Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Хүмүүсийг хөрөнгөжүүлэх хялбар арга
2012 оны 4 сарын 23 [Уншсан тоо: 92491]
Должин гуайнх Зуун айлд байдаг. Хааш хаашаа 30 метр орчим талбайтай хашаанд нь хоёр шавар байшин бий нь нийлээд 120 орчим ам метр болно. Охин нь хоёр хүүхэдтэй, ингээд дөрвүүлээ нэг байшиндаа амьдрана. Нөгөөгөө түрээслүүлж сардаа 300 мянга орчим төгрөгийн сул орлоготой. Мэдээж хотын оршин суугч гэдэг утгаараа амьдралын нөхцөл тийм сайн биш л дээ. Үгүй наад зах нь гадаа жорлонтой. Гүйдлийн ус байхгүй. Хашаан дотрох муу усны үнэр зундаа бол бөөлжис цутгам. Гал түлнэ.



Зуун айл орчмыг тохижуулах их бүтээн байгуулалт эхэлжээ. Газрыг нь худалдаж аваад оронд нь тохилог орон сууц  өгөх юм байна. Тэнд нь сүндэрлэх арав хорин давхар байранд дараагийн ээлжийнхэн орно. Ингээд нийслэл маань өнгө үзэмж нэмэх төдийгүй иргэд ч бохир цэврийн хангамжтай дулаан паартай байшинд орно. Дагаад утаа алга болно. Үнэхээр сайхан шийдэл.

Должин гуай үүнийг зөвшөөрөв. Ядахнаа л сургуульд явдаг зээ охиныг нь ангийнх нь “хашааны халтар” гэж гоочлохгүй шүү дээ. Хашааг нь хотын захиргаа 25 сая төгрөгөөр үнэллээ. Мөнгийг өөрт нь биш барилгын компани руу шилжүүлжээ. Компани Должин гуайд хамгийн бага талбайтай гэж 34 ам метр ганц өрөө байр өгөхөөр боллоо. Ам метр нь сая төгрөг учир үлдэх 9 сая төгрөгийг одоо өгөх үү, банкнаас зээлэх үү гэж асуух нь тэр. “Банкнаас зээлбэл яадаг юм?” “Хугацаандаа төлөхгүй бол байраа хураалгадаг юм”. “Хүн бүл муутай, ганц ч эр хүн байхгүй ядарсан айл ч гэсэн өөрийгөө нэг юм болгоод явдаг байсан, одоо ингээд гудамжинд гардаг байжээ!!!”

2002 онд газар хувьчлах шийдвэр гарсны дараа Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн байгууллага буй болсон юм. Ингээд ажилтнууд нь айлаар орон зурагтыг нь үйлдвэрийн сериал дугаартай нь бүртгээд давхиж билээ. Үл хөдлөх хөрөнгийн тухай бидний ойлголт одоо ч төдийлөн нэмэгдээгүй л байгаа. Алдарт эдийн засагч Эрнандо дэ Сото Монголд хоёр ч удаа ирлээ.  Ядуус гэж нэрлээд байгаа нийгмийн хэсэг үнэндээ асар их хөрөнгө хуримтлалтай байдаг, харин түүнээ эргэлтэнд оруулж чаддаггүй мэдэггүйгээсээ болоод ядуу байдаг юм байна гэсэн нээлт хийж “Капиталын нууц” гэж ном бичсэн нэгэн. Сотогийн шинжээчид Улаанбаатарын гэр хорооллоор сар гаруй хугацаанд судалгаа хийгээд энд эргэлтэнд орж чадаагүй 7 тэрбум орчим доллар нуугаастай хөсрийтөөд байгааг илрүүлсэн. Хамгийн багаар бодоход. Мэдээж энд зурагтыг нь тооцоогүй. Төрийн албан тушаалтны хөрөнгө орлогийн мэдүүлэгт хамгийн чухал үзүүлэлтэд тооцогддог машин тэрэг ч багтаагүй. (Машин бүртгэж онигоотохоо болимоор юм. Эксэллээс хавьгүй үнэтэй бөгж, хөөрөг, цаг, зүүлт гээд зөндөө юм байдаг юм шүү дээ. Хонь ямааг нь бүртгээд байгаа улсыг одоо юу ч гэх юм билээ. Ширхэг нь 50 сая төгрөгөөс илүү үнэтэй зүйлийг нь бүртгэдэг байгаа даа. ) Гол нь газар, газар, газар…

Газар яаж эргэлтэд ордогийг Сүхбаатар аймгийн засаг дарга Батсуурь нүдэнд харагдаж гарт баригдтал харуулж байна. Баруун Урт гээд гонжийсон тосгон бий. Уртааш нь цэвэр бохирын шугам татжээ. Тэгэнгүүт инженерийн  шугам дагасан хашаануудын үнэ тэр дороо 10 дахин өсч байна. Юун эх орны хишиг вэ, иргэд өглөө босоод л баяжчих нь тэр. Улсаас гарч байгаа мөнгө нь архи ууцгаа гэж тарааж байгаа төрийн хишигтэй харьцуулахад нохой бөөсний хэртэй жижиг. Одоо мань хүн сумдад ийм дэд бүтэц барих гэнэ.

7-р хороолол гэнэ үү, луг бүтээн байгуулалт Зуун айлд болох юм байна. Үүнд улсаас 580 тэрбум төгрөг төсвөлжээ, манай ард түмнээ боддог Их хурал маань. Өнөө 34 ам метр талбайд оруулж 9 саяын өртэй болгодог! Барилгын компани, тэндэр олгогч энэ тэрд бол гоё бизнисс л дээ. Гэтэл татах инженерийн шугам нь ердөө 15 тэрбум төгрөг. Цэвэр бохир шугам татаад өгчихвөл айлууд нь хар аяндаа өөрснөө алаад өгөх гээд байгаа юм л даа. Үүний толорхой жишээ байна. Нэг залуу байнаа. Муухан хашаа 20 саяар авсан юм байна. Гэтэл Ус сувгийнхан хоолой татаж байгаа нэрээр хашаан дундуур нь газар сэндийлээд байшинг нь нураачихсан ч юм уу гэмтээчихсэн байна. Мань сэргэлэн эр заргалдаад шүүхдэж. Ус сувгийнхан айсандаа мань эрийн хашааг цэвэр бохиртой нь холбоод өгчээ. Саяхан хашааг нь 180 саяар авъя гэсэн санал ирсэн ч сайхи эр өгсөнгүй. Харин банкууд ирж зээл аваач гэж гуйсныг нь зөвшөөрөөд мөнөөх нуугдмал капиталаа тордон канад модон байшин байриулж байна, цаана чинь.

Банк бол зээлдэгч хайж байдаг газар, гэхдээ барьцаанд тавих юмтай хүнд л очиж санал тавина шүү дээ. Яармаг руу мундаг бүтээн байгуулалт сүнгэнүүлэхээр шийдээд 650 тэрбум төгрөг төсвөлчихсөн байгаа, биднийгээ хайрладаг Их хурлынхан. Талбай томтой ч 20 тэрбумаар нь цэвэр бохирын шугам татчих л юм билээ. Үлдсэн тэр их мөнгийг айлуудад зээл болгоод олгочихвол мөн хурдан хугацаанд тохижино доо.

“Эцгийн халамж” гээд нэг төрлийн өвчин байдаг юм. Эцэгт гэхээсээ улс төрчид, ялангуяа дарангуйлагчдад ажигдагддаг хам шинж. Ард түмэн яаж амьдрахаа мэддэггүй учраас сайн зааж өгөөд туслаад дэмжээд ам руу нь бэлэн хоол хийж байх хэрэгтэй гэж ийм өвчтөнүүд боддог юм. Тийм ч учраас тансаг зэрэглэлийн архи уух бололцоогоор ханган сардаа 21 мянган төгрөг өгдөг байхгүй юу даа. Та нар зурагтаа асаагаад тэр дуусдаггүй маанаг яриаг нь сонс доо. Нуль халамж. Тэднийг дахиж сонгогдохын тулд таалагдах гэж ингэж ярьдаг гэдэг. Тийм ч биз. Гэхдээ цаадуул чинь гол нь “эцгийн халамж” өвчин тусчихсан учраас бааж шээхийг чинь хүртэл зааж жорлонгийн цаас барьж гүйгээд ард чинь бөгтгөнөөд байгаа юм шүү дээ. Уг нь ямар ч тэнэг амаа олоод халбагадчихдаг юм л даа.

Улаанбаатар бол дэлхийн хамгийн бохир хотын нэг. Бидний нүдэнд харагдаад байгаа нь утаа болохоос цаана нь хөрсний бахирдол гэж тэрнээс хавьгүй том аюул бий. Муу хүний заяа завагт гэж энэхүү том аюулаас хүйтэн, хуурай гэсэн байгалийн “хишиг” л энэ сая хагас хүнийг тахал, хижигээс хамгаалж байгаа юм. Өөр нэг ийм байгалийн хамгаалалттай хот нь Кабул юм гэнэлээ. Ах дүү хотууд. Нян хуурай нөхцөлд үржихдээ тааруу, арай гэж нэг сайхан үржих гэхээр нь Монголын эрт эхэлдэг ширүүн өвөл нядлаад хаячихдаг аж. Гэхдээ цаана чинь дэлхий дулаараад байгаа гэсэн шүү.

Доогуур нь бохир цэврийн хоолой гүйгээд эхлэхээр айлууд хэнээр ч заалгахгүй холбогдоно. Энд тэндгүй хашаагаараа нэг нүх ухаад баас шээсээ овоолоод байгаа нь арга ядсандаа тэр болохоос үнэрт хорхойтойдоо тэр биш шүү дээ. Халаалтын мөнгө нь паприйшиг, гялгар уут түлэхээс үнэтэй ч нүүрснээс бараг хямд тусах биз. Ер нь мал маллахаа марксизмаар заалгахгүй гэгчээр яаж хоолоо идэхээ Их хурлын хэдэн бөхчин, наймаачин, хуулийн уранхай дипломтон, экологийн порпийсор, гавъяат эдийн засагч нараар заалгахдаа ч яах вэ дээ.   
 
Уул нь Монголд газраас их юм байхгүй. “Ямар газар хавчсан биш” гэдэг хэлц үг Монголд л байдаг байх. Хотын төвдөө шавааралдаад байгаа нь газар хавчсандаа биш, инжинерийн шугамд хавчигдаад байгаа хэрэг шүү дээ. Тийм л мөнгө төгрөгөө барж ядаад байгаа юм бол тэр сайхан хорооллоо Баянхошуу, Зурагтын эцэст сүндэрлүүлээч. Шинэ шилжин ирэгсэд түүгээр шавааралдсан учир газар нь хямд, тэгээд ч хамаг утааны голомт тэнд бий. Зуун айлаас Дамба хүртэл манай нийгмийн дундаж давхрагынхан. Уулан дээр гараад харвал хашаандаа байшингүй айл бараг олдохгүй дээ. Хашаанд байгаа айл болгон гуравдугаар хорооллынхонд атаархаад шөнө нойргүй хонодог гэж “эцгийн халамж” өвчнөөр шаналагсад л боддог юм. Амаа олоод халбагадчихаж дөнгөнө дөө дөнгөнө, цаадуул чинь.

2012.4.22


"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив