Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Ялгаж салгая л даа
2012 оны 3 сарын 29 [Уншсан тоо: 76699]
Сар гаруйн өмнө би Нийслэлийн цагдаагийн газрын урилгаар цагдаа нарын уулзалтад орж үг хэлсэн. ЮБи палас хэмээх Монголдоо хамгийн том зааланд гурван мянга гаруй цагдаа дүрэмт хувцастайгаа эгнээд суух нь сүртэй ч юм шиг. Гэхдээ би бахархсан. Ажлын хүндийг нугалж нийгмийн энх амгалангийн харуулд зогсож буй дайчид. “Найман оны долоон сарын нэгэнд Монголын цагдаа нийгмийн өмнө хариуцсан үүргээ нэр төртэй биелүүлсэнд та бүхэнд гүн талархал илэрхийлье” гэлээ. 7/1 бол өдгөө манай нийгмийн эмзэг сэдэв, тэр дундаа цагдаа нарын хувьд бүр ч хөндүүр. Хэрэг хийчихсэн биш олигаархууд шиг тэдэнд долигоноод байх шалтаг надад үгүй. Тэр дундаа санал цуглуулах гэж байгаа биш. Би үнэн санаанаасаа хэлсэн, чин үнэнээсээ талархаж явдаг. Цагдааг ард түмэн татвараараа тэжээдэг, хариуд нь нийгмийг тайван амгалан байлгуулах үйлчилгээ авдаг. “7/1-нд болсон үймээний үеэр цагдаагийн техник хэрэгслэл муу байсан, бэлтгэл сургууль нь тааруу байсан, энгийн иргэдийг гөрөөлсөн зэрэг асуудал нь үүргээ биелүүлж яваа Монгол цагдаад хамаагүй асуудал юм. Хууль дүрэм гэж бий, энэ бүхний хариуцлагыг хариуцсан хүн нь үүрч хууль шүүхийн өмнө зэмээ хүлээдэг юм байгаа биз. Галдан шатаагчид, дээрэмчид, танхайрагчдаас хүн ардынхаа амь нас эд хөрөнгийг хамгаалж амь өрссөн Монгол цагдаадаа талархах нь зүй ёсны хэрэг” гэж нэмж хэллээ. “Цагдаа” гэсэн ерөнхий нэрийн дор сүүлийн гурван жил хардуулж гүтгүүлж сэтгэлдээ сэв хадгалж явсан Монгол цагдаа маш их баярласан. Тэдний заримын нүдэнд урамшлын нулимс мэлтэлзэхийг анзаарсан шүү.



7/1-нд юу болоод өнгөрөв өө? Өнөөдөр энэ сэдэв улстөрчид, сэтгүүлчид, иргэний хөдөлгөөнчид, нийгмийн идэвхитнүүдийн хамгийн дуртай, хамгийн амттай яриа. Биенээ буруутгах, өөрийгөө тодруулах, гэмээ нуух, шударгаа харуулах сайхан бололцоо. Хараад байхад ийм юм болоод өнгөрсөнд үнэн сэтгэлээсээ харуусч шаналж буй хүн хэд байгаа бол? Талийгч Зоригийн үхэл олон хүнийг нэр алдар, эрх мэдэлд хүргэсэн төдийгүй олон тэнэгийг ухаантай, олон луйварчинг шудрага, олон худалчийг үнэнч, олон хэрэгтэнг гэмгүй нэгэн болгож харагдуулах хэрэгслэл болсон, болсоор ч байна. 7/1 – нд таван хүний амь үрэгдсэн, гээд гэр бүл хамаатан саданг нь эс тооцвол үүнд үнэхээр шаналж жинхэнээсээ эх орончоор харанга дэлдэж байгаа таван хүн байгаа болов уу! Өс авах, өөдөө мацах хэрэгслэл болчихсон юм биш үү? “Цагдаа” гэсэн ерөнхий нэг нэрийн дор л аймшгийн үлгэр ярьж байхаар хууль зүйн үүдгээс хоорондоо авцалдаагүй явдлуудыг хооронд нь ялгаж салгая л даа.

7/1-нд олон иргэн сонгуулийн дүнд бухимдсан. Тэд бухимдах эрхтэй. Үндсэн хуулиараа шүү дээ. Яагаад гэвэл сонгуулийн булхай 2000 оноос гурав дахиа давтагдлаа. Иргэд талбай дээр ирж цуглаан жагсаал хийсэн. Тэд тийм эрхтэй. Мөн л Үндсэн хуулиараа. Тэд МАХН-ын байрны гадаа очиж жагссан. Тийм эрх иргэдэд бий. Энэ бүхэнд хууль зөрчсөн юм юу ч байхгүй. Монгол бол юун түрүүн иргэний эрхийг дээдэлдэг чөлөөт орон.

Намын байр руу буюу иргэн, олон нийтийн байгууллагын өмч рүү довтолж эхэллээ. Энэ бол хууль бус үйлдэл. Жагсаал цуглааныг эмх замбараагүй байдал руу татан оруулах сонирхолтнууд төрлөө. Олны яриагаар хулигаануудыг дуудах, тэдэнд чулуу болон лонхтой шатахуун зохион байгуулалттайгаар авчирж өгсөн эзэн бий ч гэдэг. Үймээнийг турхирч улам гааруулах ажлыг хэн нэг нь цонхоор харан зааварчилж байсан ч гэж ярьдаг. Энэ бол гэмт хэрэг. Үүнийг мөрдөн шалгаж тогтоох нь үүрэг бүхий төрийн институцийн үүрэг. Тэд үүнийхээ төлөө цалинждаг.

Монгол цагдаа эмх замбараагүй явдлыг таслан зогсоохоор тэмцлээ. Энэ бол тэдний үүрэг. Хаймар сумтай буу, усан хөөрөг, бороохой зэргийг хэрэглэх нь тэдэнд хуулиар зөвшөөрөгдсөн зүйл. Үүнийхээ төлөө тэд буруутан болох ёсгүй. Тэд хуулийн дагуу ажиллаж байсан. Цагдаа бол гаргуундаа гарсан амь биш. Хэрэв өөрийнх нь амь насанд аюул учирвал биеэ хамгаалж галт зэвсэг хэрэглэх ч эрхтэй. Кинон дээр ийм юм бишгүй үзээ биз. Сүүлд нь аргагүй хамгаалалт байсан талаар рапорт бичиж өгдөг юм билээ.

Танхайрагчид цагдаа нарыг зодож гарлаа. Шил толь хагалах, галдан шатаах, тонуул хийх нь ил задгай болов. Энэ бол сүрэглэсэн дээрэмчид. Нийгмийг ийм дээрэмчдээс хамгаалахын тулд л цагдаа байдаг юм. Эд бол эсэргүүцлээ илэрхийлсэн тайван жагсагсад, цуглаанчид яав ч биш. Сүүлд эднийг баривчлаад сонгууль өгсөн эсэхийг шалгахад бардаагаар 90 хувь нь сонгууль болоод өнгөрснийг ч мэдээгүй шахам байсан. Цагдаа нар жагсагсадтай биш дээрэмчидтэй тулалдсан юм.

Тонуул дээрэм хэрээс хэтэрч хяналтаас гарах болсон тул Монгол улсын Ерөнхийлөгч онц байдал зараллаа. Энэ бол түүнд олгогдсон эрх. Тэр хуулийн цэг таслал ч зөрчөөгүй. Ард түмний тайван амгалан байдлыг сахиарай гэж түүнийг Монголын ард түмэн сонгоод бүх эрхийг нь эдлүүлсэн. Тэр буруутан биш, үүргээ биелүүлсэн хүн.

Шөнө нь таван хүн амь насаа алдлаа. Дөрөв нь буудуулж үхжээ. Лавтай хоёр нь үл таних машинд хөөгдөн араасаа буудуулсан эрүүл саруул гэм зэмгүй залуус байв. Үүнийг цагдаа буудсан гэсэн таамаглал одоо болтол нотлогдоо ч үгүй, үгүйсгэгдээ ч үгүй явна. Энэ хэргийг мөрдөн шалгаж ил болгох нь мөн л хариуцсан төрийн тусгай институцийн үүрэг. Ингэ гэж тэднийг ард түмэн татвараараа цалинжуулдаг.

Асуудал Прокуророор орж Шүүхэд шилжлээ. Ингэх ёстой. Ийм хуультай. Шүүх бол зөв бурууг тогтоодог эцсийн цэг. Шүүх буруу шийдвэр гаргаж болно. Ер нь хохирогчийн нүдээр хэмжихэд Монголын байтугай дэлхийн бүх шүүх дандаа шудрага бус, буруу шийдвэр гаргадаг. Дандаа шүү. Гээд яах юм билээ, хүний нийгэм энэнээс дээр шийдэл одоо болтол олоогүй шүү дээ. Иймээс дэлхийн бусад улс орны нэгэн адил Монголд ч Шүүхийн шийдвэр эцсийнх байдаг. Буруутай ч зөрүүтэй ч Шүүх бол дээд засаглал, тэдний шийдвэрийг бүх иргэн дагах үүрэгтэй. Үндсэн хууль ч ингэж заасан, шийдвэрээ үл хамаарах байдлаар хэний ч үгэнд оролгүй өөрснөө гаргаад яв гэж эрхийг нь олгоод ард түмэн цалинжуулдаг.

Цагдаагийн удирдлагын хэрэгт ордог хэсэг нь хамаатан садан, найз нөхдөө дагуулж ирээд Шүүхийг доромжлон “май, чи” хэмээн хамарт нь салаавчтай гараа тулгав. Эхнэр хүүхэд, ах дүү, найз нөхөд нь хэрэгт орооцолдсон нэгнийгээ өмөөрөх эрхтэй. Тэд зурагтаар сониноор юу дуртайгаа ярих эрхтэй. Үндсэн хууль тийм эрх олгосон. Гэхдээ шүүхийн танхимд биш шүү. Гадаа гудамжинд, автобусан дотор, хээр хөдөө болноо. Шүүхийн танхим гэдэг бол энэ улсын дээд захиран тушаах эрх мэдэл. Үүнд халдахыг хэнд ч зөвшөөрөхгүй. Тэр дундаа Монголын төрийн дээд эрхийг хуульд заасны дагуу бие даан эдэлж байгаа шүүгчид халдах, доромжлох, шийдвэр гаргахад нь нөлөөлөх, хүч хэрэглэхийг Үндсэн хуулиар хориглоно. Чухам үүнийг төрийн эсрэг, ард түмний эсрэг, улс орны тусгаар тогтнол аюулгүй байдлын эсрэг онц ноцтой гэмт хэрэг гэж үзэн цээрлүүлэх ёстой.

Муудсан мах зарлаа, үндэсний аюулгүй байдалд занал үүслээ, эсвэл тэр компани тийм орд аваад байгаль орчиндоо хог тарьснаар үндэсний аюулгүй байдал алдагдлаа гэх мэтийн яриа бичлэг өдөр тутам л гарч байдаг. Гэвч энэхүү Үндэсний аюулгүй байдал гэдэг нь тогтсон тодорхой ойлголт юм. Гол гурван зүйлийг оруулж тооцдог. Нэгдүгээрт улс орны хил хязгаарын бүрэн бүтэн байдал, тусгаар тогтнол. Ойлгомжтой байх, гаднаас ирэх аюулын тухай ярьж байна. Хоёрдугаарт ард иргэдийн амгалан тайван байдал. Дотоод эмх цэгцээ ярьж байна. Тахал дэлгэрэх, байгалийн онц ноцтой гамшиг болох, иргэний дайн мөргөлдөөн болох гэх мэт. Гуравдугаарт төрийн инцтитуцийн тасралтгүй функционал ажиллагаа ордог юм. Энд тухайн институци сайн муу ажиллаж байгааг хэлээгүй, ер нь төрийнх болохоор энд тэндгүй л муу ажилладаг биз.

Цагдаа нь цагдаагаа хийж чадахгүй, хууль тогтоогчид нь үүргээ биелүүлж чадахгүй, шүүгч нь шүүн тасалж чадахгүй, татварын байцаагч нь үүргээ биелүүлж чадахгүй, шоронгийн хуяг хоригдлоо захирч чадахгүй, цэргийн дарга түрүүчээ хамаандалж чадахгүй болбол энэ нь төрийн функционал ажиллагаа тасарч байна гэсэн үг. Албан үүргээ муу биелүүлдэг, буруу хэрэгжүүлдэг зэрэг бол тусдаа асуудал. Цагдаа хэв журам сахиулах гэхээр ил цагаан зодчихоод ямар ч хариуцлага хүлээдэггүй бол. УИХ хуулиа батлах гэтэл гаднаас зэвсэгт дээрэмчин орж ирж буу тулгаад шийдвэрийг зогсоох буюу өөрчлөхийг тулган шаардвал. Цэрэг ахмадаа буудчихаад өөрөө батальон захираад давхичихвал. Хоригдол хянагчаа камерт суулгачихаад өөрөө түлхүүр шажигнуулаад явах нь ямар ч хараа хяналт хариуцлага ял тооцдоггүй бол. Шүүгч шүүн таслах ажиллагаагаа явуулж чадахгүй шүүгдэгчийн ар гэрийнхэнд зодуулаад танхимаа хаян гарч зугтаах боловч үүнд хэн ч хариуцлага хүлээдэггүй бол. Үүнийг л төрийн институцийн тасралтгүй функционал ажиллагаа алдагдах гээд байгаа юм.

Тухайн тэр шүүгч худалч хулгайч архичин авилгачин байх нь тусдаа асуудал. Төрийн дээд эрх мэдлийг хуулиар олгогдсоны дагуу атгаж байгаа шүүх институци үүргээ гүйцэтгэх чадамжгүй болбол энэ нь чухамдаа Монгол улсын үндэсний аюулгүй байдал алдагдаж буй нь энэ. Одоо хэрэгт унаад байгаа хэд 7/1-нд үнэхээр хүн буудсан байгаад ч энэ нь монгол улсын Үндэсний аюулгүй байдалд заналхийлж төрийн хамгийн чухал институцийн тасралтгүй функционал ажиллагааг алдагдуулж буйтай нь харьцуулахад маш хөнгөн хэрэг юм.

Улс орон давхар засаглалтай болбол тийм улсын оршин тогтнохуй нь эргэлзээтэй болно. Иргэншсэн байтугай бүдүүлэг эртний нийгэмд ч энэ хууль хүчинтэй. Хааны тушаал гэдэг одоогийнхоор шүүхийн шийдвэр. Хааны зарлигийг хэн нэг нь “хуц” гэвэл эсвэл цээрлэгдэнэ, эсвэл тэр өөрийн дагалдагсадын хамт тусдаа улс байгуулна. Ердөө л ийм энгийн дүрэм, энгийн логик.

2012.3.29


"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив