүлж 12 жил болголоо. Сургуульд орох насыг 6 болголоо. Гэвч бүхнийг мэддэг мундаг хүүхэд төрүүлэх зорилго бүхий суурь зарчим нь өөрчлөгдөөгүй болохоор боловсрол олгох нийт тогтолцоо маань мөгөөх л төрийн хийдэг түмэн халтуурны нэг хэвээр. Магадгүй хамгийн муу халтуур нь ч байж болох. Алив хүнд эрдэм боловсрол хэрэгтэй гэсэн нийтийн ойлголт гүн шингэсэн учир уг нь нийгмийн суурь нь дажгүй. Хүүхдээ сургуулиас зугтаалгаад байдаг хүн бараг үгүй болов уу. Харин ч аль ч эх эцэг хүүхдийн боловсролд хармайгаа гөвөхөд бэлэн. Үнэхээр бахархмаар дэвсгэр юм.

Өрнийн сургалтын хэд хэдэн хувилбар байдаг бололтой. Үүний нэг нь манайд сүүлийн үед яриад байгаа кэмбрижийн гэх сургалтын тогтолцоо л доо. Маш товчхон тайлбарлахад “хүн болгон адилгүй, хүлэг болгон жороогүй” гэсэн зарчим. Универсал хүн гэж үгүй. Гэхдээ юунд ч авъяасгүй хүн гэж үгүй. Сурган хүмүүжүүлэх ухаан бол онолын биш туршилтын шинжлэх ухаан. Дунд сургууль бол хүүхдийг ирээдүйн амьдралд нь бэлдэж юугаар хоолоо олж идэх гэж байна, тэр талынх нь авъяасыг нь нээж дэлгэрүүлж дэмждэг үндсэн суурь нэгж. Түүнээс хүүхдийн толгой руу бүх төрлийн ухааныг чихэж ядраадаг газар биш.  Ийм л зарчим баримтлах юм.

Хүн гэдэг бол гол нь нийгмийн амьтан. Хүний бүхий л амьдрал бусад хүмүүстэй харилцах, мэдээлэл солилцох, хамтрах, дайсагнах, дэмжлэг авах болон өгөх дээр тогтоно. Иймээс бие хүн өөрийгөө бусдад болон нийгэмд ойлгуулах явдал маш чухал. Өөрийгөө илэрхийлж чадахгүй бол нийгэмд хөл нийлүүлж амьдрах нь тун төвөгтэй. Өрнийн сургалт үүнд асар их анхаардаг. Байнга эсээ бичүүлж, эсээгээр дамжуулж хүүхдийн авъас бэлгийг нээж хэмждэг нь чухамдаа өөрийгөө зөв илэрхийлж чаддаг болгох гээд буй санаа. Хүүхэд юунд авъяастай байна тэр талын хичээлээ түлхүү үзнэ гэсэн мөрдлөг эндээс гарч ирж байна. Дэлхийд 10 мянган хүн амд ноогдох оюутны тоогоор толгой цохьдог манай орон энэ олон эдийн засагчаасаа ядахнаа олон улсын бирж дээр брокер хийчих чадвартай ганц хоёр хүнтэй болохын тулд сургалтын системээ олон улсын жишиг рүү өөрчлөх нь тулгамдсан асуудал юм.

2012.3.26


"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив