Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Арванхоёр оны сонгууль
2012 оны 6 сарын 27 [Уншсан тоо: 85330]
За нэг сайхан прогноз тавиадахъя. 2012 оны сонгуулийн талаар. Гэхдээ судалгаанд үндэслэсэн прогноз шүү. Таавар, мэрэг төлөг биш. 1990, 1992 оны сонгуулийн дүн гарахад үнэхээр шоконд орж байсан. Тэр үед ч судалгаа мудалгаа гэж байсан ч биш дээ. Цээжин пангаар төлөглөөд л хариу нь тэс өөр гарахаар мэл гайхсан хэрэг. Одоо манайд энэ талын туршлагатай олон мэргэжилтэн, судлагааны багууд нэгэнт буй болсон болохоор алдаа нь 5 хувь дотор байх болжээ. 1996 оны сонгуулийн прогноз маань таарч нэлээд хэдэн авдар архи хожиж байлаа. Тийм л юмаар мөрий тавьдаг зиндаатай байж дээ, манай Монгол. 2000 оны сонгуулиар МАХН 90 хувиас дээш суудлыг УИХ-д авна гэсний төлөө түмний толгой эргүүллээ гэж “Үнэн” сониноор баахан аашлуулсан. 2004 оны сонгууль ч гарцаагүй АН-ынх байсан юмаа, даанч сүнсгүй луйвардуулсан даа. 2008 онд “Наадам болохгүй найр болно” гэсэн өгүүлэл минь нэлээд шуугиан тарьсан. 7/1-ий үймээний өмнө “худлаа шааж байна” гэж баахан загнаснаа үймээний дараа намайг “муу ёрлосон” гэж аашлах болсон. Энэ бүхнийг дурсаад байгаа нь өөрийгөө мэргэн түргэн гээд байгаа юм биш, шинжлэх ухааны үндэстэй судалгаанд суурилбал зөв прогноз гаргаж болох юм билээ л гээд буй хэрэг. Хөгжингүй орнуудад хийгдсэн судалгаа нэг хувиас бага зөрөөтэй гардаг. Ингэхээр судалгаа бол юутай ч өөрийн аргачилалтай шинжлэх ухаан мөн байгаа биз? Хамгийн хоржоонтой нь сонгуулийн судалгааны үнэн худал маш богино хугацаанд эргэж шалгагддаг.

Энэ жилийн сонгуулийн систем урьд өмнөхөөс шал өөр. 1990 онд хоёр танхимтай парламент байгуулахад АИХ-ыг цэвэр мажоритараар, УБХ-ыг цэвэр пропорционал сонгуулиар явуулсан. Тэрнээс хойш нэг ба олон мандаттай мажоритар сонгууль зохион байгуулсан билээ. Энэ жил нийт суудлын гуравны нэг нь пропорционалаар, гуравны хоёр нь олон мандаттай мажоритараар явах учиртай юм. Пропорционал сонгуулийн дүн АН – 40 хувь, МАН –  30 хувь, МАХН – 10 хувь гэж гарах бололтой. Үлдсэн 20 хувь нь таван хувийн босго давж чадаагүй жижиг намуудад хуваагдах ба тэр нь босгоо давсан намуудад эргэж хуваарлагдана. Ингэхээр АН мөнөөх 28 суудлын хагас буюу 13-14 суудлыг, МАН –   8-9 суудал, МАХН – 5-6 суудал авах байх. ИЗН таван хувиа давах нь их эргэлзээтэй, гэхдээ аз таарвал босгоо даваад 1-2 суудал авч магадгүй.

Тойргийн дүн харин нэлээд өөрөөр гарна. Улаанбаатарт нийт 14 суудал бий. АН – 8-9, МАН – 3-4, МАХН – 3-4 суудал авах бололтой. Харин хөдөөгийн 32 тойргоос МАН илүү суудал намдаа авчирна. МАХН, ИЗН тус бүр ганц суудал авч магадгүй. Эцсийн дүндээ АН – 35-37 суудал, МАН – 30 орчим суудал, МАХН – 8-10 суудал, тэгээд ИЗН – 1-2 суудал, харин бие даагч ганц, магадгүй хоёр л байх юм шигээ. Гэнэт нар баруунаас мандан АН Увс, Ховд, Булганд нэг нэг суудал нэмж авч болох юм, учир нь тус намын нэр дэвшигчид барианд тун ойрхон байгаа. Мөн Баянхонгор, Төв, Сэлэнгэ, Хэнтий, Дорнодоос ч илүү суудал хусчих ч юм бил үү. Ингэвэл асуудал шал өөр болоод явчихана л даа. Торох юмгүй өөрийн дагнасан Засгийн газрын байгуулна. Гэхдээ ийм магадлал их биш.

Засаг яаж байгуулагдах вэ? Засгийн газар байгуулахад 39 суудал хэрэгтэй. Хэрэвзээ АН 37 суудал, ИЗН 2 суудал аваад бие даагчаа сайд болгоно гэж уруу татвал ийм Засгийн газар бүрдэх бололцоо бий. Магадлал 50 хувь. ИЗН суудал аваад эвсэхээр болбол Оюун, эсвэл Дэмбэрэлийг шадар сайд болгох байх. Харин Ерөнхий сайдын асуудал нэлээд төвөг учруулна. Сонгуульд бүрэн ялалт байгуулаагүй хэргээр намын даргыг огцруулах уламжлалт шахалт ирнэ. Ерөнхий сайдын суудлын төлөө нэг талаас Алтанхуяг, Баярцогт, Батхүү нар өрсөлдөх бол нөгөө талаас З.Энхболд, жэнко Баттулга, Амаржаргал гэсэн нэрс гаргаж ирнэ.

Энэнээс илүү магадлалтай Засгийн газар бол МАН-МАХН-ын эвсэл. Ардчилсан нам бүрэн ялаагүй тохиолдолд энэ хувилбар л хамгийн их магадлалтай даа. Ийм эвслийн засгийн газар байгуулахад процессийн хувьд нэлээд урт дамжлага туулах боловч эцэст нь бүтэх бүрэн боломжтой юм. МАХН-ын жагсаалтын нэгд Ч.Улаан байгаа. Энхбаяр ял авдаг ч байсан үгүй ч байсан намыг шууд удирдах бололцоогүй болно. Ингэхээр эцсийн шийдвэр гаргагч нь Улаан л байх болно. МАН-ын удирдлагын хувьд Засаг барихын тулд МАХН-тай эвсэхэд бэлэн. Гол гацаа бол Энхбаяр, Энхсайхан гэсэн хоёр бие хүн бий. Энэ хоёр хоюулаа УИХ-д орж ирэхгүй нь тодорхой. Нямдорж, Хүрэлсүх нарын хувьд энэ хоёр гай хөөгүй бол эвсэхийг, аягүй бол нэгдэхийг зөвшөөрнө. Энхбаяргүй, Энхсайхангүй МАХН бол болж л байна! Гэхдээ тавих болзол нь Энхбаяраас салах тулгалт. Үүнийг Улаан шадар сайдын суудлаар наймаалцана. Гэхдээ улайтал тэгэж зарлахгүй л дээ, цаагуураа сэм тохироо хийж Энхбаярын үгэнд орж байхгүй гэсэн амлалт өгнө. Гэвч Улаан ч бас өөрийнхөө болзлыг тулгана. Энэ нь Ерөнхий сайдын суудлыг Батболдод өгөхгүй байх, Нямдорж, Хүрэлсүх, Баяр нарыг Засгийн газарт оруулахгүй байх гэх мэт. Энэ бол намын дарга Энхбаярын эхний тулгалт, үүнийг эхний ээлжинд Улаан хүлээн авч дамжуулахаас өөр аргагүй. Харин явцын дунд Энхбаярын оролцоо багасахын хэрээр энэ шаардлага аяндаа мартагдана. Зөрүүлээд Энхсайханыг дээгүүр албанд оруулахгүй гэсэн хориг ч бас мартагдана. Ерөнхий сайдын хувьд аль аль талууд дундын зөвшилд хүрэхээс өөр аргагүй. Хамгийн магадлалтай хүний нэг нь Энхтөвшин. Энэ нэр Энхбаяраар дэмжигдэнэ, Хүрэлсүх, Баяр, Нямдоржоор өөрийн эрхгүй хүлээн зөвшөөрөгдөнө. Энэ хувилбарын үр дүнд Энхбаяр гэсэн бие хүн, мөн Ардчилсан нам хэмээх улс төрийн нам аажмаар улс төрийн тайзнаас арчигдана. Мэдээж үүнд дөрвөн жилийн хугацаа шаардлагатай.

АН-МАХН гэсэн эвслийн Засгийн газрын бас нэг хувилбар бий. Энэ талаар хөөцөлдөөд яваа хүмүүс байгаа юм билээ. МАХН-аас УИХ-д орж ирж болох эхний 12 хүний 10 нь Ардчилсан намын угшилтай юм байна. Энэ талаас нь авч үзэх юм бол МАХН бол юутай ч удирдлагын талаасаа МАН-тай гэхээсээ АН-тай илүү хамаатан садан болоод байгаа юм. Гэхдээ ийм эвсэл дээрээ тулбал АН мөн л Энхбаяргүй, ялангуяа Энхсайхангүй гэсэн болзол тулгах байх. Дахин МАНАН байгуулах бас нэг хувилбар байна. Гэхдээ үүнийг АН-ын ихэнх гишүүд зөвшөөрөхгүй болов уу.

Энэ бүхэн бол зөвхөн хувилбар таамаглал. Болоогүй юмыг хэн ч урьдчилан хэлэх боломжгүй. Харин судалгаанд үндэслэн прогноз гаргаж болно. Энэ талаас нь авч үзэх юм бол хамгийн магадлалтай таамаглал.

2012-6-20



"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Монголын шилдэг нийтлэлчдийн клубын гишүүд нь редакцийн бодлогоор ажилладаггүй тул
аливаа нийтлэл, түүнтэй холбогдон гарах асуудлыг тухайн нийтлэлч бүрэн хариуцна.
Copyright © 2012, Baabar.mn